Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 86

 

Ч-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00520 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-т холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 22.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч- би Б-ийн хүсэлтээр 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцон гэрээ хийсэн. Ингээд өөрийнх нь Хаан банкны 5091359568 дугаар данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрч огт хүү өгөөгүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунган үндсэн зээлийг хүүний хамт өгөх хүсэлт гаргсан. Мөн сунгасан хугацаанаас хойш одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй бөгөөд утсаа авахгүй гэрээн дээрх гэрийн хаягаар очсон боловч хаяг дээрээ байхгүй байна. Иймд Б-ээс зээлийн төлбөр 22.000.000 төгрөг болон өдрийн алданги төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б- шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч-аас 2019 оны 10 дугаар сард 10 сая төгрөг зээлсэн нь үнэн. Тухайн үед миний бие байрны урьдчилгаа төлбөр төлөх гээд тун давчуу явсан юм. Тэгээд надад ямар ч байсан 10 сая төгрөг зээлдүүлж байна гээд гарын үсэг зуруулсан юм. Би тухайн үед 1 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй гэж тохирч байсан юм. Гэтэл сарын дараа өгч чадахаа байсан. Тэгсэн байн байн утасдаад гэр орноор ирж нөхөр рүү хүртэл утасдаад маш хэцүү байсан. Тэгээд өгье гэтэл учиргүй их мөнгө нэхээд унасан. Тэгээд ийм их мөнгө өгч чадахгүй чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь хүний мөнгө авч удаачихаад юу гээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд маргалдаж явсаар 2 сар болоод би хугацаа сунгая гэсэн. Тэгээд гэрээн дээр хугацаа сунгах гэсэн сарын 30 хувь, өдрийн 1 хувь гэсэн гэрээ өөрөө гараараа нөхөж бичсэн байсан. Би тэгээд гарын үсэг зурахгүй яагаад 30 хувь болгоод байгаа юм бэ гэсэн. Тэгсэн намайг цагдаад өгнө гэж сүрдүүлээд элдвээр харааж зүхээд байсан. Ингээд би айсандаа болоод түүнийг нь зөвшөөрч бичсэн юм. Ийм өндөр хүү төлмөөргүй байгаа тул түүний нэхэмжлээд байгаа хүү алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн зээлийг бол төлнө гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00520 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.2., 282.3.-т заасныг баримтлан хариуцагч Б-ээс 12.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс 213.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Шүүх талуудын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 сая төгрөгийн зээлийн хүүг сарын 6% гэж буруу тооцож зээлийн хүүд 2.400.000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу боллоо. Учир нь нэхэмжлэгч сарын 30%-ийн хүү гэж нэхэж байхад хариуцагч сарын 3%-ийн хүүтэй зээлдэж авсан гэж маргаж байхад шүүх үндэслэлгүйгээр 6%-иар тооцож зээлийн хүүд 1.200.000 төгрөг биш 2.400.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ. Хариуцагч үндсэн төлбөр 10 сая төгрөг, зээлийн хүүд 1.200.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.  Иймд шүүхийн шийдвэрт зээлийн хүү 2.400.000 төгрөг гэснийг 1.200.000 төгрөг болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч- хариуцагч Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.2., 282.3.-т заасныг баримтлан хариуцагч Б-ээс 12.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч- 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Б-т 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 30 хувийн хүүтэй өгч, зээлийн гэрээ байгуулжээ. 

 Зээлийн гэрээний ар талд “2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарыг хүртэл сунгасан өдрийн 1 хувийн хүүтэй /өдрийн 100 000 төгрөг/. Тус хугацаанд /2019.10.10-2019.11.10/ хүү олгогдоогүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нийт хүүгийн хамт төлнө” гэж тэмдэглэжээ.  

Нэхэмжлэгч Ч- нь  хариуцагч Б-т 10.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “... хамгийн өндөр буюу жилийн 18.4 хувийн хүүг сараар тооцоход 1.6 хувь байгааг, мөн банк бус байгууллагын зээлийн сарын хүү дундажаар 3,5 хувь, иргэд хоорондын зээлийн сарын хүү 10 хувь / нийтэд илэрхий үйл баримт / байгаа зэргийг харгалзан үзэж зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүг 6 хувиар тооцож, хариуцагчаас үндсэн зээл 10.000.000 төгрөг, зээлийн гэрээний сунгалтыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй тул 4 сарын хүү 2.400.000 төгрөг, нийт 12.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийг алданги нэхэмжлээгүй гэж үзэх үндэстэй байна ...” гэсэн  дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нь нэхэмжлэгч сарын 30%-ийн хүү гэж нэхэж байхад хариуцагч сарын 3%-ийн хүүтэй зээлдэж авсан гэж маргаж байхад шүүх үндэслэлгүйгээр 6%-иар тооцсон тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү? гэсэн давж заалдсан гомдол гаргасан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “ өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн  давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00520 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                             Б.БАТТӨР