Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1193

 

 

 

          2022           12           15                                           2022/ДШМ/1193

 

Н.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ж.Отгончимэг,

цагаатгагдсан этгээд Н.Тын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхзул, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/1248 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 41 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Тд холбогдох 2108029740964 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 12-05 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин, 17 настай С.Дгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харилцаанд орж, мөн бэлгийн харьцааны шинжтэй хөхнөөс нь барих, амаараа бэлэг эрхтэнг долоох, сорох, бэлэг эрхтэн рүү нь гарын хуруугаа оруулах зэргээр хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Намжилсүрэнгийн Тыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд холбогдох Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 926 тоот яллах дүгнэлтийг хүчингүй болгож, эрүүгийн 2108029740964 тоот хэргийг прокурорт буцааж, энэхүү тогтоолыг хүчин төгөлдөр болтол Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дотоож 2 ширхэг, 1 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгч Н.Тын хувийн бичиг баримт хурааж битүүмжлээгүй, хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Отгончимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/1248 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 12 дугаар гудамж, 5 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин 17 настай С.Дгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орж, мөн бэлгийн харьцааны шинжтэй хөхнөөс нь барих базах, амаараа бэлэг эрхтэнг долоох, сорох, бэлэг эрхтэн рүү гарын хуруугаа оруулан хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн  2.1, 2.3 дахь заалтад заасан “Хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын авагдсан насанд хүрээгүй хохирогч С.Дгийн мэдүүлэг /1хх 28-29, 32-33/, гэрч Б.Дгийн мэдүүлэг /1хх 41-42/, насанд хүрээгүй гэрч С.Эын мэдүүлэг /1хх 41-42/, гэрч Ц.Цы мэдүүлэг /1хх 46/, гэрч Б.Өийн мэдүүлэг /1хх 50/, шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №12083 дугаартай дүгнэлт /1хх 54-55/, Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №12090 дугаартай дүгнэлт /1хх 59-60/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг /1хх 8-12/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг /1хх 17-22/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь “Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй” тохиолдолд хуулийн дээрх заалтад зааснаар шүүгдэгчийг цагаатгаж хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах ойлголт бөгөөд шүүгдэгч Н.Т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүх хуулийг жинхэнэ агуулгаас илт зөрүүтэй буруу ойлгож хэрэглэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

Мөн цагаатгах тогтоолд шүүгдэгч Н.Тыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч нь бэлгийн эрх чөлөөний эсрэг тус тусдаа эхлэл, төгсгөлтэй гэмт хэрэг үйлдсэн эсэх, эсхүл үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалган тогтоох гэсэн зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлага хангахгүй байна.

Түүнчлэн шүүхийн тогтоолд хохирогч нэр бүхий гэрч нарын мэдүүлгийг хэрхэн яаж няцаасан талаар дүгнэлт хийгээгүй, “хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, тухайн мэдүүлгийн эх сурвалжийг хөндлөнгийн гэрч, эд мөрийн баримтаар тогтоогдож байхад Н.Тыг гагцхүү дээрх зүйл хэсгээр буруутгах үндэслэлгүй” гэж үзсэн нь шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна.

Мөрдөн байцаалтын явцад яллагдагч Н.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн дагавар охин бага насны хүүхэд С.Дг үргэлжилсэн үйлдлээр 2009 оны өвөл Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойрог Мон-Лаа гэх газарт 5 настай, 2011 оны намар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд 7 настай, 2013 онд Төв аймгийн Батсүмбэр сум 4 дүгээр багт гэрт нь 9 настай, 2014 онд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг 4 дүгээр баг 2-1 тоотод 10 настай байхад нь хохирогчид бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу бэлэг эрхтэнг хэлээрээ долоох, гараараа илэх, хөх өгзөг, гуя завсар хэсэг рүү бэлэг эрхтнээ хийх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч С.Дгийн мэдүүлэг, гэрч Б.Д, П.Ц нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн баримтууд авагдан нотлогдсон.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн дээрх үйл баримтын хүрээнд яллах дүгнэлтийг үйлдэж шүүхэд шилжүүлсэн, 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалт хүчингүй болсон хэдий ч мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдвол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох эсхүл өөрчилнө гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр хэвээр байна.

Иймд цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Тын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэгдсэн Н. Тд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.10 дугаар сарын 06-нд шүүх хурлаар хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нотлогдоогүй үндэслэлээр гэм буруугүйд тооцож цагаатгаж шийдвэрлэснийг уг хэрэгт улсын яллагчаар орсон прокурор Ж. Отгончимэг эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ. Эсэргүүцлийг шүүхээс гардан авч доорх тайлбар гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар нь Н.Тыг 2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 12-р гудамжны 8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий 17 настай С.Дг хүсэл зоригийн нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орж, бэлгийн харьцааны шинжтэй хөхнөөс барих, базах, амаараа бэлэг эрхтнийг нь долоох, сорох, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа оруулж хүч хэрэглэж хүчиндсэн гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Шүүхээр хэргийг хэлэлцэхэд яллах дүгнэлтэд дурдсан дээрх нөхцөл байдал тухайлбал С.Дг хүчиндсэн гэх яллах дүгнэлтэд дурдсан үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй болно. Тухайлбал:

1. Хавтаст хэргийн 8-р хуудсанд мөрдөгч 2021 оны 12 дугаар сарын 2-нд хэрэг үйлдэгдсэн газар гэх Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 12-05 тоот хаягт байх Н.Тын хашаа гэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байна. Энэ үзлэгээр хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн гэж үзэх ямар ч нотлох баримт, ул мөр илрээгүй байна.

2. Хавтаст хэргийн 17-р хуудсанд Н.Тын биед, хавтаст хэргийн 20-р хуудсанд хохирогч С.Дгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байна. Дээрх үзлэгүүдээр хохирогч нь хүчиндүүлсэн байна гэж үзэхээр ямар ч ул мөр, нотлох баримт илрээгүй байна. Үзлэгээр С.Дгийн зүүн хөлийн өвдөгний доод талд 10×5 см хэмжээ бүхий ягаан өнгийн цус хуралт, баруун далны доор 20 см урт хагалгааны сорви илэрсэн нь Н.Тд хамааралгүй, ролик, силкээр гулгаж байхдаа юм мөргөснөөс, мөн хагалгаа хийлгэснээс тус тус үүссэн болохыг хохирогч тайлбарласан байна.

3. Хавтаст хэргийн 20-р хуудсанд хохирогчийн биед үзлэг хийх үед хэрэг болох цаг үед өмсөж байсан гэх ногоон өнгийн дотоожийг С.Дгаас хурааж авсан баримт байна. Уг дотоожинд урагдсан, сунасан зэрэг хүч хэрэглэсний улмаас үүссэн гэж үзэх ул мөр илрээгүй байна.

4. Хавтаст хэргийн 54 дугаар хуудсанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12083 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан байна. Энэ дүгнэлтээр хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй, үтрээний арчдас наалдац эр бэлгийн эс илрээгүй, өвчингүй, охин хальс урагдалгүй бүтэн байна гэсэн дүгнэлт гарсан байна.

5. Хавтаст хэргийн 57, 59, 61-р хуудсуудад авагдсан бактерлогийн болон биологийн лабораторийн шинжилгээ хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогч заг хүйтэн, тэмбүү, ДОХ өвчингүй. Н.Т бэлгийн харьцаанд орох чадвартай, биед нь гэмтэл шархгүй болохыг тус тус нотолсон байна.

6. Хавтаст хэргийн 64-р хуудсанд сэтгэцийн шинжээчийн дүгнэлтүүд авагдсан эдгээр дүгнэлтээр хохирогч С.Д шүүгдэгч Н.Т нар сэтгэцийн өвчингүй, эрүүл болохыг тогтоожээ.

7. Хавтаст хэргийн 92-р хуудсанд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан. Энэ дүгнэлтээр хураан авсан улаан өнгийн дотоож дээр цус, шүлс, үрийн шингэн, толбо илрээгүй байна.

8. Хавтаст хэргийн 54-р хуудсанд авагдсан ШШҮХ-ийн шинжээчийн 12083 дугаартай дүгнэлтийн 2 дахь хэсэгт С.Дгийн охин хальсны суурийн салстад цус хуралт тогтоогдсон. Энэ нь гар хуруугаар оролдох болон бэлгийн харьцаанд орох үед бэлэг эрхтнээр үрэгдэх, шахагдах үед үүсэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.

9. Хавтаст хэргийн 97-р хуудсанд хохирогчийн өмсөж байсан ногоон өнгийн дотоожинд шинжилгээ хийсэн шинжээчийн 129 дугаартай дүгнэлтээр хохирогчийн ногоон өнгийн дотоож дээр, ариун цэврийн хэрэглэл дээр нэг эрэгтэй хүний эр бэлгийн эс илэрсэн байна. Мөн нэг эмэгтэй хүний цус илэрсэн гэсэн дүгнэлт гарсан байна.

10. Хавтаст хэргийн 102-р хуудсанд авагдсан ШШҮХ-ийн шинжээчийн 1554 дугаартай дүгнэлтээр Н.Тын ДНХ-ийн тогтоц нь 129 дугаартай дүгнэлтэд тусгагдсан С.Дгийн ногоон өнгийн дотоож дээр илэрсэн нэг эрэгтэй хүний эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна.

11. Хавтаст харгийн 108-р хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1521 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Y хромсомын шинжилгээний дүнгээр хохирогчийн ногоон өнгийн дотоож дээр илэрсэн эр бэлгийн эсийн Гаплитол нь Н.Тын гаплитолтой тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. 22 гаплитолоор харьцуулсан байна. Нэг нь ч таараагүй байна.

12. Хавтаст хэргийн ...-р хуудсанд шинжээч эмч Б.Гантуяагаас шинжээчийн мэдүүлэг авсан байна. Энэ мэдүүлгээр цус болон үрийн шингэн холилдох үед холимог ДНХ-ийн тогтоц тогтоогдох боловч холимогт хохирогчийн цус холбогдогчийн үрийн шингэн аль алиных нь ДНХ-ийн тогтоц илэрнэ.

13. Холимогт эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц өөрчлөгдөхгүй гэж мэдүүлжээ.

14. Хавтаст хэргийн 33-р хуудсанд С.Дг хохирогчоор дахин байцааж ШШҮХ- ийн 129 тоот дүгнэлтээр хэрэг болох үед таны өмсөж байсан, танаас хураагдсан ногоон өнгийн дотоож дээр нэг эр хүний эр бэлгийн эс илэрсэн, мөн ШШҮХ-ийн 1554 тоот дүгнэлтээр Н. Тын ДНХ-ийн тогтоц нь 129 тоот шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан ногоон өнгийн дотоож дээрээс илэрсэн нэг эр хүний эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна гэж дүгнэлт гарсан байна. Та өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон юм уу гаж асуухад би бэлгийн харьцаанд ороогүй. Энэ миний хувийн асуудал учраас энэ талаар дахин мэдүүлэг өгмөөргүй байна. Надаас дахин ийм асуулт асуухгүй байхыг хүсье гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан баримт зэргээр анхан шатны шүүх хурал дээр Н.Тд холбогдох хэрэг үгүйсгэгдэж нотлогдоогүй гэж үзэх үндэслэл бий болсон.

Прокурор Н.Тувшинтулгад холбогдуулж зөвхөн 2021 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө С.Дг хүч хэрэглэж хүчиндсэн гэх хэргийг яллах дүгнэлтээр шүүхэд оруулж ирсэн. Тэр хэргийг шүүх хянахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан байна. Шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянаад нотлогдоогүй учраас энэ үндэслэлээр гэм буруугуйд тооцож цагаатгасан нь зөв гэж үзэж байна.

Ер нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Д 5, 7, 12 настай байхад хойд аав намайг оролддог байсан гэх мэдүүлэг өгдөг боловч хохирогчийн энэ мэдүүлэг өөр баримтаар нотлогдоогүй, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинж хангагдаагүй учир прокурор дээр мэдүүлгээр хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байдаг.

Хохирогч энэ асуудлыг шүүгдэгчийн хувийн байдал болгож мэдүүлээд байгаа болохоос эна талаар гомдол мэдээлэл гаргасан, шалгуулах хүсэлт тавьсан зүйл огт байхгүй. Ийм ч учраас прокурор энэ тодорхой бус нөхцөл байдлыг яллах дүгнэлтээр дүгнэж шүүхэд оруулаагүй байдаг. Үүнийг буруу гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт яллах дүгнэлтэд хамаарахгүй, шалгагдаагүй, нотлогдоогүй нөхцөл байдлын талаар дүгнэсэн нь үндэслэл багатай байгааг дурдах нь зүйтэй. Зүй нь яллах дүгнэлтэд шүүгдэгчийг прокурор ямар нотлох баримтаар яллаж байгаа, тэр нь цагаатгах талын ямар баримтуудаар үгүйсгэгдэж байгааг дурдаж, үнэлж, дүгнэн үндэслэл хийх ёстой. Гэвч яллах дүгнэлтээр оруулсан 2021 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө С.Дг хүчиндсэн гэх үйлдэл нотлогдоогүй гэж дүгнэн хэргийг цагаатгасан нь хуульд нийцжээ гэж үзэж байна.

Шүүхийн тогтоолд заасан нотлогдоогүй гэх үндэслэл, шүүхээр хэлэлцүүлсэн хэрэг нотлогдоогүй байдалтай тэрчлэн гэм буруугүйд тооцсон шийдвэр зүйлчлэлтэй тохирч байна. Шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэлгүй. 2022 оны 6 дугаар сарын 3-ны хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 заалт хүчингүй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянаад хүчингүй болгож өөрчлөн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаах үндэслэлгүй байна. Харин шүүх цагаатгасан атлаа тогтоолын 3 дахь заалтаар Н. Тд авсан хувийн баталгаа, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, тогтоох хэсгийн 2 дахь заалтаар цагаатгасан хэргээ прокурорт буцаасан зэрэг нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай байгааг дурдаж байна.

Давж заалдах шатны шүүх дээрх 2 алдааг залруулж өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэсэн прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Н.Тд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийн агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Прокуророос Н.Тыг 2021 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 12-05 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин, 17 настай С.Дгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харилцаанд орж, мөн бэлгийн харьцааны шинжтэй хөхнөөс нь барих, амаараа бэлэг эрхтэнг долоох, сорох, бэлэг эрхтэн рүү нь гарын хуруугаа оруулах зэргээр хүч хэрэглэн хүчиндсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Н.Тд холбогдох хэргийг “шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж нь шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч С.Дгийн “...намайг 5 настай байхад ээжтэй хамт амьдарч эхэлсэн ба ээжийг өглөө боссон байхад миний бөгсний ард өөрийнхөө бэлэг эрхтэнийг байрлуулаад хөдлөөд байдаг байсан. ...7 настай байхад “дотоожоо тайлдаа, футболкоо тайлдаа, харъя” гээд байдаг байсан. ...5 дугаар ангид байхад миний оронд орж ирээд миний бэлэг эрхтэнийг долоогоод, биеийг бүхэлд нь илээд байдаг байсан. ...6 дугаар ангид байхад “надтай бэлгийн харьцаанд оръё” гэхээр нь би уйлсан чинь больсон. ...” /1хх 28-29/,

Насанд хүрээгүй гэрч С.Эын “...Д надад хэлэхдээ “12-13 настай байхад Т дэлгүүрийн бараанд намайг дагуулж явдаг байхдаа машинаа зогсоогоод, миний хувцасыг тайлаад бэлгийн харьцаанд орох гэж оролддог байсан” талаар надад хэлж байсан. ...” /1хх 35-37/,

Гэрч Б.Дгийн “...манай нөхөр Т нь урьд өмнө нь манай охин Дг хүчиндэх гэсэн асуудал гаргаж байсан. Манай охин Д надад “хааяа намайг оролдоод байдаг” гэж хэлж байсан. ...Д “аав миний хөл болон өгзөгөнд боовоороо хүргээд байдаг юм. Боов нь их хатуу болчихдог юм байна лээ” гэж хэлсэн. ...” /1хх 39, 41-42/ зэрэг мэдүүлгүүдэд дүгнэлт хийлгүйгээр хамгийн сүүлийн ганц үйлдэлд нь хууль зүйн дүгнэлт хийхэд учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, шүүх шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалтгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байна.

Иймд Н.Тд холбогдох хэргийг “шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэж үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/1248 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 41 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай дурдана. ...” гэсний дагуу шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/1248 дугаар цагаатгах тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 41 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                       Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН