Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

 

 

 

       2022           12           22                                                2023/ДШМ/14

 

Г.Өт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Булганчимэг,

            хохирогч Г.Ц         

шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/966 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Өт холбогдох 2209000001577 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Ө нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 20 цаг орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн урд талын замд насанд хүрээгүй хохирогч Г.Цг мөргөсөн гэх шалтгаанаар нүүрэн тус газар нэг удаа цохиж, “хамар ясны баруун, зүүн хажуу хана, хянганы хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэст зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жөгд овогт Гантөмөрийн Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Гантөмөрийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч Г.Ц нь энэ хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Г.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ө болон түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Н.Тэрбиш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/966 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч Г.Ө би 2022 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 10 жилийн сургуулиа төгсөж, улмаар Төмөр замын дээд сургуульд элсэн орсон юм. Би дөнгөж 18 нас хүрч дээд сургуульд элсэн орж жирийн л нэг хөдөөний хүүхдүүдийн адил Улаанбаатар хотод анх удаа ирж, аав ээжийн хараа хяналтаас гарч яаж өөрийгөө олны дунд авч явах, хаана юу хийхээ ч мэдэхгүй бусадтай нийлж дарвиж болчимгүй явсанаас болж энэ гэмт хэрэгт холбогдож, өөртэйгээ адилхан үе тэнгийн хүүгийн биед халдаж, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж, туйлын их гэмшиж, уучлалт хүсч, харамсаж байна. Би анх удаа ийм байдалд орж яахаа ч мэдэхгүй аав ээждээ хэлэхгүй явсан нь миний буруу. Би шүүхийн тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийн учир холбогдолыг ч сайн ойлгохгүй байлаа. Би дөнгөж 1 дүгээр курсын оюутан боловч манай сургууль нь биднийг байнга дадлагаар галт тэргэнд ажиллуулж, төмөр замын дагуу дадлагад гаргадаг тул нийтэд тустай ажил хийлгэх ялын дагуу өдрийн 8 цаг буюу нийт 300 цаг сургуулиасаа чөлөө авах ямарч боломжгүй, сургуулиасаа хөөгдөхөд хүрч туйлын хүнд байдалд орж байна. Би үе тэнгийн хүүгийн эрүүл мэндэд учирсан хохиролыг бүрэн төлж өгч хохиролгүй болгоно. Хөдөө суманд байгаа аав, ээж минь “удахгүй төлж өгнө” гэсэн тул би хохирогч хүү болон ар гэрийнхэнд нь амлаж байна.

Иймд миний дээрх байдлыг харгалзан үзэж, цаашид сургуульдаа суралцах боломж олгож, надад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн хэргээ хүлээж байна. Хохирогчид гэмтэл учруулсандаа гэмшиж, уучлалт гуйж, маш их харамсаж байна. Өмгөөлөгчтэйгөө хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Сургуулиас хичээл тасалсан тохиолдолд хөөдөг тул сурах боломжоор минь хангаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд маш их гомдолтой байна. Хэрэв шүүгдэгч Г.Ө миний хагалгаанд орох зардлыг төлөөд хохиролгүй болговол би түүнийг уучилж чадна гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд ч хэлж байсан. Гэтэл Г.Ө анхан шатны шүүх хуралдаанд “7 хоногийн дотор чиний хамрыг янзлуулж өгнө” гэж хэлсэн боловч одоог хүртэл хохирлыг барагдуулаагүй. Миний нэхэмжилж байгаа 4.500.000 төгрөг нь хамраа янзлуулах хагалгааны зардал юм. Би Г.Өаас болж хохирсон мөртлөө ээжээсээ эмчилгээний төлбөрийг нь гаргуулмааргүй байна. Мөн би хөлбөмбөг тоголдог байсан, хамраа хугалуулснаас хойш тэмцээн, уралдаанд оролцож чадахгүй маш их хохирч байна. Г.Ө давж заалдах гомдолдоо “би үе тэнгийн хүүгийн хохирлыг бүрэн төлж өгч хохиролгүй болгоно. Хөдөө суманд байгаа аав, ээж минь удахгүй төлж өгнө гэж хэлсэн тул би хохирч буй хүү болон ар гэрийнхэнд амлаж байна” гэж амлаж бичсэн боловч одоог хүртэл хохирлыг төлөөгүй. Шүүхийн өмнө надаас уучлалт гуйж байгаа боловч эндээс гараад надаас нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Ө нь сургуульд суралцаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байх тул прокуророос нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Г.Ө нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 20 цаг орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн урд талын замд насанд хүрээгүй хохирогч Г.Цг мөргөсөн гэх шалтгаанаар нүүрэн тус газар нэг удаа цохиж, “хамар ясны баруун, зүүн хажуу хана, хянганы хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

насанд хүрээгүй хохирогч Г.Цгийн “...ганцаараа явж байтал урдаас үл таних 3 залуу гарч ирсэн ба би тэдгээр залуучуудын өндөр, биерхүү, нүдний шилтэй залууг хажуугаар нь зөрөхдөө мөрөөрөө шүргэсэн. Гэтэл намайг “хөөе чи яагаад байгаа юм” гэж араас дуудахаар нь очоод “яасан юм бэ” гэж хэлэн инээтэл тэдгээр залуучуудын хар хувцастай, 170 см орчим өндөртэй залуу нь намайг “энэ ямар охин шиг банди вэ” гээд миний хамар хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохьсон. ...Тухайн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би хохирлоосоо нөхөн төлүүлсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг болон “Мед Трума” гэх эмнэлэгт толгойны дүрс оношилгоонд 148.000 төгрөгөөр орсон. ...” /хх 6-11/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

Хохирлын баримтууд /хх 52-57/ болон,

“...Г.Цгийн биед хамар ясны баруун, зүүн хажуу хана, хянганы хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11537 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 17-19/,

гэрч Г.Ггийн “...Замдаа явж  байхад Өыг нэг эрэгтэй мөрлөсөн. Тэгсэн чинь Ө “чи яагаад хүн мөрлөөд байгаа юм бэ” гэсэн чинь нөгөө хүн нь “чи тэгээд яах гээд байгаа юм” гэхээр нь Ө хамар хэсэг рүү нь алгадсан. Тэгтэл тэр залуугийн хамраас цус гарсан ба Ө зугтаагаад яваад өгсөн. ...” /хх 12-13/,

яллагдагч Г.Өын “...тухайн залуу Улсбаяр бид хоёрын дундуур мөрлөн гарахад нь “чи яагаад байгаа юм бэ” гэж асуутал Улсбаяр хажуунаас маргаж, би тухайн залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж гэмтээсэн. Тухайн залуу “чи яаж байна” гээд цагдаа дуудсан бөгөөд би айгаад уг газраас зугтаасан. ...Би найз охиноосоо салчихсан ууртай явж байтал гудамжинд үл таних залуу мөрлөсөн учир нүүр тус газарт нь цохиж гэмтээсэн. ...” /хх 24-25/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Г.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Г.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн  зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, сургуульд сурдаг, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Г.Өт оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд тус тус нийцсэн байх тул шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нарын хамтран гаргасан “...Төмөр замын дээд сургуульд суралцдаг тул торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/966 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө болон түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/966 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө болон түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ