Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 83

 

М.Л-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч

ШШГГ-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00408 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШШГГхолбогдох,

“Компаний данснаас надад мэдэгдэлгүйгээр суутгаж авсан 13.500.000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгч М.Л-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Л-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Э.Нармандах, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч М.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн М.Л- нь Батжин Ундрах ХХК-ийн 45 хувь эзэмшигч бөгөөд энэ компаний нэрээр тендерт хийсэн ажлын ашгийн 45 хувийг эзэмших эрхтэй хууль ёсны эзэмшигч билээ. Гэтэл Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба надад мэдэгдэлгүйгээр Батжин Ундрах ХХК-ний данснаас 30.000.000 төгрөг суутгаж авсан байдаг билээ. Уг ажлыг гардан гүйцэтгэсэн хүн нь шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандах, Э.Энхцэцэг нар билээ. Иймд энэ суутгасан мөнгөний 45 хувь буюу 13.500.000 төгрөгийг М.Л-д гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Э.Нармандах нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр Ө.Батцэнгэлээс 52 500 000 төгрөг гаргуулж О.Байгалд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ө.Батцэнгэл нь Батжин Ундрах ХХК-ний захирал юм. Шийдвэр гүйцэтгэх албадах ажиллагаагаар Батжин Ундрах ХХК-ний арилжааны банкууд дахь харилцах дансыг битүүмжилсэн. Батжин Ундрах ХХК-ний Капитал банкинд байрлах данснаас 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 4.000.000, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 8.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 4 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 17.500.000 төгрөг суутгаж төлбөр авагч нарт олгосон байна. Батжин Ундрах ХХК-ний данснаас Ө.Батцэнгэлийн төлбөрт суутгаж авсан мөнгөн хөрөнгө нь тухайн суутгал хийх үед тус компаний дансан дахь мөнгөн хөрөнгийн 45%-аас хэтрэхгүй болно. Иймд М.Л-гийн тус газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00408 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангиас 13.500.000 төгрөг гаргуулах М.Л-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Л- давж заалдсан гомдолдоо:

Батжин-Ундрах ХХК-ийн 45%-ийн хувьцаа эзэмшигч М.Л- нь 2016 онд компанийн бүх гишүүдийн хурлаар Батжин-Ундрах ХХК-ийн захирлаар томилогдож банктай харьцах гүйлгээний нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй байсаар байхад иргэн Ө.Батцэнгэлд хамааралтай шүүхийн шийдвэртэй, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Батжин-Ундрах ХХК-ний дансыг битүүмжилж байгаад банкинд албадан гаргуулах бичиг хүргүүлж миний хувийн өмчид бүдүүлгээр халдсанд би гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар бүлэг 76 дугаар зүйлийн 76.1.-д заасан ажиллагааг төлбөр төлөгчийн бэлэн болон бэлэн бус мөнгөн хөрөнгөнөөс эхлэн хэрэгжүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү? Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Л- нь ШШГГхолбогдуулан компаний данснаас надад мэдэгдэлгүйгээр суутгаж авсан 13.500.000 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангиас 13.500.000 төгрөг гаргуулах М.Л-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр Ө.Батцэнгэлээс 52.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Байгальд олгохоор шийдвэрлэсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 866 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 130 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр “Батжин Ундрах” ХХК /Ө.Батцэнгэл/-аас 105.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Уранбилэгт олгохоор шийдвэрлэсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 885 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж дээрх шийдвэрүүдийг үндэслэн ШШГГ-нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Батжин Ундрах” ХХК-ийн дансанд 14.743.773 төгрөг орж ирснээс 4.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 30.835.970 төгрөг орж ирснээс 8.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг орж ирснээс 4.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7.713.569 төгрөг орж ирснээс 1.500.000 төгрөгийг Ө.Батцэнгэлээс төлбөрт шилжүүлжээ.

“Батжин Ундрах” ХХК-ийн Капитал банкны данснаас Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн данс руу нийт 17.500.000 төгрөг шилжсэн ба “Батжин Ундрах” ХХК-ийн Капитал банкны төлбөрийн баримтаар Ө.Батцэнгэлийн өөрийнх нь гарын үсгээр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн данс руу гүйлгээ хийгдсэн, гүйлгээнүүдийг тухайн дансанд орсон өдрийн орлоготой нь харьцуулахад 55 хувьд хүрээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан 13.500.000 төгрөг гаргуулах М.Л-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч М.Л-гийн гаргасан давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Л-гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч М.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                             Б.БАТТӨР