| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2017/00173/э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Эрдэмбилэг |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 19
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Н.Эрдэмбилэг,
Гэрч М.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 1730001710118 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн харьяат, 1984 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, М.М.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч М.М нь иргэн Б.Сы цоожтой амбаараас 25 килограммаар савласан “Их хурд” нэртэй 5 шуудай овъёосыг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Надад мөнгө хэрэгтэй болоод овъёосыг авсан. Авсан овъёосоо эзэнд нь буцааж өгсөн. Гэмшиж байна... гэв.
- Яллагдагч М.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би бичиг үсэг мэдэхгүй тул өмгөөлөгчөөр Х.Эрдэнэбаатарыг оролцуулж байна. Миний хувьд мөнгөний хэрэгтэй байсан болохоор овъёос хулгайлсан. Миний хулгайлсан овъёосыг би уг айлдаа өмнө нь буулгаж байсан. Уг айлын хашаанд ороод пингийн хаалганы үүдэнд хаалгыг нь цоожтой байхаар нь довжооны доод талыг үзэхэд төмөр байхаар нь хөшиж онгойлгоод 5 шуудай овъёосыг нэг нэгээр нь зөөгөөд өөрийнхөө хашаанд амбаарт хийсэн. Овъёосыг цагдаа нар хурааж аваад эзэнд нь өгсөн гэсэн... гэх мэдүүлэг /хх-18/,
- Хохирогч Б.Сы хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай аавын эгч Ц.Уы гэр Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 11-30 тоот хашаанд амьдардаг юм. Уг хашаанд манайх эд зүйлээ хийдэг амбаар байдаг ба 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний хооронд амбаарын хаалганы цоожийг эвдээд дотор нь байсан “Хурд” гэсэн нэртэй 25 кг-аар савласан ногоон өнгийн 5 шуудай овъёос алдагдсан байсан. Тухайн үед манайхан юм авах гээд түлхүүргүй онгойлгосон юм болов уу гэж бодоод цагдаад хандаагүй юм. Тэгээд гэрийнхээ хүмүүсээс асуусан чинь авсан хүн байхгүй гэж байхаар нь цагдаад гомдол гаргасан. Тухайн үед манай амбаарын ойролцоо ямар нэгэн ул мөр байгаагүй. Цоож эвдэрсэн байхаар нь буцаагаад янзалчихсан. Би шуудайтай овъёосоо Сүхбаатар аймгаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөхөө гэдэг хүнээс нэг шуудайг нь 100.000 төгрөгөөр нийт 40 шуудай овъёос авч байсан. Одоо овъёосоо авсан болохоор надад гаргах гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-4-5/
- Гэрч М.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017.11.14-ний өдөр гэртээ ирэхэд танайд 5 шуудайтай юм байсан. Би аав ээжээс асуухад Мөнхөө хүн хадгалуулж байгаа юм гээд авчирсан гэж хэлсэн. Мөнхөө гэдэг нь миний дүү М байгаа юм. Намайг ажилдаа явахаа гарахад хүн овъёос худалдаж авъя гээд ирсэн. Тэр хүмүүс нь цагдаа байсан юм билээ. Миний дүү М нь 7 настайгаасаа эхлээд л унаж тусдаг өвчтэй болсон. Унаж татахаараа шокын байдалд ордог. Байнга аав, ээжийн асрамжинд байдаг. М 2007 онд группт орсон... гэв.
- Гэрч М.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 929 тоотод аав Максимын хашаанд гэрт байдаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний 11 цаг өнгөрөөгөөд ирэхэд манай аавын байшингийн үүдний амбаарт шуудайтай зүйл хураалттай байхаар нь ааваас “ энэ ямар учиртай шуудайтай юм бэ “ гэхэд М авч ирсэн юм байлгүй гэж байсан. Тэгээд би цайгаа уучихаад ажилдаа явсан. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажилдаа явах гэж байхад манай дүү М аавын үүдний амбаарт байсан шуудайтай зүйлээ байшингийн хойд талын амбаарлуу зөөж байсан. Тэгээд өдөр цагдаагийн хүмүүс ирээд асуухаар Мын шуудайтай зүйл хийж байсан амбаарыг үзүүлэхэд морины тэжээл гэсэн бичигтэй 5 шуудай овъёос байсан. Би тэрийг хаанаас авч ирсэн талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-8/
- Гэрч Д.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай хүү М нь 1995 оны үед сургуульд сурч байгаад унаж татдаг өвчтэй болоод сургуулиас гарч байнгын асаргаанд байдаг болсон. Уг унаж татдаг өвчний улмаас одоо 70 хувийн группт байдаг. Манай хүү архи уудаггүй, тамхи татдаг. Бие нь муудахаараа хаашаа ч хамаагүй татаж унаад өөрийн ухаангүй болоод өмдөндөө болон орондоо шээж баачихдаг юм. Ер нь бол байнгын асаргаанд байхгүй бол болохгүй хүн байгаа юм. Өмнө нь 2009 онд хүний ноолуур хулгайлсан хэргээр Сүхбаатар аймгийн шүүхээр орж тэнсэн ял авч байсан... гэх мэдүүлэг /хх-9/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Х.Б даргатай комиссын гаргасан 5 шуудай овъёосны үнэлгээ /хх-23/
- Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх- 10/
- Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт /хх-13-14/
- Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 11 сарын 22-ны өдрийн эмнэлгийн магадлагаа /хх-31-32/
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017.05.30-ны өдрийн шийдвэр
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн Засаг даргын 2017.12.07-ны өдрийн 5/422 тоот тодорхойлолт /хх-26/
- Шүүгдэгч М.Мын иргэний үнэмлэхийн хуулбар
- М.Мын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-19/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай Шийтгэх тогтоол /хх-21- 23/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч М.М нь 2017.11.13-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Дэнжийн 11-30 тоотод байх цоожтой амбаараас иргэн Б.Сы 25 килограммаар савласан “Их хурд” нэртэй 5 шуудай овъёосыг хулгайлж, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч М.Мын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.С, гэрч Д.М, М.Б нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу агуулахад нэвтэрч бусдын хөрөнгийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Тодруулбал, М.М нь айлын эд зүйлээ агуулдаг, цоож, хамгаалалттай амбаарын цоожийг төмрөөр эвдэн нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авчээ.
Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал, шүүгдэгч М.М нь зарж борлуулах, ашиг олох зорилгоор бусдын эд зүйл хадгалах цоожтой амбаарт нэвтэрч эд зүйлсийг хулгайлсан байх бөгөөд энэ нь түүний “ 2017 оны 11 сарын 13-ны орой 23 цагийн үед халуун усаа хаачихаад Эрдэнэбаатар гэх хүний дэлгүүр рүү орж тамхи авах гэж яваад уг дэлгүүрийн зүүн талын хэд хоногийн өмнө овъёос буулгаж байсан айлын хашааны жижиг хаалга онгорхой байхаар нь дотогш ороод амбаарын цоожийг газарт байсан төмрөөр хөшиж онгойлгоод 5 шуудай овъёосыг нэг нэгээр нь урагшаа гэрлүүгээ аваачаад амбаартаа хийсэн. Миний хувьд мөнгөний хэрэгтэй байсан болохоор овъёос хулгайлсан” гэх,
хохирогч Б.Сы “Манай аавын эгч Ц.Уы гэр Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 11-30 тоот хашаанд амьдардаг юм. Уг хашаанд манайх эд зүйлээ хийдэг амбаар байдаг ба 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний хооронд амбаарын хаалганы цоожийг эвдээд дотор нь байсан “Хурд” гэсэн нэртэй 25 кг-аар савласан ногоон өнгийн 5 шуудай овъёос алдагдсан байсан” гэх мэдүүлэг,
гэрч М.Бийн “2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 11 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай аавын байшингийн үүдний амбаарт шуудайтай зүйл хураалттай байхаар нь ааваас энэ ямар учиртай шуудайтай юм бэ гэхэд М авч ирсэн юм байлгүй гэж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажилдаа явах гэж байхад манай дүү М аавын үүдний амбаарт байсан шуудайтай зүйлээ байшингийн хойд талын амбаар руу зөөж байсан. Тэгээд өдөр цагдаагийн хүмүүс ирээд асуухаар Мын шуудайтай зүйл хийж байсан амбаарыг үзүүлэхэд морины тэжээл гэсэн бичигтэй 5 шуудай овъёос байсан. Би тэрийг хаанаас авч ирсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлгүүдээр нотлогдоно.
М.М гэмт хэргийг гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, бусдын эд зүйлс хадгалж, агуулах амбаарын цоожийг эвдэн нэвтэрч 5 шуудай овъёос хулгайлан бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан хийгээд энэ талаараа хэрэгт “ Миний хувьд мөнгөний хэрэгтэй байсан болохоор овъёос хулгайлсан. Миний хулгайлсан овъёосыг уг айлдаа өмнө нь буулгаж байсан “ гэж мэдүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэргийн байдлын нотлох дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
М.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Мын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн буюу 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 шуудай овъёос хохирогчид буцаан олгогдсон, тэрээр унаж татдаг өвчний улмаас 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
М.М нь унаж татдаг өвчний улмаас зан төрхийн өөрчлөлт өвчтэй, энэ өвчний улмаас 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт/ хх- 13-14/, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн 2017.11.22-ны өдрийн магадлагаа/хх- 31/, Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017.05.30-ны өдрийн шийдвэр/хх- 33/ зэргээр нотлогдоно.
Шүүгдэгч М.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол буцаан олгогдсон, хохирогч Б.С нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Маам овогт Максимын Мыг агуулахад хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Мыг 1/ нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Мд оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Ялтан М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Ялтан М.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 500.000 төгрөгийг үнэтэй 5 шуудай овъёос хохирогч Б.Сд буцаан олгогдсон, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН