Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/04632

 


 

 

 

2024 09 18 184/ШШ2024/04632

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Жуулчны гудамж, Бизнес 34 центр, А корпуст байрлах, ******* ББСБ ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 1 дүгээр байр, 5 дугаар орц, 155 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,454,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энх-Од, Э.Энхтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбартаа: Зээлдэгч *******, Б.******* нар нь ******* ББСБ ХК-тай 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ1510200926 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 3,000,000 төгрөгийг 2 хуваан шимтгэлтэй сарын 2.9 хувийн хүүтэй нэмэгдүүлсэн хүүний төлбөр зээлийн хүүний 20 хувь 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ1510200926 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох 89861310 дугаарын утсаар болон зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,999,791 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 382,066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 68,638 төгрөг, нийт 3,454,398 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч *******, Б.******* нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт төлбөр болох нийт 3,454,398 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Зээлдэгч ******* нь гадаад руу явсан учраас шүүхэд ирүүлэх боломжгүй тул түүнийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан. Зээлийн мөнгө *******ын дансанд аппликейшнээр олгосон зээл юм. Хариуцагч Б.*******тэй гэр бүлийн хүмүүс бөгөөд бид энэ хүнтэй утсаар байнга холбогдож төлбөрийн талаар хэлж мэдээлэл өгдөг байсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд зээлийн дээд хэмжээ болох 3,000,000 төгрөг дотор эргүүлж төлөөд буцаагаад зээл аваад яваад байх боломжтой. Манайхаас олгодог зээл нь бизнес эрхлэгчдэд зориулсан өдөр тутмын төлөлттэй сардаа бүтэн төлж дуусгадаг зээл учир төлөгдөөгүй үнийн дүнгийн хүүнээс нэмэгдүүлсэн хүү боддог. Нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тооцон үндсэн зээлийн төлбөр нь 2,999,791.10 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 382,066.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 66,638.16 төгрөг нийт 3,454,398.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:

 

Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ1510200926 дугаар цахим зээлийн эрх нээх гэрээ, 1510200926 тоот *******ын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, ******* харилцагчийн анкет, Б.*******гийн анкет зэргийг бичгийн баримтаар гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч *******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,454,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөгс нь ...*******, Б.******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. ******* ББСБ ХК нь хариуцагч *******аас татгалзаж, Б.*******г хариуцагчаар үлдээж өгнө үү... гэх хүсэлтийг гаргасныг шүүх үндэслэн хариуцагч Б.*******д холбогдуулан хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ирж гардан авсан боловч нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа болон эс зөвшөөрч байгаа талаарх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хариуцагчид хариу тайлбар гаргаж өгөх 14 хоногийн хугацаа олгосон боловч хариуцагч нь хариу тайлбарыг ирүүлээгүй, хуульд заасан эдгээр эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Б.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Б.*******г шүүх хуралдаанд биечлэн оролцох, эвлэрэн хэлэлцэх, мэтгэлцэх боломжоор хангаж шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж байсан, мөн өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, энэ талаар ямар нэгэн тайлбар, хүсэлт санал гараагүй тул нэхэмжлэгчийн ...хариуцагчийг ирээгүйгээс болоод шүүх хуралдаан өмнө 1 удаа хойшилсон. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтийг гарсан.

 

Иймд хариуцагч Б.*******г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ71510200926 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээг 12 сарын хугацаатай, хариуцагч *******, Б.******* нартай байгуулж, зээлдэгч нарт олгох зээлжих эрхийн дээд хэмжээ нь 3,000,000 төгрөг байхаар тохиролцжээ.

 

Мөн гэрээний 3.3-т зээлийн хүү 2.9 хувь, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд 20 хувь байхаар мөн харилцан тохиролцсон байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

 

Хариуцагч Б.******* болон ******* нар нь ЗГ71510200926 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан гэрээнд заасан дээр дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож, гарын үсэг зурсан, улмаар мөнгөн хөрөнгийг гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаагаар ашигласан болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлдэгч нарын зээл хүссэн өргөдөл, анкет зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзлээ.

 

Зээлдэгч нарын зээлийн гэрээний хугацаа 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дууссан, нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нийт зарцуулсан 2,999,791.10 төгрөгийг, үндсэн хүүний төлбөрт 382,066.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 66,638.16 төгрөг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тул нийт 3,454,398.02 төгрөгөөр тооцон хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2-т заасантай тус тус нийцэж байна.

 

Түүнчлэн зээлдэгч *******, Б.******* нар нь дээрх зээлийн гэрээгээр зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгч тус бүрээс зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй байхаар харилцан тохиролцсон байх тул *******, Б.******* нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчид нь үүргийн гүйцэтгэлийг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. Иймд хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргээс мөн чөлөөлөгдөхгүй юм.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

Шүүхээс талуудад нотлох баримт бүрдүүлж цуглуулах талаар бүхий л боломжит хугацааг олгосон бөгөөд зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбарын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.*******гээс 3,454,398 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан бол хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******гээс 3,454,398 /гурван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга гурван зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч *******д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН