Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 90

 

Гын нэхэмжлэлтэй,

хариуцагч ЭҮ ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00613 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Гын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЭҮ ТӨҮГ-т холбогдох,

“ЭҮ ТӨҮГ-ийн няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын орон тооны адил чанарын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 19.966.620 төгрөг, ерөнхий захирлын 2019.12.30-ны өдрийн А/1210 тушаалаар олгох байсан 800.000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400.000 төгрөг, нийт 21.166.620 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай”” иргэний хэргийг,

Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г нь “ЭҮ” ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэгт няравын албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сард хүүхэд асрах чөлөө дуусахаас нэг сарын өмнө ажилдаа эргэн орох хүсэлтээ хуульд заасан журмын дагуу “ЭҮ” ТӨҮГ-т гаргасан. “ЭҮ” ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэг нь Япон улсын хөрөнгө оруулалттай “Медипас” ХХК-ийн өмчлөлд шилжсэн хэдий боловч үүнээс үл хамааран амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудын ажлын байрыг “ЭҮ” ХХК-д хадгалах талаар “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/114 тоот “Хүний нөөцийн тухай” тушаалын 3 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. Иймээс миний бие хүүхэд асрах чөлөө дууссан даруйд ажил, албан тушаалдаа эргэн орохоор хүсэлтээ гаргахад няравын орон тоонд сул ажлын байр байхгүй гэсэн үндэслэлээр намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд ажиллуулахгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, надад ажил үүргээ гүйцэтгэх, цалин хөлс авах боломж олголгүй хохироосоор байгаад гомдолтой байна. “ЭҮ” төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын 2019.11.13-ны өдрийн 113/497 тоот “Ажил санал болгох тухай” албан бичигт намайг жижүүрээр ажиллахыг, 2019.12.18-ны өдрийн 113/564 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт Барилга засварын цехийн ажил хуваарилагчийн түр ажлын байр санал болгосон нь урьд эрхэлж байсан ажил, албал тушаалыг маань хэвээр хадгалах байсаар байтал миний ажил, албан тушаалыг ийнхүү дордуулсан байдлаар санал ирүүлсээр байгаад туйлын гомдолтой байна. Иймээс миний бие “ЭҮ” төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан. Хөдөлмөрийн маргаан таслах комиссоос “... урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлэхийг ажил олгогчид даалгаж, намайг дээрх Барилга засварын цехийн ажил хуваарилагчийн түр ажлын байранд ажиллахыг үүрэг болгосон мөн л ажил олгогчийн саналтай ижил миний урьдын ажлын байрыг дордуулсан ажлын байр дээр ажиллахыг үүрэг болгосон 2020.01.16.№02 тоот шийдвэр гаргасан байх ба энэ шийдвэрийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан болно. Гэвч миний бие хөдөлмөрийн маргаан таслах комиссын, адил чанарын ажил гэдэг нь тодорхойгүй, түр ажлын байраар ханга гэсэн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч урьд хэвээр хадгалагдаж байгаа няравын ажилдаа ажиллах хүсэлтэй байна. Түүнчлэн “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь ажилтнууддаа олгож буй бүх шагнал урамшууллаас намайг хасч байгаад гомдолтой байна. Тухайлбал Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар үйлдвэрийн бүх ажилтнуудад урамшуулал олгосон бөгөөд Галбадрах надад тэрхүү урамшуулал өгөөгүй болно. Мөн “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 02 сарын 03-ны өдрийн тушаалаар батлагдсан "ЭҮ ХХК-ийн ажилтныг шагнаж урамшуулах ерөнхий журам"-ын дагуу Алдарт эхийн одонтой эхчүүд 400.000 төгрөг авах боломжтой тул энэ тухай хүний нөөцөд хүсэлт гаргахад харьяалсан цех байхгүй гээд хүлээж аваагүй болно. Иймд миний бие Г намайг “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газарт няравын ажилд томилохыг “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15.335.720 төгрөг, Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800.000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400.000 төгрөг нийт 16.535.720 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ:

“Миний бие “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан “ЭҮ“ ТӨҮГ-т няравын ажилд томилохыг “ЭҮ“ ТӨҮГ-т даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15.335.720 төгрөг, Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800.000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400.000 төгрөг нийт 16.535.720 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо тус нэхэмжлэлийн шаардлагынхаа “ ... “ЭҮ“ТӨҮГ-т няравын ажилд томилохыг “ЭҮ “ТӨҮГ-т даалгах ” гэсэн хэсгийг “ЭҮ“ТӨҮГ-т тус байгууллагын няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг “ЭҮ“ТӨҮГ-т даалгах” гэж, “ ... ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15.335.720 төгрөг гэснийг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 19.966.620 төгрөг гэж өөрчлөн бусад хэсгээ хэвээр үлдээж нийт 21.166.620 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Г нь “ЭҮ” ТӨҮГ-т няравын орон тоонд ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15.335.720 төгрөг Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800 000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400.000 төгрөг нийт 16.535.720 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Няравын орон тоонд ажилд авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухай: Эрдэнэт медикал төв эмнэлэг нь “ЭҮ”-ийн мэдлээс гарч Япон улсын хөрөнгө оруулалттай “Медипас” ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжсэнтэй холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхий захирлын Б/114 тоот тушаал гарч тус төвд ажиллаж байсан хүний нөөцийн асуудлыг шийдсэн байдаг. Энэхүү тушаалын 3 дахь заалтаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, суралцаж байгаа нэр бүхий 7 ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахыг Хүний нөөцийн хэлтэст даалгасан. Тэдгээр ажилтнууд дунд нэхэмжлэгч Гын нэр байдаг. Дээрх тушаалын дагуу Эрдэнэт медикал төв нь Япон улсын хөрөнгө оруулалттай “Медипас” ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжсэн тул нэхэмжлэгч Гын ажиллаж байсан Эрдэнэт медикал төвийн няравын орон тоо нь байхгүй болсон тул тус албан тушаалд ажиллуулах боломжгүй юм. Нэхэмжлэгч Г нь “ЭҮ” ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэгт Няравын албан тушаалд ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/961 тоот тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 3 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Гын хүүхэд асрах чөлөөний хугацаа нь дуусаж ажилдаа эргэн орох тухай хүсэлтээ гаргах үед Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 113/496 тоот албан бичгээр үйлдвэрийн газарт одоогоор няравын орон тоонд сул ажлын байр байхгүй байгаа тул “Эрдэнэт” сувиллын цогцолборт жижүүрийн ажлын байранд ажиллах санал тавьсан боловч нэхэмжлэгч Г нь өөрийн урьд эрхэлж байсан ажлын байрыг дордуулж байна гэж үзэн татгалзсан хариуг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн байна. Улмаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 113/564 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн үндсэн цалингийн хэмжээг бууруулахгүйгээр сул орон тооны боломжийг харгалзан түүний урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын ажлын байр болох “ЭҮ” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажил хуваарилагчийн түр ажлын байранд ажиллах санал тавьсан, мөн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 113/68 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн мэргэжлийг харгалзан адил чанарын өөр ажлын орон тоонд сул ажлын байр гарсан тул “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн агуулахын эрхлэгчийн түр ажлын байрыг санал болгосон боловч нэхэмжлэгч Г нь түр орон тоонд ажиллахгүй гэж татгалзсан хариуг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн байдаг.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон шагнал урамшууллын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай: Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ЭҮ” ХХК-ийн ажилтныг шагнаж урамшуулах ерөнхий журмын дагуу Алдарт эхийн одонгийн урамшууллын 400.000 төгрөгийг олгоогүй гэсэн байна. Үйлдвэрийн газрын ажилтныг шагнаж урамшуулах журамд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан, Монгол улсын төр, Засгийн газар, Орхон аймгийн төр захиргааны байгууллагын шагналаар шагнагдсан үйлдвэрийн газрын ажилтныг тодорхой хэмжээний мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаар зохицуулсан байдаг. Тэрхүү журамд хэд хэдэн шагналыг тусгайлан заасан байх бөгөөд тэр дунд Алдарт эхийн одонгоор шагнагдсан ажилтанд урамшуулал олгох тухай тусгайлан заасан зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгч Гын алдарт эхийн одонгийн шагналын урамшуулал болох 400.000 болон Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. “ЭҮ” ТӨҮГ нь нэхэмжлэгч Гыг ажлын байраар хангах зорилгоор сул орон тоо гарах бүрт ажлын байр санал болгосоор байтал тухайн санал болгосон ажлын байранд ажиллахаас татгалзаж өөрийн хүслээр ажил хөдөлмөр эрхлэх эрхээ эдлээгүй байх тул түүний нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 15.335.720 төгрөгийг эс зөвшөөрч байна. Цалинтай тэнцэх нөхөн олговор 19.966.620 төгрөг гэж өөрчлөн бусад хэсгээ хэвээр үлдээж нийт 21.166.620 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү нэмэгдүүлснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Гад Алдарт эхийн одонгийн шагналд дагалдах мөнгөн урамшуулал олгогдсон эсэх талаар дахин судалж үзэхэд Ерөнхий захирлын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/1074 тоот тушаалын хавсралтаар Шагналд дагалдах мөнгөн шагнал олгогдох ажилчдын нэрсийг баталсан байх бөгөөд тэдгээр ажилтнуудын дунд нэхэмжлэгч Гын нэр байдаг. Тэрхүү тушаалын дагуу нэхэмжлэгч Гад Алдарт эхийн одонд дагалдах мөнгөн шагнал олгогдсон байна. “ЭҮ” ТӨҮГ-ийн зүгээс нэхэмжлэгч Гыг ажлын байраар хангахгүйгээр аливаа байдлаар эрх ашгийг нь хохироох гэсэн санаа зорилго байхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу үйлдвэрийн газрын орон тооны хуваарийг харгалзан нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын ажлын байранд ажиллуулахыг эрмэлзэж сул орон тоо гарах бүрд ажлын байр санал болгож байсан боловч тэрээр нэхэмжлэгч Г нь ажил олгогчоос санал болгосон ажлын байранд ажиллахаас сайн дураар татгалзсаар байсан. Иймд үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00613 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “ЭҮ” ТӨҮГ-т тус байгууллагын няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг “ЭҮ” ТӨҮГ-т даалгаж, “ЭҮ” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 16 755 548 төгрөг төгрөг гаргуулан Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 585 536 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Гын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг “ЭҮ” ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 311 920 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.-т жирэмсэн болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар заажээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.-т заасныг үл биелүүлэн, ажилтныг ажлын байр байхгүй гэж, хүүхэд асрах чөлөө авахаас өмнө нь ажиллаж байсан Медипас ХХК-ийн няравын ажилд нь ажиллуулахгүй байгаа нь ажил олгогчийг хууль зөрчсөн гэж үзнэ гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан адил чанарын өөр ажил албан тушаал гэдгийг тодорхойлсон. ЭҮ ТӨҮГ нь ажилтайнтай тохиролцон удаа дараа ажлын санал тавьж байсныг шүүх харгалзан үзээгүй. Мөн шүүхийн шийдвэрт 2019.12.30-ны өдрийн А/1210 тушаалаар олгох байсан 800.000 төгрөгийг Гад олгох үндслэлтэй гэжээ. Нэхэмжлэгч бүх ажилчдад 800.000 төгрөгийн урамшуулал олгосон ч өөрт нь олгоогүй гэх боловч хэргийн материалд тийм урамшуулал олгосон баримт байхгүй байхад шүүх тайлбарт үндэслэн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн сарын дундаж цалин 1.927.215 төгрөг гэж бодож ажилгүй байсан хугацааг 8 сар гэж тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь ажил олгогчоос санал болгосон адил чанарын ажлын байранд ажиллаж ажлын байраар хангуулж ажил хөдөлмөр эрхлэн цалин хөлсөө авах боломжтой байсаар байтал санал болгосон ажлын байранд ажиллахаас татгалзаж заавал байнгын орон тооны ажлын байранд ажилд орно хэмээн боломжгүй нөхцөл байдлыг ажил олгогчид тулган ийнхүү их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч талын нэхэмжилж буй мөнгөн дүн нь хэзээнээс хэзээ хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор бодож тооцсон нь тодорхойгүй байх бөгөөд түүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх түүнийг хангаж шийвэрлэсэн нь дээрх хуулийн 116 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “... Гын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг түүний хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2019-07-22-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шаардлагын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар бодсон ...”, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг тус тус зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Учир нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан хэдийд чажилд эргэн орох боломжтой ба Г нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад мөн өдрөөс ажилдаа орох хүсэлтээ гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нөхөн олговрыг тооцохдоо 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцох байсныг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцсон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нөхөн олговор 19.541.084 төгрөг гэх байсныг 2.785.536 төгрөгөөр дутуу тооцсон байна. Мөн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт Гын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн тухай дурдсан боловч тэмдэгтийн хураамжид төлсөн 338.671 төгрөгийг буцааж олгох тухай дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн алдааг засаж шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г нь ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан  байгууллагын няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 19.966.620 төгрөг, Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800.000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400.000 төгрөг, нийт 21.166.620 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд алдарт эхийн одонгийн 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нийт 20.341.084 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.   

Шүүх хэргийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “ЭҮ” ТӨҮГ-т тус байгууллагын няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг “ЭҮ” ТӨҮГ-т даалгаж, “ЭҮ” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 16.755.548 төгрөг төгрөг гаргуулан Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.585.536 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Гын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг “ЭҮ” ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэжээ.

Г нь “ЭҮ” ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэгт няраваар ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсны дараа тус эмнэлэг нь хувьчлагджээ.

Нэхэмжлэгч Г нь 2019 оны 4 дүгээр сард хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-т ажилдаа орох талаар хүсэлтээ өгсөн боловч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид  түр ажлын байруудын санал болгосон тул тэрээр  татгалзаж, урьд эрхэлж байсан няравын ажилд орохыг хүссэн боловч няравын ажилдаа орж ажиллаж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж “... Гыг “ЭҮ” ТӨҮГ-т няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг “ЭҮ” ТӨҮГ-т даалгаж, “ЭҮ” ТӨҮГ–ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалын дагуу олгогдсон 800.000 төгрөгийг Гад олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай тэмдэглэгээ хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.

Харин Гын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг түүний хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шаардлагын дагуу 2020 оны  04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож бодсон нь үндэслэлгүй байх тул хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагын хамгийн сүүлд Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн агуулахын эрхлэгчийн түр ажлыг байрыг санал болгосон 2020 оны 02 дугаар сарын 07 ны өдрөөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг тооцох нь зөв байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалингийн гурван сарын дундаж 1.927.215 төгрөгийг 6 сар 11 хоногоор тооцоход 12.549.306 төгрөг болох ба үүн дээр урамшуулал 800.000 төгрөгийг нэмэхэд нийт 13.349.306 төгрөгийг хариуцагч “ЭҮ” ТӨҮГ гаргуулж  нь Гад олгох, нэхэмжлэгч Гыг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн тухай шийдвэрт дурдсан боловч тэмдэгтийн хураамжид төлсөн 338.671 төгрөгийг олгохоор заагаагүй байх тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулах нь зүйтэй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00613 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “ЭҮ” ТӨҮГ-т тус байгууллагын няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг “ЭҮ” ТӨҮГ-т даалгаж, “ЭҮ” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 16 755 548 төгрөг төгрөг гаргуулан Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 585 536 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8.-д зааснаар хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-т тус байгууллагын няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг “ЭҮ” ТӨҮГ-т даалгаж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 13.349.306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.991.778 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж

Шийдвэрийн 3 дугаар заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 311.920 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, нэхэмжлэгч Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338.671 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 224.697 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүүгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59.519 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 311.920 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          М.ХҮРЭЛБААТАР

                                                                             Б.БАТТӨР