Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/04571

 


 

 

 

2024 09 17 184/ШШ2024/04571

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 29 дүгээр байр, 60 тоотод оршин суух8 Монгол овогт *******ын ******* /рд: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Алтайн 22 дугаар гудамж, 91а тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /рд: *******/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 35,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.******* би 2019 оны 05 дугаар сард Голомт банкны нэгдүгээр төв салбарт зээлийн эдийн засагчаар томилогдон ажилласан. Намайг ажилд очиход Э.******* нь уг салбарт эдийн засагчаар ажиллаж байсан тул ажил төрлийн талаар асууж, надад зааж зөвлөж, өдөр тутмын холбоотой болсон. Хэсэг хугацааны дараагаас нөхөр агсан тавиад зурагтаа хагалчихлаа дэлгүүрт байна, шүдээ үзүүлэх гэсэн юм эмчилгээний мөнгө, цагаан сараар ааруул хийж зарна материалаа авмаар байна гэх мэтээр янз бүрийн шалтгаан хэлж мөнгө зээлээч гэж байнга гуйдаг байсан. Энэ бүхэнд татгалзаж чаддаггүй байсан. Маш удаж байж зарим нэгийг төлсөн. 2021 оны сүүлээр нөхрөө хамаатнуудтай нь самарт явуулахаар боллоо, ууланд тохиромжтой машин худалдаж авна, 15,000,000 төгрөг зээлүүлээч, тэгээд чиний өрийг дарна гэж гуйгаад байхаар нь уг мөнгийг зээлүүлсэн. Мөн ээжийгээ хорт хавдартай болсон, мөнгөний хэрэг байна гэж гуйж 7,000,000 төгрөг зээлсэн. Өөр банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаа, яаралтай хэрэгтэй байна гэж 1,000,000 төгрөг авсан. Гэвч эдгээр мөнгийг хэлсэн тохирсон хугацаандаа төлөөгүй, сүүлдээ зээлийн гэрээ хийе, сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн тул 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2000 дугаартай Зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Зээлсэн мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 2000 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу Э.*******аас түүнд зээлүүлсэн 23,000,000 төгрөг, 1 сарын хүү 690,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх 0.5 хувийн алданги буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 11,500,000 төгрөг нийт 35,190,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Б.******* миний бие хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр болох 35,190,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл төлж барагдуулж дуусгахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна. Уг гэрээгээр Б.******* миний бие хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр болох 35,190,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл төлж барагдуулж дуусгахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35,190,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт зохигч эвлэрч, хариуцагч нь 35,190,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 333,900 төгрөгөөс 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 166,950 төгрөгийг, хариуцагчаас 166,950 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН