| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2009005360815 |
| Дугаар | 2022/ДШМ/1191 |
| Огноо | 2022-12-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2022/ДШМ/1191
2022 12 15 2022/ДШМ/1191
Ү.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Оргилболд,
шүүгдэгч Ү.Мгийн өмгөөлөгч Ж.Буджав,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/975 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Мгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2009005360815 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ү.М нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн нутаг "Цэций" хорооллын 6 дугаар байрны гаднаас Б.Хгийн Хятад улсад үйлдвэрлэсэн Yangang 150 загварын мотоциклийг “түр өгөөч ажил амжуулаад ирье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, "Амиго" нэртэй паб-д иргэн Д.Саас “Хүнээс мөнгө авах гэсэн юм утсаа өгч бай” гэж хуурч оппо загварын гар утсыг залилан авч бусдад 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 1 дүгээр сарын 12-ны орой 20 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах “Холстен” нэртэй пабад зүс таних хохирогч Б.Мийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшлийн “Самсунг А50” загварын гар утсыг “Утсаар чинь ярьчхаад өгье” гэж залилан авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр СүхБ дүүргийн 8 дугаар хороо, 53 дугаар байр 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ундрам” зочид буудалд хохирогч Г.Төд “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний эзэмшлийн айфонь 11 загварын гар утсыг залилан авч 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр УлаанБ хотоос Багануур дүүрэгт буюу Ч.Бын гэрт туслах малчин хийхээр ирээд 2 хоног үхэр хариулж байгаад 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18.00 цагийн орчимд “бэлчээрт байгаа үхэр хараад ирье” гэж хэлээд "Dayun" загварын цэнхэр өнгийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклыг зохиомол байдлыг зориудаар бий болгож залилж авсан,
2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр СүхБ дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө “ланд 200 загварын тээврийн хэрэгсэл түрээсэлдэг ажил эрхэлдэг. Тоёота ланд 200 загварын тээврийн хэрэгслийг 10 хоногийн хугацаагаар 3.000.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж “Салбарт трейд” ХХК-ийн захирал М.Цийг хуурч, улмаар түүнтэй автомашин түрээслэх гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар “Хаан банк”-ны 5009464435 дугаартай иргэн Ж.Бын дансыг ашиглан хохирогч М.Цээс 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 8.280.000 төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
СүхБ дүүргийн прокурорын газраас: Ү.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэст зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Анчин овогт Үнэнбүрэнгийн Мг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад олж авсан итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Залилах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зуйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мгаас 7.920.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хд 1.550.000 төгрөг, хохирогч Г.Төд 2.350.000 төгрөг, хохирогч Д.Ст 280.000 төгрөг, хохирогч Ч.Бт 2.000.000 төгрөг, хохирогч Д.Зд 1.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Даваабилэгт 240.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Ү.М нь иргэний нэхэмжлэгч С.Даваабилэгт 140.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Мэ, иргэний нэхэмжлэгч Ж.Б нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ү.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ү.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/975 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Ү.М миний бие гэмт хэрэгт холбогдон шалгагдах явцад үйлдсэн гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэлд ямар нэгэн маргах зүйлгүй, анхнаас нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхээс 2 жил хорих ялаар шийтгэгдсэн билээ.
Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа бөгөөд хэрэв 461 дүгээр хорих ангид урьдчилан хоригдоогүй бол хохирлынхоо тодорхой хувийг шударгаар хөдөлмөрлөж барагдуулах байсан. Миний хувийн байдал та бүгдийн уншиж танилцсанаар 3 удаагийн ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх боловч би Тэрэлжид байрлалтай нэгэн амралтын газар ажилладаг байсны зэрэгцээ “Гол, мөрөн, нуурын эргийн хамгаалалт” ТББ-д lifeguard буюу усны аврагчийн ажил хийдэг байсан.
Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба бусдад учруулсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Мөн хохирогч болох хүмүүс анхан шатны шүүх хуралдаанд суугаагүй тул биечлэн уучлалт гуйж чадаагүй тул энэ гомдлоор дамжуулж уучлалт гуйж байна.
Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жилийн хорих ялаас тодорхой хэмжээгээр хөнгөлж, цаашид нийгэмд хэрэгтэй хүн болж, засарч хүмүүжихэд минь дэм, урам хайрлан ялын хугацаанаас минь багахан хугацааг хасаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ү.Мгийн өмгөөлөгч Ж.Буджав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. Эрүүгийн хуулийн зорилго гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой. Шүүгдэгч Ү.Мд анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Ганцаараа амьдардаг. Хэдийгээр хамтран амьдрагчтай гэдэг боловч хамтран амьдаргчийнх нь утас холбогддоггүй, тодорхойгүй. Мөн өөрийн гэсэн эд хөрөнгө, өмч хөрөнгөгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулах хүсэлттэй байгаа. Шүүгдэгч Ү.М нь “аль болох богино хугацаанд ял эдэлж гарч ирээд хохирол, төлбөрөө төлж барагдуулмаар байна” гэж байгаа. Иймд шүүгдэгч Ү.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Оргилболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ү.Мгийн хувьд урьд нь 3 удаа ял шийтгүүлсэн бөгөөд 2 ял шийтгэл нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан. Тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 8.280.000 төгрөгийн эд хөрөнгө залилсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Ү.М нь бусдад учруулсан хохирол төлбөрийг тухайн цаг хугацаанд төлөхийн оронд 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх буюу 1 жилийн хугацаанд оргон зайлсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ү.М нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд “...мотоциклоо түр өгөөч ажил амжуулаад ирье, хүнээс мөнгө авах гэсэн юм утсаа өгч бай, мотоциклоор бэлчээрт байгаа үхэр хараад ирье, ланд 200 загварын тээврийн хэрэгслийг түрээслүүлнэ” гэх зэргээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад олж авсан итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнийг шилжүүлэн авч 6 удаагийн үйлдлээр нийт 8.280.000 төгрөгийн эд хөрөнгө залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,
хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх 35-37, 202-208, 245-249, 2хх 107-111, 234-236/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 229/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 230/, хохирлын мөнгө түр хураан авсан тэмдэглэл /1хх 231/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 232/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 122-127/, дансны хуулга /1хх 163, 3хх 51-52/ зэрэг нотлох баримтууд болон,
хохирогч Г.Тийн “...М намайг “гар утсаа өгчих, ярьчихаад өгье” гэхээр нь гар утсаа өгсөн чинь өрөөнөөс гараад буцаж орж ирээгүй. ...Би өөрийн ай фоне 11 загварын гар утсыг залилуулсан. Хохирол нөхөн төлсөн асуудал байхгүй. ...” /1хх 14-19, 20-21/,
хохирогч Б.Хгийн “...Ү.М ирээд “чи тоглоод сууж байх юм уу. Мотоциклоо түр хэрэглүүлээч, хүнтэй уулзчихаад ирье” гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд тоглож дуусахад ирээгүй ба утас руу нь залгахад огт аваагүй. ...Yngang mini 150 загварын цэнхэр өнгөтэй мотоцикл байсан бөгөөд 2.100.000 төгрөгөөр авч байсан. ...” /1хх 177-181/,
хохирогч Б.Мийн “...М нь надад хандаж “гар утсаа өгч бай, ярьчихаад ороод ирье” гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн Самсунг А50 загварын гар утсыг өгөөд гаргасан бөгөөд 15-20 орчим минутын дараа орж ирэхгүй байсан. ...” /1хх 234-236/,
хохирогч Д.Сын “...“Амиго” пабд ажиллаж байтал манайхаар үйлчлүүлээд байдаг залуу надад “утсаа өгч бай” гэж хэлээд миний гар утсыг аваад утсаар ярьж байсан. Тэгээд би ажлаа хийж байгаад хартал тэр залуу гараад явсан байсан. ...” /2хх 103-105/,
хохирогч Ч.Бын “...хөдөө гэрт 2 хоног үхэр хариулаад байж байгаад 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчимд миний цэнхэр өнгийн “Dayun” загварын мотоциклийг унаад үхэрээ харна гэж яваад алга болсон. ...Мотоциклийн хохирлын мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. ...” /2хх 222-226, 227-228/,
хохирогч Д.Згийн “...М нь урьдчилгаа 1.500.000 төгрөг хэрэгтэй гэж хэлээд мөнгө хүсэх өргөдөл дээр Хаан банкны 5009464435 тоот дансыг өгсөн ба 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр захирал Ц өөрийн Хаан банкны 5075068524 тоот данснаас Үнэнбүрэнгийн Мгийн Тоёота ланд крузер-200 загварын тээврийн хэрэгслийн 10 хоногийн түрээсийн мөнгөний урьдчилгааг хий гэсний дагуу 1.500.000 төгрөгийг шилжүүлэн залилсан. ...” /3хх 43-46/,
гэрч Х.Өы “...Заяа гэх залуу манай найз Тийн ай фоне 11 загварын гар утсыг аваад гараад явсан байсан. ...“Манай найз Заяа миний гар утсыг аваад гарсан, хаачсан юм бэ” гээд хайсан боловч олоогүй. ...” /1хх 24-25/,
гэрч О.Мы “...Х компьютер дээр тоглоод сууж байхад гаднаас М орж ирээд Хтэй уулзаад “мотоциклоо өгчих хүнтэй уулзаад гэрт хувцасаа тавьчихаад ирье” гээд мотоциклийг нь аваад явсан. ...” /1хх 184-185/,
гэрч Ж.Бын “...Би Хаан банкны 5009464435 тоот дансыг 2013 оноос эхлэн эзэмшиж байна. 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр М нь УлаанБ хот руу явж хүнтэй уулзана” гэж хэлээд явсан. Гэтэл М нь тухайн өдрийнхөө орой нь “мөнгө авсан” гээд ирсэн. Тэгээд “юун мөнгө юм бэ” гэж асуухад “хүнд эргүүлээд өгнө” гэж хэлээд зээлсэн байгаа гэж хэлж байсан, мөнгөө М нь өөрөө үрж дуусгасан. ...” /3хх 50/,
иргэний хариуцагч Ж.Бын “...Камерыг 1.600.000 төгрөгөөр хийнэ гээд М надаас 800.000 төгрөг шилжүүлж авсан. ...М цэнхэр өнгийн банктай мотоцикл надад үлдээгээд 800.000 төгрөг дахин аваад явсан. ...Би 1.600.000 төгрөгөө авч байж мотоцикл өгнө. Тухайн мотоциклийг огт унаагүй ажил дээр байгаа. Түлхүүр болон бусад зүйл Хд байгаа. ...” /1хх 186-189/,
иргэний нэхэмжлэгч С.Даваабилэгийн “...би тухайн гар утсыг 380.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Би 140.000 төгрөгийг хүлээн авсан ба үлдсэн 240.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 237-238/,
яллагдагч Ү.Мгийн “...сүүлд ирсэн эмэгтэйн гар утсыг гуйгаад “түр хэрэглүүлж байгаач, хүнтэй ярьчихаад өгье” гэж хэлээд гар утсыг нь аваад явсан. ...Х гэж залуугийн мотоциклийг би “ажил амжуулчихаад ирье” гээд аваад явсан. Хгийн мотоциклийг Б ахад “өөрийн мотоцикл” гэж худал хэлээд 1.600.000 төгрөгөөр зарсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо төлж барагдуулна. ...Би 2022 оны 7 дугаар сарын эхээр Ланд 200 загварын машин түрээслэнэ гэсэн ба 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Салбар трейд” гэх байгууллага дээр очиж гэрээ хийж 1.300.000 төгрөг урьдчилж аваад явсан. ...” /1хх 101, 216-217, 2хх 73-74, 245-246, 3хх 61-62/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Ү.Мг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад олж авсан итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнийг шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ү.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ү.Мд тухайн зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Шүүгдэгч Ү.Мгаас гаргасан “...би усны аврагчийн ажил хийдэг байсан бөгөөд хохирлоо хөдөлмөрлөж барагдуулах байсан. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан хэдий ч тэрээр “гол мөрөн, нуурын эргийн хамгаалалт” ТББ-д усны аврагчийн ажил хийдэг талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/975 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ү.Мгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/975 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 62 хоног /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ