Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/1158

 

 

 

 

 

        2022             12             07                                       2022/ДШМ/1158                

 

 

    Д.Цд холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул,  

шүүгдэгч Д.Ц,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,               

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/761 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Цэрэнсодномын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2205017141955 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Ц нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Эг гэрээс нь хөөж гаргаад оруулаагүй,

2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дээрх тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүү Ц.М, эхнэр Ж.Э нарыг хэл үгээр доромжилж, гэрийн эд зүйл болох сандалыг хугалж гэмтээсэн,

2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 39 тоотод гэрийнхээ эд зүйлийг эвдэж хүү Ц.М руу сэрээ барьж далайсан,

2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 41 дүгээр байрны 39 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Эг “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хувцасны индүүний залгуураар ороолгон биед нь халдаж түүний эрүүл мэндэд “цээж, хэвлий, нуруу, баруун бугуй, зүүн мөр, бугалга, зүүн ташаа, гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ хүү Ц.Мыг хэл үгээр доромжилж, ална хэмээн заналхийлж, төмрөөр цохих гэж хөөсөн,

2022 оны 5 дугаар сарын 29-ний дээрх тоотод эхнэр Ж.Эгийн өмчлөлийн “Самсунг Эс-8” загварын гар утсыг хулгайлан авч ломбарданд тавьсан,

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Эд агсам тавьсан,

2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө дээрх тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ овтёрк барьж “чамайг одоо дуусгана, хошногогүй банди” гэж гутаан доромжлон эхнэр Ж.Эг унтуулж амраахгүй цохих гэж дайран “хошногогүй янхан, төрийн бөөс, түрүүвчний янхан” гэж гутаан доромжилсон. Зээ охин О.Тийг унтуулж амраахгүй, ажилгүй хошногогүй янхан” гэж гутаан доромжилж гэрээсээ хөөн хөл нүцгэн гаргасан, “бүгдийг чинь ална дуусгана” гэж заналхийлж СӨХ-ний өрөөний цонхыг хагалсан зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, энэ гэмт хэргийг хүүхэд, ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ахмад настай хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 1 жил 6 сараар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хорих ялаар сольж нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 жил 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Цд оногдуулсан 1 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 5 дугаар сард тэтгэврийн зээл 1.000.000 төгрөг авсан юм. Том охин Ц.Мөнх-Өлзийгийн 2 хүүхэд ковид туссан учир 500.000 төгрөгийг шилжүүлж үлдсэн 500.000 төгрөгийг эхнэр Ж.Эд хадгалуулсан.

2022 оны 5 дугаар сарын 8-ны орой надад мөнгөний хэрэг гараад эхнэрээсээ 5.000 төгрөг гуйхад “бэлэн мөнгө байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би “жижиг мөнгөн аягаа ломбарданд тавиад маргааш нь аваад өгье” гэхэд өгөөгүйгээр барахгүй гэрээсээ хөөж өмсөж байсан гэрийн гутал болон ширээн дээр байсан эд зүйлийг нүүр рүү шидээд байсан. Миний стресс хөдлөөд биеэ барьж чадалгүй индүүний залгуураар зүүн мөр, нуруу руу нь 3-4 удаа ороолгосон. Хүү гаднаас орж ирээд араас хөл рүү өшиглөхөөр нь би гарч зугтсан.

Би 1997 оноос хойш архины албадан эмчилгээнд 10 удаа явж байсан. Хурандаа Хэрлэнцэцэг эмч дахин авч ирэх хэрэггүй, манайх авахгүй гэсэн.

Манай нийгмийн ажилтан худал мэдүүлэг өгсөнд нь маш их харамсаж байна. Зөрчлийн хуулиа өөрчлөөгүй тохиолдолд гэр бүлүүд салж, хүүхдүүд өнчирсөөр байх болно. Торгуулийн мөнгө төсөвт биш байцаагчийн халаасанд орсоор байна.

Би зөвхөн эхнэрээ зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэр, хүүхдийнхээ мэдэлд байдаг болохоор өмгөөлөгч авах мөнгө байхгүй.

Би 1983 онд гэр бүлээ даган хотод орж ирээд өнөөдрийг хүртэл эхнэрийнхээ хүсэл зорилгоос хазайлгүй, эдийн засгийн эрх чөлөөгүй, гэр бүлийн байнгын дарамтад амьдарч байна.

2021 онд намайг архи уулаа гэж олон давхарласан сандлаар тархи, толгой руу нүдсэн. Гараараа хамгаалж байтал баруун гарын тохойн зөөлөн эд гэмтэж шоконд орсон. Би биеэ хамгаалж дахин цохихоор далайж байсан сандалтай гараас нь бариад арагш нь түлхсэн чинь ухарч явахдаа гэдрэгээ харж унасан. Тэгэхдээ үсээ хавчсан хавчаар нь хагараад хуйханд нь хагархай нь шигдэж язран цус гарсан учраас би ял авч байсан. Энэ хэргийг шүүсэн шүүч, улсын яллагч надад 9 сарын хорих ял оногдуулсан.

Өмнөх хэргийн торгуулийн 500.000 төгрөгийг 2 сарын зээл аваад 700.000 төгрөгийг эхнэрт өгсөн байсныг тушаалгүй байж байгаад хоног нэмж ялласан.

Одоо энэ хэрэгт ял дахин давтагдаж эхнэрээ зодсон ял дээр тухай үед нь торгууль, баривчилгаа эдлээд өнгөрсөн ялыг дахин сөхөж 1.350.000 төгрөгийн торгох ял оногдуулж, үндсэн ял дээр торгох ялыг хорих ялд шилжүүлэн тооцсон нь ял давхардуулж байна.

Би бие муутай, даралт ихсэж, зүрхний хэм алдагддаг. Мөн нэг бөөр байхгүй, одоо байгаа бөөр нь өрөвсдөг. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ц нь архи, согтууруулах ундааны хамааралтай болох нь хорооны нийгмийн ажилтан, түүний гэр бүлийн гишүүд болон өөрийнхөн мэдүүлгээр тогтоогддог. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, гардуулах явцад шүүгдэгч Д.Ц нь зугтаж, архи ууж алга болсон. Албадан эмчилгээнд Д.Цэрэнсономыг насны хязгаар өнгөрсөн гэх шалтгаанаар авдаггүй. Д.Ц нь “намайг хаана ч хүлээж авахгүй юм чинь архи ууж болно” гэх ойлголтоор өдөр бүр архи уудаг. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, АСАП сангийн тодорхойлолтод Д.Цын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар зөрчил гаргасан талаар мэдээлэл авагдсан. Мөн Д.Ц нь гомдолдоо 2021 онд үйлдэгдсэн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын талаар дурдсан нь хэрэгт хамааралгүй тул энэ талаар прокурорын зүгээс тайлбар гаргах боломжгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, АСАП сангийн тодорхойлолт, шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 2 шийтгэвэр байгаа. Нэг шийтгэвэрт маш олон зөрчлийн шинжтэй үйлдлүүд нэгтгэгдсэн. Үүнээс үзвэл Д.Ц нь гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлддэг болох нь харагддаг. Шүүгдэгч Д.Ц нь урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлах шийтгэл авсан атал дахин энэ асуудалд ял оногдуулсан гэж гомдолдоо дурдсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь Эрүүгийн хуульд тусгайлан заасан бие даасан гэмт хэрэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн гол шинж нь байнгын давтамжтай байдаг. Шүүгдэгч Д.Ц нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Д.Ц нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, энэ гэмт хэргийг хүүхэд, ахмад настан хүний эсрэг үйлдсэн, мөн хохирогч Ж.Эгийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрэл зургийн үзүүлэлт /хх 21/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 65-73/, гэрлэлтийн баталгаа /хх 76/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогчийн Ж.Эгийн “...тайлангаа бичээд сууж байхад “п...., чи дандаа намайг эдийн засгаар боож байдаг” гээд үглээд явж байснаа намайг нэг юмаар ороолгох шиг болсон. Би “чи яаж байгаа юм болиоч” гэхэд гартаа индүү барьчихсан залгуураар нь намайг цохисон байсан. Би өрөөний буланд сууж байсан учраас намайг өрөөнөөс гаргалгүй барьж байсан индүүний залгуураар хэд хэдэн удаа ороолгосон. ...Манай нөхөр Д.Ц архи их уудаг. Намайг хүн биш мэтээр харьцаж, зоддог. Байнгын орилж, чарлаад амгалан тайван байдал алдагдуулдаг. Архи ууж ирээд зодохгүй юм аа гэхэд шөнөжин орилж чарлаад унтуулж амраадаггүй. Байнгын хэлэх, хэлэхгүй үгээр доромжилдог. ...” /хх 25-27, 28/,

 гэрч Ц.Мын “...Манай СӨХ-ын ажлын байр манай гэрийн хажуу талын хаалганд байдаг “00” тоот учраас манай гэрт орилж байгаа нь надад согсогдсон. Би өрөөнөөс гарахад манай аавын орилж, зандчих чимээ орцонд сонсогдож байсан. хэсэг хугацаанд хаалгыг нь нүдээд онгойлгохгүй байхаар нь би цагдаа дуудсан. ...Гэрт ороход аав Ц гартаа индүүний залгуур барьсан байдалтай “миний мөнгийг өгөхгүй байна. Жинхэнээсээ бүгдийг чинь ална” гэхээр нь “яагаад ээжийг зодож байгаа юм” гэж хэлээд байж байхад цагдаа орж ирсэн. ...Аав Ц архи уух болгондоо гэр бүлийнхэндээ гар хүрдэг. Архи уухгүй үе гэж байдаггүй болохоор байнга энэ асуудал давтагддаг. ...” /хх 30-31/,

гэрч М.Бийн “...Д.Ц нь согтууруулах ундаа байнга хэрэглэж, оршин суугчид болон эхнэр, хүүхдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг хүн. ...” /хх 33-34/,

 яллагдагч Д.Цын “...индүүний залгуурыг нугалж, тогонд залгадаг хэсгийг нь индүүтэйгээ хамт давхарлаж бариад индүүний залгуураар эхнэр Ж.Эгийн ар нуруу хэсэг рүү 3-4 удаа ороолгосон. ...” /хх 60-62/ мэдүүлгүүд,

“...Ж.Эгийн биед цээж, хэвлий, нуруу, баруун бугуй, зүүн мөр, бугалга, зүүн ташаа, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 6825 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41-42/,

“...Д.Ц нь архины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Дээр эмгэг нь олдол эмгэг байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан, болсон зүйлийн талаар мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ...” гэх 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 732 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 50-52/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Цыг гэр бүлийн хүчирхийлэлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ахмад настай хүний эсрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх заалт, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ... үйлдэл нь байнгын шинжтэй” гэж хуульчилж тогтоосон бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сараар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан Цд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр түүнд оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хорих ялаар сольж нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 жил 9 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Цоос “...Би бие муутай, даралт ихсэж, зүрхний хэм алдагддаг. Мөн нэг бөөр байхгүй, одоо байгаа бөөр нь өрөвсдөг. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд хавтас хэрэгт “1965 онд баруун хөлийн дунд чөмөг хадуулсан” /хх 100/ гэх баримт байх боловч биеийн байдал муу, даралт ихсэдэг, нэг бөөр байхгүй, одоо байгаа бөөр өрөвсдөг талаар нотлох баримт авагдаагүй байх тул энэ талаар дүгнэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/761 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны  12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/761 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны  12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН