Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/1157

 

 

 

 

 

        2022             12             07                                       2022/ДШМ/1157                

 

 

    Б.Өод холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,  

хохирогч Г.З, түүний өмгөөлөгч К.Баатар,

цагаатгагдсан этгээд Б.Ө, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1207 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 37 дугаар улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Г.Зын өмгөөлөгч К.Баатарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Өод холбогдох эрүүгийн 2008028371015 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах хохирогч Г.Зын гэрийн гаднаас “Митсубиши Фусо” загварын автомашиныг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилан авч, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан авч, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн худалдаж 32.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Бяруузаны Өыг цагаатгаж, шүүгдэгч Б.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Г.Зын гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэргийн шүүхэд хандах эрх нээлттэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрт учирсан хохирлыг оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

             Прокурор Т.Мижиддорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

          1. Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд байрлах хохирогч Г.Зын гэрийн гаднаас “Митсубиши Фусо” загварын автомашиныг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилан авч 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан авч өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн худалдаж 32.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан.

          Хохирогч Г.З, гэрч Д.А, Э.Энхзул, Г.Болдбаяр Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, автомашин худалдах худалдан авах гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжид “гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг. /УДШ-ийн 2019 оны 12.16-ны өдрийн №661 тогтоол/

          Анхан шатны шүүхээс яллагдагч Б.Ө, хохирогч Г.З нарын хооронд гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн маргаан гэж үзэн хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

          Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдпын шаардлага хангаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэжээ.

          Ялагдагч Б.Ө нь 2019 оны 8 дугаар сард хохирогч Г.Зын гэрийн гаднаас тухайн автомашиныг “ачаа тээшийг нь гагнуур хийж давхарлаж бэлэн болгоно, зээл удахгүй бүтнэ” гэж хэлээд авч явсан байдаг. Мөнгө өгөхгүй алга болоод утсаа авахгүй болохоор хохирогч 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр автомашин худалдах худалдан авах гэрээг, мөн Б.Ө нь хохирогч Г.Заас 28.000.000 төгрөг зээлсэн гэсэн зээлийн гэрээнүүдийг байгуулсан байна. Уг зээлийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээ нь хууль бус хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс үзэж нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Учир нь, зээлийн гэрээний хувьд хохирогч Г.З нь 28.000.000 төгрөг Б.Өод биетээр өгөөгүй, зээлээгүй, худалдах, худалдан авах гэрээний хувьд уг автомашин нь 40.000.000-с дээш үнэтэй гаальтай орж ирсэн ачааны автомашиныг 10.000.000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалтай үнэ нийцэхгүй үндэслэлээр хууль бус гэрээ гэдэг нь нотлогдож хохирогч Г.Зт баримт болж үлдсэн гэж ойлгохоор байна.

          Өөрөөр хэлбэл, этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж үгээр буюу үйлдлээр бодит байдпыг гуйвуулах замаар эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа, шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдпээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтгаалж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч өмчлөгчийг төөрөгдөлд оруулж хуурч мэхлэх итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

          Б.Ө нь 2019 оны 8 дугаар сард тухайн автомашиныг зээл удахгүй бүтнэ, удаахгүй мөнгийг нь өгнө гэж авсан. 2019 онд ломбардад тавьсан, мөн ондоо Д.Ат худалдсан, Д.Ааас авсан төлбөрөөс хохирогч Г.Зт өгөөгүй, мөн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хохирогч Г.Зт анх автомашин авахдаа хэлээд байсан зээл “бүтэх гэж байгаа” гэсэн зээл нь гарсан байдаг. /100 сая төгрөг/ уг мөнгөнөөс ч өгөөгүй байдаг. Дээрх байдлаас дүгнэж үзвэл Б.Ө хохирогч Г.Зт машиныг өгөх боломж байсаар байхад өгөөгүй, харин 2022 оны 5 дугаар сард Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх үед 20.000.000 төгрөг төлсөн боловч энэ нь залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

          2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон хэдий ч мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдвол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох эсхүл өөрчилнө гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр хэвээр байна.

          Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1207 дугаар шүүхийн цагаатгах тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

          Хохирогч Г.Зын өмгөөлөгч К.Баатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1207 дугаар цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэл тогтоогдож байна.

          Б.Ө нь бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж буюу автомашины төлбөрийг төлөх боломжгүй өр төлбөртэй байж, түүнийгээ хохирогчоос нууж, мөнгийг хохирогчид буцаан төлнө хэмээн итгэл төрүүлэн хууран мэхэлж нотариатын мөнгө хүрэхгүй байна гэрээний үнийн дүнг 32.000.000 төгрөгөөр бус 10.000.000 төгрөгөөр байгуулъя гэж анхнаасаа биелэгдэх боломжгүй, хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус авто машин худалдах худалдах авах гэрээ байгуулан бусдын эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1хх 39, 22, 140/ нотлогдсоор байтал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1207 дугаар цагаатгах тогтоолын 6 дахь хэсэгт дүгнэхдээ “...Г.Заас Б.Өод 28.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлж улмаар зээлийн гэрээ байгуулсан /1хх 38/ нь автомашины үнийг тусдаа тохирч, гэрээний баталгаа болгон хийсэн зээлийн гэрээ гэж үзэхээр байна...” гэж дүгнэж цаашлаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

          Нотариатаар орж гэрээ байгуулсан л бол иргэний хэрэг гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны 538 дугаар тогтоолд “...өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсэний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлтэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэж заасан байна.

          Мөн Б.Ө нь Г.Заас тээврийн хэрэгслийг шилжүүлэн аваад Ат худалдах, худалдан авах гэрээ байгуулан өрөндөө шилжүүлсэн өгсөн атлаа хохирогч Г.Зт үнийг төлөөгүй, хэрэг шүүхэд шилсэний дараа буюу 3 жилийн дараа хохирол төлсөн үйлдэл нь түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл бөгөөд залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

          Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны 306 дугаар тогтоолд “...зээлээр худалдан авсан зүйлээ бусдад зарж борлуулсан атлаа үнийг төлөөгүй үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул бусдын итгэлийг эвдэх аргаар залилан мэхэлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. ...” гэж дүгнэсэн байна. Дээрхээс дүгнэлт хийж үзвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1207 дугаар цагаатгах тогтоол нь илтэд тодорхой үйлдэгдсэн залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаан гэж үзэн шүүгдэгчийг цагаатгаж, гэмт хэрэг үйлдсэн хүнд ял завших боломж олгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй байх тул эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

          Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана.” гэснийг зөрчиж цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй нь алдаа болжээ.

          Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэн Б.Өод холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1207 дугаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

          Хохирогч Г.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би маш гомдолтой байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Би хуулийн мэдлэггүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ боломжтой бол хэргийг прокурорт буцааж өгнө үү ...” гэв.

          Цагаатгагдсан этгээд Б.Өын өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ө, Г.З нарын хооронд үүссэн харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу 2 талын хүсэл зоригийн дагуу бий болсон. Талууд уг харилцааг баталгаажуулж гэрээ байгуулсан. Улмаар Б.Өод гэрээний төлбөрийг төлөх эрсдэл үүссэн. Хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн үйл баримтын талаар талуудын мэтгэлцээнээс гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийн үүрэг үүссэн үндэслэл тогтоогдсон. Улсын Дээд шүүхийн хууль хэрэглээний талаар тайлбар тогтоолд заасанчлан үйл баримтаар нотлогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарахдаа шүүгдэгчийн гэм бурууг тооцох тухай хэсэг болон шүүгдэгчийн хөрөнгө орлого, хохирогч Г.Зын төрсөн ахтай бизнесийн харилцаатай танилууд байсан, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр автомашины эзэмшигч, түүний нөхөр н.Ган-Од нартай тохиролцож “Митсубиши Фусо” загварын автомашиныг худалдан авахаар тохиролцсон. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлбөрийг дараа нь төлөхөөр тохиролцож, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Б.Ө нь автомашины өртөг болох 32.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг хасаж тооцуулахаар төлбөрийн баталгаа гаргаж, Г.Зтай 28.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Б.Ө нь Г.Заас засвартай автомашин 28.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон талаараа шүүх хуралдаанд илэрхийлсэн. Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж эсэргүүцэлдээ “уг зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ нь хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэл хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна” гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчид 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан болох нь гэрээний хуулбараар тогтоогдож байна. Мөн 3 сарын хугацаатай хүүгүй шилжүүлэх үүрэг хүлээсэн нь гэрээний хуулбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан. Тухайлбал, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Хэрэгт цугларсан баримт болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа бол прокурор дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Мөн хэрэг бүртгэлийн үед эрх бүхий албан тушаалтан хэргийг хэрэгсэхгүй болгох санал явуулж байсан нь хэргээс харагддаг ба эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байсан. Улсын Дээд шүүхийн 2013 оны 375 дугаар тогтоолд “иргэний эрх зүйн харилцаа, зээлийн эрх зүйн харилцаа нь залилах гэмт хэргээс ялгагдах гол шинж нь бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, төөрөгдөлд оруулахыг хэлнэ” гэж тайлбарласан. Иймд Б.Ө нь анхнаасаа залилах гэмт хэргийг үйлдсэн гэх сэдэл, зорилго байдаггүй. Энэ талаар баримт хэрэг авагдсан. Талууд анхнаасаа тохиролцож тухайн автомашиныг зээлийн гэрээгээр эд хөрөнгийг шилжүүлсний дараа төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг харилцан зөвшөөрсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон бусад бичгийн нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогддог. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний 51 дугаарт тогтоолд байгалийн давагдашгүй хүчин зүйл, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл урьдчилан тооцоолох боломжгүй гэнэтийн өөрчлөлтийн улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй нь залилан, мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэж тайлбарласан. Б.Ө нь эрүүл мэндийн асуудал үүсэж, түүний дараагаар нийтийг хамарсан хөл хорио зэргээс үүдэн санхүүгийн хүндрэлд орж, төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрсэн талаар хүлээн зөвшөөрсөн. Тухайн үйл явдал нь цаг хугацааны хувьд баримтаар тогтоогддог. Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 646 дугаар тогтоолд Эрүүгийн хуульд тодорхойлох гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт тодорхойлох өгөгдөл нь гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгож болно. Тодруулбал, энэ 2 шинжийн аль нэг нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагавартай объектив шинжтэй ажиллагаанд Эрүүгийн эрх зүйн онолын хууль ёсны зарчмыг хориглоно гэсэн тайлбар байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

          Цагаатгагдсан этгээд Б.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан тайлбартай санал нэг байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.Өод холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах хохирогч Г.Зын гэрийн гаднаас “Митсубиши Фусо” загварын автомашиныг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилан авч, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан авч, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн худалдаж 32.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн тухайд:

          Прокуророос Б.Өын үйлдлийг хохирогч Г.Зын /1хх 21-22/, гэрч Д.Аын /1хх 26-27/, гэрч Э.Энхзулын /1хх 29/, гэрч Г.Болдбаярын /1хх 177/ мэдүүлгүүд, автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, автомашин худалдах худалдан авах гэрээ /1хх 32-40/, Өын мессеж /хх 57-82/, барьцаат зээлийн гэрээ, автомашин худалдах худалдан авах гэрээ /1хх 167-168/ 2022 оны 4 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 180-182/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна хэмээн дүгнэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

          Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилго, сэдэлтээр, эсхүл дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

          Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй болсон байх явдал юм.

          Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

          хохирогч Г.Зын “...Б.Ө нь над руу холбогдоод “Митсубиши Фусо” загварын тээврийн хэрэгслийг гаалийн бичигтэй нь цуг “зээл удахгүй бүтнэ. Ачааны автомашины тэвшийг гагнуур хийж давхарлаж бэлэн болгоно” гэж хэлээд машиныг аваад явсан. ...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө Б.Өтой Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Шонхор” плаза худалдааны төвийн нотариатын газар очин Зээлийн гэрээ байгуулж, автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан автомашиныг түүний нэр дээр шилжүүлсэн. ...” /1хх 21-22/,

          “Митсубиши Фусо” загварын автомашины өмчлөгч болох гэрч Д.Аын “...уг автомашин Баянхошуунд байрлах хувиараа машин засдаг хүний хашаанд байсан. Би засварын газарт нийтдээ 700.000 төгрөг төлж машиныг авсан. ...” /1хх 26-27, 31, 157/ гэх,

          2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1348 дугаар зээлийн гэрээ хийсэн гэрч М.Алтангэрэлийн “...Г.З, Б.Ө нар 28.000.000 төгрөгийн иргэд хоорондын гэрээ байгуулсан. Уг гэрээг 2 тал харилцан тохирч, гарын үсэг зурсанаар гэрээ хүчин төгөлдөр болдог. ...” /1хх 154-155/,

          Хоирогчийн төрсөн ах, гэрч Г.Болдбаярын “...З над руу яриад “миний оруулж ирсэн машиныг Ө гэх хүн авчихъя. Дараа нь мөнгийг нь өгье гэж байна, яах вэ” гэж асуухаар нь би “зүгээрээ өгвөл өгчих” гэж хэлсэн. ...” /1хх 177-178/,

          яллагдагч Б.Өын “...Би нотариатын газар очоод “өр, авлагын асуудал байгаа” гэж хэлэхэд нотариатын хүн машин худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээг З бид хоёрын дунд хийж өгсөн. ...Би анх автомашиныг авахдаа 28.000.000 төгрөгөөр тохирч авсан ба засвар хийсэн мөнгөө хасаарай гэж О хэлж байсан. ...Машины мөнгөнөөс 3.000.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Отай ярьж тохирсоноор засварын хөлс болох 7.500.000 төгрөгийг хасна. Мөн Зын ахаас ажлын хөлсний үлдэгдэл 8.000.000 төгрөг авах ёстой. Уг мөнгийг хасаж бодно. Одоо үлдэгдэл 9.500.000 төгрөг өгөх ёстой. ...” /1хх 192-193/ гэх мэдүүлгүүд болон зээлийн гэрээ /1хх 38/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /1хх 39/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 54-55, 162-168/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах хохирогч Г.Зын гэрийн гаднаас “Митсубиши Фусо” загварын автомашиныг зээлийн болон автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан 28.000.000 төгрөгөөр тохирч худалдсан болох нь тогтоогджээ.

          Энэ үйл баримтын талаар хэргийн оролцогч талууд маргаагүй бөгөөд Б.Ө нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг /1хх 79/, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 20.000.000 төгрөг /1хх 60/ төлсөн болох нь тогтоогдож байна.

          Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд дурдагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь Б.Ө нь
Г.Зтай зээлийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээ байгуулан “Митсубиши Фусо” загварын автомашиныг зээлээр худалдан авсан үйлдлийг, хөрөнгийн үнэлгээ нь тухайн автомашины үнэлгээг тогтоож байгаа болохоос Б.Өын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байгааг нотлон тогтоож чадаагүй байна. 

          Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу тохирсон цаг хугацаанд зээлээ төлж чадаагүй үйлдлийг бусдыг залилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

           Ийнхүү шүүгдэгч Б.Өод холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд нь түүний бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг үйлдсэн гэх гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх талаар дүгнэлт хийсэн анхан шатны цагаатгах тогтоол үндэслэлтэй болжээ.

          Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь заалтад “...Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана. ...” гэж заасан байхад анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул энэ талаар бичсэн хохирогч Г.Зын өмгөөлөгч К.Баатарын давж заалдах гомдлын холбогдох хэсгийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1207 дугаар цагаатгах тогтоолд уг өөрчлөлтийг оруулж, хохирогч Г.Зын өмгөөлөгч К.Баатарын “...иргэний эрх зүйн харилцаа бус залилах гэмт хэргийн шижнийг агуулж байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ..” гэх агуулга бүхий давж заалдах гомдол, прокурор Т.Мижиддоржийн бичсэн “...тухайн харилцаа нь иргэний эрх зүйн маргаан бус залилах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 37 дугаар улсын яллагчийн эсэргүүцэл зэргийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1207 дугаар цагаатгах тогтоолд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Өод холбогдох эрүүгийн 2008028371015 тоот хэргийг хэрэгт бүртгэлтэд буцаасугай. ...” гэх нэмэлт заалт оруулж, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Г.Зын өмгөөлөгч К.Баатарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг болон прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 37 дугаар улсын яллагчийн эсэргүүцэл зэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН