Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 119

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Б.*******, Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                               

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас овогт гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ******* овогт Баярхүүгийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707001570046 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамтаар ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн ******* дугаартай, овогт гийн *******,

Монгол Улсын иргэн, 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамтаар ,,, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн дугаартай, ******* овогт Баярхүүгийн *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ч.******* нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний шөнө Нийслэлийн Налайх дүүргийн тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ууж согтуурсан байх үедээ хэрүүл маргаан үүсгэж Б.*******ын нүүрэн тус газарт хоолны төмөр саваар цохиж баруун хөмсгөнд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Б.*******гийн үснээс зулгааж, зууралдах явцдаа толгой, цээж бугалга, гуян тус газарт нь цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан,

Яллагдагч Б.******* нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний шөнө Нийслэлийн Налайх дүүргийн тоотод Ч.*******тай гэр бүлийн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, үснээс нь зулгааж, зууралдах явцдаа баруун бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.******* нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний шөнө Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хорооллын 3 дугаар байр 38 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ууж согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж, Б.*******ын нүүрэн тус газарт хоолны төмөр саваар цохиж баруун хөмсгөнд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Б.*******гийн үснээс зулгааж, зууралдах явцдаа толгой, цээж бугалга, гуян тус газарт нь цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний шөнө Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хорооллын 3 дугаар байр 38 тоотод Ч.*******тай гэр бүлийн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, үснээс нь зулгааж, зууралдах явцдаа баруун бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******гийн өгсөн: “Би гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “Би гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ын өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэртээ засвар хийж байсан. Б.*******гийн нөхрөөр тавилга угсаруулахаар хүлээгээд сууж байсан юм. Б.******* манайд ирж “манай нөхөр Налайхад найзуудтайгаа хамт пиво ууж байгаа гэнэ, нөхөр машинтай явж байгаа хоёулаа хамт очоод аваад ирье” гэж хэлсэн. Тэгээд би Б.*******тай хамт Налайхад ирээд, шууд Шинэ Налайх хороололд тухайн айлд очсон. Бид хоёр хаалгыг нь тогшиход, онгорхой байсан. Б.******* гэрт орсон. Би гадаа нь үлдсэн. Гэтэл Б.*******гийн дуу чангарахаар нь би араас нь ороход Ч.*******, нөхрийн хамт орон дээр сууж байсан. Айлын эзэгтэй Б.******* хоёр хамт зогсож байсан. Айлын эзэн “айлд хэрэлдэхгүй шүү” гэж хэлэхээр нь би дуугүй зогсож байхад ******* намайг “чи юун хүүхэн бэ” гэж хэлээд миний мөрөн дээр гараа дарахаар нь би “наад бузар гараа ав” гэж хэлсэн. Тэгээд Б.*******, Ч.******* хоёр муудалцаж, гэрийн эзэн, *******гийн нөхөр хоёр маргааныг салгасан. Тэгээд *******гийн нөхөр хувцсаа өмсөөд, би хаалганы хажууд тортой хувцасыг бариад зосч байхад толгой дээр юм унасан. Толгой их өвдсөн. Тэгээд шууд эмнэлэг явсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би нөхөр тай 19 цаг өнгөрч байхад ярихад “хүмүүстэй пиво уугаад сууж байна удахгүй очино” гэсэн ба түүнээс хойш залгахаар утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь гудамжинд явж байсан хүнийг гуйгаад тэр хүнээр ы өмнө нь явж байсан эмэгтэй ******* руу залгуулахад ******* согтуу утсаа авсан ба “хаан байна хүргэлтээр явж байна” гэж асуулгахад “Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ Налайх 3-38 тоотод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз *******ын гэрт очоод “цуг Налайх ороод манай нөхрийг аваад ирье” гэхэд “тэгье” гээд бид 2 Налайх дүүрэгт ирээд Шинэ Налайх 3-38 тоотод очоод гадна чагнахад “явъя” гээд цаанаас нь нэг эмэгтэй “одоо орой болчихсон явж яах гээд байгаа юм бэ” гээд байсан ба би дуугаар нь таниад хаалгыг нь таттал онгойчихсон. Тэгээд би явж ортол гэрийн эзэн эмэгтэй нь “гэрт хэрүүл хийхгүй шүү” гэхээр нь би “хэрүүл хийхгүй нөхрийгөө аваад гарна” гэж хэлээд цааш ороход ******* ыг тэврээд сууж байсан ба би “аа явъя” гэхэд босох гээд өндийхөөр тэр эмэгтэй явуулахгүй гээд татаад суугаад байсан. Тэгээд би *******д “урьд чи цагдаагаар явж яаж саллаа” гэхэд “за тиймээ” гээд тэр 2 босоод манай нөхөр гутлаа өмсөж байхад ******* “энэ хэн юм” гэхээр нь би “миний найз” гэхэд мөрөн дээр нь гараа тавих гэтэл ******* “наад гараа ав” гэсэн чинь уурлаад намайг шууд намайг үсдэж чирээд цаад өрөө рүүгээ татаад байсан ба би нэлээн ноцолдоод салгасан. Тэгээд би гарах гээд байж байтал ******* төмөр сав барьж ирээд шууд манай найз *******ын баруун хөмсгийг цохиж сэтлээд цус нь гарсан. Тэгэхээр нь савыг нь газраас аваад эргээд хартал ******* тэр савыг булааж аваад миний дагз руу нэг удаа цохисон. Тэгээд толгой өвдөөд тонгойгоод байж байхад нөгөө айлын эзэн эмэгтэй “гарцгаа” гээд бид нарыг гаргасан. Тэгээд бид нар цагдаа дуудаад би тэндээ цагдааг хүлээсэн ба , ******* хоёр эмнэлэг ороод *******ын шархан дээр оёдол тавиулаад ирсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Т.*******гийн өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байхад над руу залгаад “байрны чинь гадаа байна гараад ир” гэхээр нь зөвшөөрөөд гартал ганцаараа зогсож байсан ба “Оросын холбооны улс руу явахаар болсон жаахан юм ярья” гэхээр нь зөвшөөрөөд “гийн гэрт очъё” гээд бид 2 такси бариад Шинэ Налайх хороололд байрлах гийн гэрт очсон юм. Замаараа дэлгүүрээс 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво авсан ба гийн гэрт ороход ганцаараа байсан. Ингээд пиво уугаагүй ба бид 2 пиво хувааж ууж дуусгаад манай ангид харуул ажилтай Энх-Эрдэнийг дуудаад “гадаа ирчихлээ” гэхээр нь хүргүүлэхээр гарах гэтэл хаалга тогшоод очоод хаалгаа онгойлгоход ы эхнэр ******* найз *******ын хамт орж ирсэн. Тэгээд *******, ******* нар намайг “бузар хүүхэн минь” гэх мэтчилэн хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би урдаас нь очоод зогсоход *******, ******* нар миний 2 талаас гарнаас зуураад би тавиулж холдох гээд бужигналдаад явсан ба намайг хэн нь өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна ямар ч байсан миний хөл рүү өшиглөөд байх шиг байсан ба үснээс бас зулгаагаад  би *******гийн үснээс зулгаагаад харилцан бие биенийхээ үснээс зулгаалцаж байгаад бид 2 бие биенээ тавиад холдохдоо би шүүгээн дээр хэвтэж байсан хоолны савыг аваад шидэхэд *******ын духан дээр оноод цус гараад явчихсан. Би уг нь бол савыг хүн гэмтээх гэж шидээгүй ба санамсаргүй байдлаар шидэхэд *******ыг оносон. Тэгээд *******, ******* нар гараад явсан ба удалгүй цагдаагаас дуудаад хэлтэс дээр ирсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25 дугаар тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.*******гийн яллагдагчаар өгсөн: “ Би урьд 2 удаа хохирогчоор мэдүүлэг өгсөн. Ингэж мэдүүлэг өгөхдөө бүгдийг тодорхой ярьсан. Одоо ахиад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 53 дугаар тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.*******гийн яллагдагчаар өгсөн: “ Миний бие хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан. Одоо дээр нь нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 58 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.ы өгсөн: “ 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед *******гийн гэрч очоод дуудаад бид 2 хамтдаа 0,5 литрийн 4 лааз пиво аваад тэрийгээ 2, 2-оор нь хувааж ууж дуусгаад гийн гэрт очихоор ярилцаад 2,5 литрийн том пиво аваад гэрт нь очоод бид 3 пивоо хувааж ууж дуусгаад 23 цагийн үед болов уу гэртээ харихаар цэргийн ангийн жижүүрийн автомашиныг дуудаад сууж байсан ба уусан архиндаа согтоод тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд манай эхнэр болон ******* нар ирчихсэн байсан ба гийн гэрээс гараад орцонд явж байсан ба ******* толгойгоо даавуугаар тарчихсан “хагарчихлаа” гээд орцноос гарахад намайг авах машин ирчихсэн байхаар нь *******, ******* бид 3 машинд суугаад шууд эмнэлэг дээр очоод *******ын толгойг боолгоод байж байтал цагдаагаас дуудаад эмнэлгээс гараад шууд цагдаагийн хэлтэс дээр ирсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 28-29 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч О.гийн өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн үед намайг гэртээ байхад гаднаас найзууд болох , ******* нар 2,5 литрийн хуванцар савтай боргио пиво, 3-4 лааз 0,5 литрийн пиво барьсан орж ирээд *******, 2 хувааж уугаад би ажилтай байсан учир уугаагүй сууж байтал 22 цагийн үед ангийн жижүүр рүү залгаад унаа дуудаад ажил руугаа явъя гээд байж байтал хаалга нүдэхээр нь хаалгаа тайлахад ы эхнэр ******* түүний найз ******* нар байсан ба шууд уурласан байдалтай хаалгаар дайраад ороод ирэхээр нь хэрүүл маргаан болох нь гэж бодоод гадаа гарч хэрүүл маргаан хийгээрэй гэрт битгий маргалдаж муудалцаарай гэж хэлэхэд ******* “би *******д ганцхан үг хэлээд орхъё” гэснээ *******д хандаж “нөхөртэй минь удаа дараа уулзлаа, өмнө нь бас асуудал үүссэн биз дээ” гэж хэлэхэд *******, нар буйдан дээр сууж байгаад босч ирээд гутлаа өмсөхөд ******* руу *******, ******* нар шууд дайрч *******гийн 2 талаас зууралдаад авахаар нь би *******ын гарнаас нь татаад үүд рүүгээ түлхээд “та гарч бай” гэж хэлээд гэрээсээ гаргсан. Буцаад ороод ирэхээр нь хоёуланг нь 2 гараа алдлаад хамаж аваад түлхээд гаргах гээд түлхэж байтал ******* гал тогооны өрөөний тавиур дээр байсан төмөр дунд зэргийн хоол хийдэг 3 литрийн савыг аваад шидэхэд *******ын духан дээр цохиход *******ын духнаас нь цус гойжоод толгойгоо бариад гарсан ба ******* ч дагаад гарсан. энэ хооронд согтсон байсан болохоор гутлаа өмсөх гэж удсаар байгаад араас нь дагаад гарсан ба ******* цагдаа дуудна гээд гараад явцгаасан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №08шэ/419 дүгээр:

  1. *******гийн биед тархи доргилт, цээж, баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, толгойн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,

/хх-ийн 36 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №08шэ/420 дугаар:

  1. *******ын биед баруун хөмсгөнд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,

/хх-ийн 39 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №08шэ/434 дугаар:

  1. *******гийн биед баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуяанд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,

/хх-ийн 41 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 60, 124 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 62, 115 дугаар тал/

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тодорхойлолт,

/хх-ийн 73 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 125 дугаар тал/

Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тодорхойлолт /хх-ийн 127 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд тэдэнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Ч.*******, Б.******* нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.*******д олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан Ч.*******д 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 750,000 төгрөгөөр, Б.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих төмөр хоолны сав 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ч.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт гийн *******г олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, ******* овогт Баярхүүгийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.*******д 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сар хүртэл хугацаанд, Б.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч.*******, Б.******* нарт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хоолны сав 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, Ч.*******, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ