Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 221/2024/0012/З |
Дугаар | 221/ШШ2024/0012 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/ШШ2024/0012
Б.Х*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Нэхэмжлэгч: Б.Х*******
Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо
Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Өмгөөлөгч Б.Х*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”
Гомдол гаргасан тогтоол: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Өмгөөлөгч Б.Х*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/03 дугаартай тогтоол
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Х*******, түүний өмгөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, иргэдийн төлөөлөгч Б.А*******н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 221/2024/0012/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Х******* нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Өмгөөлөгч Б.Х*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Өмгөөлөгч Б.Х*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/03 дугаартай тогтоолоор Өмгөөлөгч Б.Х******* нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.11 болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч Б.Х*******ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Х******* дараах үндэслэлээр мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэх хэсэгт... Өмгөөлөгч Б.Х******* нь Н.Ө*******т эрх зүйн туслалцаа үзүүлэх явцдаа 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн олон нийтийн цахим сүлжээнд буюу зариг.мн сайтад ярилцлага өгсөн нь сүлжээнд байршуулсан мэдээлэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдож байна. /ММ-н 8-13-р хуудас/ Өмгөөлөгчийн зүгээс уг ярилцлагыг өгөхдөө үйлчлүүлэгчийнхээ хэлсэн зүйлийг олон нийтэд дамжуулж хэлсэн хэмээн тайлбарлаж байгаа нь хэдийгээр өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ бүрэн итгэх боломжтой ч үйлчлүүлэгчийнх нь дамжуулж буй тухайн мэдээллийн үнэн зөв болохыг бусад баримтуудаар Баталгаажуулан тогтоолгох шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна гэх уг зөрчлүүдийг эхлээд холбогдох байгууллагуудад нь буюу шууд харьяалах эрх бүхий этгээдүүдэд нь албан ёсоор хандаж, шийдвэрлүүлэх ёстой байжээ.
3.2. Өмгөөлөгч Б.Х*******ын дээрх үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсгийн "үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах", 14.1.5 дахь хэсгийн "хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх, үүрэг", 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсгийн "Энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх," 15.1.11 дэх хэсгийн "хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах"-ыг хориглох, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "Өмгөөлөгч нь гуравдагч этгээдэд хууль болон үйл баримтын талаар худал мэдээлэл өгөхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байна. Иймд уг үйлдэлд нь холбогдох хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байх бөгөөд ийнхүү хариуцлагыг хүлээлгэхдээ Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 46 дугаар зүйлийн 46.3.1, 46.3.3, 46.3.4, 46.3.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ. Өмгөөлөгч Б.Х******* миний бие Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Ө*******тэй 2023 оны 12-р сарын 06-ны өдөр "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-г байгуулж, үйлчлүүлэгчийн холбогдсон эрүүгийн хэргүүдэд өмгөөлөгчөөр нь оролцон ажиллаж байна. Өмгөөлөгч Б.Х******* миний бие 2023 оны 12-р сарын 14-ний өдөр үйлчлүүлэгч Н.Ө*******тэй хорих 461-р ангид очиж уулзсан бөгөөд уулзаад гарч ирсний дараагаар хэвлэл, мэдээллийн ажилтнууд Үйлчлүүлэгчийн хорих ангид байгаа нөхцөл байдлын талаарх тодорхой мэдээллийг өгөхийг хүссэний дагуу (1) үйлчлүүлэгчийн өлсгөлөн зарласантай холбоотойгоор үүссэн биеийн байдал, (2) хорих ангийн эрүүл ахуй болон бусад нөхцөл байдал болон (3) цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар гурван агуулгаар мэдээлэл өгсөн болно.
3.3. Өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуулийн 14.1.3, 14.1.5, 15.1.7, 15.1.11 дэх заалтыг зөрчөөгүй тухайд:
1. Өмгөөлөгч эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах эрхгүй байдаг бөгөөд хэргийн материалаас аливаа баримтыг хуулбарлан аваагүй бөгөөд энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн үйл баримт огтоос байдаггүй болно.
2. Өмгөөлөгчийн дээрх хэвлэлд өгсөн мэдээллээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нэг ч мэдээлэл дурдаагүй байдаг бөгөөд зөвхөн үйлчлүүлэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үндэслэлтэй эсэх талаарх хуульд заасан үндэслэл, журмыг товчоор дурдсан байдаг. Энэ нь эрүүгийн хэрэг, маргааныг шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан буюу өмгөөлөгчийн хэвлэлд өгсөн мэдээллээс болж эрүүгийн хэрэг, маргаан шийдвэрлэх ажиллагаанд аливаа байдлаар саад учраагүй бөгөөд ажиллагаа ердийн журмаар явагдаж байгаа болно.
3. Мөн өмгөөлөгч нь хуулиар хориглосноос бусад агуулгаар хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгөх, иргэдэд эрх зүйн зөв мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор мэдээлэл өгөх нь хуулиар хориглосон арга хэрэгсэлд хамаарахгүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу эрх бүхий байгууллага журам зөрчсөн гэж үзэж хариуцлага ногдуулсан үйл баримт мөн байхгүй болно.
3.4. Ийнхүү дүгнэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй мөн өмгөөлөгчийн хэвлэлд өгсөн хорих ангийн хоол хүнс эрүүл ахуйн шаардлага хангаагүй, нүдэн дээр цагаан гэрэл тусдаг гэх агуулга бүхий ярилцлага нь дээрх зүйл заалтын алийг нь ч зөрчөөгүй байх бөгөөд хэрэг, маргаан хянан шийдвэрлэхэд ямар ч хамааралгүй үйл баримтын талаар ярилцлага өгсөн байхад дээрх зөрчлийг гаргасан гэж тогтоож, мөн энэхүү мэдээлэл нь үнэн худал болохыг тогтоох нотлох ажиллагаа хийгээгүй атлаа худал мэдээлэл тараасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх нотлох баримтыг хэвлэлд нийтэлсэн гэх зөрчилд хамааруулан хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
3.5. Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актад үндэслэж шийдвэр гаргасан тухайд: Хариуцагчийн өмгөөлөгчийн эрхийг 1/нэг/ жилээр түдгэлзүүлсэн шийдвэр гаргахдаа үндэслэсэн Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам зэрэг нь Захиргааны Ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т "Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр багаж мөрдүүлнэ. 67.3-т "Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна." 65 дугаар зүйлийн 65.1-т "Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв Байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ."
3.6. Хариуцагч нь Захиргааны хэм хэмжээний актад тавигдах хуульд заасан шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй, хууль зүйн хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актад үндэслэн шийдвэр гаргасан байгаа нь хуульд нийцээгүй байгаа болно.
Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбоо Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн МТ/2024/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг дараах үндэслэлээр хамгаалж байна. Үүнд:
4.1. “...Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Х*******д холбогдуулан "... 12 дугаар сарын 14-ний өдөр мэдээллийн Зариг.мн сайтаар өмгөөлөгчийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой мэдээлэл хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх худал мэдээллийг олон нийтэд мэдээлж, Өмгөөллийн тухай хууль, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчил гаргасан" гэх гомдлыг, нотлох баримтын хавсарган ирүүлсэн.
4.2. Өмгөөлөгч Б.Х*******аас Мэргэжлийн хариуцлагын хороонд өгсөн тайлбартаа "миний бие 2023 оны 12-р сарын 14-ний өдөр үйлчлүүлэгч Н.Ө*******тэй хорих 461-р ангид очиж уулзсан бөгөөд уулзаад гарч ирсний дараагаар хэвлэл, мэдээллийн ажилтнууд Үйлчлүүлэгчийн хорих ангид байгаа нөхцөл байдлын талаарх тодорхой мэдээллийг өгөхийг хүссэний дагуу 1. Үйлчлүүлэгчийн өлсгөлөн зарласантай холбоотойгоор үүссэн биеийн байдал, 2. Хорих ангийн эрүүл ахуй болон бусад нөхцөл байдал, 3. Цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар гурван агуулгаар мэдээлэл өгсөн" гэжээ.
4.3. Энэ үйл баримт нь гомдол гаргагчаас өгсөн баримт болон өмгөөлөгч Б.Х*******ын өөрийнх нь тайлбараар нотлогддог юм. Мэдээлэл хийсэн талаараа нэхэмжлэлдээ мөн дурджээ.
4.4. Манай хороо нь өмгөөлөгч Б.Х*******д холбогдуулан гаргасан гомдлыг Өмгөөллийн тухай хууль болон Маргаан хянан шийдвэрлэх журамд заасны дагуу хянан шалгаж өмгөөлөгч Б.Х*******ын дээрх үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсгийн “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах", 14.1.5 дахь хэсгийн "хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх" үүрэг, 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсгийн "энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх", 15.1.11 дэх хэсгийн "хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах"-ыг хориглох, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "өмгөөлөгч нь гуравдагч этгээдэд хууль болон үйл баримтын талаар худал мэдээлэл өгөхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдааны МТ/2024/03 дугаартай тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаатай түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн.
4.5. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д "Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга Давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно." гэж заасан.
4.6 Хэдийгээр Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь нийтийн захиргааны чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан нийтийн эрх зүйн этгээд боловч тус холбооноос баталсан Маргаан хянан шийдвэрлэх журам нь зөвхөн холбооны гишүүнчлэлтэй өмгөөлөгч нарт чиглэсэн тул нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гадагш чиглэсэн хэм хэмжээний акт гэж үзэж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн МТ/2024/03 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Х*******ын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.
5. Иргэдийн төлөөлөгч Б.А*******н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
5.1. “...хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, Б.Х*******ыг цаашид ажиллуулах нь зүйтэй” гэсэн болно.
ХЯНАВАЛ:
1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Б.Х******* нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Өмгөөлөгч Б.Х*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.2. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар өмгөөлөгч Б.Х*******д холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ирүүлсэн гомдлыг хянан хэлэлцээд Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч Б.Х*******ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
2.3. Ийнхүү хариуцлага тооцох болсон үндэслэлээ “...өмгөөлөгч Б.Х******* нь үйлчлүүлэгчийн өгсөн мэдээллийг эрх бүхий этгээдэд хандан шалгуулах үйлдэл хийлгүйгээр үнэн зөв эсэх нь эргэлзээтэй мэдээллийг шууд олон нийтэд цацсан нь иргэдийн хуулийн байгууллагад итгэх итгэл үнэмшил, үнэлэмжид шууд сөргөөр нөлөөлж буй ноцтой үйлдэл гаргасан...” гэх дүгнэлтийг хийсэн байна.
2.4. Маргаан бүхий тогтоолоор Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Өмгөөлөгч нь гуравдагч этгээдэд хууль болон үйл баримтын талаар худал мэдээлэл өгөхийг хориглоно”, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах”, 14.1.5-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 15 дугаар зүйлийн 15.1.7-д “энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх”, 15.1.11-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулахыг хориглох” гэх заалтуудыг тус тус баримталсан байх боловч эдгээр хууль, ёс зүйн дүрмийн зохицуулалтууд уг маргаанд тогтоогдохгүй, хамааралгүй байна гэж үзлээ.
2.5. Учир нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас “Зариг.мн сайтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх худал мэдээлэл олон нийтэд мэдээлж ёс зүйн зөрчил гаргасан тул арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдлыг өмгөөлөгч Б.Х*******д холбогдуулан гаргахдаа Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.5, 15.1.11, 15.1.16, 27 дугаар зүйлийн 27.2.5, 27.2.6, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасан байх тул холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, буруутай нь тогтоогдвол Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан хариуцлага тооцно уу гэжээ.
2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл өмгөөлөгч Б.Х******* нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Ө*******тэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ байгуулж, түүнд холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцон ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Н.Ө*******тэй хорих 461 дүгээр ангид уулзаад гарч ирсний дараа нийтийн цахим сүлжээнд “Н.Ө******* унтаж амарч чадахгүй байгаа, дээрээс нь Хөгжлийн банкны хэрэгтнүүдтэй зориуд тааруулж сэтгэл санааны дарамтад оруулсан байна. Сүүлдээ муу зүйл бодож байна гэж өөрөө ярьсан”, “өлсгөлөн зарласан, биеийн байдал хүндэрч буй үед нь шөнө унтуулахгүй нүүрэнд нь тод цагаан гэрэл тусгаж байна”, “цэвэрлээгүй цувдай өгдөг, чийгтэй хүйтэн өрөөнд байлгаж байна”, “Хэвлэлийн эрх чөлөөг нь хязгаарлаж цагдан хорьсон учраас өлсгөлөн зарласан” гэх агуулга бүхий мэдээллийг тараасан байна.
2.7. Энэхүү мэдээллийн талаар өмгөөлөгч Б.Х*******аас “...намайг Н.Ө*******тэй хорих ангид уулзаад гарч ирсний дараа хэвлэл мэдээллийн ажилтнууд түүний хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэний дагуу үйлчлүүлэгчийн өлсгөлөн зарласантай холбоотой үүссэн биеийн байдал, хорих ангийн эрүүл ахуй болон бусад нөхцөл байдал, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй эсэх зэрэг 3 агуулгаар мэдээлэл өгсөн нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй” гэж тайлбарлан маргажээ.
2.8. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн гуравдугаар бүлэгт өмгөөлөгч нь үйлчлүүлэгч бус этгээдтэй хэрхэн харилцах талаар зохицуулсан байх бөгөөд 29 дүгээр зүйлд өмгөөлөгч гуравдагч этгээдэд мэдээлэл өгөхөд баримтлах хэм хэмжээг тогтоохдоо хууль болон үйл баримтын талаар худал мэдээллийг өгөхийг хориглосон байх бөгөөд дээрхээс үзэхэд Б.Х******* хэргийн гуравдагч этгээд рүү чиглэсэн үйлдэл гаргаагүй байна.
2.9. Мөн Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.15 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт үндэслэлгүй, энэхүү заалтуудыг өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилтэй холбож үзэх нь учир дутагдалтай байх бөгөөд харин ч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалахыг өмгөөлөгчид үүрэг болгон хуульчилсан тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ хорих анги дахь нөхцөл байдлыг мэдээлж байгааг ёс зүйн зөрчил гэж үзэх боломжгүй юм.
2.10. Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 15.1.7, 15.15 дахь заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд тодруулбал, өмгөөлөгч Б.Х******* нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлээгүй, хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болох нь нотлогдож тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийнхээ холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн үйлдэл гаргасан болох нь тогтоогдоогүй байхад түүнд хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.
2.11. Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлд “...өмгөөлөгчийн зүгээс уг ярилцлагыг өгөхдөө үйлчлүүлэгчийнхээ хэлсэн зүйлийг олон нийтэд дамжуулж хэлсэн хэмээн тайлбарлаж байгаа нь хэдийгээр өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ бүрэн итгэх боломжтой ч дамжуулж буй тухайн мэдээллийн үнэн зөв болохыг бусад баримтуудаар баталгаажуулан тогтоолгох шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна гэх уг зөрчлүүдийг эхлээд холбогдох байгууллагуудад нь буюу шууд харьяалах эрх бүхий этгээдүүдэд нь хандаж шалгуулж шийдвэрлүүлэх байсан” гэжээ.
2.12. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 37 дугаар зүйлийн 37.1-д “Хянан шалгагч нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар энэ журамд заасны дагуу тайлбар авах...тайлбар гаргуулахаар хүсэлт гаргах, үзлэг хийх, хуулиар хориглоогүй арга хэрэгслээр баримт мэдээлэл цуглуулах ажиллагаа явуулах эрхтэй” гэж заасан байх ба Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчийг өөрийн үйлчлүүлэгчийн өгсөн мэдээллийн үнэн зөвийг холбогдох байгууллагууд болох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокурор мөн цагдан хорих байрны эмч нарт хандаж шалгуулах байсан гэж дүгнэсэн нь буруу, холбогдох журмуудад заасны дагуу баривчлагдсан этгээдийн хоолны эрүүл ахуйн шаардлага, цагдан хорих байрны ахуй нөхцөлийн талаар дүгнэлт гаргуулах замаар нотолж тогтоох асуудал нь өмгөөлөгч Б.Х*******ын мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан гэх үйлдэлтэй шалтгаант холбоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.13. Шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн тайлбар болон бичгээр гаргасан “...хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, Б.Х*******ыг цаашид ажиллуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Өмгөөлөгч Б.Х*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/03 дугаартай тогтоол нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус байх тул тус тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.6-д заасныг тус тус баримтлан өмгөөлөгч Б.Х*******аас, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Өмгөөлөгч Б.Х*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/03 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА