Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 115

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,

улсын яллагч  С.Эрдэнэбаяр,

иргэний нэхэмжлэгч Ч.*******,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                               

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1707000000003 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*******-ны өдөр *******анд төрсөн, 34 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух,

Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, регистрийн ДЭ83092213 дугаартай, ******* овогт *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хоёр давхарт байрлах “Төрийн сан”-ийн вакум хаалганы шилийг хагалан, Засаг даргын зөвлөхийн өрөөний хаалгыг эвдэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган, гэмтээсний улмаас 500,000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хоёр давхарт байрлах “Төрийн сан”-ийн вакум хаалганы шилийг хагалан, Засаг даргын зөвлөхийн өрөөний хаалгыг эвдэж, гэмтээсний улмаас 500,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 23-ны өглөө хамаатны залуу Алтанбаганатай хамт архи уусан. Үдээс хойш эрүүлжүүлэхэд сэрээд өөрийнхөө юу хийсэн талаар мэдсэн. Би тухайн үед архи уугаад мэдрэлээ алдсан байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Налайхын наадмын дуусч, баярт хэрэглэсэн 2 гэрийг буулгаж, хураах байсан юм. Тухайн өдөр 12 цагийн орчим хэдэн ажилчид цугларч, 2 портер машинд гэрээ ачихаар ирсэн. Тэгсэн 2 машинд багтахгүй, машин нэмж олох санаатай тамгын газрын гадаа намайг сууж байхад 47 дугаар байрны булангаас ******* хурдан гүйсээр гарч ирээд тэр чигтээ Тамгын газар луу орсон. Эхнэр нь бололтой хүүхэн араас тамгын газарт орсон. Би “жижүүрээ хүн яваад орлоо шүү” гэж хэлсэн. Би шил хагарах дуунаар 2 давхар луу гүйхээрээ гарахад өөдөөс ******* бууж ирсэн. Гэтэл шилэн хаалга болон модон хаалгыг эвдсэн байсан. Би цагдаа дуудах гэхэд эхнэр нь надтай уулзаад “хамт архи уусан хүнтэйгээ маргалдсан юм шиг байна, та цагдаа битгий дуудаач, хохирол төлбөрийг барагдуулна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан, удалгүй цагдаа нар ирж *******ыг авч явсан. Халгалсан шилэн хаалгыг тухайн өдрийн орой хийж өгсөн. Модон хаалгыг захиалгаар 3 өдөрт хийж өгч, хохирол төлбөрийг маш хурдан барагдуулсан. Манай байгууллагаас цагдаагийн газарт хохирол төлбөргүй гэх албан бичгийг 3 удаа явуулсан. Одоо хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Насанбурамын өгсөн “2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед манай нөхөр ******* миний утас руу “гараад ир” гээд нэлээн согтуу залгасан бөгөөд би гадагшаа гараагүй юм. Тэгээд удалгүй манай хамаатны залуу Алтанбагана манай нөхөр ******* нар гаднаас хоорондоо маргалаад муудалцаад ороод ирсэн. Тэгээд би очоод нөхрөө салгаж аваад Алтанбаганыг гэрээсээ гаргасан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр “пизда” гэж орилоод Алтанбаганы араас гараад явсан ба би араас нь хувцасаа өмсөөд гарсан чинь Алтанбагана гадаа байхгүй байсан бөгөөд ******* Тамгын газар чиглээд алхаж байсан юм. Би араас нь гүйгээд очсон чинь Тамгын газрын үүдээр ороод дээшээ гарчихсан. Гадна хаалгаар ороход нь гадна талд сууж байсан эмэгтэй хүн “хөөе дээшээ хүн орчихлоо араас нь яваарай” гээд манаач руугаа орилоод үлдсэн. Тэгээд би араас нь Тамгын газрын хоёр давхарт гарсан чинь манаач гэх эрэгтэй миний өөдөөс буугаад ирсэн. Би нөхрийнхөө араас очсон чинь миний өөдөөс манай нөхөр гараа зангидаад юм цохих гээд байсан ба би “хөөе чи юм цохихгүй шүү илүүдээ гарсан мөнгө байхгүй шүү” гэсэн чинь над руу хүрээд ирсэн. Тэгээд би ардаа дагуулаад явж байсан ба булан тойроод эргэсэн чинь шил хагарах чимээ гарсан ба буцаад харсан чинь вакум шилэн хаалга хагалчихсан байж байсан. Тэгээд би очоод нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадсан чинь овоо сэргэсэн бөгөөд энэ үед үүдэн дээр сууж байсан эмэгтэй хүн орж ирээд “цагдаа дуудна” гэсэн чинь манай нөхөр шууд буугаад хаалгаар гараад явчихсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх-ийн 05-07 дугаар тал/

Хөрөнгийн үнэлгээний тайлан,

/хх-ийн 22-31 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар,

/хх-ийн 34 дүгээр тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 35 дугаар тал/

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 38 дугаар тал/

Налайх дүүргийн Тамгын газрын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3/1598 дугаар албан бичиг,

/хх-ийн 39 дүгээр тал/

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-52 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай байгууллагаас цагдаагийн газарт хохирол төлбөргүй гэх албан бичгийг 3 удаа явуулсан. Одоо хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул Н.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.68 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******т 241 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.*******т мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ