Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01018

 

“Газар капитал партнерс” ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 711 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 143 дугаар магадлалтай,

“Газар капитал партнерс” ББСБ-ын нэхэмжлэлтэй

“Шижир болор” ХХК, А.Сэлэнгэ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 354 367 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Сэлэнгийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар капитал партнерс” ББСБ ХХК нь “Шижир болор” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ0102150030 тоот зээлийн гэрээ байгуулан 300 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 3.5%-ийн үндсэн хүүтэйгээр, эргэн төлөх нөхцөлтэйгөөр, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгож, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож мөн өдрөө ЗБ0102150030 дугаартай барьцааны гэрээ байгуулан “Шижир болор” ХХК-ийн  эзэмших эрхийн гэрчилгээтэй, мөн А.Сэлэнгийн дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан “Шижир болор” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангиртын 136,97 га талбайтай Улсын бүртгэлийн 18572524177934 дугаартай, гэрчилгээний 0204496 дугаартай газар эзэмших эрх, 

274,51 га талбайтай Улсын бүртгэлийн 18573526027008 дугаартай, гэрчилгээний 0204498 дугаартай газар эзэмших эрх,

195,35 га талбайтай Улсын бүртгэлийн 18569526200446 дугаартай, гэрчилгээний 0204499 дугаартай газар эзэмших эрх,

157,75 га талбайтай Улсын бүртгэлийн 18572529523920 дугаартай, гэрчилгээний 0204497 дугаартай газар эзэмших эрх,

384,99 га талбайтай Улсын бүртгэлийн 18572527344601 дугаартай, гэрчилгээний 0204495 дугаартай газар эзэмших эрх, 

ЗБ0102150030 тоот барьцааны гэрээний хавсралт-1 заасан “Шижир болор” ХХК Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт байрлах 2 давхар барилга 500 тонны агуулах, тоног төхөөрөмжүүд, А.Сэлэнгийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 236,0 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003012637 дугаартай, 000051925 гэрчилгээний дугаартай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн гудамж 7 тоот 135,0 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003012557 дугаартай, 000051664 гэрчилгээний дугаартай гарааш, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн гудамжны 7 тоот 796,0 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003014063 дугаартай, 000108182 гэрчилгээний дугаартай гарааш, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн гудамж 7 тоот 4191,27 м.кв га талбайтай гэр бүлийн зориулалттай Улсын бүртгэлийн Ү-2003002623 дугаартай, 000041549 гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт ЗБ0102150030 дугаартай барьцааны гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг, Улсын бүртгэгчийн 29/1-27 дугаар тамга, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал 43096 дугаар тэмдгээр баталгаажуулан тус ББСБ-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан. Иргэний хуулийн 222.5 болон 453.1-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээнд зээл болон зээлийн хүү төлөх графикийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. “Шижир болор” ХХК  гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн хүүнд 7 удаагийн төлөлтөөр нийт 64 050 000 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл 300 000 000 төгрөг, зээлийн хүү 47 950 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 370 000 төгрөг нийт 354 320 000 төгрөг хуримтлагдсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, тохиролцсон графикийг зөрчиж эхэлсэн тул зээлээ төлөх талаар олон удаа сануулж, мэдэгдэж байсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон ч зээлдэгч зээлээ төлөөгүй бөгөөд ББСБ-ын зээлийн ажилтан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уулзаж 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор бүх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлж дуусгана гэсэн тайлбарыг зээлдэгчээс авсан. Зээл хугацаандаа төлөгдөхгүй байсан учир зээл хүүгээ төлөхийг шаардан удаа дараа биечлэн очиж уулзаж байсан ба 2016 оны 1 дүгээр сарын 19, мөн сарын 26-ны өдөр зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл тус тус өгсөн. Хариуцагчаас баримт бичгийг нотариатаар баталгаажуулсны төлбөр 47 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 929 785 төгрөгийг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 2.1-д заасны дагуу дээрх барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Сэлэнгэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр бид хоёр газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “Шижир болор” ХХК-тай бөгөөд 2015 онд “Газар капитал партнерс” ББСБ-аас тариалалтандаа зориулж 300 000 000 төгрөгийн зээлийг  8 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй зээлж, барьцаанд газар эзэмших эрхүүд болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг тавьсан. 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 7 удаагийн төлөлтөөр зээлийн хүү 64 050 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний 4.2.1-д заасан үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх хугацаа хэтрүүлсэн нь биднээс шалтгаалаагүй 2015 онд Монгол орон даяар бороо хур бага ган гачигтай байсны улмаас ургац муу ургаж газар тариалан эрхэлдэг ихэнхи компаниуд шатсан нөхцөл байдлыг харгалзан үзэж илүү нэхэмжилсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү. Үндсэн зээл 300 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 711 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Шижир болор” ХХК, А.Сэлэнгэ нараас 354 367 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Газар капитал партнерс” ББСБ-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 136,97 га талбайтай Улсын бүртгэлийн 18572524177934 дугаартай, гэрчилгээний 0204496 дугаартай газар эзэмших эрх, Шижир болор ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 274,51 га талбайтай Улсын бүртгэлийн 18573526027008 дугаартай, гэрчилгээний 0204498 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 195,35 га талбайтай Улсын бүртгэлийн 18569526200446 дугаартай, гэрчилгээний 0204499 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 157,75 га талбайтай Улсын бүртгэлийн 18572529523920 дугаартай, гэрчилгээний 0204497 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 384,99 га талбайтай Улсын бүртгэлийн 18572527344601 дугаартай, гэрчилгээний 0204495 дугаартай газар эзэмших эрх, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 236,0 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003012637 дугаартай, 000051925 гэрчилгээний дугаартай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.Сэлэнгийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 135,0 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003012557 дугаартай, 000051664 гэрчилгээний дугаартай гарааш, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.Сэлэнгийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 796,0 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003014063 дугаартай, 000108182 гэрчилгээний дугаартай гарааш, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 4191,27 м.кв га талбайтай гэр бүлийн зориулалттай Улсын бүртгэлийн Ү-2003002623 дугаартай, 000041549 гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 929 785 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шижир болор” ХХК, А.Сэлэнгэ нараас 1 929 785 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 143 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 711 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч “Шижир болор” ХХК-аас үндсэн зээл 300 000 000, үндсэн хүү 37 800 000, нэмэгдүүлсэн хүү 6 370 000 нотариатын зардал 47 000 төгрөг, нийт 344 217 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Газар капитал партнерс” ББСБ-д олгож, нэхэмжлэлээс 10 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд “Шижир болор” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 136,97 га талбайтай Улсын бүртгэлийн 18572524177934 дугаартай, гэрчилгээний 0204496 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 274,51 га талбайтай Улсын бүртгэлийн 18573526027008 дугаартай, гэрчилгээний 0204498 дугаартай газар эзэмших эрх,Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 195,35 га талбайтай Улсын бүртгэлийн 18569526200446 дугаартай, гэрчилгээний 0204499 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 157,75 га талбайтай Улсын бүртгэлийн 18572529523920 дугаартай, гэрчилгээний 0204497 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 384,99 га талбайтай Улсын бүртгэлийн 18572527344601 дугаартай, гэрчилгээний 0204495 дугаартай газар эзэмших эрх, Алексей овогтой Сэлэнгийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж, 7 тоот 236.0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-2003012637 дугаартай, 000051925 гэрчилгээний дугаартай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 135,0 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003012557 дугаарт бүртгэлтэй, 000051664 гэрчилгээтэй, гарааш, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 796,0 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003014063 дугаарт бүртгэлтэй, 000108182 гэрчилгээтэй гарааш, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 4191,27 м.кв га талбайтай гэр бүлийн зориулалттай Улсын бүртгэлийн Ү-2003002623 дугаарт бүртгэлтэй, 000041549 гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж, 3 дахь заалтыг “Хариуцагч “Шижир болор” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 929 785 төгрөг гаргуулсугай” гэснийг “1 879 035 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 150 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Сэлэнгийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр магадлалын эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Шижир болох” ХХК нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Тухайн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар буюу тариалалт хийхдээ зориулан авч зориулалтын дагуу зарцуулсан. Гэтэл 2015 онд нийт нутгаар бороо хур багатай, гантай гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөнөөс шалтгаалж 100 хувийн алдагдалд орж, гэрээний үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Энэ нь үүргийн зөрчилд үл хамаарах нөхцөл байдал буюу Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2.-т заасан гэрээний үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал, түүний үр дагаврыг тодорхойлж, үүрэг гүйцэтгэгчийн хүлээх хариуцлага, уг хариуцлагаас чөлөөлөх боломжийг тогтоож, улмаар үүрэг зөрчигдөөгүйд тооцогдож, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхаар зохицуулсан байхад хоёр шатны шүүхэд хүүг багасгах талаар гаргасан хүсэлтийг хүлээн аваагүйд гомдолтой байна. Магадлалын хянавал хэсэгт “шүүх зээлийн хүүг багасгах тухай Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2. дахь хэсгийн зохицуулалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл хэсгээр зохицуулагдах банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн хүүд хамаарахгүй” гэж дүгнээд энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд заасан төсөөтэй хэрэглэх зарчмын дагуу мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т заасныг хэрэглэж, хүүг багасгах боломжтой байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн хуульд гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийг тооцохоор байхад давж заалдах шатны шүүх ган гачиг болсон нь давагдашгүй хүчин зүйл хамаарахгүй мэтээр дүгнэж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй байхад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаахгүй, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хэргийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн боловч 2 хариуцагчийн нэг хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлээгүй алдааг магадлалд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч “Газар капитал партнерс” ББСБ нь “Шижир болор” ХХК, А.Сэлэнгэ нарт холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 354 320 000 төгрөг, бичиг баримтыг нотариатчаар гэрчлүүлсний зардалд 47 000 төгрөг нийт 354 367 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч А.Сэлэнгэ үндсэн зээлийн төлбөрийг зөвшөөрч, эдийн засгийн хүнд хямралтай байдалтай холбогдуулан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх агуулгатай тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч “Шижир болор” ХХК нь 300 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй нөхцөлөөр, газар тариалангийн үйл ажиллагаандаа зориулан зээлж авсан байх ба талууд үндсэн гэрээ болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлснээр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ. Зээлийн гэрээний зээлдэгч тал нь “Шижир болор” ХХК болохыг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн боловч зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй хариуцагч А.Сэлэнгэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу байна. Хариуцагч А.Сэлэнгэ нь “Шижир болор” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээний зарим эд хөрөнгийн өмчлөгч, барьцаалуулагч мөн хэдий ч  зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд биш юм. Тийм учраас зээлийн үүргийг түүнд хариуцуулах үндэслэлгүй, уг хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байжээ.  Харин А.Сэлэнгийн олгосон итгэмжлэлээр түүний хөрөнгийг “Шижир болор” ХХК зээлийн үүрэгт барьцаалсан тул уг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ, хариуцагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээ, үүргийг барьцаагаар хангуулах шаардлага, зээлдэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэлгүй талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д, 175 дугаар зүйлийн 175.1.-д заасан зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн байх ба нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй байна. 

Анхан шатны шүүх хариуцагч нарыг шүүхэд дуудсан, албадан ирүүлэх захирамж гаргасны үндсэн дээр хариуцагч “Шижир болор” ХХК-ийн захирал Ц.Гансүхийг шүүхэд ирүүлсэн, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулсан, А.Сэлэнгэ хариу тайлбараа 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан, “Шижир болор” ХХК хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн талаар тайлбараа гаргажээ. Хариуцагч нарт хэргийн материалыг 2016 оны 3 дугаар сарын 01, 15, мөн оны 4 дүгээр сарын 08-ны өдөр танилцуулсан, шүүх хуралдааныг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр товлон зарласан ч өмгөөлөгч авах хариуцагч А.Сэлэнгийн хүсэлтээр хойшлуулсан, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч А.Сэлэнгийн ар гэрийн гачигдал гарсан гэх шалтгаанаар хойшлуулж, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10.00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч нарт 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх-54, 58, 59, 60, 62, 66, 69, 70, 71/ Шүүхээс хариуцагч “Шижир болор” ХХК-ийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэх  байдал тогтоогдоогүй тул энэ талаар хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дүгээр сарын 27-ны өдрийн 143 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...10 150 000 төгрөгийг...” гэсний дараа “...болон хариуцагч А.Сэлэнгэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” гэж өөрчилж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 57.4.-т зааснаар хариуцагч нарын өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА