Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1192

 

 

 

 

        2022           12            15                                    2022/ДШМ/1192

 

Ц.Г, М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Бямбадагва,         

яллагдагч Ц.Г, түүний өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/2943 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бямбадагвын бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 83 дугаар эсэргүүцлээр Ц.Г, М.Б нарт холбогдох 2002006050014 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бий илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Б, Ц.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санар” нэртэй үнэт цаасны компаниар дамжуулан хувьцаа эзэмшигч нарыг мэдээгүй байхад бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан:

1. А.Гтын эзэмшиж байсан “Дархан нэхий” ХК-ийн 46 ширхэг, “Хишиг Уул” ХК-ийн 4 ширхэг, “АПУ” ХК-ийн 1900 ширхэг хувьцааг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 6.745.088 төгрөгөөр,

2. Л.Аийн эзэмшиж байсан “Улаанбаатар БҮК” ХК-ийн 151 ширхэг, “Ариг гал” ХК-ийн 186 ширхэг хувьцааг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5.333.047 төгрөгөөр,

3. П.Хын эзэмшиж байсан “Гутал” ХК-ийн 175 ширхэг хувьцааг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3.042.900 төгрөгөөр,

4. Д.Огийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 2900 ширхэг хувьцааг 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 10.213.691 төгрөгөөр,

5. Н.Бийн эзэмшиж байсан “Талх чихэр” ХК-ийн 289, “Их барилга” ХК- ийн 5 ширхэг, “Дөрвөн Уул" ХК-ийн 18 ширхэг хувьцааг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 5.498.953 төгрөгөөр,

6. Г.Гийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 1900 ширхэг хувьцааг 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 1.830.517 төгрөгөөр,

7. Д.Агийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 2800 ширхэг хувьцааг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 9.820.742 төгрөгөөр,

8. Л.Мын эзэмшиж байсан “Гутал” ХК-ийн 244 ширхэг хувьцааг 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 3.832.951 төгрөгөөр,

9. А.Аийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 1200 ширхэг хувьцааг 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 4.176.571 төгрөгөөр,

10. С.Угийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 1800 ширхэг хувьцааг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 6.023.700 төгрөгөөр,

11. Н.Бын эзэмшиж байсан “Талх чихэр” ХК-ийн 18 ширхэг, “Ариг гал” ХК-ийн 33 ширхэг, “Мах импекс” ХК-ийн 33 ширхэг хувьцааг 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 1.510.055 төгрөгөөр,

12. Я.Чгийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 2700 ширхэг хувьцааг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3.107.890 төгрөгөөр,

13. М.Жын эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 160 ширхэг хувьцааг 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 5.491.438 төгрөгөөр,

14. Р.Хгийн эзэмшиж байсан “Дархан нэхий” ХК-ийн 70 ширхэг, “АПУ” ХК-ийн 1700 ширхэг хувьцааг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7.334.334 төгрөгөөр,

15. Ж.Оы эзэмшиж байсан “Дархан нэхий” ХК-ийн 186 ширхэг, “Их барилга” ХК-ийн 10 ширхэг хувьцааг 2016 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 3.261.655 төгрөгөөр,

16. Р.Эийн эзэмшиж байсан “Хасу мандал” ХК-ийн 608 ширхэг хувьцааг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2.475.848 төгрөгөөр,

17. Б.Лгийн эзэмшиж байсан “Атар Өргөө” ХК-ийн 50 ширхэг, “Монноос” ХК-ийн 5 ширхэг хувьцааг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 2.947.090 төгрөгөөр,

18. З.Бийн эзэмшиж байсан “Дөрвөн Уул” ХК-ийн 10 ширхэг, “Баянмод уул” ХК-ийн 10 ширхэг, “Дархан нэхий” ХК-ийн 71 ширхэг хувьцааг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 1.070.600 төгрөгөөр,

19. С.Лийн эзэмшиж байсан “Дархан нэхий” ХК-ийн 68 ширхэг, “Монгол савхи” ХК-ийн 78 ширхэг хувьцааг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1.190.744 төгрөгөөр,

20. Ч.Обилэгийн эзэмшиж байсан “Таван Эрдэнэ” ХК-ийн 233 ширхэг, “АПУ” ХК-ийн 2900 ширхэг хувьцааг 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 9.849.560 төгрөгөөр,

21. С.Рийн эзэмшиж байсан “Ариг гал” ХК-ийн 93 ширхэг, “Улаанбаатар БҮК” ХК-ийн 75 ширхэг хувьцааг 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 3.103.998 төгрөгөөр,

22. Б.Цгийн эзэмшиж байсан “Сүү” ХК-ийн 50 ширхэг хувьцааг 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 5.698.025 төгрөгөөр,

23. Б.Отгоны эзэмшиж байсан “Дархан нэхий” ХК-ийн 11 ширхэг, “АПУ” ХК-ийн 1400 ширхэг, “Хэрлэн хивс” ХК-ийн 63 ширхэг хувьцааг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5.287.373 төгрөгөөр,

24. Ц.Баярын эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 900 ширхэг хувьцааг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 3.131.628 төгрөгөөр,

25. Б.Энхтүвшин эзэмшиж байсан “Монгол савхи” ХК-ийн 4 ширхэг, “Гутал” ХК-ийн 165 ширхэг хувьцааг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 2.536.730 төгрөгөөр,

26. Н.Лхагвадуламын зэмшиж байсан “АПУ” ХК-ийн 7800 ширхэг, “Дөрвөн уул” ХК-ийн 15 ширхэг хувьцааг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 13.614.042 төгрөгөөр,

27. Н.Ххүүгийн эзэмшиж байсан “Улаанбаатар БҮК” ХК-ийн 50 ширхэг, “Ариг гал” ХК-ийн 62 ширхэг хувьцааг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2.137.366 төгрөгөөр,

28. Ж.Дгийн “Сүү” ХК-ийн хувьцааг 2015 оны 1 дүгээр сарын 16- ны өдөр 5.092.500 төгрөгөөр,

29. Ц.Бын эзэмшиж байсан “Хасу Мандал” ХК-ийн 2090 ширхэг хувьцааг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 2.285.360 төгрөгөөр,

30. Ч.Цын эзэмшиж байсан “Материал импекс” ХК-ийн 67 ширхэг хувьцааг 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1.050.560 төгрөгөөр,

31. Б.Бгийн эзэмшиж байсан “Материал импекс” ХК-ийн 67 ширхэг хувьцааг 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 1.061.065 төгрөгөөр,

32. Ц.Мгийн эзэмшиж байсан “Хасу мандал” ХК-ийн 490 ширхэг хувьцааг 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.968.820 төгрөгөөр,

33. Д.Эийн эзэмшиж байсан “Хасу мандал” ХК-ийн 420 ширхэг хувьцааг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.687.560 төгрөгөөр,

34. Д.Пгийн эзэмшиж байсан “Дархан нэхий” ХК-ийн 35 ширхэг, “Гутал” ХК-ийн 70 ширхэг, “Сор” ХК-ийн 35 ширхэг хувьцааг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.441.286 төгрөгөөр,

35. С.Лын эзэмшиж байсан “Дархан нэхий” ХК-ийн 93 ширхэг хувьцааг 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1.562.068 төгрөгөөр,

36. Д.Сгийн эзэмшиж байсан “Дархан нэхий” ХК-ийн 70 ширхэг, “Монгол савхи” ХК-ийн 70 ширхэг, “Хар хорин” ХК-ийн 42 ширхэг хувьцааг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.395.763 төгрөгөөр,

37. С.Цын эзэмшиж байсан “Материал импекс” ХК-ийн 67 ширхэг хувьцааг 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1.050.560 төгрөгөөр,

38. Д.Бгийн эзэмшиж байсан “Хасу мандал” ХК-ийн 318 ширхэг хувьцааг 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1.259.378 төгрөгөөр,

39. Г.Бийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 3975 ширхэг хувьцааг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14.028.390 төгрөгөөр,

40. Б.Бы эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 11000 ширхэг, “Монгол нэхмэл” ХК-ийн 5 ширхэг, “Атар өргөө” ХК-ийн 5 ширхэг, “Дархан нэхий” ХК-ийн 13 ширхэг хувьцааг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 4.428.620 төгрөгөөр,

41. Я.Ны эзэмшиж байсан “Монгол нэхмэл” ХК-ийн 20 ширхэг, “Монноос” ХК-ийн 40 ширхэг, “Дархан нэхий” ХК 5 ширхэг, “Гутал” ХК-ийн 36 ширхэг, “АПУ” ХК-ийн 1000 ширхэг, “Сор” ХК-ийн 40 ширхэг, “Махимпекс” ХК-ийн 4 ширхэг, “Журамт үйлс” ХК-ийн 4 ширхэг хувьцааг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4.230.079 төгрөгөөр,

42. Г.Нгийн эзэмшиж байсан “Жуулчин дюти фрий” ХК-ийн 92 ширхэг хувьцааг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.569.600 төгрөгөөр,

43. Б.Згийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 2000 ширхэг хувьцааг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 7.331.327 төгрөгөөр,

44. Д.Огийн эзэмшиж байсан “Дархан нэхий” ХК-ийн 105 ширхэг хувьцааг 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1.625.820 төгрөгөөр,

45. Ч.Мгийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 1000 ширхэг хувьцааг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3.404.385 төгрөгөөр,

46. Д.Онэмэхийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 2600 ширхэг хувьцааг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 8.880.300 төгрөгөөр,

47. Г.О-Эрдэнийн эзэмшиж байсан “Автоимпекс” ХК-ийн 333 ширхэг хувьцааг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 631.704 төгрөгөөр,

48. Д.Шгийн эзэмшиж байсан “Талх чихэр” ХК-ийн 134 ширхэг хувьцааг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 2.596.276 төгрөгөөр,

49. Д.Мын эзэмшиж байсан “Талх чихэр” ХК-ийн 196 ширхэг хувьцааг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 3.675.715 төгрөгөөр,

50. Ц.Гийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 2700 ширхэг хувьцааг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3.308.688 төгрөгөөр,

51. Ч.Дын эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 1600 ширхэг, “Дархан нэхий” ХК-ийн 23 ширхэг, “Хэрлэн хивс” ХК-ийн 86 ширхэг хувьцааг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 6.092.787 төгрөгөөр,

52. О.Мгийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 24 ширхэг, “Дархан нэхий” ХК-ийн 92 ширхэг хувьцааг 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 1.493.620 төгрөгөөр,

53. З.Тгийн эзэмшиж байсан “Гутал” ХК-ийн 175 ширхэг хувьцааг 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 3.021.550 төгрөгөөр,

54. Я.Бийн эзэмшиж байсан “Дэвшил трейд” ХК-ийн 26 ширхэг, “Дархан нэхий” ХК-ийн 25 ширхэг, “АПУ” ХК-ийн 1010 ширхэг, “Сор” ХК-ийн 50 ширхэг, “Керамзит” ХК-ийн 12 ширхэг хувьцааг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3.476.200 төгрөгөөр,

55. Б.Сийн эзэмшиж байсан “Монгол савхи” ХК-ийн 200 ширхэг, “АПУ” ХК-ийн 2600 ширхэг, “Түшиг Уул" ХК-ийн 74 ширхэг хувьцааг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 9.319.373 төгрөгөөр,

56. Ж.Тын эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 1400 ширхэг, “Баянгол ЗБ" ХК-ийн 35 ширхэг, “Дөрвөн уул” ХК-ийн 17 ширхэг хувьцааг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 6.066.500 төгрөгөөр,

57. Б.Өын эзэмшиж байсан “Ариг гал” ХК-ийн 31 ширхэг, “Улаанбаатар БҮК” ХК-ийн 25 ширхэг хувьцааг 2014 оны 6 дугаар сарын 9-ны өдөр 1.041.643 төгрөгөөр,

58. Л.Хын эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 800 ширхэг хувьцааг 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 2.721.170 төгрөгөөр,

59. Э.Бийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 900 ширхэг хувьцааг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3.908.688 төгрөгөөр

60. Н.Лгийн эзэмшиж байсан "АПУ” ХК-ийн 1700 ширхэг, “Монгол савхи” ХК-ийн 20 ширхэг, “Нэхээсгүй эдлэл” ХК-ийн 90 ширхэг, “Сор” ХК-ийн ширхэг хувьцааг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3.908.688

61. Н.Ггийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 1700 ширхэг хувьцааг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 5.709.225 төгрөгөөр,

62. Л.Лнгийн эзэмшиж байсан “Жуулчин дюти фрий” ХК-ийн 92 ширхэг хувьцааг 2016 оны 12 дугаар сарын 9-ны өдөр 2.744.000 төгрөгөөр,

63. Б.Сын эзэмшиж байсан “Талх чихэр” ХК-ийн 68 ширхэг, “АПУ ХК-ийн 900 ширхэг хувьцааг 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 4.390.808 төгрөгөөр,

64. Х.Сгийн эзэмшиж байсан “Хасу Мандал” ХК-ийн 801 ширхэг хувьцааг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 3.220.716 төгрөгөөр,

65. О.Пийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 2700 ширхэг хувьцааг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2.889.630 төгрөгөөр,

66. Д.Цын эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 13000 ширхэг, “Дархан нэхий” ХК-ийн 10 ширхэг, “Монгол савхи” ХК-ийн 12 ширхэг, “Монлет булигаар” ХК-ийн 66 ширхэг хувьцааг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 5.540.065 төгрөгөөр,

67. С.Чын эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 1400 ширхэг хувьцааг 2016 оны оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 4.415.051 төгрөгөөр,

68. Б.Одарийн эзэмшиж байсан “Сүү” ХК-ийн 11 ширхэг, “Монгол шүдэнз” ХК-ийн 6 ширхэг хувьцааг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 1.177.800 төгрөгөөр,

69. А.Бын эзэмшиж байсан “Улаанбаатар БҮК” ХК-ийн 7500 ширхэг хувьцааг 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 2.235.600 төгрөгөөр,

70. Э.Дгийн эзэмшиж байсан “Гутал” ХК-ийн 140 ширхэг хувьцааг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.470.700 төгрөгөөр,

71. Д.Гийн эзэмшиж байсан “АПУ” ХК-ийн 20 ширхэг, “Улаанбаатар хивс” ХК-ийн 1 ширхэг хувьцааг 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 899.240 төгрөгөөр тус тус худалдан нэр бүхий 71 хохирогчид 283.575.414 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг их хэмжээний эд хөрөнгө хулгайлж үйлдсэн,

М.Б нь хулгайлах гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Икс апартмент хотхон, 4 дүгээр байр-А блок 15 давхар, 91 тоот хаягт байршилтай 59,5 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авч мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн,

Ц.Г нь хулгайлах гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашиглан төрсөн охин Г.Сарангоод Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж 53-12 байр, 158 тоот хаягт байршилтай 51,83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахад 25.000.000 төгрөг, мөн төрсөн охин Г.Солонгод Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн Да-Хүрээ гудамж 105а байр, 32 тоот хаягт байршилтай 23,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахад 33.080.000 төгрөгийг өгч мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б, Ц.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлгээр оролцогч талуудын гаргасан хүсэлт, тайлбарыг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно. ...1.3-т: хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтооно” гэж заажээ.

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчдийг мөрдөгч тогтоохдоо хууль зөрчсөн асуудлын талаар:

1. Аргөрөөчин ургийн овогт Лхагважавын А /РД:ЧБ62051171/ нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр гэх Цэндээхүүгийн Алтанчимэгийг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч эхнэр нь болохыг батлах гэрлэлтийн бүртгэл болон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. /Зхх 26-29/,

2. Номоогэлэн ургийн овогт Пүрэвийн Х /РД:ИЛ38041001/ нь 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн охин гэх Панигайгийн Цэрэннямыг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн охин нь болохыг нотлох төрсний гэрчилгээ болон төрөл садан гэх баримт байхгүй. /Зхх 32-37/,

3. Ерлөг ургийн овогт Аюурын А /РД:ЗЮ50021619/ нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн охин гэх Аийн Болормааг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн охин нь болохыг нотлох төрсний гэрчилгээ болон төрөл садан гэх баримт байхгүй./Зхх 81-84/,

4. Сэдийн У /РД:ИЭ56052516/ нь 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр гэх Ойровын Бадамыг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч эхнэр нь болохыг нотлох гэрлэлтийн баталгаа зэрэг баримт байхгүй. /Зхх 89-93/,

5. Ядамсүрэнгийн Ч /РД:ИУ56101509/ нь 2008 оны 10 дугаар сарын 5-ны өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн охин гэх Чгийн Наранчимэгийг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн охин нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “хүүхэд” гэж бичсэн байна. /Зхх 111- 122/,

6. Буурал ургийн овогт Маамын Ж /РД:ЗЮ46051534/ нь 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн хүү гэх Боржигон ургийн овогт Жын Ууганбаярыг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн хүү нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “эхнэр, хүүхэд” гэж бичсэн байна. /Зхх 131-136/,

7. СарТ ургийн овогт Рэнцэндоржийн Х /РД:МТ63080312/ нь 2013 оны 2 дугаар сарын 9-ний өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн охин гэх Боржигон ургийн овогт Хгийн Ууганжаргалыг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн охин нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “хүүхэд” гэж бичсэн байна. /Зхх 140-145/,

8. Зундуйн Б /РД:ЗЮ31050774/ нь 2001 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн охин гэх Тайж нар ургийн овогт Бийн Ганчимэгийг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн охин нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “эхнэр, хүүхэд” гэж бичсэн байна. /Зхх 171-176/,

9. Сурмаагийн Л /РД:АЭ41041572/ нь 2010 оны 6 дугаар сарын 11- ний өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн хүү гэх Монгол ургийн овогт Лийн Бг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн хүү нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “ хүүхэд” гэж бичсэн байна. /Зххс179-184/,

10. Анчинборжигин ургийн овогт Саагийн Р /РД:Ш330020164/ нь 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн охин гэх Уран боржигин ургийн овогт Сэнгээгийн Цэцэгмааг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн охин нь болохыг нотлох гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “хүүхэд” гэж бичсэн байна. /Зхх 194-200/,

11. Доржийн Ш /РД:Ц345071173/ нь 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний дагавар охин гэх Нирун ургийн овогт Долгорын Чимгээг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч дагавар охин нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “эхнэр, хүүхэд” гэж бичсэн байна. /5хх 8-14/,

12. Бүрэнхайрхан ургийн овогт Батсуурийн Энхтүвшин /РД:ИЭ57051536/ нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн хүү гэх Бүрэнхайрхан ургийн овогт Энхтүвшингийн Очирхүүг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн хүү нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “ эхнэр, хүүхэд” гэж бичсэн байна. /4хх 1-7/,

13. Жамъянгийн Д /РД:ЙР40070164/ нь 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн хүү гэх Балчигдалай ургийн овогт Банзарын Гантөмөрийг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн хүү нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “хүүхэд” гэж бичсэн байна. /4хх 38-43/,

14. Самбуугийн Л /РД:АД32100417/ нь 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн охин гэх Боржигон ургийн овогт Лын Мөнхцэцэгийг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн охин нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “эхнэр, хүүхэд” гэж бичсэн байна. /4хх 125-132/,

15. Цогнууд ургийн овогт Готовын Нгийн /РД:РЮ58122891/ хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн охин гэх Цогнууд ургийн овогт Нгийн Хишигсүрэнг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн охин нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. /4хх 205-211/,

16. Чулуунбатын М /РД:ШЖ60100114/ нь 1998 оны 7 дугаар сарын 12-ны өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр гэх Олхонууд ургийн овогт Рагчаагийн Жаргалыг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч эхнэр нь болохыг нотлох гэрлэлтийн баталгаа зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “хүүхэд” гэж бичсэн байна. /4хх 231-236/,

17. Хар дархад ургийн овогт Доржийн Мын /РД:РЦ47083068/ хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн охин гэх Улаан хуулар ургийн овогт Мын Түвшинг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн охин нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. /5хх 26-34/,

18. Ядамжавын Б /РД:ЦВ61030607/ нь 2004 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн охин гэх Тайнь ургийн овогт Бийн Батцэцэгийг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн охин нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, төрөл садангийн лавлагаа, зэрэг баримт байхгүй. /5хх 84-86/,

19. Бэгзсүрэнгийн Ө /РД:Ч363070861/ нь 1996 оны 6 дугаар сарын 1-ний өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн хүү гэх Шарнууд ургийн овогт Мөнхжаргалын Энхтүвшинг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн хүү нь болохыг нотлох төрсний гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “хүүхэд, дүү" гэж бичсэн байна. /5хх 114-119/,

20. Наваандагвын Л /РД:РЮ47030172/ нь 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр гэх Агар ургийн овогт Халзангийн Дулмааг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч эхнэр нь болохыг нотлох гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “хүүхэд” гэж бичсэн байна. /5хх 146-153/,

21. Норжванчигийн Г /РД:РС42051603/ нь 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байна. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн хүү гэх Мянган ургийн овогт Дэлэг-Очирын Баянжаргалыг тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч төрсөн хүү нь болохыг нотлох хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, төрөл садангийн лавлагаа зэрэг баримт байхгүй. Харин хохирогчоор тогтоогоогүй хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа байх бөгөөд гараар “хүүхэд” гэж бичсэн байна. /5хх 156-167/

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа хэрэгт авагдаагүй байх тул холбогдох лавлагааг хэрэгт хавсаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хуулийн дагуу зөв тогтоох шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заажээ.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Улсын Бүртгэлийн төв архивын хүчин төгөлдөр /лавлагаа/-ны хуудас дээр /гараараа хэн, хэзээ бичиж/ тэмдэглэсэн нь мэдэгдэхгүй, тэмдэглэлгээ хийсэн, төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй этгээд төлөөлөн дур мэдэн /нэр болон төрөл садан/ гэж бичиж байгаа нь хууль ёсны нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж шүүх үзэж, М.Б, Ц.Г нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Г, М.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бямбадагва бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Яллагдагч М.Б, Ц.Г нарын үйлдэл нь 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацааг хамаардаг.

Яллагдагч нарын үйлдэлд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу гэмт хэрэг эхэлснээс 6 жил 6 сарын дараа, төгссөнөөс хойш 2 жилийн дараа хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн захирамжид дурдсан хохирогчоор тогтоогдвол зохих хүмүүс нь 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон.

Мөрдөх байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт Хан хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих этгээд боловч нас барсан нэр бүхий 21 иргэн, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийн лавлагааг гаргуулан авч уг лавлагаанд үндэслэн мөрдөгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон, мэдүүлэг авсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон ажиллагааны талаар гомдол гараагүй, мөрдөгчийн шийдвэр үйл ажиллагаа хүчин төгөлдөр байна. Хэрэв шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүмүүсийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, төрөл садны лавлагааг хэрэгт заавал хавсаргах шаардлагатай гэж үзэж байгаа бол шүүх хуралдаанд гаргуулан авах боломжтой, өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

Мөн мөрдөгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын талаар сануулан хохирогчоор тогтоогдвол зохих нас барсан хүмүүстэй ямар харилцаа, хамааралтай талаар нь дэлгэрэнгүй мэдүүлэг авсан бөгөөд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүн нь тухайн нас барсан иргэнээр овоглосон байхад тэднийг хамаарал бүхий этгээд биш гэж үгүйсгэх боломжгүй.

Мөрдөх байгууллагаас хүргүүлсэн нэр бүхий иргэдийн төрөл садны лавлагаа хүссэн албан бичгийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэр бүхий иргэд, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийн иргэний бүртгэлийн лавлагааг ирүүлсэн бөгөөд уг лавлагааны нүүр хэсэгт ямар хамааралтай талаар нь бичсэн байна.

Тиймээс эрх бүхий байгууллагаас албан бичгийн дагуу ирүүлсэн лавлагааг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй. Хэрэв хууль ёсны төлөөлөгч тогтоосон ажиллагаанд шүүх эргэлзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг шүүхэд иргэний бичиг баримтын хамт дуудан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулан, холбогдох бичиг баримтыг гаргуулан авах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүмүүсийн бичиг баримтыг гаргуулан авах ажиллагаа нь шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой.

Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг бий болгож байна.

Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/2943 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.

Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй буюу шүүгчийн захирамжид заасан нэмэлт ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзвэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Яллагдагч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна. ...” гэв.

Яллагдагч Ц.Ггийн өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл яллагдагч М.Б, Ц.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр М.Б, Ц.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжийн “...хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчдийг мөрдөгч тогтоохдоо хууль зөрчсөн, тодруулбал, 21 хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүмүүсийн иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа хэрэгт авагдаагүй байх тул холбогдох лавлагааг хэрэгт хавсаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хуулийн дагуу зөв тогтоох шаардлагатай. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын, Улсын бүртгэлийн төв архивын хүчин төгөлдөр хуудас дээр хэн, хэзээ тэмдэглэсэн нь мэдэгдэхгүй тэмдэглэгээ хийж, төрөл садан гэж бичсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

Мөн яллах дүгнэлтэд “хохирогч Ж.Дгийн “Сүү” ХХК-ийн хувьцааг 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 5.092.500 төгрөгөөр”, “Н.Лгийн эзэмшиж байсан “Сор” ХК-ийн ширхэг хувьцааг. ...” гэсэн байх бөгөөд хохирогч нарын хэдэн ширхэг хувьцааг авсан болох нь тодорхойгүй байгаагаас гадна Ш.Агарыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан /5хх 16-24/ атлаа яллах дүгнэлтэд оруулалгүй орхигдуулсан байна.

Яллагдагч М.Б нь урьд ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6хх 1/-аар тогтоогдож байх бөгөөд яллах дүгнэлтэд “яллагдагч М.Б нь урьд ял шийтгэлгүй” гэсэн байх тул яллагдагч М.Б нь урьд ял шийтгүүлж байсан эсэхийг нэг мөр шалгах шаардлагатай.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/2943 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж болон магадлалд заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/2943 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Бямбадагвын бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 83 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БЭ