Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/04672

 


 

 

 

2024 09 20 184/ШШ2024/04672

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, шүүгч Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 10 дугаар байр, 137 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 18 дугаар байр, 118 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох

Гэм хорын хохиролд 11,778,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс, иргэдийн төлөөлөгч Ё.Энхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Хөшигтийн хөндийн 4 замаар төв замын дагуу хөдөлгөөнд өөрийн өмчлөлийн 71-54 ӨМҮ улсын дугаартай TOYOTA PRIUS-30 маркийн автомашинаар 8 настай охин Цэлмүүн, 11 настай хүү Цэлмэг нарын хамт оролцож явтал туслах замаас 41-30 УНЧ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн TOYOTA PRIUS-30 маркийн автомашин хажуу талаас огцом мөргөсний улмаас 2 хүүхдийн хамт машинтайгаа хөмөрч 50 гаруй метрийн хол шидэгдсэн. Энэ ослоор хүү М.Цэлмэг баруун хөлийн эрхий хуруу цуурсан оноштойгоор 14 хоног гипс тавиулж, нуруу нь өндийж босоход өвдөж, зовууртай болсон тул уламжлалт анагаах ухааны бариа засалч дээр очиж үзүүлтэл баруун хөлийн эрхий хуруу мултарсан, тархи нугас доргилттой гэж оношлогдсон. Мөн охин М.Цэлмүүн нь тархи болон дотор эрхтний доргилт авч цээжин хэсэг нь хөндүүрлэх зовуурь нь арилгахгүй байна. Д.******* миний нурууны дунд хэсгээс дээш хүзүү, толгой, цээжин бие даагдахгүй байсан ба зүүн мөр мултарсан, эгэм өвчүүний 1,2,3-р хавирганы нийлэх хэсэгт бүлтэрсэн, зүүн өвдөгний зөөлөн эд гэмтсэн онош тогтоогдож, охин 3 хоног, хүү 5 хоног, би 10 хоног бариа заслын уламжлалт эмчилгээ хийлгэсэн. Одоогоор дээрх онош илэрч байгаа ч цаашид далд гэмтлүүд гарч ирэхийг үгүйсгэх аргагүй нөхцөлд байна. Вендо хөрөнгийн үнэлгээний компаниар автомашины техникийн үнэлгээ хийлгэхэд 7,212,300 төгрөгийг хохирол тогтоогдсоноос Д.******* нь 2,212,300 төлж, үлдсэн 5,000,000 даатгалын сангаас олгогдсон. Миний машинд авч явсан эд зүйлс компьютерын процессор болон хүү охин бид гурвын зүүж явсан нүдний шил, playstation-3 тоглоом зэрэг нь бүгд эвдэрч бяцарсан. Энэ ослоос хойш охин маань шөнө цочин сэрж, уйлагнадаг болсон. Хүү М.Цэлмэгийн нуруу, миний цээжин хэсэг одоог болтол өвдөлттэй байгаа. 2021 онд эхнэр маань өвчний улмаас нас бараад бага насны 2 хүүхэдтэйгээ үлдэж, өрх толгойлон ганцаар 2 хүүхдээ өсгөх гэж хүндхэн давааг туулж, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Би ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулж, хоёр хүүхдээ тэжээн тэтгэдэг. Мөн ипотекийн 8% хүүтэй орон сууцны зээлтэй, зээлээ сар бүр төлдөг. Одоогоор ажлаа хийж чадахгүй байгаа тул ажил маань зогсонги байдалд хүрэх нөхцөл байдал бий болсон. Тиймээс өөрийгөө орлох ажилтан авч ажиллуулж, амьжиргаагаa залгуулж байна. Улмаар цаашлаад зээлээ ч төлж чадахааргүй нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй. Цаашид миний эмчилгээний зардал хэд болох нь тодорхойгүй байна. Бариа засал хийлгээд сайжрахгүй бол дараа дараагийн үзлэг, шинжилгээг хийлгэнэ. Хүү Цэлмэгийн нуруу болон хөлийн өвдөлт улам даамжирвал цаашид мөн эмчилгээ хийлгэнэ. Намайг болон 2 хүүхдийг маань хохироож, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол бий болгосон гэм буруутай этгээд болох Д.*******ээс осолтой холбоотой гарсан дараах зардлуудыг гаргуулна.

Үүнд: ажлын байрны түрээс 5,000,000 төгрөг, орон сууцны зээл 684,000 төгрөг, орон сууцны түрээс 400,000 төгрөг, бариа заслын эмчилгээ 720,000 төгрөг, ажилтны цалин 1,000,000 төгрөг, 2 хүүхдийн нүдний шил 181,000 төгрөг, мөнгөн гүүр эмнэлэгт үзлэг 30,000 төгрөг, шатахуун 115,000 төгрөг, эм тарианы төлбөр 58,720 төгрөг, такси үйлчилгээ 120,000 төгрөг, Playstation 3-300,000 төгрөг, компьютерын процессор 500,000 төгрөг, мед траума эмнэлэг үзлэг 800,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 1,800,000 төгрөг, нийт 11,708,720 төгрөг болно.

Түүнчлэн миний бие хариуцагч Д.*******ий алба ёсны хаяг болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хангай хотхон 518-18 тоот хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 181/Ш32023/13164 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Ингээд би хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 101/ШШ2023/04706 дугаартай Д.*******ийг эрэн сурвалжлуулах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас эрэн сурвалжлалт хийж хариуцагч Д.*******ийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 18 дугаар байр 118 тоотод түр оршин суудаг болохыг олж тогтоосон. Иймд Д.*******ээс гэм хорын хохиролд 11,708,720 төгрөг, Д.*******ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 11,778,920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч ослын дараа зөрчлийн хэргийг шүүхээр шийдвэрлэгдэх явцад тухайн үед өөрт учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар хүсэлт өгөөд шийдвэрлүүлэх гэж үзсэн байсан. Хариуцагч шийтгэл авч хэрэг хаагдсан учраас иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж прокурор хариу өгсөн байдаг. Анх 2023 оны 08 сард хариуцагчид холбогдуулан албан ёсны хаяг болон Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй хаягаар нэхэмжлэл гаргахад хариуцагч хаяг дээрээ байхгүй учраас шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хотод түр оршин суух хаяг дээр хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг дахин гаргаж Сонгинохайрхан дүүрэг, 19 хороонд түр оршин байгааг тогтоосон.

Осол болох үед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хэн алинд нь гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэх баримт хэрэгт байгаа. Гэхдээ хүний эрүүл мэнд сэтгэл санаанд учирсан хор уршиг тухайн цаг үед биш гэхэд хэзээ ч хаана ч цаашид үргэлжлэх боломжтой. Шинжээчийн дүгнэлт эцсийнх гэсэн зүйл байхгүй. Хэрвээ нэхэмжлэгч ашиг сонирхлын үүднээс мөнгө нэхэмжилж байгаа бол тэгээгүй болох нь нотлогддог. Нэхэмжлэгчид 7,500,000 төгрөгийг хариуцагч ослын үнэлгээний мөнгө гэж шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч даатгалаас 5,000,000 төгрөг авсан учраас ослын мөнгийг нь буцаан шилжүүлсэн нь илүү мөнгө авах санаа зорилго байхгүй гэж харагддаг. Хариуцагчийн дурдаж байгаа зардлууд нь өөр хүний данс руу орсон зардал. Нэхэмжлэгчийн хамааралтай данс руу орсон зүйл байхгүй, түүнээс 2 гүйлгээг хүлээн зөвшөөрдөг ч энэ орсон мөнгө нь нэхэмжилж байгаа үнийн дүнтэй ямар ч хамааралгүй. Тухайн үед гарсан зардал. Эм тариа тос гэж хэлж байгаа ч өөрсдөө гараараа бичсэн байгаа зардлыг нотолж чадахгүй байна. Хариуцагчийн төлөөлөгчийн ярьж байгаа 428,000 төгрөгийг аваагүй гэв.

Осол болсноос хойш биед нь илэрсэн зовиурийг эмнэлэгт үзүүлэн урьдчилан сэргийлж бариа засал хийлгэсэн. Зайлшгүй баримт байх ёстой гэж хүний биед учирсан хор уршгийг одоо цагаар тодорхойлох боломжгүй. Урьдчилан сэргийлсэн баримтууд байна. Зовуурь илрээд байсан учраас 2 бага насны хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн. Осол болсноос хойш юу ч болоогүй мэтээр тайлбарлаж болохгүй. Тухайн ослын үйл баримт нь хэрэгт байна. Ослын актаар машин ямар байдалтай болсон зэрэг нь харагдаж байгаа. Шинжээчийн дүгнэлтэд ослын улмаас биеийн ерөнхий доргилт үүссэн гэж байгаа, уг доргилтын улмаас бөөлжиж, толгой нь өвдөөд тархи нь хөдөлж, шөнө унтахгүй зэрэг зовууриуд илэрч бариа засал хийлгэж толгойгоо бариулсан. 3 хүний төлбөрт нийт 720,000 төгрөг төлсөн байгаа.

Нэхэмжлэгчийн 2 хүүхэд нь нүдний шил зүүдэг байсан, уг шил нь эвдэрч гэмтсэн учир шинээр хийлгэсэн. Playstation 3, компьютерын процессор нь машинд явж байгаад ослын улмаас ашиглах боломжгүй болсон учраас хэрэглэж байсан гэх утгаараа өөрөө үнэлж гаргасан. Санаанаасаа зохиогоод хэлсэн үнийн дүн мэт харагдаж болох ч энэ үнэлгээ дээрээ 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цагдаа дээр гаргасан хүсэлт байгаа. Нэхэмжлэлд дурдсан төлбөрүүдийг нэхэмжилж байсан нь харагддаг. Нэхэмжлэгчийн хувьд амьдрал ахуйгаа залгуулахаар аж ахуй эрхэлж ажлын байрны түрээс төлдөг, түүнийхээ тодорхой хэсгийг өөрөө тэндээ засвар үйлчилгээ хийдэг учраас талыг нь бартераар төлөөд үлдсэнийг нь бэлэн төлдөг гэсэн.

Нэхэмжлэгч 2 хүүхэдтэйгээ Өмнөговь аймагт ажилладаг учир тэндээ байр хөлсөлж нэг сарын түрээсийн төлбөрт 400,000 төгрөг төлдөг. Мөн Улаанбаатар хотод байрны зээлд мөн төлбөр төлдөг. Осол болсноос хойш нэг сарын дотор энэ гэр бүл хүнд байдалтай байсан. Нэхэмжлэгч 2 бага насны хүүхэдтэй, хүүхдүүд нь өвдөөд байна гэж уйлаад ажлаа хийх чадваргүй болсон. Хүн авч хөлсөлж 1 сар ажлаа хийлгэхээр ажиллуулсан. Ажил хийж байж зээлийн төлбөр, түрээсийн төлбөрөө төлж байсан, осол болоогүй бол хүнээс зээлж эдгээр төлбөрийг төлөхгүй байх байсан. Энэ нөхцөл байдал нь албан ёсоор тогтоогдоогүй ч илэрхий үйл баримт юм.

Шатахууны төлбөрт 115,000 төгрөг нэхэмжилж 4 хуудас баримтыг гаргаж өгсөн. Энэ нь нэхэмжлэгч өөрийн машин нь эвдрэл гэмтэлтэй учраас таксигаар Өмнөговь болон Улаанбаатар хот хооронд явсан зардлыг тооцож нэхэмжилсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хариуцагч Д.*******ээс гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан үндэслэл журмаар гаргасан. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбартай холбогдуулан нэмэлт тайлбар хэлэх шаардлагатай гэж харж байна. Хавтаст хэргийн 32-42 дахь талд осол болсон үеийн зураг байгаа. Нэхэмжлэгчийн машин ямар болсон нь хэрэгт авагдсан фото зургаас харагдаж байгаа. Машин ийм болсон байхад эрүүл мэндийн хувьд гайгүй байгаа нь сайн хэрэг. Гэмтлийн зэрэг тогтоох журмаар тогтоогдоогүй ч гэсэн гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна гэсэн ч гэмтэл байхгүй гэсэн үг биш. Баруун хөлийн хуруу мултарсан нь гэмтлийн зэрэг тогтоох журамд хамаарахгүй байгаагаас биш гэмтэл авсныг үгүйсгэж байгаа зүйл биш. Хавтаст хэргийн 45-61 дахь тал хүртэл тодорхой хэмжээнд эмчилгээ хийлгэж үзүүлсэн зэрэг баримтууд авагдсан байна. Үзлэг оношилогооны баримтууд нь нэхэмжлэгч ажлаа хийх боломжгүй эмнэлэгт үзүүлсэн гэдгийг харж болно. Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн бичгийн ард томограф, MRI хийлгэх гэж бичсэн байдаг. Бариа заслын 800,000 төгрөг байгаа. Тамга тэмдэг, мөнгө тушаасан баримтаа нотлох баримтын шаардлага хангасан байдлаар өгсөн. Түрээсийн гэрээгээ өгсөн. Түрээсийн төлбөр төлсөн баримт нь хэрэгт авагдсан байна. 71 дахь талд 2,000,000 төгрөг төлсөн баримт байгаа. Сар гаруй хугацаанд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаараад явж байна. Нэхэмжлэгчээс баримтууд шаардсан ч зарим баримтаа олохгүй байна гэсэн. Нэхэмжлэгч ослын дараа хэн ч гэсэн үр хүүхдийнхээ эрүүл мэндийг боддог. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зааврын дагуу үзүүлсэн. Өмнөговиос наашаа ирж эмнэлэгт харуулахад зардал төлбөр байна. Автомашинд учирсан төлбөрийг хариуцагчаас бүрэн гаргуулаагүй. Учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Бусад гэм хорын хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн хувьд дансанд орсон зардлыг зөвшөөрч байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.******* нь 2023 оны 03 дугаар сарын 25 өдрийн 18 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул уул багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осол гаргасан. Тухайн ослыг санаатай үйлдээгүй бөгөөд Тоёотой маркийн 41-30 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад, нэхэмжлэгчийн тоёота приус-20 маркийн 71-54 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, гэм хор учруулсан. Энэхүү ослыг Төв аймгийн замын цагдаагийн газраас шалгаж, зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж үзсэн. Тус зөрчлийн хэрэгт 2023 оны 04 сарын 12-ны өдөр №0027259 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгууль шийтгүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгээгүй үндэслэл нь хохирогч нарыг шүүхийн шинжилгээний газраас шинжилж, биед нь гэмтэл учраагүй байна гэж үзсэнтэй холбоотой юм. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 3 хохирогчоос гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Төв аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 26, 27, 28 дугаартай дүгнэлт Энэхүү дүгнэлтэд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй болох нь 2023 оны 04 сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд санал, хүсэлт байхгүй гэж бичсэнээр нотлогдох юм.

Хариуцагчийн хувьд тухайн осолтой холбоотой гарсан бодит зардал болох ачилтын болон үнэлгээ, эд хөрөнгийн хохирлуудыг төлсөн. Үүнээс гадна эм, эмчилгээний төлбөрүүдийг тухайн үед нь төлж байсан. 2023 оны 03 сарын 26 өдөр тосны 20,000 төгрөг, 2023 оны 03 сарын 26-ны өдөр эмийн 108,000 төгрөг, 2023 оны 03 сарын 29-ний өдөр эмчилгээний төлбөр, бусад зардалд 150,000 төгрөг, 2023 оны 04 сарын 09-ний өдөр эм тосны төлбөрт 21,000 төгрөг, 2023 оны 04 сарын 09-ний өдөр эм витамины төлбөрт 115,000 төгрөг, 2023 оны 04 сарын 14-ний өдөр эмийн төлбөрт 8,800 төгрөг буюу нийт 422,800 төгрөгийг бодит учирсан эд хөрөнгийн хохирлоос гадна шилжүүлсэн байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч нь осол гарснаас хойш бодит зардал болон сайн дурын үндсэн дээр эмчилгээ, эм, тос, бусад зардлуудын төлбөр болох нийт 422,800 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 болон 505, 506 дугаар зүйлд заасны дагуу мэндийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх тухай зохицуулсан. Гэм хорын тухайн зохицуулалтын дагуу Гэм хорын хохирлыг төлөхийн тулд бусдын эрүүл мэнд буюу хамгаалагдсан үнэт зүйлсэд хохирол учирсан байхыг шаарддаг. Гэтэл Төв аймгийн шүүх шинжилгээний төвийн шинж эмч нарын хийсэн дүгнэлтээр нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд гэмтэл учраагүй, хэвийн тухай дүгнэсэн. Иймээс нэхэмжлэлд дурдсан бариа заслын эмчилгээ, мед траума эмнэлгийн үзлэгийн төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь ажлын байрны, орон сууцны түрээсийн төлбөрт 5,500,000 төгрөгийн зардал, мөн ажилтны цалин 1,000,000 төгрөг шаардсан байна. Иргэний хуулийн 228-229 дүгээр зүйлийн зохицуулалтаар учирсан бодит хохирлыг төлөх тухай заасан. Гэтэл дээрх хохирлууд нь осолтой шалтгаант холбоогүй, бодит бус зардлууд байна. Нэхэмжлэгчийн данс тооцоог үзэхэд, тухайн бизнесээс нь ашиг орлого орж байсан буюу хэвийн ажиллаж байсан гэдэг нь харагддаг. Мөн эрүүл мэндийн хувьд хэвийн, хөдөлмөрийн чадвараа алдаагүй тул тухайн ажлын байрыг хэвийн ажиллуулах, ажилтны цалинг олгох, орон сууцны түрээсийг төлөх үүрэгт нь саад болохгүй, мөн шалтгаант холбоогүй гэж үзэж байна. Мөн орон сууцны зээл гэж 684,000 төгрөгийг хохирол гэж шаардсан байна. Энэхүү зээлийн гэрээнд нэхэмжлэгч нь хамтран зээлдэгчээр орсноос бус үндсэн зээлдэгч биш байна. Зээлийн гэрээний дагуу зээл, түүний хүүг төлөх нь энэхүү осолтой огт холбоогүй. Эрүүл мэнд нь хэвийн байсан, хувийн бизнес нь үйл ажиллагаагаа явуулж байсан тул зээлийг төлөхгүй байх нөхцөлийг үүсгээгүй юм.

Шатахуун болон таксины зардалд 235,000 төгрөгийг шаардсан. Гэтэл тус зардлууд нь зөрчлийн хэрэг хаагдсаны дараа гарсан зардлууд байна. Зөрчлийн хэрэг шалгах явцад хохирогч талын 3 хүний эрүүл мэндэд гэм хор учраагүй тухай шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл эрүүл мэндийн хохирол гарсан гэж тодорхойлж, түүнд зориулан зардлууд гаргасныг хүлээн авах боломжгүй. Түүнчлэн нүдний шил болон процессор, playstation 3 зэрэг эд хөрөнгийн хохирол шаардахын тулд тухайн хохирол гарсныг нотлох үүрэг нь нэхэмжлэгчид байна. Гэтэл тухайн эд хөрөнгө нь эвдэрч ашиглах боломжгүй болсон баримтыг хэрэгт өгөөгүй. Мөн осол гарах үед процессор болон playstation 3 байгаагүй юм. Нүдний шилний хувьд шинээр авсан баримт өгсөн боловч тухайн зардлыг гаргасан эсэх, мөн өмнөх шилнүүд нь эвдэрсэн бөгөөд засах боломжгүй болсон эсэхтэй холбоотой баримт байхгүй юм. Үүнээс гадна өмгөөлөгчийн зардалд 1,800,000 төгрөгийг шаардсан. Өмгөөлөгч авах нь Үндсэн хуулиар олгогдсон өөрийнх нь эрх байдаг. Өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар өмгөөлөгч авсан атлаа зардал нэрээр шаардаж байгаа нь огт үндэслэлгүй. Мөн тухайн өмгөөлөгч нь шүүхэд төлөөлөхөөр гэрээ хийсэн боловч зөрчлийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаагүй юм. Анх өгсөн хохирогчийн мэдүүлэгтээ өмгөөлөгч авахгүй" гэж мэдүүлэг өгсөн байдаг. Түүнчлэн өмгөөлөгчийн хөлс болох 1,800,000 төгрөгийг өгсөн эсэхтэй холбоотой зардлын баримт байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бай талаарх бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хорын маргаан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шиг хор уршгийн талаар ярих хэрэггүй. Нэхэмждэгч Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан бусдын эрүүл мэндэд учирсан гэм хор мөн 510 дугаар зүйлд заасан эд хөрөнгөд учирсан гэм хор гэсэн 2 зүйлийг шаардаж байна гэж ойлголоо. Хавтаст хэргээс харахад эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой материал байхгүй. Эмчийн магадлагаа, хөдөлмөрийн чадвараа түр алдсан зэрэг холбогдолтой материал байдаггүй. Эд хөрөнгөд учирсан хохирол гэдэгт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зүйлүүдийг харахад эм тарианы төлбөр, шатахууны төлбөр, хүүхдийн нүдний шил, компьютерийн процессор гэсэн байна. Эдгээр нь зөрчлийн хэргийн улмаас учирсан хохирол мөн биш эсэх дээр маргаантай байна. Авто ослын улмаас тухайн нүдний шил эвдэрсэн үү эсэхтэй холбоотой баримт байхгүй. Эд хөрөнгийн үнэлгээг хэрхэн тогтоосон нь тодорхой биш байна. Нэхэмжлэгч өөрөө үнэлгээг нь тогтоосон болов уу гэж харж байна. Болсон үйл явдлын тухайд хариуцагч осол гаргаснаа хүлээн зөвшөөрч зөрчлийн улмаас хариуцлага хүлээж шийтгэлээ хүлээсэн. Тухайн үед гарсан эм, эмчилгээний зардалд төлбөрт нийт 422,800 төгрөгийг автомашинд учирсан эд хөрөнгийн хохирлоос гадна төлсөн байхад дахин нэмж нэхэмжлээд байгаа төлбөр нь ямар учиртай гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч болон түүний 2 хүүхдийн хувьд гэмтлийн зэрэг тогтоолгохоор дүгнэлт гаргасан. Тус магадлагаа нь хавтаст хэрэгт хавсаргасан. Гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэж оношлогдсон. Өөрөөр хэлбэл бусдын эрүүл мэндэд хохирол учраагүй буюу Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан гэм хор учраагүй гэж харагддаг. Зөрчлийн дараа эрүүл мэндэд хохирол гарч ирж болно. Гэхдээ эмчийн магадлагаа зэргээр баталгаажсан, нотлогдсон байх шаардлагатай. Хавтаст хэрэгт түүнтэй холбоотой баримт байхгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэгч баримтаа бидэнд гаргаж өгөөгүй гэж байна. Өөрсдөө нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ч тэр талаар нотолсон баримтаа гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн данс руу мөн шилжүүл гэсэн данс руу мөнгийг шилжүүлсэн байдаг. Зөрчлийн дараах хор уршиг гарч болно гэж яриад байна. Иргэний маргаан буюу нотлох баримт дээр суурилж бодит хохирол гарсан гэдгийг тогтоох ёстой. Үүнээс өмнө гэм хор учирсан эсэхийг шүүх тогтоох ёстой. Эрүүл мэндэд ямар гэм хор учирсан талаар баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хөдөлмөрийн чадвар түүнтэй холбоотой тогтоогдсон бол хариуцагч төлдөг. Үүнтэй холбоотой материал хэрэгт байхгүй, баримттай шалтгаант холбоотой бол хариуцагч төлөх ёстой. Гэвч нэхэмжлэгчийн шаардлага нотлогдохгүй байгаа учир төлөх үндэслэлгүй гэж дүгнэж байна. Ажлын байрны түрээс, орон сууцны зээл, түрээс гэж байна. Зээл авахад зөрчлийн хэрэгтэй холбоотойгоор аваагүй. Амьдарч байгаа учраас түрээсээ төлж байгаа, ажлын байрны түрээсийг яаж төлдөг талаар хэрэгт авагдсан материалыг харахад хавтаст хэрэгт бартерын журмаар ажил хийж нөхөж төлдөг. Түүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн хохирол нь гэм хор учраад үүссэн үү гэхээр баримт байхгүй. Нэхэмжлэгчийн хаягийг тодруулахад Баянзүрх дүүрэг, 13 хороо, 13 хороолол, 137 тоот гэсэн байдаг. Хаягт өөрчлөлт орсон уу гэхээр ороогүй гэдэг ч түрээсийн төлбөр зэргийг нэхэмжлэхэд дандаа Өмнөговь аймгийн хаягаар байдаг. Ажилтны цалингийн тухайд ямар журмаар олгодог, хөдөлмөрийн гэрээ байгаа эсэх, ямар учраас цалинг нь өгөх талаар ойлгомжгүй байна. Бариа заслын эмчилгээ хийлгэсэн газрыг нь судалж үзэхэд эмчилгээ хийдэг компани биш гоо сайхны газар байдаг. 2 хүүхдийн нүдний шилний тухайд нүдний шил тааруулсан газрын баримт хэрэгт авагдсан байдаг. Нүдний шил нь гэмт хэргийн улмаас гарсан хор уршиг гэдгийг нотолсон зүйл байхгүй. Такси үйлчилгээний тухайд шатахууны 115,000 төгрөгийг зөрчлийн хэргийн улмаас гарсан эсэх нь ойлгомжгүй. Компьютерийн процессор зэргийн үнэлгээг хэрхэн яаж гаргасан тухайн машинд явж байсан гэж тайлбарладаг ч зураг дээр тийм зүйл байдаггүй. Өмгөөлөгчийн ажлын хөлс 1,800,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмгөөлөгчдөө 1,800,000 төгрөгийг яаж өгсөн нь тодорхойгүй байна. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч юм уу тухайн зөрчлийн хэрэг дээр орсон өмгөөлөгчийн ажлын хөлс юм уу зөрчлийн улмаас гарах зайлшгүй зардал биш гэж үзэж байгаа учраас өмгөөлөгчийн хөлсийг төлөх боломжгүй.

Манай талаас MRI-д харуулсан төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Бусад зардлууд дээр аливаа зөрчлийн хэргийн улмаас гэм хор байгаа бол нотолсон баримтаа гаргаж өгөх шаардлагатай. Баримт ярихаар нэхэмжлэгч талаас хууль ярьж байна. Түрээсийн гэрээ, зээлийн баримт ажилтны цалин зэрэг нь зөрчлийн хэргийн улмаас ажлаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна. Тэгсэн хирнээ орлого олсон, зээлээ төлсөн гээд байдаг. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж харж байна. 770,000 төгрөгийг нь зөвшөөрч байгаа. Бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 770,000 төгрөгөөс бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн бариа заслын төлбөрийг зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Осол болсны улмаас үүссэн эрүүл мэндэд учирсан төлбөрийг төлөх нь зүйтэй. Өмнөговиос хотод ирсэн шатахуун зэргийг бага дүнгээр нэхэмжилсэн гэж үзэж байна. Хэрэв нааш цааш явсан бол үүнээс их зардал гарах байх. Гэхдээ энэ талаар гаргасан баримт нь эргэлзээтэй байх шиг харагдаж байна. Мөн ажлын байр 5 жилийн хугацаатай гэрээтэй ч хэдэн төгрөгийн ашиг олдог, тэр сард олсон орлого зэрэг нь тодорхойгүй байна. 3,000,000 төгрөгийг бэлнээр 2,000,000 төгрөгийг бартераар төлөхөөр тохиролцсон түрээсийн гэрээг холбогдох байгууллага бүртгэхгүй байх, аж ахуйн нэгж нь бүртгэлтэй байдаг байх энэ талаар сайн мэдэхгүй ч бас тодорхойгүй байна. Мөн ажилтан албан ёсоор ажиллуулсан эсэх нь нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлээс Өмнөговь болон УБ хотын хооронд явсан замын зардал, хүүхдүүдийг эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн эм тариа авсан зардал, шинжилгээ томограф хийлгэсэн төлбөр зэргийг төлж болох байх гэж дүгнэж байна гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудын тухайд

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 1107000322 бүртгэлийн дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, А.Сугарпүрэвийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаартай нас барсны гэрчилгээ, охин *******ийн Цэлмүүний төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0000776037 дугаартай хүү *******ийн Цэлмэгийн төрсний гэрчилгээний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №05 дугаартай Түрээсийн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн орлогын баримт, Талим оптикал хараа зүйн захиалагын хуудас, Монос эмийн сангийн ибаримтууд, гэмтлийн эмнэлгийн эмчийн үзлэгийн баримт, Соманг эмийн сангийн баримт, Монитра фарт эмийн сангийн баримтууд, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Вендо ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн бичиг, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Компьютер томографин оношлогоо, М.Цэлмүүний 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогоо , М.Цэлмэгийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогоо, Дүрс оношлогооны ОХБ-ийн багцийн нэхэмжлэлийг хянах маягт, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэгийн хуудас, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр төлсөн баримт, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр *******ийн Цэлмүүний үзлэгийн хуудас, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр төлсөн баримт, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Өмнөговь аймаг, Хөрхийн Борзон ХХК-ийн тодорхойлолт, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №0027259 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Төв аймгийн Прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай хариу мэдэгдэх хуудас, итгэмжлэл, 7154 ӨМҮ Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ5205014019 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Голомт банк ХК-ийн зээлийн эрэгн төлөлтийн график, Д.*******ийн 5608235336 тоот ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4706 дугаартай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг зэрэг нотлох баримтыг хавсаргасан байна.

 

Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, Төв аймгийн Прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай Прокурорын тогтоол, Д.*******ийн Төв аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Авто тээврийн хэрэгслийн даатгал, баталгаа, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүргийн маягт, 4130 УНЧ Тоёота приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Кловер ББСБ-ын эд хөрөнгө өмчлөлд шижлүүлэх бараа, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14900010279 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1490010279 дугаартай зээлийн гэрээ, Д.*******ий төрийн мэдээллийн сангаас гаргах тодорхойлолт, нэгдсэн маягт, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт тайлбар, танилцуулсан тэмдэглэл, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Авто машин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, Вендо ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2023 оны 03 дугаар сарын 27-ны Вендо ХХК-д үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан эрх бүхи албан тушаалтны хүсэлт, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 26, 27, 28 дугаартай Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 39, 40, 41 дугаар Төв аймгийн прокурорын газрын прокурорын зөвшөөрөл, 2023 оны 03 ддугаар сарын 29-ний өдрийн Прокурорын зөвшөөрөл авах тухай эрх бүхий албан тушаалтны санал, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Д.*******ий драгер багаж үлээлгэсэн гэрэл зураг, Д.*******ийн драгер багаж үлээлгэсэн гэрэл зураг, хэрэг учрлын газрын гэрэл зураг, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2334000185 дугаар Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 5050166630 тоот Д.*******ий дансны хуулга, Д.*******ий 5050166630 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг нотлох баримтыг хэрэгт бүрдүүлсэн байна.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь Д.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 11,778,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Хариуцагч Д.******* нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Төв аймаг, Сэргэлэн сумын Эрдэнэ уул 4 дүгээр багийн нутагт Улаанбаатараас Дундговь аймаг явах чиглэлийн А0201 дугаар асфальтан замын ойролцоо Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал руу салдаг уулзвар дээр Toyota prius-30 маркийн 41-30 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа нэхэмжлэгч Д.*******ийн Toyota prius-20 маркийн 71-54 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, хохирол учруулсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Замын Цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэг хийсэн тэмдэглэл, газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Төв аймгийн Замын цагдаагийн газрын замын зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Э.Сүхбаатарын гаргасан Эрх бүхий албан тушаалтын магадалгаа, автомашины фото зураг зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

 

Уг зам тээврийн ослыг шалган шийдвэрлээд хариуцагч Д.*******ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т заасныг зөрчсөн гэж үзэн түүнийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0027259 дугаартай Шийтгэлийн хуудсаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийн 5 оноог хасаж зөрчлийн шийтгэл оногдуулсан байна.

 

Нэхэмжлэгч Д.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Прокурорын газарт .. зам тээврийн ослын улмаас Цэлмэгийн хөлийн хуруу цуурсан нуруу нугасны доргилттой, миний нурууны дунд хэсгээс эхлэн хүзүү дагз цээжин хэсэг өвдөлттэй болсон. Иймд намайг болон 2 хүүхдийн минь эрүү мэнд сэтгэл санаа эд материалын хохиролд учруулсан ******* маш гомдолтой байна. Ослын улмаас учирсан хохирлыг гаргуулж өгнө үү... гэсэн үндэслэлээр гомдол гаргасныг хянаад 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаартай Төв аймгийн Прокурорын газрын гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол гарсан байна.

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан бөгөөд нэхэмжлэгчид учирсан гэх хохирол хариуцагчийн гаргасан гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тохиолдолд нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бий болно.

 

Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Д.*******ийн Toyota prius-20 маркийн 71-54 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Вендо ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нийт 7,212,300 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан болохыг тогтоожээ.

 

Хариуцагч Д.******* нь дээрх үнэлгээгээр тогтоогдсон автомашинд учирсан хохирлыг төлж барагдуулсан гэх тайлбарыг талууд гаргаж, холбогдох баримтуудыг гарган ирүүлж, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчаас зам тээврийн ослын улмаас өөрийн бол насанд хүрээгүй хүүхдүүд болох М.Цэлмүүн, М.Цэлмэг нарын Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөрт 30,000 төгрөг, бариа заслын эмчилгээ 720,000 төгрөг, эм тарианы төлбөр 58,720 төгрөг, Мед траума эмнэлгийн үзлэгийн төлбөрт төлсөн 800,000 төгрөгийг, 2 хүүхдийн нүдний шил төлбөрт 181,000 төгрөг, шатахууны зардалд 115,000 төгрөг, такси үйлчилгээ 120,000 төгрөг, Playstation 3-300,000 төгрөг, компьютерын процессор 500,000 төгрөг, ажлын байрны түрээс 5,000,000 төгрөг, орон сууцны зээл 684,000 төгрөг, орон сууцны түрээс 400,000 төгрөг, ажилтны цалин 1,000,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 1,800,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулж хаяг олж тогтоох ажиллагааг хийхэд шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нийт 11,788,920 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилдэг.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх нэхэмжлэлээр шаардаж буй мөнгөн дүнгээс Д.*******, М.Цэлмүүн нарын Med Trauma эмнэлэгт толгой хүзүүний багц MRI дүрс оношилгоо хийлгэсэн төлбөрт төлсөн 450,000 төгрөг, 320,000 төгрөг нийт 770,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, бусад шаардлагатай эм тариа, эмчилгээний зардалд осол болсон цаг хугацаанаас хойш дансаар нийт 422,800 төгрөгийг шилжүүлэн өгч төлсөн гэж, мөн нэхэмжлэлээр шаардаж буй түрээсийн төлбөр, зээлийн төлбөр, Playstation 3, компьютерийн процессор, ажилтны цалин зэрэг төлбөрүүд нь баримтаар тогтоогдохгүй, ослын улмаас үүссэн хохирол гэж үзэх боломжгүй, шалтгаант холбоо байхгүй гэх үндэслэл зааж эс зөвшөөрч маргаж байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардаж буй хохирол, төлбөрөөс баримтаар тогтоогдож байгаа Эгэл Төв ХХК-ийн Манлай мутар бариа заслын төвд Д.******* 10 удаа, М.Цэлмэг 5 удаа, М.Цэлмүүн 3 удаа бариулан нийт 720,000 төгрөг төлсөн төлбөрийг, эм тарианы үнэ 22,370 /15870+6,500/ төгрөг, Д.*******, М.Цэлмүүн нарын Med Trauma эмнэлэгт толгой хүзүүний багц MRI дүрс оношилгоо хийлгэсэн төлбөрт төлсөн 770,000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлгийн үзлэгийн төлбөрт төлсөн 30,000 төгрөгийг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад гэрээний дагуу төлсөн 1,000,000 төгрөгийг буюу нийт 2,542,370 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,166,350 төгрөгийн шаардлагаас хариуцагч 422,800 төгрөгийг нэхэмжлэгчид эм, эмчилгээ, бусад зардалд тооцон төлснийг хасаж тооцон үлдэх хэсгийг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийг шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй буюу шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж үзэн хангах боломжгүй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч талаас зам тээврийн осол болох үед автомашинд байсан Playstation 3, компьютерын процессор мөн хүүхдүүдийн зүүж явсан нүдний шил ослын улмаас эвдэрч ашиглах боломжгүй болсон тул нүдний шил шинээр хийлгэсэн зардалд 181,000 төгрөг, Playstation 3-300,000 төгрөг, компьютерын процессор 500,000 төгрөгөөр тооцон гаргуулахаар шаардсан нь хэрэгт хэргийн газар үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, ослын газрыг бэхжүүлсэн фото зураг зэрэг баримтад эдгээр эд зүйлс нь тухайн осол гарах үед автомашинд байсан эсэх нь тогтоогдохгүй байхаас гадна эд зүйлсийн үнийг хэрхэн тооцсон талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг гарган ирүүлээгүй байна. Мөн нэхэмжлэлд Талим оптикал нүдний шил хараа зүйн төвд М.Цэлмэг, М.Цэлмүүн нар нь үзүүлсэн талаарх захиалгын хуудсыг хавсарган ирүүлсэн, уг баримтад 2023 оны 4 сарын 11-ний өдөр хүүхдүүдийн нүдний харааг оношилж, нүдний шилийг 93,000 төгрөг, 88,000 төгрөгөөр тооцон захиалга өгсөн боловч уг мөнгөн дүнгээр төлбөрийг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, осол болох үед нүдний шил эвдэрч ашиглах боломжгүй болсон гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу орон сууцны зээлийн төлбөрт сар бүр төлөх 684,000 төгрөгийг, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3-р баг, Дэлгэрэх зочид буудлын 1 давхарт караоке зориулалттай талбайг сарын 5,000,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулж байсныг ажиллуулж чадаагүй, мөн ажлаа хийхийн тулд Өмнөговь аймагт хүүхдүүдийн хамт орон сууц түрээслэн амьдардаг бөгөөд сарын түрээсэнд 400,000 төгрөг төлдөг, эдгээр төлбөрийг уг ослын улмаас ажлаа хийгээгүй, орлого олоогүйн улмаас төлөх боломжгүй болсон, үйл ажиллагаагаа зогсоохгүйн улмаас энэ хугацаанд хүн хөлсөлж 1 сар ажиллуулсан цалинд 1,000,000 төгрөгийг төлж хохирсон гэж тайлбарлан түрээсийн гэрээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ХААН банкны дансны хуулгыг гарган ирүүлдэг. Эдгээр баримтуудаас нэхэмжлэгч М.******* нь зам тээврийн ослын улмаас үүдэлтэй эрүүл мэндийн шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, үйл ажиллагаа нь зогссон, дээрх төлбөрүүдийг төлөөгүй, мөн 1 сарын хугацаанд бусдад цалин мөнгө олгож ажлуулсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б.Өлзийбаяр, Х.Наранзул нартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 1,800,000 төгрөг төлөхөөр тохиролцож 1,000,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс гаргасан зайлшгүй зардалд тооцон төлсөн дүнгээр хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх цуглуулах талаар хэн аль нь ямарваа нэгэн хүсэлт санал гаргаагүй, шүүх хуралдааны явцад тэднийг мэтгэлцүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан чиглүүлэх ажиллагааг шүүхээс хийсэн болохыг дурдаж байна.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан ...хариуцагч нь нэхэмжлэгчид хүүхдүүдийг эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн эм тариа авсан зардал, шинжилгээ томограф хийлгэсэн төлбөр зэргийг төлж болох байх гэж үзэж байна... гэх дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан 11,778,920 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,542,370 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 9,166,350 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,413 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс 55,627 төгрөгт гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.*******ээс 2,542,370 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 9,166,350 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,413 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс 55,627 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.НЯМСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                          Э.АМИН-ЭРДЭНЭ

 

 

Б.БАЯРМАА