| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 2239000000330 |
| Дугаар | 2022/ДШМ/83 |
| Огноо | 2022-12-20 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/83
Ж. т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Хяналтын прокурор Б.Ө,
Шүүгдэгч Ж.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2239000000330 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
.............................................................................................................................................................................................................................................................................
Ж.Б-нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” зочид буудлын 4 тоот өрөөнд хамт байсан Э.Ж-н эзэмшлийн Хаан банкны виза карт, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлсийг түүнийг согтсоныг далимдуулан хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хулгайлж Э.Ж-д 2.852.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б-с Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Б-с нийт 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Э.Ж-д олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...Ж.Б миний бие бусдын виза карт цүнхтэй хувцсыг авч 2.852.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Гэвч цүнхтэй хувцсыг аваагүй мөн виза картаас 2.400.000 төгрөг авсан гэхэд эргэлздэг. Мөрдөн байцаагч надаас ийм хэмжээний мөнгө хэдэн удаа авсан байна гэхээр нь би тийм гэж хариулж байсан. Ж нь өөрөө эсвэл хөндлөнгийн хүн мөнгийг авсан байх магадлалтай. Би картын кодыг мэдэхгүй. Намайг мөнгийг авсан гэдгийг нотлох зорилгоор аль АТМ-ээс авсан талаар ажиллагаа хийгээгүй. Манай компани нь Голомт банкны дансаар цалингаа өгдөг, миний дансанд 2.400.000 төгрөг байсан. Номин дэлгүүрээс архи авахдаа Ж-ийн данс руу 250.000 төгрөг шилжүүлж архи худалдаж авсан. Ж-н зочид буудлын тооцоо хийхэд намайг хажууд нь байсан гэж хавтаст хэргийн 9-10 дугаар хуудаст мэдүүлсэн. Бид хоёр архи авч, орж ирэхэд Ж ресейпшн дээр тооцоо хийхээр үлдсэн. Би архиа аваад өрөөндөө орсон байсан. 09 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цаг 33 минутад Хэнтий аймгийн АТМ-ээс 1.000.000 төгрөг намайг авсан гэдгийг юугаар нотолж байна, мөн Улаанбаатар хотын АТМ-ээс 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 6000, 500.000, 700.000, 200.000 төгрөгийг тус тус авсан гэдгийг нотлоогүй. Харин мөрдөгч Улаанбаатар хотод дээрх мөнгийг авсан уу гэхэд би тийм гэж мэдүүлсэн. Би Улаанбаатар хот орж Цэцэг төвийн хажууд байх Электроникс дэлгүүрт утасны төлбөр 700.000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн нь худлаа би өөрийн данснаас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цаг 29 минутад 399.000 төгрөг төлсөн. 700.000 төгрөг хаана яаж үрсэн гэж мөрдөгч асуухад утасны төлбөрт өгсөн гэж, мөн 500.000 төгрөг, 200.000 төгрөгийг буудалд хонохдоо үрж дууcгасан гэж мэдүүлсэн нь худал юм. Би өөрийн данснаас эхлээд 4.500.000 төгрөг, дараа нь 400.000 төгрөг авч буудалд хоносон.
Иймд АТМ-ээс мөнгө авсан гэх зураг бусад зүйлсийг баталгаажуулж, дээрх 1.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 700.000 төгрөг, 200.000 төгрөг зэргийг хэн авсан болохыг нарийвчлан тогтооно уу. Хэрвээ би Э.Ж-ийн мөнгийг авсан байвал хэргээ хүлээнэ. Миний хувьд гомдолтой байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тогтоогдсон. Э.Ж нь Ж.Б- цүнхтэй хувцсыг ор нь доороос авч гарсан гэж мэдүүлдэг. Гэтэл Улаанбаатар хотод даргынх нь машин дотор цүнхтэй хувцас нь байсан. Шүүх хуралдаан болох үеэр Э.Ж- нь миний хувцас олдсон гэдгийг хэлсэн. Ж.Б-нь Хэнтий аймгийн банкнаас 1.000.000 төгрөгийг авч Улаанбаатар хот орсон гэдэг боловч Ж.Б-өөрөө эсвэл Э.Ж- авсан гэдэг нь тодорхойгүй. Ж.Б-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир хохиролгүй байж хянан магадланд орно, тиймээс хэргийг нарийн шалгаж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Ж.Б-т холбогдох хэргийг дахин шалгаж, нотолбол зохих байдлуудыг тогтоож өгнө үү...” гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Б-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй. Хохирол нөхөн төлбөрийн асуудлыг буруу тогтоосон байна. Хэрвээ зөв тогтоосон бол хянан магадланд орох боломжтой талаараа хэлж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбараас ямар байр суурьтай оролцож байгаа нь ойлгомжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Б-н гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Тус мэдүүлгээр Ж.Б-нь болсон асуудлын талаар ярьсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотолбол зохих 6 асуудлыг зохицуулж өгсөн. Прокурорын зүгээс хэргийг хянаж нотолбол зохих байдал тогтоогдлоо гэж үзсэн тохиолдолд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлдэг. Хулгайлах гэмт хэргийн шинж нь нууц далд аргаар хохирогчид мэдэгдэлгүйгээр үйлдсэн байхыг шаардана. Хохирогчийн хэлээд байгаа маршрут нь дансны гүйлгээгээр нотлогдож байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэлийг гарцаагүй оногдуулна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бодит байдлыг тогтоох зарчимд нийцсэн үндэслэл бүхий гарсан байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Ж.Б-нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Чингис зочид буудлын 4 тоот өрөөнд хамт байсан Э.Ж-ийн эзэмшлийн Хаан банкны виза карт, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлсийг түүнийг согтсоныг далимдуулан хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хулгайлж Э.Ж-д 2.852.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Э.Ж-ийн-өгсөн: “... 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймагт 16 цагийн үед ирээд “Чингис” зочид буудлын 4 номерын өрөөнд орсон. Орохдоо өөртөө байсан нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архийг уугаад сууж байхад над руу хамт ажиллаж байсан Булганбаатар залгаад хаана байна би Хэнтий аймагт байна очъё гэхээр нь би Чингис зочид буудалд байна гээд дуудсан. 20 цагийн үед Булгаа орж ирээд үлдсэн архиа хувааж уусан. Тэр үед Булгаа надтай цуг хононо гэж байсан юм. Тэгээд бид 2 ууж байсан архи дуусахаар нь гараад Номин орж нэг шил архи аваад буцаад ирсэн. Архиа уугаад сууж байхад Булгаа миний гар утсыг гуйгаад өөрийн сим картаа хийж интернэт банк руу орж байсан. Тэгээд удалгүй би архиндаа тасраад унтсан байсан. Өглөө сэрэхэд миний хэтэвч, гар утас 2 нөгөө ор нь дээр орны доор байсан хар цүнхтэй хувцас байхгүй байсан. Би Булгаагийн сим картыг гаргаад өөрийн сим картыг хийхэд надад мэдээлэл ирсэн. Эхлээд миний данснаас 1.000.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг, 700.000 төгрөг, 500.000 төгрөг тус тус гараад миний дансанд 1.500 төгрөг үлдсэн байхаар нь цагдаа дуудсан. Миний виза картын кодыг Ж.Б-мэдэх байх Зочид буудлын тооцоо хийхэд миний хажууд байсан. Би тэгэхэд пин кодоо хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 326 дугаартай “...Тооцооллын үр дүнд эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 452.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 хуудас/,
- Ж.Б-ын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Э.Ж- бид хоёр архи ууж байгаад Э.Ж- согтоод унахаар нь би өөрийнхөө цүнхтэй хувцсыг авч явах гэж байгаад андуураад Э.Ж-ийн-цүнхтэй хувцас болон Хаан банкны виза карт зэргийг нь аваад буудлаас гарч согтуудаа тэр чигээрээ Хаан банкны АТМ орж 1.000.000 төгрөгийг авч машин хөлсөлж Улаанбаатар хот руу явсан. Ингээд тэр шөнөдөө буудалд хоноод 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ломбардад байсан А72 маркийн гар утсыг 700.000 төгрөгөөр Э.Ж-ийн Хаан банкны виза картыг уншуулж аваад дахин АТМ-с картаас нь 200.000, 500.000 төгрөгийг уншуулж авч архи ууж байгаад хонож дуусгасан. Миний хувьд виза картыг нь санаатай авсан. Харин хувцсыг нь өөрийнхөө хувцсыг авч байна гэж бодсон. Би бусдын эд зүйлийг хулгайлж бусдад 2.852.000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулна..” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 36-38 хуудас/,
- Ж.Б-ын Хаан банкны 5150072227 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хавтаст хэргийн 56 хуудас/,
- Э.Ж-ийнэзэмшлийн Хаан банкны 5639042246 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 60 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоожээ.
Мөн шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид эрх зүйн дүгнэлт хийж Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна.
Анхан шатны шүүхээс Ж.Б 3 жилийн хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцсэн, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо ялын зүй зохистой харьцааг оновчтой сонгон хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.
Шүүгдэгч Ж.Б-ын “АТМ-ээс мөнгө авч байгаа камерын бичлэгээр 1.000.000, 500.000, 200.000, 700.000 төгрөг тус бүрийг хэн авсныг шалгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлын тухайд:
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Анхан шатны шүүхийн Ж.Б-нь иргэн Э.Ж-ийн эд хөрөнгө болох түүний Хаан банкны виза карт, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлсийг хулгайлж буй гэмт үйлдэл нь шүүгдэгч Ж.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Б, хохирогч Э.Ж- нарын нэр дээрх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, хохирогч Э.Ж-ийн өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын явцад яллагдагч Ж.Б-с мэдүүлэг авах ажиллагаа яллагдагчийг хөтлөх, тулгах аргаар байцаасан, аль нэг талыг барьсан зүйлгүй бөгөөд шүүх түүний мэдүүлэгт агуулагдаж байгаа мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болох хохирогч Э.Ж-ийн өгсөн мэдүүлэг, түүний нэр дээрх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэргийг харьцуулан шинжилж, нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч Ж.Б-ын “АТМ-ээс мөнгө авч байгаа камерын бичлэгээр мөнгийг хэн авсныг шалгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ын цагдан хоригдсон 41 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Ч ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Б.ДЭНСМАА