Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 10

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч А.Дт холбогдох 1730002110145 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн харьяат, 1980 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн, А.Д. 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч А.Д нь гэртээ  2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед хамтран амьдрагч Д.Өийг зодож эрүүл мэндэд нь “ зүүн талын даланд дээд хэсэгтээ, зүүн тохойн доод хэсэгт түлэгдсэн шарх, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт“ бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн хамтран амьдрагч Д.Өийг зуух руу шидэж, биед нь түлэгдэлт үүсгэн өндөр хэмийн үйлчлэлээр шарх, гэмтэл үүсгэн харгис хэрцгий харьцан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч А.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед согтуу байсан, юу болсныг санахгүй байгаа. Би эхнэрээ зуух руу шидээгүй, түлхсэн л байх гэж бодож байна. Эхнэр намайг хэл амаар доромжлоод байхаар ийм асуудал гардаг байсан. Би өмнө нь эхнэрээ зодсон хэргээр ял шийтгүүлсэн бөгөөд ялаа эдэлж дуусаагүй байгаа... гэв. 

 

- Хохирогч Д.Өийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017.12.31-ний орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Доржпүрэв нь нилээн архи уусан байдалтай “ пизда хүүхэн, гуйлгачин хүүхэн “ гэж бахирсаар гаднаас орж ирээд хоол идчихээд, шанагаар ус уучихаад шанагаа бариад над руу дайраад байхаар нь намайг зодчихгүй байлгүй гэж бодоод байж байтал суганаас өргөж аваад зуух руу шидчихсэн. Тэгээд зуухан дээр зүүн талын дал, тохой хэсгээрээ унаж түлэгдсэн. Тэгээд тэндээсээ боссон чинь намайг хөөгөөд зодох гээд байсан ба Эрдэнэцагаан сумаас ирсэн манай дүү Оюунчимэг нь босож ирээд салгасан. Тэр үед би цагдаад дуудлага өгч Доржпүрэвийг цагдаа нарт өгч явуулсан. Бид 2 амьдраад 9 жил болж байгаа боловч албан ёсны гэрлэлтийн бүртгэл байхгүй, дундаасаа нэг хүүхэдтэй бөгөөд хүүхэд маань надаар овоглодог. Зуухан дээр унаснаас болж зүүн гарын дал, тохой хэсэг түлэгдсэн ба одоо гайгүй болж байна. Нөхөр архи уухаараа надад агсам тавьдаг, 2017.09.27-нд намайг зодоод цагдаад шалгагдаж шүүхээр ороод 240 цагийн албадан ажил хийлгэх ял авсан байгаа. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид 2 хоорондоо эвлэрсэн байгаа. Манай нөхөр уг нь архи уухгүй бол их сайн хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-8х/

 

- Шүүгдэгч А.Дийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Өийг хэл амаар доромжлоод байхаар нь хөлөөрөө түлхсэн чинь зуухан дээр унаад түлэгдсэн. Миний хувьд шидсэн зүйл байхгүй. Бид 2 хоорондоо зодолдож цохилцсон зүйл байхгүй. Би өмнө нь Өийг зодсон асуудлаар шүүхээр орж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял авсан. Тэр ял маань дуусаагүй байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би архи уухаараа ухаанаа алдчихдаг юм... гэх мэдүүлэг /хх-17х/

 

- Гэрч Э.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017.12.13-ны орой 21 цагийн орчим намайг хамаатны эгч Д.Өийн гэрт нь сууж байтал түүний нөхөр Доржпүрэв нь гаднаас согтуу ирээд манай эгч Өийг янхан гичий гэж хараагаад хэвтэж байсан орон дээрээс зуух руу шидчихсэн. Тэгээд би дундуур нь орж салгасан. Манай эгчийг Доржпүрэв нь урьд зодож ухаан алдуулж байсан гэж манай ээж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-5х/

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19 тоот дүгнэлтэд: 1. Д.Өийн биед зүүн даланд дээд хэсэгтээ, зүүн тохойн доод хэсэгт түлэгдсэн шарх, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх түлэгдсэн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ /хх-10/, 

 

  - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний тухай прокурорын санал  /хх-35/ 

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017.12.22-ны өдрийн 6/614 дугаартай тодорхойлолт /хх-27 /

 

-  Аюулын зэргийн үнэлгээ/ хх- 23- 24/ 

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол / хх- 21- 22/ 

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамж тогтоол ...зэрэг болно.

                   

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

А.Дт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь дээрх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга“, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэж хуулийн диспозицид тус тус тодорхойлсон хийгээд А.Дийн 2017.12.13-ны орой хамтран амьдрагч Д.Өийг зуух руу шидсэн уг үйлдэлд дээр дурдагдсан “байнга” гэх шинж үгүйсгэгдэж байна. 

“Байнга“ гэх шинжид хэвшмэл маягтай, давтагдах шинжтэй, удаа дараагийн үйлдлийг ойлгох бөгөөд хэргийн баримтыг үндэслэвэл, А.Д нь 2017.12.13-ны орой 21 цагийн үед хамтран амьдрагч Д.Өийг зуух руу шидсэнээс өндөр хэмийн үйлчлэлээр биед нь түлэгдсэн шарх, цус хуралт гэмтэл үүссэн, энэ нь түүний хохирогчийг зуух руу шидсэн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн болох нь шинжээчийн 19 тоот дүгнэлт, хохирогч Д.Өийн “Суганаас өргөж аваад зуухруу шидчихсэн. Зуухан дээр зүүн талын дал, тохой хэсгээрээ унаж түлэгдсэн “ гэх, гэрч Оюунчимэгийн ” 2017.12.13-ны орой 21 цагийн орчим Д.Ө эгчийн гэрт сууж байхад нөхөр Доржготов нь согтуу ирээд хэвтэж байсан орноос зуухруу шидсэн. Би дундуур орж салгасан ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна. 

Иймд А.Дийн үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх шинж тогтоогдоогүй буюу уг үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болголоо.

 

Харин шүүгдэгч А.Дийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан ба хэргийг шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна гэж үзлээ. 

          Шүүгдэгч А.Д 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Дөрвөлжийн 8-6 тоот дахь гэртээ хамтран амьдрагч Д.Өийг зуух руу шидэж эрүүл мэндэд нь “ зүүн талын даланд дээд хэсэгтээ, зүүн тохойн доод хэсэгт түлэгдсэн шарх, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт “ бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.Дийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Ө, гэрч  Э.О нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

А.Дийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх “ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

           Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч А.Д нь согтуурсан үедээ ямар ч шалтгаангүйгээр хамтран амьдрагч Д.Өийг хэл амаар доромжлон, улмаар зуух руу шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний “Би Өийг хэл амаар доромжлоод байхаар нь хөлөөрөө түлхсэн чинь зуухан дээр унаад түлэгдсэн. Миний хувьд шидсэн зүйл байхгүй. Бид 2 хоорондоо зодолдож цохилцсон зүйл байхгүй“ гэх, 

хохирогч Д.Өийн “2017.12.31-ний орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Доржпүрэв нь нилээн архи уусан байдалтай “ пизда хүүхэн, гуйлгачин хүүхэн “ гэж бахирсаар гаднаас орж ирээд хоол идчихээд, шанагаар ус уучихаад шанагаа бариад над руу дайраад байхаар нь намайг зодчихгүй байлгүй гэж бодоод байж байтал суганаас өргөж аваад зуух руу шидчихсэн. Тэгээд зуухан дээр зүүн талын дал, тохой хэсгээрээ унаж түлэгдсэн” гэх, гэрч Э.Оийн “2017.12.13-ны орой 21 цагийн орчим намайг хамаатны эгч Д.Өийн гэрт нь сууж байтал түүний нөхөр Доржпүрэв нь гаднаас согтуу ирээд манай эгч Өийг янхан гичий гэж хараагаад хэвтэж байсан орон дээрээс зуух руу шидчихсэн. Тэгээд би дундуур нь орж салгасан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.

А.Д гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

          Шүүгдэгч А.Дт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

          Иймд шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч А.Дийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

          Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

          Шүүгдэгч А.Дийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан боловч эдгэрсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

А.Д нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 113 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, уг ялаас 200  цагийн нийтэд тустай ажлыг биелээгүй тул тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 25 хоногийн хугацаагаар хорих ялаар солисон болох нь түүнд холбогдох 113 дугаартай шийтгэх тогтоол, 01 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдоно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ..., тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно “ гэж заасныг үндэслэвэл А.Дт Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 25 хоногийн хугацаагаар хорих ял, энэ тогтоолоор оногдуулах 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Учир нь А.Д өмнөх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүйгээс уг ялыг хорих ялаар сольсон бөгөөд энэ тогтоолоор оногдуулах торгох ялын биелэлттэй холбоотой дээрх эрхзүйн зохицуулалт үүсээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй байна.

 

А.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдъя.

 

Шүүгдэгч нь тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хэвээр үргэлжлүүлнэ. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Дт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч А.Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан ялтан А.Дт Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 25 хоногийн хугацаагаар хорих ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Ялтан А.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

  7. Ялтан А.Дт урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН