Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01037

 

Ж.Оюуны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дүгээр шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар магадлалтай,

Ж.Оюуны нэхэмжлэлтэй

Г.Болор-Эрдэнэд холбогдох

Гэм хорын хохиролд 8 254 599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Болор-Эрдэнэ нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр намайг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, уг тогтоол, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдсан. Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд миний очиж оролцсон зардал болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хөлсийг хасаж тооцсон тул өмгөөлөгчийн хөлсийг нэмж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу нэхэмжилж байна. Миний өмгөөлөгч Б.Гансүх нь анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө шүүгчийн захирамжийг Ховд аймагт хэлэлцэх үед нэг удаа, Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүх хуралдаанд нэг удаа, Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэг удаа, Улаанбаатар хотод шүүхийн шинжилгээний хүрээлэнд өвчтөний түүх, компьютер томографикийн зураг бусад нотлох баримт хүргэж өгөхөд нэг удаа, нийт дөрвөн удаагийн шүүх хуралдаанд оролцуулж, 3 удаа гомдол бичүүлсэн. Г.Болор-Эрдэнээр зодуулж гэмтэл учруулсны хохирол, түүнээс шалтгаалан гарсан эмчилгээний зардал бусад зардлууд нийт 8 254 599 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад зааснаар эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг хэргийн хамт эрүүгийн шүүх хурлаар шийдвэрлэнэ, нотлох баримт дутуу бол иргэний шүүхэд жич нэхэмжлэл гаргахаар тогтоолд заана гэжээ. Нэхэмжлэгчээс олон сая төгрөгийн дүн бичсэн хуурамч нэхэмжлэлийг 3 шатны шүүх тус бүрдээ хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, Улсын Дээд шүүхийн 182 дугаар тогтоолоор 790 200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн гомдол, нэхэмжлэл нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэртэй нэхэмжлэлийг дахин нотлох шаардлагагүй, эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэртэй хэргийн талаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж байх тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Болор-Эрдэнээс 2 091 160 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Оюунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 163 439 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ж.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Болор-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 48 408 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т заасныг баримтлан төрийн сангийн 00150000941 дугаар данснаас 147 024 төгрөг гаргуулж Ж.Оюунд буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.Болор-Эрдэнээс 48 408 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар зохигчдын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул өөрчлөлт оруулж өгнө үү. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны баримтаа бүрдүүлж өгсөн байтал шат шатны шүүх хохирлыг үндэслэлгүйгээр хасч байгаад гомдолтой байна. Хариуцагч нь албан тушаалаа ашиглаж шүүхэд хөндлөнгөөс нөлөөлж хохирлыг хуулийн дагуу гаргахаар хуульчилсан байхад намайг хууль бусаар нэхэмжилж байна хэмээн 2014 оны 6 дугаар сараас хойшхи хохирлыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах үндэслэлтэй гэсэн хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Шүүгч нөлөөнд автаж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Г.Болор-Эрдэнэ нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж, өөрийн эрх ашигт нийцүүлж байсан байхад миний хот хооронд явсан зардал болон өмгөөлөгчид төлсөн хөлсийг гаргуулж шийдвэрлээгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Г.Болор-Эрдэнийн гаргасан хүсэлтүүдийг хангаж, давуу байдал олгож, хохирогч би хохирсоор яваад хэн буруутай вэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43, 44, 99, 100, 101 дүгээр зүйл болон Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд заасны дагуу өөрт учирсан хохирлынхоо 80 орчим хувийг нэхэмжилж, бусад зардлаа нэхэмжилж чадаагүй. Яаж ч бодсон Г.Болор-Эрдэнэд зодуулсны улмаас 2 жил 2 сарын хугацааны зардал 7 900 200 төгрөг болно гэж байх уу. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4.-т өмгөөлөгчийн зардал байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарна гэдгийг хуульчилсан байхад хасч тооцлоо. Миний 4 удаа шүүх хуралд оролцож, 3 удаа гомдол бичиж 1 удаа Улаанбаатар хотод шүүх хуралдаанд оролцохоор очиж, өмгөөлөгч авсан 1 000 000 төгрөг зэргийг шүүх хохирогчид учирсан хохирол биш гэж үзлээ. Гэтэл анагаах ухаанд гэмтэл авсан нь тухайн үеийн нөхцөл байдалд хийж байгаа хууль зүйн дүгнэлт болохоос биш хор уршиг хэзээ ч учирч болох талтай гэж үздэг юм байна. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт учирсан хохирлоо барагдуулахаар шат шатны шүүхээр явж байна. Би илүү хохирол нэхэмжлээгүй, өөр учирсан хохирлоо дутуу нэхэмжилсэн. Мөн өөр учирсан хохирлоо нэхэмжилсэн баримтуудаа шүүхэд гарган өгч буруутай этгээдээс гаргуулахаар байтал хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Хуулийн байгууллагууд түргэн шуурхай ажиллахгүй намайг 2 жил 2 сарын хугацаанд хохирсон дээр минь хохироож байгаад гомдолтой байна. Хариуцагч нь намайг гүтгэсэн мэтээр телевизэд ярилцлага өгч байгаа нь шударга үнэнд нийцэхгүй юм. Иймд уг хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1 729 089 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэрээр 2 091 160 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 6 163 439 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамж шийдвэрлэсэн заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.-д заасны дагуу Улсын Дээд шүүхийн 182 дугаар тогтоолоор 790 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар эцэслэн шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д “Нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон ...түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол... байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан нь шүүх нэхэмжлэгч Ж.Оюуны гомдол, нэхэмжлэл шүүхийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэртэй нэхэмжлэлийг дахин нотлох шаардлагагүй. Магадлалд “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Болор-Эрдэнэ нэхэмжлэлтэй холбогдуулан татварын хууль тогтоомж зөрчсөн гэх хүсэлт гаргаагүй ба анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй үйл баримтаар гомдол гаргасан байна” гэж үзсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасныг биелүүлээгүй бөгөөд хэргийг бүрэн судлаагүй байна. Магадлалын үндэслэх хэсэгт “Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэрэгт авагдсан Нотариатчдын танхимын 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1156 дугаартай нэхэмжлэгч Ж.Оюуны сарын орлого тодорхойлсон тодорхойлолтыг үнэлэн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин, хөлс түүнтэй адилтгах орлого тооцсоныг үгүйсгэсэн үндэслэлээ хариуцагч нотлоогүй байна” гэж үзсэн атлаа шүүх нэхэмжлэгч Ж.Оюуны шүүхэд гаргасан гэм хорын хохирлын тооцоог хэрхэн бодож тооцож гаргасан үндэслэлээ дурдаагүй, нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой. Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6.1.3 дахь заалтаас үзвэл ажилгүй байсан цалин түүнтэй адилтгах орлогыг Нийгмийн даатгалын болон Татварын байгууллагад төлсөн татварын хувь хэмжээгээр тооцохоор заасан. Гэтэл шүүхээс шийдвэр гаргахдаа Монголын Нотариатчдын танхим гэсэн төрийн бус байгууллагын тодорхойлолтыг үндэслэсэн нь ойлгомжгүй. Учир нь Нотариатын тухай хууль тогтоомжуудаас үзэхэд Татварын болон Нийгмийн даатгалын байгууллагын өмнөөс тодорхойлолт гаргаж цалин түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох эрх Монголын Нотариатчдын танхимд байхгүй. Увс аймгийн Татварын хэлтэст нэхэмжлэгч нь жилд дунджаар 200 000 гаруй мянган төгрөг төлдөг байхад сард 2 480 000 төгрөгийн орлоготой байдлаар дүгнэжээ. Гэтэл шүүхээс Татварын тухай хууль тогтоомжийн холбогдох заалтыг хэрэглэхгүйгээр хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ж.Оюун нь хариуцагч Г.Болор-Эрдэнээс гэм хорын хохирол 8 254 599 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ Увс аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хариуцагчийн гэм буруу, түүний хууль зөрчсөн үйлдлээс учирсан хохиролд үндэслэнэ гэжээ.

Г.Болор-Эрдэнэ нь 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд Ж.Оюунтай маргалдаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн боловч эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хохиролд эмчилгээний зардал 288 000 төгрөг, баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардал 9 000 төгрөг, онгоцны  нэг талын зардал 293 200 төгрөг нийт 790 200 төгрөгийг Г.Болор-Эрдэнээс гаргуулж Ж.Оюунд олгон, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт Увс аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаар тогтоолоор тогтоогдсон байна.

Бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай тул хариуцагч Г.Болор-Эрдэнэ нь Ж.Оюунд учруулсан гэм хорыг төлж барагдуулах үүрэгтэй талаар хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв сонгон, хэрэглэсэн боловч гэм хорын хохирол тогтоогдсон эсэхийг хэрэгт цугларсан баримтанд тулгуурлан хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байна. 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж зааснаар  нэхэмжлэгч нь дутуу авсан цалин, гэмтлийн улмаас ажиллаж чадаагүй гэж цалин, орлогоо шаарджээ. Шүүх нэхэмжлэгч Ж.Оюуныг сарын 2 248 000 төгрөгийн дундаж орлоготой гэж тодорхойлсон Монголын Нотариатчдын танхимын 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1155 дугаар албан бичиг, татвар төлөгчийн тухай Увс аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолтоор нэхэмжлэгчийн сарын орлогыг тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Увс аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолтонд татвар төлөгчийг Хууль зүйн ачлал товчоо гэснээс гадна ямар хэмжээний татвар төлсөн мэдээлэл байхгүй байна. /хх-69/ Мөн хөнгөн гэмтлийн улмаас Ж.Оюун нь ямар хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан, эсвэл эрүүл мэндийн улмаас ажил үүргээ гүйцэтгэх  боломжгүй байсан гэх байдлыг нотлоогүй байхад хөнгөн гэмтэл нь 20 хоногт хөдөлмөрийн чадварыг алдагдуулах боломжтой гэж үзсэн шүүхийн дүгнэлт бодит баримтанд үндэслэгдээгүй байна.

Шүүх эрүүгийн хэргээс хохирлын баримтуудыг гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан ба эрүүгийн журмаар шийдвэрлэх үед хэлэлцэгдэж, хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлд хамаарах хохирлын талаар үндэслэлтэй дүгнэжээ. /хх-28, 29, 30/ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийг иргэний шүүхэд дахин шийдвэрлэхгүй юм.

Харин нэхэмжлэгч Ж.Оюун нь хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанд оролцсон нь тогтоолд тусгагдсан, хуралд ирэхийн тулд Увс аймгаас онгоцоор ирж, буцсан баримтаар 588 000 төгрөгийн зардал гаргасан тул, уг зардлыг шаардах эрхтэй байна. Тухайн зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж учирсан байх ба хохирогчоос өөрөөс нь гарсан тул хохиролд тооцогдоно.

Энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, “нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн” нэхэмжлэгчийн гомдол, “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн” хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар магадлал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад “...2 091 160 төгрөг...” гэснийг “...588 000 төгрөг...” гэж, “...6 163 439 төгрөг...” гэснийг “...7 666 599 төгрөг...” гэж,

2 дахь заалтыг “...48 408 төгрөг...” гэснийг “...18 050 төгрөг...” гэж тус тус өөрчилж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1., 57.4.-т зааснаар хариуцагч Г.Болор-Эрдэнээс хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 48 408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч Ж.Оюун хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА