| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/02746/И |
| Дугаар | 101/ШШ2024/04856 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2024/04856
2024 10 22 101/ШШ2024/04856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, зээл 15 гудамж, ******* тоот хаягт оршин суух, Ц******* Б******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-57, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байр хаягт оршин байрлах, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-57, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байр хаягт оршин байрлах, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох,
2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,033,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б*******, Г.А******* нар өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн 2022 оны 11-р сараас 2023 оны 10-р сарын дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,033,878 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах. Нэхэмжлэлийн үндэслэл: СХД-ийн *******-р хорооны иргэн Ц.Б******* нь БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ-т 2019 оны 03-р сарын 11-ний өдрөөс эхлэн ачигчаар ажиллаж байсан боловч БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн -р тогтоолыг үндэслэн 2023 оны 10-р сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч Хөдөлмөрийн хуулийн 80-р зүйлийн 80.4-д зааснаар мэдэгдэл өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ, холбогдох бичиг баримтыг өгөөгүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2-д заасны дагуу БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024 оны 02-р сарын 28-ны өдрийн тэмдэглэлээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024 оны 03-р сарын 01-ний өдөр гардан авсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна , мөн зүйлийн 2 дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй-ийн 4-д орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж хуульчилсан учраас хариуцагчаар БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ-ыг татан буулгах тогтоол гаргасан БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан БЗД-ийн Засаг дарга нарыг тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 06, 07, 09-р сарын цалингийн дунджаар тооцож, уг байгууллагад 4 жил ажилласан учраас Хөдөлмөрийн хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д зааснаар 2 сараар нэхэмжилсэн. 2023 оны 08-р сард ээлжийн амралттай байсан болно.
|
№ |
Нэр |
Ажилд орсон |
Ажлаас гарсан |
Ажилласан хугацаа |
Нэхэмжлэх дүн |
| 1. | Ц.Б******* | 2019.03.11 | 2023.10.10 | 4 жил | 2,519,939*2=5,033,878 |
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, нэхэмжлэгч Ц.Б 2022 оны 11-р сараас 2023 оны 10-р сарын дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,033,878 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Ц.Б нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,033,878 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрхтэй байна. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газрыг 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн байгуулж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосны дагуу дүүргийн Засаг даргаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 а/1629 тоот албан бичгээр Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр хавсралтын хамт өргөн барьсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12 дахь заалтад орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх заалтад орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон. Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тус асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит арван хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай дугаар тогтоолыг баталсан.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дараах үндэслэлээр хариуцагч байх үндэслэлгүй байна. Үүнд:
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг баталсан байдаг. Тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Засаг даргын санал болгосноор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрыг үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Газрын даргыг дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө, 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт Газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг дүүргийн Засаг дарга тогтооно, 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Газрын захирал нь дүүргийн Засаг даргатай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд Засаг даргын өмнө ажлаа хариуцан тайлагнана гэж тус тус заасан.
Мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт Газрын үйл ажиллагааг урт хугацааны болон жилээр төлөвлөн ажиллаж, биелэлтийг дүүргийн Засаг даргын өмнө тайлагнаж ажиллана гэж газрын эрх, үүрэгт тусгаж өгсөн ба 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт дүүргийн Засаг даргын Тамгын газарт тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан тайланг хүргүүлнэ, 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт дүүргийн Засаг даргатай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж Нийслэлийн Өмчийн асуудал эрхэлсэн газарт хүргүүлнэ гэж тус тус заасан байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуульд заасан үндэслэлээр ажилтанд олгох тухай заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллагыг, ажилтан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг ойлгоно гэж заажээ. Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн Засаг даргатай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Газрын захирал нь төсвийн шууд захирагч байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиар уг харилцаанд оролцогч ажил олгогч нь Нийтлэг үйлчилгээний газар-3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох субъект нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал биш байх тул тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагч биш байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгах тухайд:
Нийтлэг үйлчилгээний газар-3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төсөвт байгууллага бөгөөд Нийтлэг үйлчилгээний газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу орлого, зарлага, санхүүгийн үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Газрын хийсэн ажлын тайлан, хорооны Засаг даргын гүйцэтгэлийн үнэлгээг харгалзан гүйцэтгэлийн хувиар санхүүжилтийг тухай бүр олгодог байсан.
Нийтлэг үйлчилгээний газар-3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд өөрийн байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд буюу татан буугдахаас өмнөх хугацаанд төлөөгүй нь тухайн газрын буруутай үйлдлээс үүдэлтэй байна. Тус байгууллагын санхүүжилт, аливаа зардал нь тухайн төсвийн жилд зарцуулах дүүргийн хот тохижуулах зардлын төсөвт сууж, төсвийг жил бүр тогтоолоор батлан, харьяа байгууллагад төсөв зарцуулах эрхийг олгосон тул ахин олгох боломжгүй юм. Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,033,878 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. /хх 29-31/
3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримт болох:
3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.Б оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023.06.21-ний өдрийн тоот тогтоолын хуулбар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл №1, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоол, Ц.Б*******эс 2023.12.20-ны өдөр Б.Б*******т олгосон итгэмжлэл, /хх 1-14/,
3.2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн: 2024.03.28-ны өдөр Г.А*******д олгосон итгэмжлэл, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020.11.04-ний өдрийн 02 тоот хуралдааны тогтоол, хариу тайлбар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2022.06.29-ний өдрийн 44 тоот тогтоол түүний хавсралт, Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3,4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2022.06.29-ний өдрийн ******* тоот тогтоол түүний хавсралт, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоол, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3,4 ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай тогтоол, түүний хавсралт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт /хх 20-21, 29-39,53-71/,
3.3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас ирүүлсэн: 2024.05.21-ний өдөр З.Б*******д олгосон итгэмжлэл, Нийслэлийн Засаг даргын 2020.11.05-ны өдрийн Б/188 тоот захирамжийн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт /хх 40-*******, -73/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн засаг дарга нарт холбогдуулан, 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,033,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно. /хх 42/
4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4а. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар хуралдааны тогтоолоор Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3,4 ОНӨААТҮГ-ыг татан буулгах шийдвэр гаргаж, уг тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна. /хх 70-71/
Дээрх тогтоолын дагуу Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3,4 ОНӨААТҮГ-ын үйлчилгээг зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулахыг дүүргийн Засаг даргад үүрэг болгосон, Засаг даргын Тамгын газраас тус газрын үйл ажиллагааг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс тасалбар болгож бүрэн зогсоож, холбогдох санхүүжилт олгохгүй болсон, холбогдох банк дах харилцах данс зэргийг идэвхигүй болгосон үйл баримт тогтоогдож байх ба үүнийг хариуцагч нар баримтаар няцаагаагүй.
4б. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг үндэслэн Нийтлэг үйлчилгээний газар ... 3... ОНӨААТҮГ-ыг татан буулгасан тул тус газрын захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/65 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэнийг ачигч ажлаас чөлөөлсөн болох нь нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. / хх 7-9/
4в. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3,4 ОНӨААТҮГ-ыг татан буулгахаар шийдвэрлэхдээ эдгээр газарт ажиллагсдын ажлаас халагдсаны тэтгэмж, ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн шийдвэрлэх талаар, түүнчлэн тэдэнд олгох тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг ажил олгогч Нийтлэг үйлчилгээний газар ...3... ОНӨААТҮГ-ын төсөвт хэрхэн тусгасан болохыг хариуцагч нар тодорхойлоогүй болно.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Нийтлэг үйлчилгээний газар ...3,... ОНӨААТҮГ-ыг татан буугдсантай холбоотой ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчоос шаардах эрхтэй.
5а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил олгогч Нийтлэг үйлчилгээний газар ...3,... ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулах, татан буулгах эрхтэй этгээд болох Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, уг хурлаас гарсан шийдвэрийг биелүүлж ажиллах Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Ц.Б******* нь ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулан авах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна.
6. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэмд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байх ба уг дүрмийн 1.4-т Нийтлэг үйлчилгээний газрын өмчлөгч нь дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байна гэж, мөн дүрмийн 3.1-т Засаг даргын санал болгосноор Иргэдийн төлөөлөгчдийн хурал газрыг байгуулах, татан буулгах эрхтэй гэж тус тус заасан.
6а. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12-т Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4-т орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон байна.
6б.Түүнчлэн Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 3.6, 3.7-т зааснаар Засаг дарга нь тус газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хариуцна. Мөн газрын дарга нь Засаг даргатай гэрээ байгуулж, ажлаа тайлагнахаар заасан.
6в. Иймд нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Баянзүрх дүүргийн Засаг даргаас шаардсаныг буруутгах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд урьдчилан хандаж, ажилгүйдлийн тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх маргааныг шийдвэрлүүлсэн, уг шийдвэрийг хүлээн авснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэлгүй шүүхэд хандсан байна. /хх 10-13/
7а. Хариуцагч нар нь Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулах, татан буулгах шийдвэрийг гаргах эрхтэй этгээдийн хувьд өөрсдийн гаргасан шийдвэрийн үр дагавар болох уг газарт ажиллагсдын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж болон ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэг үүссэн байна.
7б. Нэхэмжлэгч Ц.Б******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; 82.1.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; 82.1.3-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; 82.1.4-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэж тус тус зааснаар ажилласан хугацаанаас хамаарч тэтгэмж авах эрхтэй.
7в. Нэхэмжлэгчийн тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн тэрээр 2019.03.11-ний өдрөөс 2023.10.10-ны өдөр хүртэл 4 жил ажилласан тул 2 сарын хугацааны үндсэн цалинтай хэмжээний тэтгэмжийг дундаж цалин хөлсийг 2,516,939 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн тул 2 сарын тэтгэмжид 5,033,878 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан олгох нь зүйтэй байна.
8. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж тус тус заасан.
8а. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тус газрын өмчлөгч, дүүргийн Засаг дарга нь газрын үйл ажиллагаа, санхүүг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнд хяналт тавьж байсан тул тэдэнд ажил олгогчийн, тодруулбал ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг буюу бүртгэл хийхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
8б. Нэхэмжлэгч Ц.Б нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос үзэхэд 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж бүртгэл хийгээгүй болох нь тогтоогдож байна. /хх 9/
8в. Иймд Ц.Б дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бүртгэл хийхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 165,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай тус тус нийцнэ.
10. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрсдийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, мөн хуулийн 100.4-т заасны дагуу урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн Засаг дарга нараас 5,033,878 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б*******д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бүртгэл хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн Засаг дарга нараас улсын тэмдэгтийн хураамжид 165,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ