Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0035

 

2018 оны 01 сарын 10 өдөр                   Дугаар 221/МА2018/0035                          Улаанбаатар хот

        Н.Ш ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н , Р.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0819 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н ын давж заалдах гомдлоор, Н.Ш ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0819 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Н.Ш ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/257 дугаар захирамжийн Г.Э, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож,
Баянзүрх дүүргийн Газрын албаны газар олгохгүй, хүсэлт шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н  давж заалдах гомдолдоо: “...Дүүргийн Засаг даргын захирамжаар Б.Б , Г.Э  нарт эзэмшүүлэхдээ хээрийн судалгааг огт хийгээгүй нь хавтаст хэрэгт авагдсан Б.Б , Г.Э  нарын өргөдөл “...2008 оноос хойш амьдарч байгаа тул”-д дурдсанаас үзвэл эдгээр иргэд нь тэнд амьдарч байсан гэж харагдахаар байна. Гэтэл эдгээр иргэдийг амьдарч байсан талаар шүүх тодруулаагүй, мөн тус 2 иргэн маргаан бүхий газрыг эзэмших талаар 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэг өдөр, өргөдөл бүртгэлийн хяналтын картад дараалан дугаар авч байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа зэрэг эдгээр хууль зүйн фактад хийж чадаагүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг “газар өмчлөх, ашиглах, эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах”-т заасан шаардлагыг хангаагүй байна.

...шүүхээс нотлох баримтыг дутуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдох бүхий ажиллагааг хийгээгүй байна. Учир нь анхан шатны шүүх Г.Э , Б.Б  нараас 2008 онд амьдарч байсан эсэх, нэхэмжлэгчээс аль газрыг, ямар хэмжээтэй эзэмших талаар тодруулаагүй, нэхэмжлэгч 2008 оноос хойш амьдарч тухайн маргаан бүхий газарт 2013 оноос авто засварын үйл ажиллагаа эрхэлж байсан талаар нотлох баримтууд байсаар байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны Баяндөхөмийн 23 дугаар гудамжны 13г, 13в тоотод орших 1400 м.кв газрыг иргэн Г.Э , Б.Б  нарт эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Улмаар  нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/257 дугаар захирамжууд гарч дээрх газруудыг эзэмшигч  этгээд болох  Г.Э , Б.Б  нарт өмчлүүлжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Н.Ш  нь “...2008 оноос маргаан бүхий газарт амьдарч байсан, энэ хугацаанд уг газраа өөрийн нэр дээр авах гэж удаа дараа Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж байсан” гэх боловч иргэн Г.Э , Б.Б  нарт газар эзэмших эрх үүсэхээс өмнө Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасны дагуу хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Энэ тохиолдолд тухайн газрыг эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлж байгаагүй, газар эзэмших эрхийг баталгаажуулаагүй тул маргаан бүхий газрыг эзэмших эрх Н.Ш д үүссэн гэж үзэхгүй, түүний эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулан газар эзэмшүүлсэн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

 

 Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...дүүргийн Засаг даргын захирамжаар Б.Б , Г.Э  нарт газар эзэмшүүлэхдээ хээрийн судалгааг огт хийгээгүй” гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хээрийн судалгааг хийсэн гэж тайлбарласан төдийгүй Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн маргаан бүхий газрын 2005-2013 оны хоорондох хугацааны сансрын зургаас үзэхэд нэхэмжлэгч Н.Ш  нь тухайн газарт оршин сууж, эзэмшиж байсан болох нь тогтоогдсонгүй.

Нэгэнт нэхэмжлэгч Н.Ш  нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ Баянзүрх дүүргийн Засаг даргад Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу гаргаж байгаагүй, тухайн газрыг Б.Б , Г.Э  нар эзэмшиж эхлэхээс өмнө амьдарч байгаагүй нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/257 дугаар захирамжууд нь нэхэмжлэгч Н.Ш ийн газар эзэмших эрх, Үндсэн хуульд заасан “шударгаар өмчлөх эрх олж авах эрх”-ийг зөрчөөгүй, хариуцагч нар маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч нь маргаж буй газрыг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшиж, ашиглаж байгаагүй тул маргаан бүхий актуудын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0819 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                              

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН