| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/0158/и |
| Дугаар | 184/ШШ2024/04637 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/04637
2024 09 19 184/ШШ2024/04637
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнион бюлдинг Б корпус 10 давхар 1002 тоотод байрлах, Тус финтек ББСБ ХХК /рд: 6715249/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, хилчин хотхон 1 гудамж, 2 тоотод оршин суух, Боржигон овогт Батцэнгэлийн Цэцэгдэлгэр /рд: ЧЕ86061761/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 996,782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б.Цэцэгдэлгэр нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 211217-13119 дугаартай 700,000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ байгуулан 5,1% хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Б.Цэцэгдэлгэр нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 360 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Б.Цэцэгдэлгэр нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 589,423 төгрөг, үндсэн зээлийн хүү 342,340 төгрөг нэмэгдүүлсэн хүү 65,019 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 996,782 төгрөгийг зээлдэгч Б.Цэцэгдэлгэрээс гаргуулж, Тус финтек ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Цэцэгдэлгэр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Цэцэгдэлгэр нь холбогдох зээлийн гэрээний үүрэгт 996,782 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Уг төлбөрийг 10 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК нь хариуцагч Б.Цэцэгдэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 996,782 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Б.Цэцэгдэлгэр нь нэхэмжлэлийн шаардлага 996,782 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн уг тайлбартай танилцаад түүний тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Тус финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цэцэгдэлгэрт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 996,782 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Цэцэгдэлгэр нь 996,782 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 28,473 төгрөгөөс 14,236 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 14,236 төгрөгийг, хариуцагчаас 14,236 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН