Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1189

 

 

 

 

 

2022                12            15                                     2022/ДШМ/1189                                  

 

Х.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Отгонбаатар,

хохирогч Ц.Э-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

хохирогч Б.Ө-,

шүүгдэгч Х.Б-,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/784 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Э-ы гаргасан давж заалдах гомдлоор Х.Б-т холбогдох 210502109057 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Хосбаярын Б-, 1993 оны 7 дугаар сарын 15-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Од нягт” ХХК-д түрээс хариуцан ажилдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 33 дугаар байрны 324 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:УП93071516/,

2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

 

Шүүгдэгч Х.Б- нь

1. 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа “Өөрийгөө Эрчим хүчний яамны сайдын туслахаар ажилладаг, цахилгааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Э.Б-гаас өөрийн эзэмшлийн 5166643899 тоот дансаар 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын орчимд “өөрийгөө Эрчим хүчний яамны сайдын туслахаар ажилладаг богино хугацаатай, хүүгүй зээлээд буцаагаад төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Э.Б-аас өөрийн эзэмшлийн 5166643899 тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 69б байрны 10 тоот гэртээ байхад нь “1.000.000 төгрөгийг 5 хоногийн дараа буцааж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Э.Х-гийн дансанд байсан Ц.Э-ы эзэмшлийн мөнгөнөөс 5034650545 тоот дансаар 950.000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5013204562 тоот дансаар 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

4. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “өөрийгөө Эрчим хүчний яамны сайдын туслахаар ажилладаг, тендерт хамт орж орлого олох боломжтой” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож  Б.Ө-аас 10.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Э.Х-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 цаг /зургаан зуу/-ийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б-т мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-аас нийт 16.000.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Б-д 4.000.000 төгрөг, хохирогч Э.Б-д 2.000.000 төгрөг, хохирогч Б.Ө-ад 10.000.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-ын цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцож, /28*8=224 цаг/ 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж тооцон нийт биечлэн эдлэх ялыг 376 цагийн хугацаагаар тогтоож,  Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Б- гэгч этгээдээс надад учруулсан хохирол, хор уршгийг анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь миний хууль ёсны  ашиг сонирхол, эрхийг зөрчин гэмт этгээдэд ял завшуулсан гэж үзэж байна. Х.Б- нь намайг болон миний охиныг өмнө нь таньдаг байсан харилцаагаа ашиглаж, биднээс түүнд итгэсэн итгэлийг ашиглан энэ гэмт хэргийг үйлдсэн нь илт байхад иргэд хоорондын харилцаа гэж дүгнэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.

Миний ойлгож байгаагаар иргэний зээлийн харилцаа гэж үзэхийн тулд Х.Б-тай гэрээ байгуулсан байхыг шаардах байх. Гэтэл Х.Б-тай миний бие ямар ч хэлцэл, иргэний гэрээ байгуулаагүй. Иймээс миний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.Б-т зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Ц.Э-ы өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих үндэслэлд хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Иргэд хоорондын харилцаа буюу гэрээний маргаан гэж үзсэн нь үндэслэлгүй. Хохирогчийн хэлж байгаагаар “2 цагийн дараа өгнө” гэж мөнгийг өөрийн эзэмшилд авсан нь зохиомол байдлыг бий болгож, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Залилах гэмт хэргийг иргэд хоорондын харилцаанаас ялгагдах гол шинжийг Улсын Дээд шүүхийн тогтоолоор “тухайн эд хөрөнгийг амаар болон бичгээр хэлцэл хийхдээ буцааж өгөхгүй гэсэн сэдэлт, зорилго хангалттай тогтоогдсон байх” гэж тайлбарласан. Шүүгдэгч нь миний үйлчлүүлэгч Ц.Э-аас 1.950.000 төгрөгийг шилжүүлж авахдаа буцааж өгөхгүй гэсэн субъектив санаа зорилго нь гэрч, хохирогчийн мэдүүлэг, шилжүүлж өгсөн баримт зэргээр хангалттай тогтоогдож байгаа. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт заасан илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ. Ийм учраас миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирлоо хурдан барагдуулан авах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Б- шүүх хуралдаанд “...хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Х.Б- нь Э.Х-тай урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж Э.Х-гийн дансанд байсан Ц.Э-ы 1.950.000 төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.Б- нь тодорхой ажил эрхэлддэггүй байсан бөгөөд тухайн мөнгийг буцааж өгөх ямар нэгэн санаа, зорилго, боломж байгаагүйг мэдсээр байж бусдын эд хөрөнгийг шилжүүлж авсан. Урьд нь Э.Х-гаас 50.000-300.000 төгрөгийг зээлж аваад буцаан өгч итгэл төрүүлсэн. Тэрхүү итгэлийг далимдуулж залилах гэмт хэргийг үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох саналтай байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан үндэслэлийг хангахгүй байна гэж үзсэн. Шийтгэх тогтоолд Э.Х-, Б.Ө-, Э.Б-, Э.Б- нараас нийт 17.950.000  төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч тогтоох хэсэгт хохирогч Ц.Э-аас авсан мөнгө нь гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байна...” гэж заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Х.Б- нь 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Өөрийгөө Эрчим хүчний яамны сайдын туслахаар ажилладаг цахилгааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл гаргаж өгнө, богино хугацаатай, хүүгүй зээлээд буцаагаад төлнө, тендерт хамт орж орлого олох боломжтой” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг амлан Э.Б-гаас 4.000.000 төгрөгийг, Э.Б-аас 2.000.000 төгрөгийг, Б.Ө-аас 10.000.000 төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

 

хохирогч Б.Ө-ын “...Б- “Багануурын уурхайн бичиг хэргийн цаас, принтерийн хор зэргийг “Компьютер ланд”-аас би өөрөө авч очоод аваачаад өгчихнө, надтай гэрээ хийгээд надад мөнгөө өгчих, та явах шаардлагагүй, би хоёр хоногийн дотор зохицуулна” гэсэн. Б- нь хоёулаа зээлийн гэрээ маягаар нотариатаар батлуулчих уу гэж хэлээд нэг нотариат дээр очоод зээлийн гэрээ хийсэн. Мөнгөө дансаар авч болохгүй бэлнээр авъя дансаар авбал авлигатай тэмцэх газарт шалгагддаг юмаа гэж хэлсэн. Би 10.000.000 төгрөг авч машин дотор Б-т өгсөн. ...” /1хх 14-16/,

хохирогч Э.Б-ын “...манай 10 жилийн ангийн хүүхэд болох Х.Б- нь өөрийгөө “Эрчим хүчний яаманд сайдын туслахын ажил хийж байгаа” гэж хэлж байсан. ...Би түүнийг ахтайгаа танилцуулж байсан, манай ах эрчим хүчтэй холбоотой хувийн компанитай. Хэрэг болох байх гэж бодоод танилцуулж байсан. Х.Б- нь манай ахтай уулзаж “мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн хугацаатай зээлээч” гэж хэлээд 4.000.000 төгрөг авсан байдаг. Түүнийхээ дараа надтай ярьж надаас бас 2.000.000 төгрөг авсан. ... /1хх 221/,

хохирогч Э.Б-н “...манай дүүгийн ангийн хүүхэд гэх Х.Б- нь өөрийгөө “Эрчим хүчний яаманд сайдын туслах ажилтан хийдэг” гэж танилцуулж байсан. ...Х.Б- нь “бичиг хэргийн материал нийлүүлэх, худалдан авах тендер зарласныг би авчихсан, бичиг хэргийн цаас авах хэрэгтэй байна, мөнгө хэрэг болоод байна, 10.000.000 төгрөг зээлээч” гэж байсан, ...би 4.000.000 төгрөг өгөх боломжтой гэж хэлж байсан. ...Би 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Х.Б-т хэлсэн ёсоороо өөрийн Хаан банк дахь 53003891679 дугаарын данснаасаа түүний өгсөн Хаан банкны 5166643599 дугаарын данс руу мөнгөө шилжүүлж өгсөн юм. ...”  /1хх 229/,

гэрч О.Оюунжаргалын “...хүү Мягмарбат нь “манай 10 жилийн хүүхэд Х.Б- нь Эрчим хүчний яамны сайдын зөвлөх хийж байгаа гэнэ, тендерт хамтарч ажиллая гэж байна, энэ тендерт 10.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж аавдаа хэлсэн. Х.Б- нь “Багануурын уурхайд бичгийн цаас, бичиг хэргийн зүйлийг нийлүүлэх тендерийн ажил байна” гэж хэлсэн байна. ...Манай нөхөр Б.Ө- нь Х.Б-т 25 эмийн сангийн тэнд уулзаад 10.000.000 төгрөгийг бэлнээр өгчихлөө гэж ирсэн. ...” /1хх 21-22/,

гэрч Э.Х-гийн “...9 дүгээр сарын 10-ны өдөр Б- над руу залгаж “950.000 төгрөг зээлүүлээч 5 хоногийн дараа эргүүлж өгье” гэж гуйгаад шилжүүлсэн. ...10 дугаар сарын 25-ны өдөр дахин над руу залгаж “одоо нэг тус болооч өмнөх зээлсэн мөнгөтэйгөө хамт өгье гээд нэг сая төгрөг шилжүүлж авсан. ...” /2хх 39-40/,

Х.Б-ын яллагдагчаар өгсөн “...би эндээс гарах юм бол хохирлоо төлөөд асуудлаа шийднэ. ...Хэргээ нэгтгүүлэн хохирлоо төлөөд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ. ...Би хэргээ хүлээж байгаа. ...” /2хх 12, 53/ гэсэн мэдүүлгүүд,

 

Э.Б-, Э.Б- нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 194-195/, Х.Б-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 203-24/, Ө.Мягмарбат, Х.Б- нарын хоорондоо харилцсан мессежүүд /1хх 39-44/, Х.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын тушаал /1хх 72/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Х.Б- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Х.Б-ын өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг амлан  цахилгаан эрчим хүчний тусгай зөвшөөрөл гаргаж өгнө, тендерт хамт орж орлого олох боломжтой гэж хохирогч нарыг хуурч эд хөрөнгийг нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, өмнө нь тухайн төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйлд зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэнийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул ял шийтгэлийг тохироогүй талаар гаргасан хохирогч Ц.Э-ы гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин хохирогч Ц.Э-ы гаргасан “...Х.Б-тай ямар нэгэн хэлцэл, иргэний гэрээ байгуулаагүй байхад надад холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. ...” гэсэн давж заалдах гомдлын тухайд,

 

Гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Х.Б- нь Э.Х-тай дотно харилцаатай байх хугацаандаа урьд мөнгө зээлж аваад буцааж өгч байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг увуулан ашиглан, буцааж төлөх бодит боломжгүй атлаа түүнээс хоёр удаагийн үйлдлээр 1.950.000 төгрөг авсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо яагаад залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн талаар огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5-т заасныг тус тус зөрчжээ.  

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хуулийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн. 

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй мөн давж заалдах шатны шүүх ялыг хүндрүүлэх эрх байхгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/784 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН