Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/ШШ2024/0013

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Нын нэхэмжлэлтэй захиргааны

 хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Нэхэмжлэгч: Н.Н

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Өмгөөлөгч А.Г*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/08 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”

Гомдол гаргасан тогтоол: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Өмгөөлөгч А.Г*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/08 дугаартай тогтоол

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, иргэдийн төлөөлөгч Ё.А*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 221/2024/0017/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Н нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Өмгөөлөгч А.Г*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/08 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Өмгөөлөгч А.Г*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/08 дугаартай тогтоолоор Өмгөөлөгч А.Г******* нь Өмгөөллийн тухай хууль болон Ёс зүйн дүрэм зөрчөөгүй гэж үзэж холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.Н дараах үндэслэлээр мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Н.Н миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд холбогдон шалгуулж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жил 2 сарын зорчих эрх хязгаарлуулах ялаар шийтгүүлсэн. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хохирогч гэх иргэдийн гаргасан гомдол, мэдээлэлтэй холбогдуулан бид нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн явуулсан. Намайг 2023 оны 02 дугаар сарын 09-ны өглөөний 9 цагийн орчим иргэн Хуягбаатарын гэрт хамтран амьдрагч мөн хэргийн холбогдогч С.Б*******ын хамт унтаж байхад цагдаагийн мөрдөгч ирж цагдаагийн газарт албадан хүргэсэн ба тухайн өдрийн 20 цаг 40 минут хүртэл огт хоол, ундгүйгээр өлсгөн цангааж, ядарч” сульдуулж байсны эцэст мөрдөгч өөрийн эрхшээлдээ оруулснаар хамтран амьдрагчийн маань эсрэг гэрчийн мэдүүлэг авсан.

3.2. Шүүгдэгч нарын зүгээс дээрх ажиллагааг хууль зөрчсөн үйлдэл гэж үздэг бөгөөд Улсын яллагчаас надад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан. Тогтоолтой танилцуулах ажиллагааг Мөрдөгчийн зүгээс тухайн өдрөө явуулсан бөгөөд ийнхүү танилцуулахдаа өмнөх гэрчийн мэдүүлгээсээ зөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг хэлж хэд хэдэн баримтад гарын үсэг зуруулсан. Яллагдагчаар татсан тогтоолтой холбогдуулж мэдүүлэг авсан бөгөөд тухайн цаг мөчид надад хэн нэгэн өмгөөлөгч ямарваа хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлээгүй, өөрөөр хэлбэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.Г******* огт хамт байлцаагүй.

3.3. Иймд миний зүгээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор, мөн хууль бус эс үйлдэхүйн улмаас шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордсонтой холбоотойгоор өмгөөлөгч А.Г*******д холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Миний гаргасан гомдлын дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооны хариуцлагын хорооноос томилогдсон хянан шалгагч Ц.М******* нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөгч Э.М*******тэй утсаар холбогдож мэдээлэл авсан, мөн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд очиж шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн болох нь Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/08 дугаартай "Өмгөөлөгч А.Г*******д холбогдох маргааны тухай" тогтоолын "хуралдааны явцад шинжлэн судлагдсан баримтууд" хэсгээс тодорхой харагдаж байна.

3.4. Дээрх ажиллагаануудаас харахад нэгдүгээрт, ашиг сонирхол нэгдмэл бүхий мөрдөгчөөс авсан мэдүүлэгт үндэслэсэн, хоёрдугаарт, шүүхэд цугларсан нотлох баримтуудад дутуу үзлэг хийгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн гомдол гаргагчид дээрх шинжлэн судлагдсан гэх баримтуудыг огт танилцуулж байгаагүй төдийгүй энэ талаар тайлбар, мэдүүлэг авч байгаагүй нь гомдол гаргагчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Мөрдөгчийн хувьд тухайн өмгөөлөгчийг гуйж мэдүүлэгт байлцуулсан гэх бөгөөд гомдол гаргагчтай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ мөрдөгчтэй ярьсан тэмдэглэл нь миний эсрэг үйл баримт болсон. Хавтаст хэрэгт хийсэн үзлэгийн хувьд өмгөөлөгч А.Г******* нь яллагдагчаас мэдүүлэг авах үед байлцсан гэх боловч зөвхөн яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн сүүлийн хуудсанд гарын үсэг зурсан байдаг. Тэрээр шүүгдэгч Н.Ныг яллагдагчаар татсан тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл, яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа зэрэг баримт бичигт бичигдсэн "өмгөөлөгч" гэсэн бичвэр хэсэгт огт гарын үсэг зураагүй байдаг.

3.5. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч А.Г******* нь яллагдагчаас мэдүүлэг авахад байлцаагүй, цагдаагийн мөрдөгчийн гуйлтаар "Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл" гарын үсгээ нөхөн зурсан болох нь илт байна. Энэ нь өмгөөлөгч А.Г******* яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлээгүй болохыг нотолж байна. Эрүүгийн хэргийн шүүгдэгч Н.Н миний зүгээс "анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад яллагдагчаар мэдүүлэг авахад ямар нэг өмгөөлөгч байлцаагүй" гэдгээ удаа дараа илэрхийлдэг.

3.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг өмгөөлөгчөө сонгох боломжоор хангахдаа шүүгч, прокурор, мөрдөгч тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

3.7. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс тухайн өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хууль зүйн туслалцааны төвд хандан яллагдагч Н.Нд өмгөөлөгч томилуулах хүсэлтээ 28иб²/2041 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Миний бие төлбөргүй чадваргүй иргэн тул цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах журмыг хуулиар тогтооно" гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж дээрх албан бичгийг хүргүүлсэн гэж ойлгож байна.

3.8. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана" гэсэн, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана" гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн.

3.9. Хянан шалгагч Ц.М******* нь гомдол гаргагчтай холбоотой эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан хавтаст хэрэгт дутуу дулимаг үзлэг хийж тэмдэглэл үйлдэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдэд танилцуулсан нь гомдол гаргагч миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан үйлдэл болсон гэж үзэж байна. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн маргаан таслан хурлаар өмгөөлөгч А. Г*******г илтэд хамгаалж, гомдол гаргагчийн гомдлыг илтэд гуйвуулж байсанд гомдолтой байна.

3.10. Хурлаас тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын тодорхойлох хэсэгт "Н.Н миний бие Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 02 сарын 7-ны өдөр дуудлагаар 2023 оны 02 сарын 9-ний өдөр очиж мэдүүлэг өгсөн" хэмээн дүгнэсэн байх бөгөөд эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, мөн миний тухайн маргаан таслах хуралд өгсөн тайлбар мэдүүлэгтэй огт нийцдэггүй. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09 цагийн үед хамтран амьдрагч С.Б*******ын хамтаар цагдаагийн мөрдөгч Э.М*******гийн албадлагаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэгдэж, улмаар тухайн өдрийн орой 20 цаг 40 минутад ядарч, сульдсан үедээ гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг.

3.11. Мөн тус маргаан таслах хуралд өмгөөлөгч А.Г******* нь мөрдөгчийн гуйлтаар оролцсон, яллагдагчтай ганцаарчилж уулзсан, татгалзал асуусан, үнэн зөв мэдүүлэг өгөх хэрэгтэй гэж зөвлөсөн гэх боловч энэ талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй. Түүнчлэн хариуцагчийн тайлбар хэсэгт "Уг нь би өөрөө хүсэлтийг нь бичиж өгсөн юм, олохгүй байгаа" гэх бөгөөд дээрх хүсэлт нь хавтаст хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн байр суурийг нотлох баримт болж үнэлэгдэх боломжгүй юм. Нэхэмжлэгч Н.Н миний зүгээс Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байсан боловч энэхүү эрх хязгаарлагдсан тул ганцаар оролцож болсон үйл явдлыг баримтад тулгуурлан ярьсан.

3.12. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурал нь эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад дутуу үзлэг хийсэн тэмдэглэл, мөн хариуцагчтай ашиг сонирхол нэгдмэл мөрдөгч Э.М*******гөөс авсан мэдүүлэг зэрэгт үндэслэн гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг эсрэг МТ/2024/08 дугаартай тогтоол гаргасанд гомдолтой байна.

3.13. Уг тогтоолын "Үндэслэх нь" хэсэгт "Н.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг өөрийнх нь болон бусад эрүүгийн хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар тогтоогдоогүй болохыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байна" гэж үзсэн нь нотлох баримтыг дутуу шинжлэн судалсан болохыг харуулж байна.

3.14. Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/08 дугаартай "Өмгөөлөгч А. Г*******д холбогдох маргааны тухай" тогтоол батлахдаа Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна” гэсэн хуулийн заалт зөрчигдөөгүй гэж дүгнэсэн байх тул тогтоолыг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1 “...Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо 2024 оны 02 сарын 20-ны өдөр хуралдаж, өмгөөлөгч А.Г*******д холбогдох маргааныг хэлэлцсэн. Тус хурлаас 2024/08 гэсэн дугаартай тогтоол гарсан. Тогтоолоор хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч А.Г******* нь  үйлчлүүлэгчдэдээ гэрээ байгуулаагүй оролцсон нь буруутай. Энэ талаар хариуцагчдад анхааруулж, цаашид ийм байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байхыг сануулсан байдаг. Н.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь өөрийнх нь болон бусад эрүүгийн хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн байдаг. Ингэж дүгнэхдээ хуралдааны явцад 7 баримтыг шинжлэн судалсан. Үүнд 2023 оны 11 сарын 26-ны өдөр Н.Наас тус хороонд гаргасан гомдол, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч н.М*******гийн 2023 оны 05 сарын 23-ны өдөр яллагдагч Н.Наас авсан мэдүүлэг. Энэ 23-ны өдөр гэдэг нь 25-ны өдөр байсныг 23-ны өдөр гэж техникийн алдаа гарсан байх гэж ойлгож байна. 3 дугаарт хариуцагч н.Г*******гийн хариу тайлбар, 4 дүгээрт хянан шалгагчийн 2023 оны 11 сарын 22-ны өдөр мөрдөгч н.М*******тэй утсаар ярьсан тэмдэглэлийг шинжлэн судалсан байдаг. Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 10 сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2023 оны 05 сарын 25-ны өдрийн Хууль зүйн туслалцааны төвд Н.Нд өмгөөлөгч томилуулах тухай албан бичиг, хянан шалгагч Ц.М*******гийн 2024 оны 02 сарын 15-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхэд очиж н.А*******, н.Б*******, н.А*******, Н.Н нарт холбогдох 230900000339 дугаартай эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бол шинжлэн судалсан.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс шинжлэн судалсан эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, сүүлд хэлэлцсэн материалтай холбогдуулан гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт авагдсан баримтад өмгөөлөгч А.Г******* зөвхөн яллагдагчаар татсан тогтоолд гарын үсэг нь зурагдсан байдаг. Бусад хувийн баталгаа болон хавтаст хэргийн 1, 2 дугаар хавтаст авагдсан баримтууд дээр гарын үсэг зураагүйгээс гадна өмгөөлөгч А.Г*******гийн нэр нь бичигдээгүй байдаг. Зөвхөн тухайн тэмдэглэл дээр л бичигдсэн байдаг. Энэ асуудлыг Мэргэжлийн хариуцлагын хороо дүгнэж үзээгүй. Энэ асуудлыг бол хянан шалгагч дутуу шалгаж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны хурлаар оруулсан гэж ойлгож байгаа.

4.3. Мөн мөрдөгч н.М*******гөөс утсаар ярьж тэмдэглэл үйлдсэн гэж байгаа. Мөрдөгч н.М******* нь А.Г******* өмгөөлөгчийг тухайн өдөр явж байхад нь дуудаж, танилын журмаар мэдүүлэгт суугаад өгөөч ээ гэж хэлсэн гэж тайлбарладаг. Энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа учир өмгөөлөгч н.Г*******д холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хандсан байдаг. Гэтэл ашиг сонирхол нэг этгээдээс мэдүүлэг авч, мэдүүлгийг тогтоолын  үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм.

4.4. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар үйлчлүүлэгчтэй бичгээр гэрээ байгуулсан байхыг шаарддаг. Өмгөөлөгч А.Г*******гийн хувьд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй. Түүнийг мэдүүлэг авах явцад байлцаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мэргэжлийн хариуцлагын хороо гэрээ байгуулаагүй нь буруу, цаашид энэ байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орохгүй байхыг сануулж, А.Г******* нь Монголын өмгөөллийн тухай хууль болон Ёс зүйн дүрэм зөрчөөгүй тул түүнд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг тогтоогоогүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлд нотлох баримт цуглуулах ажиллааг дутуу явуулсан гэдэг үндэслэлээр хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иймээс тухайн тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

5.1. “...Мэргэжлийн хариуцлагын хороонд иргэн Н.Наас "Миний бие Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2 сарын 7-ны өдөр дуудлагаар 2023 оны 2 сарын 9-ний өдөр очиж мэдүүлж өгсөн. 2023 оны 5 сарын 25-ны өдөр надаас ганцаараа байхад мэдүүлэг авсан бөгөөд 2023 оны 5 сарын 25-ны өдөр 0230 дугаартай А.Г******* өмгөөлөгчтэй мэдүүлэг хэргийн хавтаст байгаад байгаа тул би ийм өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч байгаагүй, бас энэ мэдүүлэг нь миний эсрэг миний өгөөгүй мэдүүлэг байгаад маш их гомдолтой байна" гэх гомдлыг гаргасан.

5.2 Дээрх гомдлыг Маргаан хянан шийдвэрлэх журамд заасны дагуу маргаан үүсгэн хянан шалгасан. Н. Нын Маргааны материалтай танилцуулаагүй, тайлбар аваагүй гэх гомдлын үндэслэлийн тухайд, Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч Н.Нд 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Маргаан хянан шийдвэрлэх журмын 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-т заасан эрх үүргийн танилцуулж, гомдолд холбоотой тайлбар авсан байдаг.

5.3. Эрүүгийн хэрэгт дутуу дулимаг үзлэг хийсэн гэх тухайд, Мэргэжлийн хариуцлагын хороо нь зөвхөн гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд өмгөөлөгч хууль болон ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг шалгах ажиллагаа явуулдаг бөгөөд Н.Н болон холбогдсон бусад этгээдүүдэд холбогдох эрүүгийн 230900000339 дугаартай 3 хавтас хэргээс маргаанд ач холбогдолтой хэсгийг судалж тэмдэглэл хийж авсан байдаг.

5.4. Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар өмгөөлөгч А.Г******* нь 1 удаагийн мэдүүлэг өгөхөд байлцсан нь Нын эрх ашгийг дордуулсан үйлдэл гэж үзээгүй бөгөөд Н.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг өөрийнх нь болон бусад эрүүгийн хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар тогтоогдоогүй болохыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1026 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байсан тул А.Г*******д холбогдох маргааныг хэлэлцэж Н. Нын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/08 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, Н.Нын гаргасан гомдлыг хангахгүй орхино уу” гэжээ.

6. Иргэдийн төлөөлөгч Ё.А******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Н нь өөрийнхөө мэдүүлгийг өгснөөр хамтран амьдрагч С.Б******* нь яллагдлаа гэж өмгөөлөгч А.Г*******г буруутгаж байгааг нь би үндэслэлгүй гэж үзэж байна. А.Г******* нь өөрийнхөө ажил үүргийг гүйцэтгэн, 1 удаагийн өмгөөлөлд нь оролцсон болно. Нэхэмжлэл гаргасан төлбөрийг нь авахгүй байвал зүгээр байна” гэсэн болно.

ХЯНАВАЛ:

1. Шүүх, нэхэмжлэгч Н.Наас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд үндэслэн хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Н.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өмгөөлөгч А.Г*******д холбогдуулан “Хавтаст хэрэгт 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг А.Г******* өмгөөлөгчтэй гэж хуурамч баримт бүрдүүлсэн тул шалгаж арга хэмжээ авч өгнө үү” гэж гомдол гаргаж, улмаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Өмгөөлөгч А.Г*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/08 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

3. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар өмгөөлөгч А.Г*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Н.Нын ирүүлсэн гомдлыг хянан хэлэлцээд Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Н.Наас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн  яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан. Тогтоолтой танилцуулах ажиллагааг мөрдөгчийн зүгээс тухайн өдрөө явуулсан бөгөөд ийнхүү танилцуулахдаа өмнөх гэрчийн мэдүүлгээсээ зөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг хэлж хэд хэдэн баримтад гарын үсэг зуруулсан. Яллагдагчаар татсан тогтоолтой холбогдуулж мэдүүлэг авсан бөгөөд тухайн цаг мөчид надад хэн нэгэн өмгөөлөгч ямарваа хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлээгүй, өөрөөр хэлбэл өмгөөлөгч А.Г******* огт хамт байлцаагүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд энэ талаар дурдсан боловч яллагдагчаар татсан тогтоолтой холбогдуулан авсан мэдүүлэгт өмгөөлөгч А.Г******* нь гарын үсэг зурсан байдлыг үндэслэл болгон түүнийг мэдүүлэгт хамт байлцсан гэж дүгнэсэн. Иймд өмгөөлөгчийг Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд Н.Нд холбогдуулан яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагаанд оролцоогүй болохыг тогтоож өгнө” үү гэж тодорхойлон маргаан үүсгэж байна.

5. Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна” гэж заажээ.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2309000000339 дүгээр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, уг тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа дээр мөрдөгч Э.М*******, яллагдагч Н.Н нар гарын үсэг зурж, харин яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд мөрдөгч Э.М*******, яллагдагч Н.Н, өмгөөлөгч А.Г******* нар гарын үсэг зурсан зурсан болох нь тогтоогдож байна.

7. Энэхүү үйл явдлын талаар өмгөөлөгч А.Г******* “...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн хэлтэс дээр ажилтай явж байхад мөрдөгч Э.М******* тааралдаад нэг хүнээс мэдүүлэг авах гэсэн юм, байцаалтад суугаад өгөөч гэсэн. Н.Ныг надтай уулзуулаад, түүнээс өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу гэхэд тэр зөвшөөрсөн. Би Н.Нтай ганцаарчилж уулзаад, болсон явдлыг үнэн зөв ярих хэрэгтэй гэж зөвлөсөн. Ингээд түүнээс намайг байлцуулан мэдүүлэг авсан. Байцаалтын явцад болсон явдлын талаар ярьж байсан. Эцэст үнэн зөв мэдүүллээ гэж Н.Н гарын үсэг зурсан. Өмгөөлөгч миний бие ч гарын үсэг зурсан.” гэж тайлбарлажээ.

8. Харин маргаан шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч А.Г******* нь Н.Нын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагаанд нэг удаа оролцсон болох нь маргаан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хэдий ч Н.Наас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргуулсан болох нь тогтоогдоогүй, учир нь өмгөөлөгч А.Г******* “...уг нь би өөрөө хүсэлтийг нь бичиж өгсөн юм, олохгүй байгаа...” гэж тайлбарлах хэдий ч энэ баримт маргаан шалгах ажиллагааны явцад авагдаагүй, шинжлэн судлагдаагүй байна.

9. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 26 дугаар зүйлд Өмгөөлөгч хууль зүйн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үндэслэлийг дурьдан зааж, 26.1-д “Хууль, эсхүл энэ дүрэм, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгч хэрэг, маргааныг бүрэн шийдвэрлэж дуусахаас өмнө үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзахыг хориглоно”, 26.2-д “Өмгөөлөгч нь дараах нөхцөлд үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй: 26.2.1-т “үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлснээр хууль, эсхүл энэ дүрмийг зөрчихөөр бол” гэж зааснаас үзэхэд өмгөөлөгч А.Г*******гийн яллагдагчаас мэдүүлэг авахад өмгөөлөгчийн хувиар нэг удаа оролцсон үйлдлийн улмаас нэхэмжлэгч Н.Нын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

10. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 28нб2/2041 дүгээр албан бичгээр тус дүүргийн Хууль зүйн туслалцааны төвд хандаж, “Тус тасагт шалгагдаж байгаа эрүүгийн 2309000000339 дугаартай хэрэгт Нацагпүрэвийн Н /РД:ЕД83120363/ нь төлбөрийн чадваргүй иргэн байх тул түүний өмгөөлүүлэх эрхийг хангах зорилгоор өмгөөлөгч томилон оролцуулж хамтран ажиллана уу” гэжээ.

11. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Н өмгөөлөгч Д.Г*******ын хамт өмгөөлүүлж оролцсон болох нь мөн тогтоогдсон байхад өмгөөлөгч А.Г*******г нэхэмжлэгч Н.Нтай хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

12. Мөн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “...миний бие 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн өглөөний 09 цагт хамтран амьдрагч С.Б*******ын хамт цагдаагийн мөрдөгч Э.М*******гийн албадлагаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргэгдэж, улмаар тухайн өдрийн орой 20 цаг 40 минутад ядарч сульдсан үедээ мэдүүлэг өгсөн” гэж тайлбарлан маргасан хэдий ч “Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл”-д мэдүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 10 минутад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд эхлүүлж,18 цаг 45 минутад дуусгаж, яллагдагч Н.Н болон өмгөөлөгч А.Г*******д уншуулж танилцуулан, гарын үсэг зуруулав гэж тэмдэглэгдсэн байгааг дурьдах нь зүйтэй

13. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч А.Г*******д холбогдох маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т нийцүүлж шийдвэр гаргасан байх тул гомдол гаргагчийн “Мэргэжлийн хариуцлагын хороо хянан шалгах ажиллагааг дутуу явуулсан, өмгөөлөгч А.Г******* нь яллагдагчаас мэдүүлэг авахад байлцаагүй, яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлээгүй“ гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

14. Шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгч Ё.А*******гийн хэлсэн тайлбар болон бичгээр гаргасан “...Н.Н нь өөрийнхөө мэдүүлгийг өгснөөр хамтран амьдрагч С.Б******* нь яллагдлаа гэж өмгөөлөгч А.Г*******г буруутгаж байгааг нь би үндэслэлгүй гэж үзэж байна. А.Г******* нь өөрийнхөө ажил үүргийг гүйцэтгэн, 1 удаагийн өмгөөлөлд нь оролцсон болно. Нэхэмжлэл гаргасан төлбөрийг нь авахгүй байвал зүгээр байна” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хүлээн авах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Нын Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Өмгөөлөгч А.Г*******д холбогдох маргааны тухай” МТ/2024/08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                  ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН

 

                  ШҮҮГЧ                                                             Г.МӨНХТУЛГА