| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2017/0154/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: В.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт В.М-д холбогдох ,,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: В. М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч В.М нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн дунд сургуулийн менежерийн өрөөнд иргэн Д.Д, Д.С нартай “эхнэр О-тэй маргалдсан” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Д.Д-гийн толгойн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Д.С- ын чээжин болон толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Шүүгдэгч В.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“... 2017 оны 10 сарын 02-ны өдөр эхнэрээ тосч авах гээд сургууль дээр нь очсон. Сургуулийн үүдэнд очиход эхнэр сургуулиас уйлаад гараад ирэхээр нь яасан, юу болсон гэж асуутал тухайн үед болсон үйл явдлын талаар хэлсэн. Яллах дүгнэлтэд дэлгэрэнгүй байдлаар бичигдсэн байна. Хохирогч нарыг хохирол төлбөргүй болгоод, гомдол саналгүй гэсэн бичиг хийлгэж авсан байгаа. Өөр ярих зүйл байхгүй гэв.
* Эрүүгийн ,,тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Д.С-ыг өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 02 -ны өдөр 13 цагийн үед сургуулийн үүдэнд багш Д.С-тай хамт зогсож байтал манай сургуулийн багш О-ийн нөхөр М нь Приус-11 маркын тээврийн хэрэгсэлтэй сургуулийн хашаа руу хурдтай орж ирсэн. Тэгээд Д бид хоёр В.М ирж байна гэж гүйгээд сургалтын менежер Б.О-гийн өрөөнд ороод В.М машинтайгаа бид хоёрыг дайрах гэж байна гэж хэлээд зогсож байтал хөлийн чимээ сонсогдож, ангиудын хаалга шагайх чимээ гараад байсан. Тэгтэл В.М Б.О менежерийн өрөөнд орж ирээд ямар овоо гичийнүүд вэ гэж хэлээд Д багш руу очоод нүүрэн хэсэг рүү нэг удаа хүчтэй алгадсан. Тэгээд хойш эргээд над дээр ирээд намайг сандал дээр сууж байхад үснээс татаад зүүн талын нуруу, хавирга хэсэг рүү нэг удаа хүчтэй өшиглөөд сандлаас унагаасан. Тэгээд би шээс алдсан. Тэгээд В.М-аа би бие муутай шүү дээ, чи намайг шээс алдтал зодлоо шдээ гэж хэлэхэд гараа над руу далайж байгаад больсон. Тэгтэл гаднаас манай сургуулийн ажилчид болох Н.Ц Ж.У, Онар орж ирсэн. Тэгтэл М-ын эхнэр Ж.О зэрэгцэж орж ирээд “битгий зод, зодохгүйгээр дарамтал” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ж.О-гт хандаж “танай нөхөр чинь миний нуруу руу өшиглөсөн, өвдөж байна” гэж хэлсэн. Тэгтэл Ж.О энд гэрчүүд байна, манай нөхөр зодоогүй гэж хэлээд гараад явсан. ...В.М бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. М-ын эхнэр Ж.О-тэй ажил хэргийн шугмаар буюу “Хамран” сургалтын талаар ярилцаж байгаад маргалдсан юм. Тэгээд Ж.О нь нөхөртөө хэлнэ дээ гэж хэлээд гарсан учраас нөхөр М нь намайг зодсон гэж бодож байна. Тухайн үед М-аас ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Би М-ыг цохисон зүйл байхгүй. Д.Д бид хоёрыг Мнь цохиж байхыг О багш харсан. Харин зодуулсаны дараа Н.Ц, Ж.Уг, О нар харсан. Нурууны зүүн хэсэгт хавдаж хөхөрсөн, зөөлөн эдийн гэмтэл авсан, толгой доргисон, нуруу доргих гэмтэл авсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлын байрандаа хүнд зодуулсандаа гомдолтой байна. ... Надад учруулсан гэмтлийг манай нутгийн М гэх хүн миний нуруу хэсэгт нэг өшиглөчихсөн юм. Намайг миний өвчнөөр дарамталж, ууцаа чиргүүлээд байж баймаар юм даа гэж багш нарын өрөөнд хэлсэн. Өөрт учирсан эмчилгээний зардлаа барагдуулмаар байна. Сэтгэл санааны хувьд гомдолтой байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10,11-12 дугаар тал/
*Хохирогч Д.Д-гийн өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед сургуулийн үүдэнд багш Д.Соёлзултай хамт зогсож байтал манай сургуулийн багш Ж.О-гийн нөхөр В.М нь Приус-11 маркын тээврийн хэрэгсэлтэй сургуулийн хашаа руу хурдтай орж ирсэн. Тэгээд С бид хоёр гүйгээд сургалтын менежер Б.О-гийн өрөөнд ороод, В.М машинтайгаа бид хоёрыг дайрах шахаад сургуулийн хашаа руу ороод ирлээ гэж хэлээд зогсож байтал хөлийн чимээ гараад ангиудын хаалга шагайх чимээ гараад байсан. Тэгтэл В.М нь Б.О менежерийн өрөөнд орж ирээд “ямар овоо гичийнүүд вэ” гэж хэлээд над руу ирээд миний нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд би хойш саваад шүүгээ мөргөөд Б.О багш намайг түшээд авсан Тэгээд би хэсэг ухаан балартаад доош суутал Д.С багш “болиоч битгий намайг зодоод бай л даа“ гэж орилохоор нь би Б.О багшийн ширээн доогуур орсон. Удалгүй гаднаас манай сургуулийн ажилчид болох Н.Ц, Ж.У, Онар орж ирээд салгасан. Тэгтэл М-ын эхнэр Ж.О орж ирээд “битгий зод, сайн дарамтлаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би О-т хандаж “миний нүүрийг хараач, хавдаад байна” гэж хэлсэн чинь “чамайг алгадах нь байтугаа алсан ч яадаг юм” гэж хэлсэн. Тэгээд Н.Ц, Ж.У, О, Б.О нар салгаад сургуулиас гараад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм. ..Мөнхбат бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Намайг яагаад зодсон талаар би мэдэхгүй байна. Миний бодлоор В.М-ын эхнэртэй ажлын шугмаар ам мурийсан юм. Тэгээд Ж.О нь надад хэлэхдээ чамайг нөхөртөө хэлнэ гэж хэлсэн. Тэгээд М-д надтай маргалдсан талаараа буруу ойлгуулаад В.М нь намайг сургууль дээр ирж зодсон гэж ойлгож байна. М нь архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үйл явдал 10 минут орчим болсон. Би М-ыг цохисон зүйл байхгүй. Б.О багш харсан. Харин зодуулсны дараа Н.Ц, Ж.У, О нар харсан. Миний баруун нүд хацар, шанаа, хөхөрч хавдсан, одоо миний шүд өвдөж, хүзүү хөшиж байгаа. Би гомдолтой байна. Ажлын байран дээрээ ажлаа хийж байгаад зодуулсан. Мөн сурагч нар харсан, мэдсэн, сонссон учраас эмзэглэж, сэтгэл санаа, гоо сайхнаараа хохирсон. Зодуулснаасаа болж ажлаа хийж чадахгүй байгаа. Багш хүний нэр хүндэд халдсан гэж бодож байна. Нэхэмжлэх зүйлээ мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилнэ. Нэмж хэлэхэд В.Мнь намайг заналхийлж, чамайг дараа ална гэж айлган сүрдүүлж байгаа. Би одоо ажил хийж байх хугацаандаа амар тайван байж чадахгүй байна. Эхнэр Ж.О нь хэзээ ч уучлалт гуйхгүй , яасан ч яадаг юм гэж байгаа учир миний аюулгүй байдлыг хамгаалж өгөхийг хүсч байна. ...В.М, Ж.О, В.С гэх хүмүүсийг танина. Д.Д бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Надад учруулсан гэмтлийг манай хамт ажилладаг багш Ж.О багшийн нөхөр болох М учруулсан ба миний баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон юм. Намайг М цохиж зодож байхад хажууд манай сургуулийн багш нар Б.О, Д.С нар байсан. Би гомдолтой байна. Өөрт учирсан эмчилгээний хохирлоо барагдуулмаар байна. Нэр хүнд сэтгэл санааны хувьд гомдолтой. Миний нэр хүндийг сэргээж өгөх хэрэгтэй. Би цаашдаа толгойны Томографикын нарийвчилсан зураг авахуулах шаардлагатай байна. Нүдний доор үүссэн соривийг арилгуулах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-19 дугаар тал/
*Гэрч Б.О-гийн өгсөн:
“... 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед өрөөндөө сууж байтал манай өрөө рүү Д.Д Д.С гэх 2 багш орж ирээд “Ж.О-гийн нөхөр В.М сургуулийн хашаа руу машинтайгаа орж ирээд дайрах шахлаа. Тэгээд бид хоёр айгаад ороод ирлээ” гэж хэлсэн. Тэгээд сууж байтал хөлийн чимээ гараад удалгүй манай өрөөнд В.М орж ирээд Д.Д багшийн нүүрэн хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Тэгээд Д.Д багш орилоод доош тонгойгоод суусан, тэгээд В.М Д.С багш руу дайраад үснээс нь зулгаагаад өшиглөх шиг болсон. Би салгах гээд хүч хүрэхгүй байсан.Тэр хооронд хүүхдүүд хаалга онгойлгоод байхаар нь болж байгаа явдлыг харуулахгүй гэж бодоод хаалга татаад зогсож байтал хаалга хүчтэй татаад байхаар нь онгойлгосон чинь манай сургуулийн ажилтан Ж.У, Н.Ц, О нар орж ирээд В.М-ыг салгасан. Тэгтэл удалгүй М-ын эхнэр Ж.О орж ирээд М руу хандаж “чамайг зодохгүйгээр дарамтал гэж хэлсэн биз дээ” гэж хэлээд аваад явсан юм. ...В.М-ыг Д.Д, Д.С нар цохисон зүйл байхгүй, Ямар учраас тухайн зодоон болсон талаар мэдэх зүйл байхгүй. В.М-аас ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл үнэртээгүй зүгээр байсан. В.М нь Д.Д, Д.С нарыг цохиж байхыг надаас өөр харсан хүн байхгүй. В.М нь ямар нэгэн хэрүүл хийгээгүй шууд манай өрөөнд орж ирээд Д.Д багшийг цохисон юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг хх-ийн 20-21 дүгээр тал/
*Гэрч Ж.У-ийн өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед би цэцэрлэгийн тогооч Ц-гийн хамт сургууль дотор явж байсан чинь сургалтийн менежирийн өрөө онгорхой байсан юм. Тэгэхээр нь яваад орсон чинь В.М, Д.С, Д.Д Б.О энэ 4 хэрүүл хийсэн янзтай байхаар нь В.М-ыг өрөөнөөс нь хөөж гаргачихаад яваад өгсөн юм. ...Намайг ороход цохиж зодож байсан асуудал байгаагүй тэд нар өрөөндөө байж байсан. Тэгээд би В.Мөнхбатаа гар, албан газар хэрүүл шуугиан хийгээд яах вэ гээд сургуулиас гаргасан юм. Намайг ороход Д.Д-агийн нүд жоохон хөх туяа орчихсон байсан. Д.С намайг ороход сандал дээр суучихсан ил харагдах гэмтэл шарх гэх зүйл харагдаагүй. В.М ямар учраас Д.С, Д.Д нарыг цохиж зодсон талаар мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед Б.О менежерийн өрөөний үүдээр явж байгаад хаалгыг нь шагайгаад санаадгүй орчихсон юм. Яг цохиж зодож байсан талаар нь хараагүй. Тухайн үед сургуулийн хүүхдүүд тарчихсан байсан болохоор харсан хүүхэд байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,
*Гэрч Н.Ц-гийн өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед би сургуулийн гадаа явж байсан чинь манай нутгийн М-ын машин сургуулийн гадаа зогсож байхаар нь би хүүхдээ Хотонт сум руу суулгаад явуулах санаатай М-ыг хаана байгаа юм гэж асуусан чинь гадаа байсан хүн М-ыг сургууль руу орсон гэж хэлсэн. Тэгээд би сургууль дотор орсон чинь менежер Б.О-гийн өрөөний хаалга нь онгорхой байхаар нь сургуулийн тогооч Ж.У-ийн хамт ортол В.М, Д.С, Д.Д, Б.О нар хэрүүл маргаан хийсэн янзтай байхаар нь В.М-ыг өрөөнөөс нь дагуулаад гараад ирсэн юм. Тухайн үед хэрүүл зодоон хийсэн талаар би юу ч хараагүй, сонсоогүй бүх юм болж дууссаны дараа нь орсон юм. Намайг ороход В.М-тын дуу нь их өндөр болчихсон С сандал дээр уйлаад суучихсан байсан. В.М цохиж зодож байсан асуудал байгаагүй. Тэгээд би В.М-аа гараад хүүхдээ машинд чинь суулгаж явуулах гэсэн юм гээд гарнаас нь татаад гаргаж ирсэн. Намайг ороход Д.Д-гийн нүд жоохон улайгаад хөх туяа орчихсон байсан. С намайг ороход сандал дээр суучихсан ил харагдах гэмтэл шарх гэх зүйл харагдаагүй. Надад мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед Б.О менежирийн өрөөний үүдээр явж байгаад хаалгыг нь шагайгаад санаадгүй орчихсон юм. Яг цохиж зодож байсан талаар нь хараагүй. Тухайн үед сургуулийн ахлах ангийн хүүхдүүд тарчихсан, бага ангийн хүүхдүүдийн хичээл эхлэх болоогүй байсан болохоор тэр хавьд хүүхдүүд байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/
*Гэрч Ж.В-гийн өгсөн:
“...Миний хүү В.М нь даруу төлөв зантай гэр бүлдээ хайр халамжтай сайн хүн байгаа юм. Гэр бүлийн хувьд тогтвор суурьшилтай эхнэр, хүүхэдтэйгээ амар амгалан сайхан амьдардаг хүн. Өмнө нь ингэж хэрэгт холбогдож цагдаа сэргийлэх гэж явж байгаагүй хүүхэд байгаа юм. Энэ удаа эхнэрийг нь энэ хэдэн багш нар дарамталж шахаад уйлуулаад байхаар нь хэлж ярих гэж ороод ийм зүйл болсон байх. Миний хүү бол ер нь хэр зэргийн юманд уурлаж уцаарлаад байдаг хүн биш л дээ гэртээ бол үг дуу цөөтэй төлөв даруу зантай хүн байгаа юм. Би асуудалд холбогдсон гэхээр нь гайхаад байгаа юм их л уурлаж аргаа барсандаа л ийм асуудалд холбогдсон байх. Миний хүү архи дарс огт хэрэглэдэггүй, хүнтэй эвсэг, найрсаг харьцаатай хүн. Би архи уугаад явж байхыг нь энэ насандаа хараагүй юм байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал
* Гэрч Ж.О-ийн өгсөн:
“...Тэгээд манай багш нар хурал хийж байхад багш нар болох Д.Д, Д.С нартай хурал дээр маргалдсан юм. Тэгээд хурал тараад намайг сургууль дээрээс гараад явж байсан чинь Д.С багш сургуулийн 8 дугаар ангийн цонхоор намайг хэл амаар доромжлоод ”хавтгай хар гичий минь, чиний хүүхдээр манай сургууль дутах юм уу, чамайг ах, дүү нар чинь хавтгай хар гэдэг биз дээ” гээд олон дахин араас хашхираад байсан юм. Тэгээд би гомдоод уйлаад явж байсан чинь манай нөхөр сургуупийн гадаа намайг тосох гээд ирчихсэн байсан нь таарсан юм. Тэгээд манай нөхөр В.М яасан юм бэ гээд асуухаар би уйлаад ярих гэсэн чинь манай нөхөр бас л нөгөө хоёр багш чинь уу, гээд уурлаад сургууль руу орчихсон юм. Тэгээд удалгүй сургуулийн хаалгаар манай сургуулийн тогооч нар болох Н.Ц, Ж.У нартай хамт их уурлачихсан гарч ирсэн. Тухайн үед сургууль дотор би юу болсон талаар мэдээгүй юм. Би өөрийн хүүхэд болох Б гэх 7-р ангийн хүүхдээ Хотонт сумын ахлах сургуульд суралцуулдаг юм. Тэрнээс болоод энэ хоёр багш намайг хүүхдээ Хотонт сумын сургуульд өглөө гэх шалтгаанаар надтай маргалдаж, байнга хэл амаар доромжилж байдаг. Д.Д, Д.С гэх хоёр багш Өндөрсант багийн дунд сургуульд суралцах хүүхэдгүй болчихоод манай хүүхдийг авчрах гээд байдаг юм. Би хүүхдийнхээ ирээдүйг бодоод сурлага нь сайжрах байх гээд Хотонт сумын дунд сургуульд өгсөн юм. ...Надад хэлэхдээ Д.Д багшийг хальт нэг удаа хацар луу нь алгадсан гэж хэлсэн.Харин С багшид гар хүрээгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 433 дугаартай дүгнэлтэнд: Д.С-ын биед цээжний баруун хажуу хэсэгт зөөлөн эдийн няцрал, духны зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.С нь бүсэлхийн 4,5 дугаар нугаламын түвшинд .... ивэрхий архаг хууч өвчтэй байна. “ гэжээ. /хх-ийн 34 дугаар тал/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 432 дугаартай дүгнэлтэнд: Д.Д-гийн биеийн баруун хацар, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. “ гэжээ. /хх-ийн 34 дүгээр тал/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын өгсөн: “....Миний гаргасан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №432, №433 тоот дүгнэлт үнэн зөв. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д.С-ын биед хэсэг газрын үзлэгээр духны зүүн дээд хэсэгт 2х2см хөхөлбөр өнгийн цус хуралттай бага зэрэг хавдсан хөндүүр байсан. Энэ нь шимэгдэж эдгэрэх хөнгөн зэргийн гэмтэл юм. Нурууны өвчинд нөлөөлөхгүй. Цээжний баруун хажуу хэсэгт 7х6см хөхөлбөр өнгийн цус хуралт нь аажим шимэгдэж өвдөлт нь арилах хөнгөн зэргийн гэмтэл юм. Нурууны архаг хууч өвчинд нөлөөлөхгүй.Д.Д-гийн биед хэсэг газрын үзлэгээр баруун хацар, зовхинд цус хуралт гэмтэл учирсан байсан, энэ нь шимэгдэж арилна, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 31 настай Д.Д-гийн хувьд артерийн даралт ихсэх өвчтэй болсон бол эмч түүний артерийн даралтыг үзэж зовиурыг асууж бодит үзлэгийн үндсэн дээр даралт ихсэх өвчин гэж оношилно. Артерын даралт багасах үед толгой эргэх зовиур илэрч болдог мөн артерийн даралтыг үзэж, бодит үзлэгийг үндэслэн оношилно. Артерийн даралт ихсэх, багасах нь олон шалтгаантай байдаг. Иймд зовхи, хацарт цус хурах нь артерийн даралт ихсэх, багасахад нөлөөлөхгүй. Д.Д нь гэмтэл авах үедээ айж цочирдсоны улмаас зүрх чичрэх, айж сандрах, нойргүйдэж, түр зуур даралт нь хэлбэлзэж, түгшсэн байж болно, энэ нь удаан хугацаагаар үргэлжлэхгүй. Сэтгэцэд өөрчлөлт орохгүй.Д.Д нь ямар гэмтлээр ямар эмчилгээ хийлгэх асуудлыг түүний биед үзлэг хийж онош тавьсан клиникийн эмчийн шийдэх асуудал юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/
Яллагдагч В.М-ын “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 30 минутын үед би багийн төвийн сургууль дээрээс эхнэрээ ажлаас нь авах гээд ирсэн чинь манай эхнэр болох Ж.О уйлчихсан сургуулийн хашааны гадаа явж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар эхнэрээсээ асуусан чинь манай эхнэрийг багш Д.С, Д.Д нар манай эхнэртэй хэрэлдээд хэл амаар доромжлоод сургуулиас гараад явж байхад нь араас нь цонхоо онгойлгоод “хавтгай хар гичий минь” гээд орилоод байсан гэсэн. Тухайн үед гадаа сурагч хүүхдүүд олон байсан гэж манай эхнэр хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад сургууль руу орж менежер Б.О гэх хүний өрөөнд яваад орсон чинь Д.С, Д.Д, Б.О гурав байж байхаар нь Д.Д руу явж очоод баруун талын нүднийх нь гэр хавьд халит алгадаад, цаана нь сууж байсан Д.С гэх хүн дээр явж очоод өшиглөх гэж байгаад болиод халит хөлөөрөө зүүн талын гарны доод хэсэгт нь өшиглөсөн юм ...Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ер нь архи уудаггүй юм. Манай эхнэрийг байнга дарамталж удаа дараа хэл амаар доромжпоод байхаар нь эхнэрээ өмөөрч хэлж учирлах санаатай ороод тийм зүйл болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 53- 54 дүгээр хуудас/
* Хотонт сумын Өндөрсант багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 дугаар тал/
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын тодорхойлолт /хх-ийн 56 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн дунд сургуулийн менежерийн өрөөнд иргэн Д.Д, Д.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч В.М нь үйлдсэн болох нь хохирогч Д.С-ын “...Тэгтэл В.М Б.О менежерийн өрөөнд орж ирээд ямар овоо гичийнүүд вэ гэж хэлээд Д багш руу очоод нүүрэн хэсэг рүү нэг удаа хүчтэй алгадсан. Тэгээд хойш эргээд над дээр ирээд намайг сандал дээр сууж байхад үснээс татаад зүүн талын нуруу, хавирга хэсэг рүү нэг удаа хүчтэй өшиглөөд сандлаас унагаасан. Тэгээд би шээс алдсан. Тэгээд В.М-аа би бие муутай шүү дээ, чи намайг шээс алдтал зодлоо шүү дээ гэж хэлэхэд гараа над руу далайж байгаад больсон...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Д-гийн “.... Тэгтэл В.М нь Б.О менежерийн өрөөнд орж ирээд “ямар овоо гичийнүүд вэ” гэж хэлээд над руу ирээд миний нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд би хойш саваад шүүгээ мөргөөд Б.О багш намайг түшээд авсан Тэгээд би хэсэг ухаан балартаад доош суутал С багш “болиоч битгий намайг зодоод бай л даа “ гэж орилохоор нь би Б.О багшийн ширээн доогуур орсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.О -гийн “...манай өрөөнд В.М орж ирээд Д.Д багшийн нүүрэн хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Тэгээд Д.Д багш орилоод доош тонгойгоод суусан, тэгээд В.М Д.С багш руу дайраад үснээс нь зулгаагаад өшиглөх шиг болсон...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Д, Д. нарын биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 442, 443 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч В.М-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж үзэв.
Шүүгдэгч В.М нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжийг хангаж байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Д, Д.С нар нь хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй талаар тайлбар /хх-ийн 67-68 дугаар тал/-аа ирүүлсэн байх тул шүүгдэгч В.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч В.М нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч В.М-нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт В.М-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн тусгай хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.М-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.М-д шүүхээс оногдуулсан 500 / таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч В.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч В.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР