| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 106/2018/0600/Э |
| Дугаар | 313 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 147.1., 17.1.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 313
П.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 287 дугаар магадлалтай, П.У-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч П.У-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж байсан, Г овогт П.У нь 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон” гэмт хэрэгт, Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.У-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус шийтгэж, Хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, П.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар П.У-аас нийт 2,937,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Б-д 705,000 төгрөг, О.Б-д 1,136,000 төгрөг, Ш.Д-д 1,096,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Б өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
1 дэх заалтын “П.У-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт ...” гэснийг
“П.У-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт” гэж,
2 дахь заалтын “П.У-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг
“П.У-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял...” гэж,
3 дахь заалтын “... П.У-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг, ...” гэснийг
“... П.У-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.У гаргасан гомдолдоо “...анхан шатны шүүхээс надад дээрэмдэх гэмт хэрэгт ял оногдуулахдаа ямар ч гэрч, нотлох баримтгүйгээр тулгаж, дарамтлан ял хүлээлгэсэнд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 07 дугаар сарын 8-ны өдөр 56-02 УНТ улсын дугаартай “Lexus RX-400” загварын тээврийн хэрэгсэл жолоодож байсан жолооч Н.С нь осол гаргах үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан ба өөрийгөө хянах чадваргүй их хэмжээний согтолттой байсан нь шинжээчийн 10722 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байдаг.
Н.С нь энэ ослыг гаргах үедээ жолооны эрхээ хасуулчихсан байсан ба согтуугаар энэ ослыг гаргаад, насанд хүрээгүй гэрч Ч.А-н хамт хэргийн газрыг санаатайгаар орхисон бөгөөд Н.С-ыг 1 жилийн дараа олсон гэж тухайн үед хэргийг мөрдөж байсан байцаагч Энхболд нь Н.С-ыг надтай уулзуулсан. Хавтаст хэрэгт байсан чухал нотлох баримт болох ослын газрын CD бичлэг алга болсон.
Мөн хэрэгт хяналт тавьж байсан тээврийн прокурор Н.Анхбаяр нь хэргийг шүүх рүү шилжүүлэх үед надтай уулзаад “Шүүх дээр очоод олон юм яриад байвал шоронд чинь хатааж чадна. Харин миний хэлснээр байвал би нэг их хатуурхахгүй” гэж дарамталсан. Шүүх хуралдаанд шүүгч хэрэгт байсан CD-ний талаар Н.Анхбаяр прокуророос асуухад “Анх байцаалт авсан байцаагч нь CD алга болгосон асуудалдаа хариуцлага хүлээсэн” гэж хэлсэн.
Иймд миний гомдлыг хүлээн авч үнэн зөв, бодит байдлыг тогтоон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.У-ын гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч П.У нь 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Эрхэс” пабын гадаа иргэн Н.Б-н эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон,
2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Тэргэл” зочид буудалд байрлаж байсан иргэн О.Б-ийн “Самсунг Эс-5” гар утас, Хаан банкны виза карт зэрэг 1,136,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нууцаар авсан,
2018 оны 1 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хороонд байрлах “Таац” зочид буудалд байрлаж байсан иргэн Ш.Д-ийн “Самсунг Жи-5” загварын гар утас, годон гутал, куртик, Хаан банкны виза карт зэрэг 1,096,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нууцаар авсан,
2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Очир” төвийн баруун талын зам дээр .... УНУ улсын дугаартай “Toyota Chaser” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явах, 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Н.С-ын жолоодож явсан 56-02 УНГ улсын дугаартай “Lexus RX-400” загварын автомашинтай мөргөлдөж, зорчигч Б.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тус тус тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.У-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн П.У-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар,
Бусдын эд хөрөнгийг нууцаар авсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Зам тээврийн ослын улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, дээрх ялуудыг нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн тохирох хэсгийг буруу баримтлан хууль буцаан хэрэглэсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч П.У-т оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх П.У-ын үйлдсэн “Дээрэмдэх”, “Хулгайлах”, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэсэн 3 төрлийн гэмт хэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэйгээр сэргээн тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглаж, бэхжигдсэн байх тул шүүгдэгч П.У-ын гаргасан “...хэргийн бодит байдлыг тогтоож Н.С-ыг шалгуулах” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 287 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.У-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН