Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 419

 

А.Д, Ө.Б, Б.Н нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Л.Атарцэцэг

                                                    Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Д.Мөнхцэцэг    

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “М н” ХХК-нд холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0340 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0423 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Б.Х,

Гуравдагч этгээд “М м п” ХХК-ийн өмгөөлөгч Э.Х нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын  төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0340 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 12 дугаар зүйлийн 12.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3, 19.4-т заасныг баримтлан иргэн А.Д, Ө.Б, Б.Н нарын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн “М н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийг хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0423 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0340 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол     

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн А.Д, Ө.Б, Б.Н нарын нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан захиргааны хэрэгт “М н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь илт хууль бус гэж үзвэл “М н” ХХК-иас “М м п” ХХК-д шилжүүлсэн шийдвэр нь мөн илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 340 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 423 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.

5. Тухайлбал: Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана.” гэсэн заалтын дагуу Төв аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

6. “М н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-026874 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Төв аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4. дэх хэсэг “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” гэсэн заалтын дагуу хуулийн хугацаанд саналыг Ашигт малтмалын газарт ирүүлээгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “М н” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-019909 тоот тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд энэхүү шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 6/250 тоот албан бичгээр тус компанид мэдэгдсэн байна.

7. Аймгийн засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт “газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй.

8. Засаг дарга нь санал ирүүлэхдээ Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж заасан байх тул иргэдийн саналыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасан үндэслэлээр дэмжихгүй байж болно.

9. Гагцхүү Ашигт малтмалын тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу Засаг дарга нь хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагуудаас санал авч хариу ирүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй нь төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл биш юм.

10. Хоёр. “М н” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх заасан баримтыг бүрдүүлж ашигт малтмалын хайгуулын XV-019909 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийг Кадастрын хэлтэст 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан.

11. Кадастрын хэлтэс өргөдлийн материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасан хянан шийдвэрлэх ажиллагааг хийж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын XV-019909 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр “М м п” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийж, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 6/4130 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

12. Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд, хуулийн нөхцөл шаардлагын дагуу дээрх шийдвэрүүдийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

13. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 340 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 423 дугаартай магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

14. Гуравдагч этгээд “М н” ХХК, “М м п” ХХК-ийн захирал А.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн А.Д, Ө.Б, Б.Н нарын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны маргаанд гуравдагч этгээд “М н” ХХК болон “М м п” ХХК-ийн захирал А.О би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/MA2018/0423 дугаар магадлалыг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гардаж аваад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” болон шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

15. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс магадлалын үндэслэлдээ “нэхэмжлэгч нар нь Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 33 дугаар шийдвэрээр тус сумын “Аранжин” нэртэй 6402.71 га талбайд олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ...өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших эрхтэй!!! тул тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөс гадна тус сумын нийт иргэдийн эрх ашигт хамааралтай байна” гэж дүгнэсэн /анхан шатны шүүх мөн энэ үг, өгүүлбэрээр дүгнэсэн/ байна.

16. Гэтэл нэхэмжлэгч нар нь маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэр гарснаас хойш буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй болсон байдаг. Тухайлбал:

17. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Б/1423 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар А-н Д-д нэгж талбарын 4113030335 дугаар бүхий “Шаагуурын завилгаа”-н 0,07 га өвөлжөөг 60 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон;

18. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Б/1305 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Б-ы Н-д нэгж талбарын 4113030335 дугаар бүхий “Цагаан шовхын хөх хонд”-н 0,07 га өвөлжөөг 60 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон;

19. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Б/1322 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Ө-ийн Б-д нэгж талбарын 4113030315 дугаар бүхий “Баянтай”-н 0,07 га өвөлжөөг, “Ташхай”-н 0,07 га хаваржааг тус тус 60 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон;

20. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хандаж “М м п” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй маргаан бүхий 6402,71 га талбай нь нэхэмжлэгч нарын дээр дурдсан нэгж талбарын 4113030335 дугаар бүхий, 4113030335 дугаар бүхий, 4113030315 дугаар бүхий газруудтай давхцалтай эсэхийг лавлахад тус газраас 1/1939 тоот албан бичгээр иргэн А.Д болон Б.Н нарын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгогдсон газрууд нь 6402,71 га талбайтай давхцалтай, Ө.Б-ийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгогдсон газар нь давхцалгүй гэсэн хариуг ирүүлсэн.

21. Гэтэл хоёр шатны шүүх дээрх Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/1939 тоот албан бичгийг үндэслэж нэхэмжлэгч нарын эзэмшил, ашиглалтын газартай “М м п” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй 6402,71 га талбайг давхцуулж олгосноор нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэсэн байна.

22. Харин эсрэгээрээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” хэмээн заасныг зөрчиж гуравдагч этгээд “М м п” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй 6402,71 га талбайтай давхцуулж хууль зөрчиж газар эзэмшүүлсэн.

23. Ийм учраас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх нь тогтоогдохгүй байхад /хавтаст хэрэгт нэхэмжлэгч нарын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө маргаан бүхий газар дээрх эзэмших эрхтэй байсан бөгөөд давхцалтай эсэх баримт огт байхгүй/ шүүх зөрчигдсөн мэтээр дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн.

24. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, ...хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” хэмээн заасныг зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй талаар: Анхан шатны шүүхээс хавтаст хэргийн 100 дугаар талд авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын “Ирсэн бичгийн бүртгэл”-ийн хаанаас, хэнээс гэсэн хэсгийн “Төв аймгийн Засаг даргын орлогч М.Н” гэсэн хэсгийг баримталж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байдаг. Гэтэл тус баримт нь урд хэсгээрээ харагддаггүй бөгөөд сap, өдөр гэсэн хэсэгт 12 дугаар сарын 23 гэсэн байдаг. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 23 буюу Төв аймгийн Засаг даргын санал ирүүлсэн гэх өдөр нь амралтын өдөр /Бямба гариг/ бөгөөд энэ өдөр Засаг дарга санал ирүүлж, амралтын өдөр шуудан хүргэж, амралтын өдөр Ашигт малтмал, газрын тосны газар “Ирсэн бичгийн бүртгэлд” бүртгэсэн байх нөхцөл байдал байхгүй. Тийм учраас урд талын cap, өдөр хэсэгт тус баримт хэзээ ирсэн болохыг тэмдэглэсэн байдаг боловч огт харагддаггүй.

25. Мөн түүнчлэн хавтаст хэргийн 78 дугаар талд “Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас” гэх баримт нотлох баримтаар авагдсан бөгөөд тус баримтын 9 дэх хэсэгт “Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн шийдвэр, мэдэгдлийн төсөл боловсруулах” гэх хэсэгт АМтХуулийн 19.4-г үндэслэн олгох мэдэгдлийн төсөл боловсруулах- Өргөдөл, зураг зүйн бүртгэлийн асуудал хариуцсан ахлах Д.О гэсэн байдаг. Эдгээр хариуцагчийн зөрүүтэй баримтуудыг шүүх анхаарч үзээгүй төдийгүй Ашигт малтмал, газрын тосны газраас Кадастрын хэлтэстээ баримтыг хэзээ хүргүүлсэн талаарх баримтыг шүүх бүрдүүлээгүй атлаа хуулийн шаардлага хангаагүй дээрх баримтыг үндэслэлээ болгосон.

26. Эцсийн шийдвэрийг төрийн захиргааны байгууллага /Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс/ өөрөөр гаргах эрхтэй болох тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.11-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.2.1 /Монгол Улсын татвар төлөгч хуулийн этгээд, өргөдөл гаргахдаа талбайн байршил, зургийг шаардлагын дагуу гаргах, өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь хэлбэрийн шаардлага, хориглосон газар, нөөцөд авсан талбайтай болон бусад тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байх шаардлага/, 19.2.3 /...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт...тэмдэглэх/ 19.2.4 /хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирсэн өргөдөл дурдсан талбайтай бүхэлдээ давхацсан бол.../, 19.7 /тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан боловч нэг сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэлээс хасч/-д заасан шийдвэр гарсан бол өргөдөл, хавсаргасан баримтыг өргөдөл гаргагчид буцааж өгнө” хэмээн зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Засаг даргаас ирүүлсэн саналыг хянаж үзээд, хуульд заасан ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, тусгай зөвшөөрлийн талбайтай ямар нэг хэмжээгээр давхацсан тохиолдолд л тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг буцаахаар заасан нь эцсийн шийдвэрийг төрийн 3ахиргааны байгууллага өөрөөр гаргах эрхтэй болохыг заасан.

27. Иймээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс өөрийн эрх хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэсэн юм /ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог нь аймгийн Засаг дарга, аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид биш/.

28. Иймд хууль зөрчиж гарсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0340 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0423 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

29. Hэхэмжлэгч нараас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “М н” ХХК-нд холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

30. Нэхэмжлэгчээс илт хууль бус болгохыг тогтоолгохоор маргаж буй захиргааны актыг гаргах эрх зүйн харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл хэсгээр тусгайлан зааж журамласан байхад уг захиргааны актаар нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах эрх зүйн үндэслэл байгаагүй хэмээн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны баримтлан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

31. Өөрөөр хэлбэл, илт хууль бус захиргааны акт гэж илэрхий алдаатай хууль зөрчсөн байхыг ойлгодог бөгөөд маргаж буй акт үүнд хамаарахгүй байхад шүүхүүд дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

32. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468,  2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө гарсан байхад анхан шатны шүүх нь маргаан бүхий акт гарснаас хойш буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон хуулийг буцаан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д заасан “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэснийг анхаараагүй нь буруу болжээ.

33. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Д-ийн эзэмшиж буй 698 м.кв талбай, Б.Н-ийн эзэмшиж буй 700 м.кв талбай нь тус тус гуравдагч этгээд “М н” ХХК-ийн 6402.71 гектар талбайтай бүхэлдээ давхцалтай, нэхэмжлэгч Ө.Б-ийн эзэмшиж буй 700 м.кв газар нь байршлын хувьд давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/1939 тоот албан бичгээр тогтоогдсон байна.

34. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй”, 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй”, 19 дүгээр зүйлийн 19.1.4-д “энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох” гэж тус тус заасан бөгөөд тухайн тохиолдолд хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхацсан байдал тогтоогдохгүй байна. 

35. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1305, Б/1322, Б/1423 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч Б.Н, Ө.Б, А.Д нарт өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болохгүй юм.    

36. Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу энэ хэргийн гуравдагч этгээдийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарт гэм хор учруулсан тохиолдолд тэрээр бүрэн хэмжээгээр хариуцах эрх зүйн харилцааг зохицуулсан, нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа газрын хэмжээ болон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээ асар зөрүүтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцэхгүй байна.

37. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдийг анхаарахгүйгээр маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх замаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

38. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээд нарын төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0340 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0423 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3, 19.4-т заасныг баримтлан А.Д, Ө.Б, Б.Н нарын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “М н” ХХК-нд холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд “М н” ХХК, “М м п” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН