| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0058/э |
| Дугаар | 0079 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 0079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн
улсын яллагч: П.Даваасүрэн
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706030340418 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Б, 199 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн Бэлхийн дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан , РД: ТЕ91120617,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандей худалдааны гадаа Ө.Х зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 11.30 цагт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн дүгээр лангууг ажиллуулдаг 20 гаран насны эрэгтэй тоглоом авья гээд удирдлагатай машин үзээд 2 машин заагаад тэр хоёрыг аваад би кассан дээрээ очсон. Тэгсэн энэ хоёрыг үзий хоёуланг нь задалчих гэсэн. Тэгэхээр нь би та аль нэгийг нь сонгочих яг авахыг чинь задлаад шалгаад өгье гэхэд би үзээд авахгүй бол яах уу гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл өөр газар луу ороод үзчих гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг хэл амаараа доромжилсон. Би уур хүрээд бид хоёр хоорондоо заамдалцаж авсан. Улмаар зодолдож эхэлсэн. Тэгтэл эхнэр ирээд хажуу талын лангууны хүмүүс ч орж ирээд салгасан. Нилээн байж байтал намайг гараад ир гэхээр нь гарсан. Гэтэл хувцасаа тайлчихсан байснаа над руу гүйгээд ирэхээр нь би хөлөөрөө өшиглөсөн. Яг хаашаа нь өшиглөсөнөө мэдэхгүй байна. Тэгтэл намайг унагаагаад дээрээс дараад байхаар нь би нүүр лүү нь хэд хэд цохисон. Намайг мөн дээрээс цохиод байсан. Иймл асуудал болсон гэжээ. /хх-ийн 12/
Хохирогч Ө.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11.00 цагийн орчимд худалдааны төвийн 1 дүгээр давхарын хүүхдийн тоглоомын тасаг руу ороод хоёр ширхэг тоглоомон машин үзээд задлаад ажиллагааг нь шалгая гэтэл худалдагч гэх залуу нь авна гэсэн тоглоомоо задалж үз гэхээр нь би задалж үзээд таалагдахгүй бол буцааж болно биздээ гэхэд чи ер нь өөр газар очиж үз зайл гэж хөөсөн. Тэгэхээр нь би чи хүнд юм зарж байгаа юм бол яасан сонин юм бэ гээд бид хоёр маргалдсан. Худалдагч залуу нүүрээрээ тулаад орилоод байхаар нь би түлхтэл намайг заамдахаар нь гарыг нь тавиулах гээд гарнаас нь таттал цамц нь урагдсан. Тэгэхэд эхнэр нь бололтой нэг хүүхэн ирээд бид хоёрыг салгасан. Би эхнэртэй нь маргаж байтал нөхөр нь болох залуу ирээд миний зүүн шанаа руу хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би хоёулаа гарч учраа олий гээд куртикээ тайлтал худалдагч залуу гүйж ирээд миний цээж рүү жийж өшиглөхөөр нь би өргөж аваад унагаасан. Тэгээд дээр нь гараад гарыг нь дараад байж байтал эхнэр нь ирээд намайг цамцнаас татаад босгосон. Нөхөр нь хэвтээгээрээ миний шанааруу хэд хэд цохисон. Намайг газарт хэвтэж байхад нөхөр нь нүүр лүү хэд хэд өшиглөсөн. Би үйлчлүүлэх гээд оччихоод зодуулсандаа гомдолтой байна гэжээ. /хх-н 13-16/
Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 10 дугаар сарын 29-ны өдөр нөхөр Б.Б хамт Сандэй плазагийн 1 дүгээр давхарын 1041 тоот тоглоомын лангуугаа дөнгөж онгойлгоод байж байтал 11 цагийн орчимд үл таних залуу орж ирээд хоёр тоглоом сонгочихоод задалж үзнэ гэснээс болоод Б тэр хоёр маргалдсан. Манайх хүний сонгосон тоглоомыг нь задалж үзүүлдэг бөгөөд хэрвээ уг тоглоомоо авахгүй бол дараагийн үйлчлүүлэгч нар нь задалсантоглоом гээд авдаггүй тул тэр учраа хэлээд ойлгохгүй хэрүүл болсон. Тэгээд Хонгор гэх залуу манай нөхөр 2 хэрэлдэж байгаад зодолдсон. Тэр хоёрыг урд талын лангууны хүмүүс ирээд салгасан. Х гэх залуу гарч явахдаа манай нөхрийг гараад ир гуйлгачин минь гээд байсан. Б араас нь гарахад нөгөө залуу Б газар унагаагаад зодсон. Гадаа байсан хүмүүс тэр хоёрыг салгасан. Бид хоёрыг лангуун дээрээ байж байхад Х ах нь гээд нэг хүн орж ирээд манай нөхрийг цохиж авсан. Х маажсан зүйл байхгүй тэр хоёр л зодолдсон гэжээ. / хх-н 19/
Гэрч Ө.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 29-ны өдөр дүү Хонгор бид хоёр 5 настай дүүдээ төрсөн өдөрт нь бэлэг авах зорилгоор Сандэй плаза худалдааны төв орсон. Би 5 давхарт Х салаад явж байтал Х залгаад та 1 дүгээр давхарт хүрээд ир гээд амьсгаа нь давчидсан байдалтай үс нь сэгсийсэн юм байж байсан. Х юу болсоныг асуухад тэр лангууны хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би очоод юу болсон гэтэл намайг цохиод авсан тэгэхээр нь би цагдаа дуудсан гэжээ. / хх-н 20/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 21/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13600 тоот шинжилгээ/ Дүгнэлтэд:
1.Ө.Х биед дух, баруун хацар, баруун нүдний зовхи, хамрын нуруу, эрүүнд зулгаралт, баруун мөр, хүзүүнд цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 24/
Хохирогч Ө.Х хохирол барагдуулсан тухай баримт /хх-н 54/: хохирогч Ө.Х 800.000 төгрөг төлсөн байна.
Б.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-46/,
Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 26/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 29-34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 47/ зэрэг болно.
Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандей худалдааны гадаа Ө.Х зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Хохирогч Ө.Х 800.000 төгрөг төлсөн байна. Хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв..
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 ,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг 2 /хоёр/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Б авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН