Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 87

 

Зын нэхэмжлэлтэй,

хариуцагч Бт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00638 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Зын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Бт холбогдох,

“Зээлийн төлбөрт 700.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Хариуцагч Бийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунаа, хариуцагч Б, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Бийн хүсэлтээр 700.000 төгрөгийг 1 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Ингээд Бийн Хаан банкны данс руу шилжүүлчих гэж гар утсаараа захидал илгээсний дагуу 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 650.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 60.000 төгрөгийг Бийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоо хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд хариуцагчаас 700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  

Надаас 700.000 төгрөгийг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Зтай 2019 оны 06 дугаар сарын эхээр танилцсан бөгөөд анх танилцахад зан байдал нь гайгүй залуу байсан. Сүүлдээ зан авир нь өөрчлөгдөж ширүүн догшин зан авиртай болж, маш хурдан уурлаж надад хэд хэдэн удаа гар хүрсэн болно. Намайг зодоод гар хөл минь хөх няц болчихдог хувцас хунарыг минь ураад хаячихдаг байсан. Би сүүлдээ Заас маш их айдаг болсон. Сүүлд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний зүүн гарыг хутгаар зүссэн. Одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа болно. Манай гэр бүлийг 2019 оны 11 дүгээр сараас эхлэн байнгын дарамтлаастай. Ээж рүү минь утасдаж сүрдүүлдэг болсон. Учир нь намайг Заас салмаар байна, би гэртээ харьлаа гэхээр миний хаа байгаа газраас цагаан машинтайгаа ирж аваад гэртээ цоочилжихдог. Би өөрөөс нь саллаа гэхээр намайг дарамталж, айлгаж сүрдүүлдэг болсон. Танилцсанаасаа хойш 8 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сум руу ажил хийнэ гээд хамт явсан. Нэхэмжлээд байгаа 700.000 төгрөг миний дансанд ороогүй. Харин өөртөө зарцуул гэж надад 08 дугаар сарын 24-ний өдөр 650.000 төгрөг дансанд хийсэн нь үнэн. Тэр мөнгөөр би өөртөө хувцас, хунар, будаг шунх авсан. Гэвч сарын дараа энэ мөнгөөр авсан бүх юмыг /гутал, гинж, хувцас, утас, цаг гэх мэт/ өөрийн биеэр ирж авч явсан. Гэхдээ аваад явсан юмаа буцааж нэхээд байгааг ойлгохгүй байна. Өөрийн биеэр ирж бүх юмаа авч тооцоо дуусгахыг харсан гэрчлэх хүн байгаа. Өмнөх долоо хоногт болсон Эрүүгийн шүүх хурал дээр энэ мөнгөө нэхэмжлэхгүй гэж байсан. Иймд Зын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00638 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Бээс 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Зт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Бээс 21 350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Зт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Учир нь бид хамтран амьдарч байсан. Тэр хугацаанд надад 650.000 төгрөг шилжүүлж өөртөө хувцас ав гэж хэлсэн. Удаа дараа бие махбодид минь гар хүрч заналхийлж байсан. Бид хоёр салаад би Эрдэнэтэд гэртээ ирсэн. Тэрнээс хойш байнга айдастай өдийг хүрч байна. Учир нь салснаас хойш энэмөнгөө нэхэж дарамталдаг болсон. Би мөнгийг нь буцааж өгч чадахгүй учраас тэр мөнгөөр авсан бүх эд зүйлийг өөрөө ирж авч явсан. Гэтэл дансны хуулгаа ашиглан өдийг хүртэл дарамталж байна. Нэхэмжлэгчийг төлөөлж хуралд орж байгаа эгч намайг танина. Гэтэл харж байгаагүй, би танихгүй гэж худал хэлсэн. З тэр мөнгөөр худалдаж авсан эд зүйлийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь З гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхэд дуудагдаж байсан. Ингэхдээ шүүх, прокурорын өмнө энэ мөнгөө авахгүй гэдгээ хэлж байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З нь хариуцагч Бт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Бээс 700.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Зт олгож шийдвэрлэжээ.

Хаан банкаар нэхэмжлэгч З нь хариуцагч Бт 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 650.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр  60.000 төгрөг, нийт 710.000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Б нь  дансаар хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагчаас Бээс 700.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Зт  олгож  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болно.

Хариуцагч Б 710.000 төгрөгийг хэрэглээндээ зарцуул гэж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх” үүргээ тэрээр биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Бийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Бийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Бийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Бийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                             Б.БАТТӨР