Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2017/0500

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, иргэн Т.Б*******ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Эрүүл мэндийн яаманд урьд эрхэлж байсан чиг үүргийн дагуу хуучин ажлын байранд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эгүүлэн томилуулахыг даалгах, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг Эрүүл мэндийн яамнаас гаргуулан, энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг тус тус даалгах” шаардлага бүхий шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б*******, хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* нарын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “Эрүүл мэндийн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Д.О*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* /цаашид “хариуцагч” гэх/, нөгөө талаас иргэн Т.Б******* /регистрийн дугаар://цаашид “нэхэмжлэгч”, хамтад нь талууд гэх/ нар Монгол Улсын Иргэний хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон, дараахь Ерөнхий нөхц­лийн заалтууд болон эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг өөрийн хү­сэл зориг, сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, харилцан тохи­рол­­­цож,энэхүү гэ­рээг байгуулав”.

1.    2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны

өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5,973,480.00 төгрөгийг нэхэмжлэгч /Т.Б*******/-д олгох,

2.    2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны

өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх,

3. Нэхэмжлэгчийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ажилд эргүүлэн томилж, хуанлийн 7 хоногийн дараа нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлнө. Энэхүү гэрээ нь нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл болно.

4. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхөн төлбөрийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, гэрээнд зааснаар нэхэмжлэгчийг ажлын байранд томилон 7 хоногийн дараа нэхэмжлэгчийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөх бөгөөд ажлаас чөлөөлсний тэтгэмж олгохгүй байх зэрэг нөхцөлүүдийг харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2  дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Эрүүл мэндийн яамны 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 2/1766 дугаар албан бичгээр Б.О*******т олгосон итгэмжлэлээс[1] үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх олгогдсон байна.  

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан байна. 

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарыг эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Т.Б*******ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар нь “Нэхэмжлэгчид 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5,973,480.00 /таван сая есөн зуун далан гурван мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас олгох, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх, гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон тушаал гаргаж, хуанлийн 7 хоногийн дараа уг гэрээг үндэслэн нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлсөн тушаал гаргах бөгөөд ажлаас чөлөөлсний тэтгэмжийг олгохгүй байх” нөхцөлөөр нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                           Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас