| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0014/э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 24
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Ц.Эод холбогдох 1830000100014 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, 1968 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 14-81 тоотод оршин суух, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Ө-о” ХХК-ны захирал ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Э.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн нутаг дэвсгэр “Б” гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16.00 цагийн орчимд иргэн Д.Эыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Он, сар, өдрийг нь санахгүй байна. Би Эад ганц шил архи авчирч өгсөн. Би сахарын өвчтэй болохоор архи уугаагүй, ядраад унтаад өгсөн. Шөнө хүмүүс бахиралдаад байхаар нь сэрэхэд миний хамт явж байсан хүмүүсийг зодох гээд байсан. Тэгээд унтацгаасан. Маргааш нь адуу байгаа айл руу явахад цастай байсан учраас явж чадаагүй. Сумын төвөөс Э өөрөө 2 шил архи аваад уухаар нь ганцаараа уугаад агсам тавиад байх юм байна гэж бодоод хамт архи уусан. Тэгээд машинаас буугаад миний ханцуйнаас татаад байсан. Хүн тэгээд ноолоод ноцолдоод байхаар миний сахарын өвчин хөдлөөд дотор давчдаад салах гэж л цохисон. Миний буруу... гэв.
- Хохирогч Д.Эын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “Б” гэх газар аймгийн төвөөс зүүн хойш 70 гаран км-т хөдөө мал маллан амьдардаг юм. Манай Улаанбаатар хотод байдаг хуурай ах Эб нь надруу гайгүй их насны морь байна уу сурч байгаарай гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед Эб ах руу яриад Сүхбаатар сумаас зүүн урагш хүнд гайгүй их насны морь байна та хүрээд ирэх үү гэсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой Эб ах 2 хүнтэй манайд ирж хоносон. Тэгээд маргааш нь Сүхбаатар сум ороод урагшаа явах гэсэн боловч цас ихтэй байсан болохоор Бтэй уулзаад том машин асуусан чинь байхгүй гэсэн. Тэгээд буцаад манай гэрлүү явсан. Замдаа 2 шил 0.5 литрийн архи уусан. Тэгээд хамт явсан Өын гэрт очиж 1 шил 0.5 литрийн Экс архийг хувааж уучихаад манайд 15 цагийн үед ирсэн. Тэгээд би тасарсан байсан ба юу болсон талаар мэдэхгүй байна. Архи гараад гайгүй болоход аймгийн нэгдсэн эмнэлэгт явж байсан. Тэгээд миний нүүр яачихсан юм бэ? Хэн зодчихсон юм бэ гэхэд Ө нь чи Эб ах руу агсараад дайраад байсан. Тэгсэн Эб ах чамайг зодсон гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирж гомдолоо гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Эб ах манай эхнэр рүү яриад цаад Эдаа эм тариаг нь авч өгөөрэй гээд 200.000 төгрөг шилжүүлсэн байсан. Одоо миний биеийн байдал гайгүй байна. Миний баруун нүд хөхөрч, зүүн хөмсөг сэтэрсэн шархтай байна. Миний хувьд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх- 04-05/,
- Гэрч С.Өын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манайх Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газар мал маллан амьдардаг юм. 2017 оны 12 дугаар сарын эхээр манайхтай саахалт Э нь гайгүй их насны морь зарах хүн байна уу? Хотоос хүн сураад байна гэж байсан. Тэгээд хадам талын нэг хүн их насны морь зарна гэхээр нь Эад хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой Э нь Улаанбаатар хотоос ирсэн гээд Эб гэж өөрийгөө танилцуулсан хүн мөн 2 хүнтэй манайд ирсэн. Тэгээд зарах морьныхоо тухай яриад маргааш өглөө эрт яваад үзье гэж тохироод Эын гэрлүү тэд нар явсан. Тэгээд маргааш нь буюу 12 дугаар сарын 28-ны өглөө Сүхбаатар сум ороод зүүн урагшаа явах гэтэл цас ихтэй приус машинтай явж болохгүй болохоор нь Б гэх хүнтэй уулзаад том машин авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд буцаад манай гэрлүү явсан. Замдаа 2 шил 0.5 литрийн Улаанбаатар архи Эб ах, Э бид гурав хуваагаад уусан. Тэгээд манай гэрт ирээд өмнөх орой Эб ахын өгсөн 0.5 литрийн Экс архиа хувааж уучихаад 15-16 цагийн хооронд Эын гэрийн гадаа очсон. Тэгээд Э нь машинд сууж байхдаа Эб ах руу агсараад зодно гээд байсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад харилцан зодолдохоор болоод машинаас буусан ба би бие засах гээд явсан байсан. Эргээд иртэл Эб ах Эыг цохиод унагаахаар нь одоо дахиж цохихгүй байлгүй гээд байж байтал толгой руу дэвсэхээр нь очиж Эб ахыг тэвэрч аваад болиулсан тэгээд Эб ах хамт ирсэн 2 хүнтэйгээ яваад өгсөн. Тэгээд Эын нүд нь хавдаад эхлэхээр нь эхнэрийг нь аваад машинтай аймгийн эмнэлэгт ирээд үзүүлээд явах гэтэл эмч нар нь заавал цагдаад бүртгүүлэх ёстой гээд байсан. Тэгээд Э нь эхнэр Энхжаргалтай хамт цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Эб ах гайгүй байсан. Э нь нилээн согтсон байсан. Э нь ер нь архи уучихаараа хүн хүн рүү агсараад байдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өглөө Сүхбаатар сум руу явж байхад Эб ах Эад хандан чи согтчихоороо болохгүй байна шүү хамт ирсэн 2 хүн рүү агсараад байсан архи битгий уу гэж хэлдэг биз дээ гээд байсан. Эб ах Эыг гараараа нэг цохиод, хөлөөрөө толгой руу нэг удаа дэвссэн. Өөр зодоонд оролцоод Эыг цохиж зодсон хүн байхгүй... гэх мэдүүлэг/ хх-08-09/,
- Яллагдагч Ц.Эын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Миний хувьд Улаанбаатарт хувиараа бизнес эрхэлдэг юм. 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед миний таньдаг Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байдаг хуурай дүү Э нь над руу яриад надад мөнгөний хэрэг байна их насны морь зарах гэсэн юм та авчих, өөрөө авахгүй бол найзууддаа зараад өг гэсэн. Тэгэхээр нь 12 дугаар сарын 27-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “Б” гэх газар 2 дүүгийн хамт очсон. Тэгээд Эын гэрт хонохоор болоод Эад нэг шил өгсөн тэрийгээ уугаад байж байсан. Би хол яваад ирсэн болохоор унтсан байсан чинь шөнө Эб ахаа гээд гадаа хүн дуудаад байхаар нь сэрээд хартал Э нь надтай хамт байсан хүмүүст агсараад хөөгөөд байсан. Тэгээд Эыг дарж байгаад унтуулсан. Тэгээд маргааш өглөө нь Эад архи уухаа боль чи тавьтаргүй нөхөр байна гэж хэлээд Сүхбаатар сум руу яваад адуу байгаа газар сумаасаа зүүн урагш гэсэн боловч жижиг машинтай ирсэн болохоор цасанд явж болохооргүй болсон. Тэгээд буцахаар болоод сумаас 2 шил архи аваад овоон дээр зогсоод задалсан. Тэгээд Эыг дахиад ганцаараа уугаад агсам тавих байх гээд уг архинаас хамт уусан. Тэгээд замдаа цуг явж байсан Ө гэх айлаар орж нэг шил архи уугаад багцаагаар 16 цагийн үед Эын гадаа очсон. Тэгтэл Э нь агсам тавиад над руу дайраад, мөн найз Ө луугаа дайраад байсан. Тэгэхээр нь би чи боль найз руугаа дайраад гэсэн чинь би хүнээс айхгүй бууя үзье гээд машинаасаа буугаад ирээд над руу дайраад 2 ханцуйн дээрээс бариад зууралдаад байсан. Миний хувьд сахарын өвчтэй болохоор зүрх өвдөөд, дотор давчдаад байсан тэгээд тухайн үедээ уурлаад цохисон. Миний хувьд өөрийн үйлдэлээ зөвтгөж байгаа юм биш гэхдээ хүн өөрийг нь татаж зууралдаад, ноцолдоод байхаар өөр ямар ч арга байхгүй байдалд орсон юм. Тэгээд 12 дугаар сарын 29-нд Эын эхнэртэй нь яриад Эад эм тариаг нь авч өгөөрэй гээд 200.000 төгрөг шилжүүлсэн. Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй миний хувьд Эыг цохиж биед нь гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ зүгээр байж байгаад хүн зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-20/,
- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэд: 1.Д.Эын биед тархи доргилт, зүүн хөмсөг орчим язарсан шарх, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3.Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ / хх-13/,
- 9031 дугаартай Яаралтай тусламжийн хуудас /хх-12/
- Ц.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/
- Ц.Эын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23/
- Ц.Эын Оршин суугаа хаягийн тодорохойлолт /хх-29/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 11 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-35/
- Ц.Эын өөрөө өөрийгөө өмгөөлөх тухай хүсэлт /хх-28 / зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Ц.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан ба хэргийг шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг Б гэх газарт иргэн Д.Эын согтуурсан, агсам тавьсан асуудлын улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь “ тархи доргилт, зүүн хөмсөг орчим язарсан шарх, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Эын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Э, гэрч С.Ө нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна гэж шүүх үзсэн болно.
Ц.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, хохирогч Д.Э нь Ц.Э нартай хамт архи уух явцдаа агсам согтуу тавьсаны улмаас Ц.Э түүнийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний “ Э нь агсам тавиад над руу дайраад, мөн найз Ө руугаа дайраад байсан. Тэгэхээр нь би чи боль найз руугаа дайраад гэсэн чинь би хүнээс айхгүй бууя үзье гээд машинаасаа бууж ирээд над руу дайраад 2 ханцуйн дээрээс бариад зууралдаад байсан. Миний хувьд сахарын өвчтэй болохоор зүрх өвдөөд, дотор давчдаад байсан. Тэгээд тухайн үедээ уурлаад цохисон. Миний хувьд өөрийн үйлдэлээ зөвтгөж байгаа юм биш, гэхдээ хүн өөрийг нь татаж зууралдаад, ноцолдоод байхаар өөр ямар ч арга байхгүй байдалд орсон юм. Тэгээд 12 дугаар сарын 29-нд Эын эхнэртэй нь яриад Эад эм тариаг нь авч өгөөрэй гээд 200.000 төгрөг шилжүүлсэн. Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй миний хувьд Эыг цохиж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ” гэх,
хохирогч Д.Эын “Архи гараад гайгүй болоход аймгийн нэгдсэн эмнэлэгт явж байсан. Тэгээд миний нүүр яачихсан юм бэ? Хэн зодчихсон юм бэ гэхэд Ө нь чи Эб ах руу агсараад дайраад байсан. Тэгсэн Эб ах чамайг зодсон гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирж гомдлоо гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Эб ах манай эхнэр рүү яриад Эдаа эм тариаг нь авч өгөөрэй гээд 200.000 төгрөг шилжүүлсэн байсан. Одоо миний биеийн байдал гайгүй байна. Миний баруун нүд хөхөрч, зүүн хөмсөг сэтэрсэн шархтай байна. Миний хувьд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх,
гэрч С.Өын “ Э нь машинд сууж байхдаа Эб ах руу агсараад зодно гээд байсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад харилцан зодолдохоор болоод машинаас буусан ба би бие засах гээд явсан байсан. Эргээд иртэл Эб ах Эыг цохиод унагаахаар нь одоо дахиж цохихгүй байлгүй гээд байж байтал толгой руу дэвсэхээр нь очиж Эб ахыг тэвэрч аваад болиулсан. Тэгээд Эб ах хамт ирсэн 2 хүнтэйгээ яваад өгсөн. Эын нүд нь хавдаад эхлэхээр нь эхнэрийг нь аваад машинтай аймгийн эмнэлэгт ирээд үзүүлээд явах гэтэл эмч нар нь заавал цагдаад бүртгүүлэх ёстой гэсэн. Э нь эхнэр Энхжаргалтай хамт цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Эб ах гайгүй байсан. Э нь нилээн согтсон байсан. Э нь ер нь архи уучихаараа хүн хүн рүү агсараад байдаг юм ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.
Ц.Э нь гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Түүнчлэн энэ хэрэг гарахад хохирогчийн Д.Эын, шүүгдэгч Ц.Эод агсам, согтуу тавьсан буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг дурдах нь зүйтэй. Энэ талаар гэрч С.Ө “ Э нь машинд сууж байхдаа Эб ах руу агсараад зодно гээд байсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад харилцан зодолдохоор болоод машинаас буусан. Эб ах гайгүй байсан. Э нь нилээн согтсон байсан. Э нь ер нь архи уучихаараа хүн хүн рүү агсараад байдаг юм” гэж мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ц.Эыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Ц.Эын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Ц.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Эод шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Ц.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Ялтан Ц.Эод шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН