Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2017/0085

 

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2017/0085

Ула******* хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б овогт Хы Э /РД:ЧО/,

Гуравдагч этгээд: Ц овогт Бын М /РД: УХ/,

Гуравдагч этгээд: Б овогт Нгийн Г /РД:РУ/

Гуравдагч этгээд: Л ХХК /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 266 дугаар захирамжийн Л ХХК-нд холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 341 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, гуравдагч этгээд Л ХХК-ийн захирал О.Э, түүний өмгөөлөгч Ө.Э, гуравдагч этгээд Х.Эын өмгөөлөгч Р.Э, иргэдийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай компани нь 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан

дүүргийн Засаг даргын 227 дугаар захирамжаар 50.000 м.кв талбайг 5 жилийн

хугацаатай, аж ахйн зориулалтаар эзэмших эрхийг олж авсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь компанийн эзэмшил газрын талбайтай давхцуулан иргэн Г.Н, Х.Э нарт 10.000 м.кв газрын эзэмших эрхийг 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамжаар олгосон байна.

Энэхүү газрын давхцуулан олгосноос болж бид зориулалтын дагуу газрыг ашиглахад газрын хэмжээ багасгаж, бусадтай эзэмшил газар давхцаж, манай компанийн газар эзэмших эрх нь зөрчигдөж эхэлсэн юм.

Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж байна гэсэн үндэслэлээр газрын байршлыг тогтоолгох тухай гомдлыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт тухайн үед нь гаргасан юм.

Нийслэлийн өмчийн харилцааны газар гомдлыг шалгаж үзээд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 5/3879 дүгээр албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамж нь манай компанийн газартай давхцалтай байна гэж үзэж Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу гомдол гаргах хариу мэдэгдлийг өгсөн.

Үүний дагуу газрын байршлыг тогтоолгох хүсэлтийг тухайн шатны Засаг даргад гаргахад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь И ХХК-иас газрыг шилжүүлэн Э ХХК-нд газар эзэмших эрх олгосон 2012 оны 7 дугаар сарны 10-ны өдрийн 227 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамжийг хууль бус үндэслэлээр гаргасан байна.

Засаг даргын захирамж нь хууль бус гэж үзэж дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газар нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4/1572 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн захирамж, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн захирамж нь хууль бус болохыг хүлээн зөвшөөрч зөрчигдсөн эрхийг хууль, шүүхийн байгууллагад хандаж эрхээ сэргээлгэх нь зүйтэй гэсэн хариуг бидэнд өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын гаргасан маргаан бүхий захиргааны актуудаас болж 2012 оны компанийн газар эзэмших эрх бусдын газартай давхцаж, 2013 онд газар эзэмших эрх бүхэлдээ хүчингүй болсноор манай компанийн газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах эрх зөрчигдсөн. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,

4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангана гэсэн хуулийн заалтуудыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь зөрчиж маргаан бүхий актуудыг гаргасан байна гэв.

Нэхэмжлэгч Э ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээтэй давхцуулан олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамжийн иргэн Г.Н, Х.Э нарт холбогдох хэсэг, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамжийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.

Шүүх нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг эрх бүхий байгууллагаас гаргуулснаар манай компанийн газартай давхцалтай иргэн Н.Г, газрын эрхийн шилжүүлэн авсан Л ХХК-ийг гуравдагч этгээдээр шүүхэд татан оролцуулсан байна. Эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар иргэн Х.Эын эзэмшлийн газрын нэгж талбай нь 5028/5049 дугаартай, иргэн Г.Нгийн эзэмшлийн нэгж талбай нь 8028/5050 дугаартай, иргэн Н.Гын нэгж талбайн бүртгэл нь тус бүр манай компанийн газар ашиглах эрхийн нэгж талбайн 8028/5077 дугаартай бүртгэлээс өөр байна. Геодизи зураг зүйн газраас манай компанид ашиглалтанд өгсөн газрыг захиргааны байгууллага мэдээллийн санд оруулаагүй талаарх албан бичгийг шүүхэд өгсөн байна.

Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамжийн Г.Н, Х.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлээс татгалзаж байна.

Мөн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар манай ашиглалтыг хүчингүй болгож, Л ХХК-нд 4 га газрыг шилжүүлсэн нотлох баримтууд шүүхэд цугларсан байна. Цугларсан баримтуудад И ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг Л ХХК-нд шилжүүлэх хүсэлтийг газрын албанд гаргаж түүнийг үндэслэн манай компанийн газрыг шилжүүлсэн байна.

Энэ нь манай компанийн нэр дээрх газрыг өөр компани бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 266 дугаар захирамжийн Л ХХК-нд 4 га газар эзэмших эрх олгосон холбогдох хэсгийг хүчингүй болгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дүүргийн Засаг даргын 227 дугаар захирамжаар И ХХК-иас нэр шилжүүлэн авчээ.

Нэр шилжүүлэн авсан газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын дугаараар бүртгэгдээгүй байсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамжаар олгогдсон Г.Н, Х.Э нарт холбогдох хэсэг нь Газрын тухай хууль тогтоомжийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй юм.

Маргаан бүхий газрын эзэмших эрхийг Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1046 дугаар шийдвэрийг үндэслэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамжаар хүчингүйд тооцсон байна.

И ХХК-ийн эзэмших эрхтэй газрыг Э ХХК-нд шууд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь өөрөө Газрын тухай хуулийг зөрчсөн байсан учраас түүнийг засаж залруулах үүднээс Засаг дарга өөрийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тайлбартаа:

...Дүүргийн Засаг даргын 2013 оны 266 дугаар захирамжаар И ХХК-иас Л ХХК-д газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлсэн захирамж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн захиргааны акт юм.

Учир нь И ХХК-иас Э ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлэхээс

 

өмнө нь шүүхийн шийдвэр гарсан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

...Б овогтой М миний бие Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А32 дугаар захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 10.000 м.кв талбайтай, 18628307 нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших гэрчилгээний эрхийг иргэн Г.Нгээс 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарснаар эрх шилжүүлэн авч эзэмшиж байна.

Одоо тус газар жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа. Анх 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Г.Нтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан нотариатаар баталгаажуулан худалдаж авсан.

Иргэн Г.Н нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг авч 00041 дугаар гэрчилгээг эзэмшиж байсан.

Э ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамжийн иргэн Г.Н, Х.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлээс татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг өөрийн биеийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэв.

Гуравдагч этгээд Н.Г шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

...Н.Г би Сонгинохайрхан дүүргийн 2012 оны 182 дугаар захирамжаар 5000 м2 газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан ба тухайн үед мэдээллийн санд эзэмшигчийн бүртгэлгүй байсан.

Иймд нэхэмжлэгчийн маргаан үүсгэж буй газар нь миний эзэмшлийн газартай бүхэлдээ болон аль нэг хэсгээрээ давхардсан гэх үндэслэлгүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Э ХХК-аас 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай хүсэлтэнд иргэн Г.Н, Х.Э болон

гуравдагч этгээд Н.Г нарын газар нь Э ХХК-ийн 8028/5077 нэгж талбарын дугаартай  газартай давхардаагүй байгааг бичсэн байх бөгөөд

Г.Н, Х.Э болон гуравдагч этгээд Н.Г нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг миний зүгээс хүлээн зөвшөөрч байна.

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг өөрийн биеийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэв.

Гуравдагч этгээд Х.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Р.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний 353 дугаар захирамжаар Цын ******* гэдэг хүнээс дээрх газрыг шилжүүлэн авсан бөгөөд ******* нь 2012 оны 4 дүгээр сарын 10-ны 105 дугаар захирамжаар уг газар эзэмших эрхийг олж авсан байсан болно. Миний эзэмшиж буй газрын нэгж талбарын дугаар нь 8028/5049, *******ынх ч мөн 5028/5049 байсан бөгөөд дүүргийн газрын албаны холбогдох мэргэжилтнүүд бидний өргөдөл хүсэлтийг шалгаж хүлээж авсны зэрэгцээ шийдвэр гаргаж, гэрээ гэрчилгээг олгохдоо ч хэн нэгний газар эзэмших эрхтэй давхацсан эсэхийг дахин нягталж үзсэн гэдэгт итгэлтэй байна.

Э ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр газрын нэгж талбарын дугаар нь 8028/5077 гэсэн байна. Э ХХК-нд газар эзэмших эрхээ шилжүүлэн өгсөн гэх И ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр ч мөн нэгж талбарын дугаар нь 8028/5077 гэсэн байна. Энэ нь миний эзэмшил газрын нэгж талбарын дугаараас илэрхий зөрүүтэй байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2012 оны 7 дугаар сарын 10-ны 227 дугаар захирамжаар Э ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэсэн байсныгаа 2013 оны 8 дугаар сарын 21-ний 341 дүгээр захирамжаараа хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Харин надад газар эзэмших эрх олгосон 2012 оны 11 дүгээр сарын 19-ний 353 дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан миний газар эзэмших эрхийг хөндөхгүй байхыг шүүхээс хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн татгалзалд ...шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудтай
танилцаад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19-р зүйлийн 19.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг

даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамжийн иргэн Г.Н, Х.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлээс

татгалзаж байна гэсэн байгаагаас үзэхэд гуравдагч этгээд Х.Э миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал нэгэнт арилсан байна гэв.

Гуравдагч этгээд Л ХХК шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон захирал Х.Э, түүний өмгөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И ХХК-аас Л ХХК руу өөрийн эзэмшлийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу шилжүүлэх хүсэлтийг үндэслэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 266 дугаартай захирамж гарсан. Энэхүү захирамжийн Л ХХК-нд холбогдох хэсэг нь Газрын тухай хууль болон аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан ёсоор Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагддаг бөгөөд үүний дагуу Монгол Улсын хуулийн этгээдүүд болох И ХХК болон Л ХХК-иудын хооронд эрхийн гэрчилгээ шилжүүлэх ажиллагаа явагдсан.

Харин нэхэмжлэгч Э ХХК тухайн цаг хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байсан тул И ХХК-аас тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан байсан, тодорхой газар эзэмшигчийн эрх, үүрэг үүссэн байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг л бусдад шилжүүлэх бөгөөд бусдад Засаг даргын захирамжаар эзэмшлээ гэхэд шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч ирэхээс шилжүүлж авсан этгээдийн нэр дээр газар ашиглах эрхийн гэрчилгээ гарах үндэслэлгүй. Тийм байхад Э ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан гээд тайлбарласан мөртлөө, өөрсдөө газар ашиглах эрхийн гэрчилгээтэй бөгөөд газар ашиглах эрх маань зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасан.

Газар ашиглах эрхийг буюу газар ашиглах эрхийн гэрчилгээг зөвхөн Газрын тухай хуулийн 44.5-д /гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно/ гэж заасны дагуу олж авах бөгөөд хэн нэгэн газар

эзэмшигчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг нь шилжүүлэн авах замаар газар ашиглах эрхийг олж авах боломжгүй. Э ХХК-нд Газрын тухай хуулийн 44

дүгээр зүйлд заасан журмын дагуу газар ашиглуулах шийдвэр гараагүй тул газар ашиглах эрхтэй, мөн тэрхүү эрх нь зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаас нэхэмжлэгч газар ашиглах эрх нь зөрчигдсөн гээд ямар нэгэн газар эзэмших эрхтэй холбоогүй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Л ХХК газар эзэмших эрх олж авсан нь бусдын газар ашиглах эрхийг зөрчих боломжгүй юм.

Мөн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамжийн гуравдагч этгээд Г.Н, Х.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзаж байна гэжээ. Татгалзаж байгаа үндэслэлээ Г.Н, Х.Э нарын эзэмшил газрын нэгж талбарын дугаар өөрийнх нь газраас өөр дугаартай байгаа учраас гэж тайлбарласан ч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээсэнтэй холбогдуулан гуравдагч этгээдийн эрх зөрчигдөнө.

Газар болгоны нэгж талбарын дугаар өөр байх бөгөөд өөр байснаар газрын давхцалгүй гэсэн үг биш юм. Тийм учраас шүүх эрх нь зөрчигдөх этгээдийг өөрийн санаачилгаар гуравдагч этгээдээр татдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-ийн шүүхэд гаргасан ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 266 дугаар захирамжийн Л ХХК-нд холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 341 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан үзээд дараах байдлаар шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 199 дүгээр захирамжаар[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 27 дугаар зүйлийг тус тус үндэслэн И ХХК-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд аж ахуйн зориулалтаар 50.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0293244 дугаартай гэрчилгээг олгожээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37 дугаар зүйл, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэн И ХХК-ийн эзэмшлийн 50.000 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар захирамжаар[2] Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч Э ХХК-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн.

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1047 дугаар захирамжаар[3] Нэхэмжлэгч О.Эийн хариуцагч Б.Б*******, Ж.******* нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч 178.500.000 төгрөгийн нэхэмжлэлээс хариуцагч Ж.*******од холбогдох болон 88.500.000 төгрөгөөс тус тус татгалзаж, үлдэх 90.000.000 төгрөгийг нь хариуцагч Б.Б******* нь 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр нүүрсний газрын урд байрлах хариуцагч Б.Б*******ын 1 гишүүнтэй И ХХК-ийн нэр дээр засаг даргын захирамж гаргахаар хүлээгдэж байгаа 7 га газраас 4-н га газрын эзэмших эрхийг 90.000.000 төгрөгийн төлбөр тооцон нэхэмжлэгч О.Эт шилжүүлэн өгөх, хариуцагч Б.Б******* нь дээрх хугацааны дотор 4 га газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй тохиолдолд 90.000.000 төгрөгийн төлбөрийг хариуцан төлөх ба ... зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд Л ХХК-ийн /захирал Ө.Э/ 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2/14 дүгээр газар шилжүүлэх тухай албан бичиг, И ХХК-иас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан ..газар шилжүүлэхэд татгалзах зүйлгүй талаарх албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 2/10961 дүгээр албан бичгүүдийг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 266 дугаар захирамжаар И ХХК-ийн эзэмших 40.000 м.кв газрыг Л ХХК-д шилжүүлж эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тус дүүргийн Засаг даргын 2012 оны 199 дүгээр захирамжийн И ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Баянгол дүүргийн шүүхийн шүүгч 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 534 дүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас[4], мөн өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 4799 дүгээр захирамжийг[5] Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2/10961 дүгээр албан бичгийг[6] Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүргүүлсний дагуу хариуцагч 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамжаар[7] И ХХК-иас Э ХХК-нд нэр шилжүүлэхээр шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар захирамжийн холбогдох хэсгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1047 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Э ХХК нь манай компанийн ашиглаж буй газрыг давхардуулж, Л ХХК-нд 266 дугаар захирамжаар хууль бусаар шилжүүлэн 2013 оны 8 дугаар сард газар ашиглах эрх олгосон шийдвэрийг дүүргийн Засаг даргын 341 дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь газар ашиглах эрхийг зөрчиж байна хэмээн маргаж байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хооронд явагдана., 38.3-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч, дараах зүйлүүдийг тодруулна, 38.3.3-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмшиж буй аж ахуй нэгж нь зөвхөн Монгол Улсын аж ахуй нэгжид эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрхтэй бөгөөд эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд буюу И ХХК-иас газар эзэмших эрхийг ашиглах зориулалтаар өөрчлөн эрхийн гэрчилгээг шилжүүлэх авах эрхтэй эсэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2012 оны 227 дугаар захирамжийг гаргахдаа тодруулаагүй байна.

Нэхэмжлэгч Э ХХК нь 2007 онд 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компаниар үүсгэн байгуулагдсан болох нь компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас ирүүлсэн компанийн дэлгэрэнгүй лавлагаа[8] зэргээр нотлогдож байх бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын иргэн Цэнддоржийн Тулга 100 хувийн үүсгэн байгуулагчаар бүртгэгдэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр авчээ.

Эдгээр баримтаас үзвэл нэхэмжлэгч Э ХХК нь 2012 онд гадаадын хөрөнгө оруулалттай компани байхдаа бусдын эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглах зориулалтаар өөрчлөн шилжүүлэн авсан нь хууль бус байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид энэ хуулийн дагуу газрын тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно., 44.8-д Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална. гэж заасан.

Хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулсан бөгөөд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д 38 дугаар зүйлийг тусгаагүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эзэмших эрхийн гэрчилгээг ашиглах эрхийн зориулалтаар шилжүүлэхийг хуулиар зөвшөөрөөгүй байна гэж үзнэ.

Гуравдагч этгээд Л ХХК-нд газар эзэмших эзэмших эрхийг шилжүүлэхэд Э ХХК-ийн газар ашиглах эрх хүчинтэй байхад давхцуулж олгон хууль зөрчсөн гэх маргааны тухайд хариуцагч 2013 оны 8 дугаар сарын 341 дүгээр захирамжаар давхцуулж шилжүүлсэн алдаагаа засаж уг захирамжийг гаргасан байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно.

Хариуцагч 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжаар[9] М.Г*******, Ц.******* нарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус бүр 10.000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 038*******, 03******* дугаартай гэрчилгээнүүдийг 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгосон байна.

Улмаар уг газрыг М.Г******* Г.Нд, Ц.******* Х.Эод шилжүүлснийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамжаар баталгаажуулж, Г.Н Б.М нар 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг[10] байгуулж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/32 дугаар захирамжаар[11] тухайн газрыг Б.Мд шилжүүлжээ.

Иргэн Н.Г Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжаар[12] тус дүүргийн 20 дугаар хороонд 5.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн ба 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0005******* дугаар гэрчилгээг олгосон.

Нэхэмжлэгч Э ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 353 дугаар захирамжийн иргэн Г.Н, Х.Э нарт холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус шүүхийн шүүгчийн захирамжаар[13] шийдвэрлэсэн тул гуравдагч этгээд Г.Н, Х.Э нарын газар эзэмших эрхийн талаар энэхүү шийдвэрээр дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Э ХХК-ийн ашиглах эрхтэй гэх 50.000 м.кв газар нь газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Ү******* ХХК-ийн үйлдсэн кадастрын зургийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн бөгөөд энэхүү кадастрын зургийг гуравдагч этгээд нар болох Л ХХК болон Г.Н, Х.Э, Н.Г нарын эзэмшиж буй нэгж талбарын дугаар бүхий газруудыг мэдээллийн сан дах кадастрын зургаар давхцуулан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2/1321 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбар[14], тавдугаар хавсралт зураг зэргээс үзвэл гуравдагч этгээд нарын эзэмшиж буй газартай Ү******* ХХК-ийн үйлдсэн кадастрын зургаар газрууд давхцалтай харагдана.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр захирамжаар[15] И ХХК-нд 10 га газрыг үйлдвэрийн

зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд уг газрыг 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20/011 дүгээр албан бичгээр[16] Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Г******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлэх тухай өргөдөл гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжаар[17] дээрх газрыг шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

И ХХК-ийн захирал Б.Б*******ыг шүүх гэрчээр асуухад өнөөдрийн байдлаар И ХХК нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөр газар эзэмшдэггүй болохоо тайлбарласан нь мөн дээрх баримтуудаар нотлогдож байгаа.

Иймд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8-д заасны дагуу нэхэмжлэгч Э ХХК-ийн хууль ёсны газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, бусад газар эзэмшигч нартай энэхүү газар нь давхцалтай гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зүйтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8-д, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн гаргасан ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 266 дугаар захирамжийн Л ХХК-нд холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 341 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧИД Г.МӨНХТУЛГА

О.ОЮУНГЭРЭЛ

 

 


[1] Хавтаст хэрэг-1-169-171 хуудас

[2] Хавтаст хэрэг-1-53-56 хуудас

[3] Хавтаст хэрэг-2-25-28 хуудас

[4] Хавтаст хэрэг-3-76 хуудас

[5] Хавтаст хэрэг-3-79 хуудас

[6] Хавтаст хэрэг-3-80 хуудас

[7] Хавтаст хэрэг-1-52 хуудас

[8] Хавсралт нотлох баримт-1 дүгээр хавтас

[9] Хавтаст хэрэг-1-152-154 хуудас

[10] Хавтаст хэрэг-1-128 хуудас

[11] Хавтаст хэрэг-1-137-140 хуудас

[12] Хавтаст хэрэг-2-62-63 хуудас

[13] Хавтаст хэрэг-2-167-169 хуудас

[14] Хавтаст хэрэг-2-8-13 хуудас

[15] Хавсралт нотлох баримт-2 хавтас-2-3 хуудас

[16] Хавсралт нотлох баримт-2 хавтас-17 хуудас

[17] Хавсралт нотлох баримт-2 хавтас-7-9 хуудас