Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/15

 

 

 

 

       2022           12            22                                    2023/ДШМ/15

 

М.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оргилболд, 

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/940 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2209000000333 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Б нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” зочид буудлын 1210 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ Д.Хын биен дээр асаасан тамхиа унтраах, асаагуураар биеийн хэсгийг түлэх зэргээр эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж, хохирогчийн “баруун шууны дотор дээд хэсэгт 0.5х0.5 см, дотор доод хэсэгт 1.5х1 см, баруун шууны дотор дээд хэсэгт 2х1 см, зүүн шууны дотор дунд хэсэгт 4х2.5 см хэмжээтэй шарх гэмтэл” зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэст зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Хын 1.600.000 төгрөгийн (хиймэл шүдний паалан хугалж гэмтээсэн гэх) нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, 2.056.000 төгрөгийн (зочид буудлын эд зүйл гэмтээсний төлбөр гэх) нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Соёрхол" нэртэй архины шил 1 ширхэг, "Grand marnier" нэртэй вискины шил 1 ширхэг, "Ерөөл" нэртэй архины шил 1 ширхэг, "Чингис" нэртэй архины шил 1 ширхэг, "Алтан говь" нэртэй пивоны шил 1 ширхэг, "Hoegaarden" нэртэй пивоны шил 1 ширхэг, "Bearded Lady" нэртэй пивоны 2 ширхэг лааз, цагаан өнгийн алчуур 1 ширхэг, тамхины иш 28 ширхэг, шилний хагархайнууд, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/940 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Миний бие 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Д.Хт зодуулж хамар хугарч, цөмөрч, шүд хугарч, толгойдоо 16, зүүн хөмсөгтөө 7 оёдол тавиулсан. Нурууны хүнд бэртэл авч одоог хүртэл алхаж чадахгүй таяг тулж байгаа. Шүүх эмнэлгээр 2 удаа ороход хөнгөн бэртэл гэсэн. Толгой нурууны MRI зураг авахуулж, нарийн онош тогтоож чадаагүй байх хооронд зодсон Д.Х нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дэслэгч Пүрэвдоржтой хуйвалдаж, ашиг сонирхлын үүднээс намайг тамхины галаар түлсэн гэж гүтгэсэн. 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болох 500.000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шатнаас энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх хуралд цагаатгах байр суурьтайгаар оролцож байсан. Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг байна гэхэд “шүүгчийн захирамжаар гэм буруутай гэж тогтоогдсон учраас цагаатгах боломжгүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гарсан байх гэж бодож байна.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдлын хүрээнд биш хэргийг бүхэлд нь хянаж үзэх тул шүүгдэгч М.Бгийн гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Б.Оргилболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх М.Бд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн. Эрүүгийн 2209000000333 дугаартай хэрэгт М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан асуудлаас болж М.Б, Д.Х нарт холбогдох эрүүгийн 2109008910145 дугаартай хэргээс тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэж М.Бг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, М.Бгийн хохирсон байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

М.Б нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” зочид буудлын 1210 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ Д.Хын биен дээр асаасан тамхиа унтраах, асаагуураар биеийн хэсгийг түлэх зэргээр эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж, хохирогчийн “баруун шууны дотор дээд хэсэгт 0.5х0.5 см, дотор доод хэсэгт 1.5х1 см, баруун шууны дотор дээд хэсэгт 2х1 см, зүүн шууны дотор дунд хэсэгт 4х2.5 см хэмжээтэй шарх гэмтэл” зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-24/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 25-28/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 152/, хохирол төлсөн талаарх тодорхойлолт /1хх 193/ зэрэг нотлох баримтууд болон,

“...Д.Хын биед баруун, зүүн шуунд шарх, баруун шуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 7321 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 58-63/,

хохирогч Д.Хын “...шөнө болтол юм яриад суусан бөгөөд энэ үед Б нь тамхи татаад өөрийнхөө зүүн гарын булчин дээр тамхиныхаа цогийг унтраагаад байсан. Би тухайн үед жаахан согтсон байсан бөгөөд “чи ингэж унтрааж чадах уу” гээд миний баруун гарын шууны дотор хэсэг, бугалганы дотор хэсэгт тус бүр 2 газарт тамхиныхаа цогийг унтрааж намайг түлсэн. ...Б нь миний зүүн гарын шууны дотор талыг асаагуураар түлж байсан. Тэгээд би босоод түүнд уурлаад, түүний нүүр рүү түлхэхэд тэр над руу архины шил аваад шидсэн. Би гараа нүүрнийхээ урд барьж хаахад гаран дээр цохигдоод унасан. Тэгээд тэр над руу дайраад намайг зодох гэж оролдсон. Би газарт савж унаад босож ирэхэд дахиад дайрахаар нь би түүний нүүр рүү цохьсон. Бид хоёр бие биенийгээ цохиж цус нөж болгосон. ...Б нь миний баруун шууны дотор хэсэг, баруун бугалганы дотор хэсгийг тамхины цогоор, мөн намайг унтаж байхад зүүн гарын бугалганы булчингийн 2 хэсэгт асаагуураар түлж гэмтэл учруулсан. Миний хиймэл шүд цохигдож цус гарсан. Харин түүний толгойноос цус гарсан. ...” /1хх 33-35/,

гэрч Х.Нын “...Өглөө 8 цаг 5 минутад 1210 дугаартай өрөөнөөс анх ирсэн 2 залуугийн жижиг биетэй залуу нь гарч явсан бөгөөд миний бие 8 цаг 10 минутын орчимд 1210 дугаартай өрөө рүү орж миний баарны зургыг дарж аваад явж байтал тухайн хоёр залуугийн нэг нь “цус гараад тогтохгүй байна” гэх зүйлийг ярьсны дагуу би давхарын жижүүр рүү ярьж 1210 дугаартай өрөөг шалгуулахад цус нэлэнхүйдээ асгарсан байдалтай байсан тухай хэлсэн тул би цагдаагийн байгууллага болон эмнэлгийн тусламж дуудсан. ...” /1хх 36-38/,

яллагдагч М.Бгийн “...гэнэт миний толгой руу архины шилээр 2 удаа цохьсон. Би босож ирэхэд гараараа миний нүүр рүү цохиж хөмсөг язалсан, мөн гараараа миний шүд рүү цохиж хиймэл шүд хугалсан. Мөн бүтэн байсан шүд маань хугарсан. Тэгээд миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод хамраас цус гаргасан. Миний хамраас болон толгойноос цус гараад тогтохгүй байсан. ...” /1хх 175-177/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Шүүгдэгч М.Бгаас “Би 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Д.Хт зодуулж, хамар хугарч, цөмөрч, шүд хугарч, толгойдоо 16, зүүн хөмсөгөндөө 7 оёдол тавиулсан. Нурууны хүнд бэртэл авч одоог хүртэл алхаж чадахгүй таяг тулж байгаа. Шүүх эмнэлэгээр 2 удаа ороход хөнгөн бэртэл гэсэн. Толгой нурууны MRI зураг авахуулж, нарийн онош тогтоож чадаагүй байх хооронд зодсон Д.Х нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дэслэгч Пүрэвдоржтой хуйвалдаж, ашиг сонирхлын үүднээс намайг тамхины галаар түлсэн гэж гүтгэсэн. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэдийгээр М.Бд дээрх гэмтлүүдийг Д.Х учруулсан боловч эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /1хх 144-145/-оор Д.Хт холбогдох хэргийг тусгаарлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн байна /1хх 199-204/.

Мөн хохирогч Д.Х нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дэслэгч Пүрэвдоржтой хуйвалдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч М.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/940 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/940 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ