Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 0577

 

 

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0577

Улаанбаатар хот

 

Д.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 330 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Т-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Т-г Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан албан тушаал бууруулсны цалингийн зөрүү болох 543,226 /таван зуун дөчин гурван мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймаг дахь тус яамны харьяа Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Т-г албна тушаал бууруулсан Б/28 тоот тушаал гаргасан.

            Учир нь Д.Т хууль тогтоомжийг мөрдөж, сахин биелүүлээгүй, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан, ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн учраас Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “ ... Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх ...” гэж заасныг, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “ ... албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн ...” бол захиргааны санаачлагаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулна гэж заасныг тус тус үндэслэн салбарын сайдын дээрх тушаалыг гаргасан.

            Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг илтэд буруу тайлбарлаж, тухайн асуудалд хамааралгүй хуулийн заалтыг баримтлан Д.Т-г албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан байна. Тухайлбал:

            Шийдвэрийн тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг баримталсан. Энэхүү 26 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, үндэслэл бөгөөд 26.4-д “ ... Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийдгэл ногдуулж болохгүй ...” гэж заасан байдаг. Харин салбарын сайд өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд Д.Т-д сахилгын шийтгэл хүлээлгэлгүй албан тушаал бууруулсан байсан. Учир нь Д.Т нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг зөрчсөн, сахин биелүүлээгүй нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Албан тушаал бууруулах асуудалд хөөн хэлэлцэх хуагцаа хамааралгүй бөгөөд захиргааны зүгээс тухайн албан хаагчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл ийнхүү албан тушаал бууруулдаг.

            Иймд хуулийн заалтыг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0330 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Харин хууль хэрэглээний хувьд алдаатай байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Д.Т-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгон нэхэмжлэгч Д.Т-г Тарвагатайн нурууны цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн  даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих ёсоор нь нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

            Хариуцагчаас Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр  зүйлийн 1.4, 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийг “ХЗ” ХХК-аас зориулалтын бус 3,000,000 /гурван сая/ төгрөгийг хамгаалалтын захиргааны дансанд төвлөрүүлж хариуцлага алдсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албанаас чөлөөлж, албан тушаал бууруулжээ.

Төрийн албаны тухай хуульд уг хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бол сахилгын шийтгэл хүлээлгэхээр, харин 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг зөрчсөн бол захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах шийдвэр гаргаж болохоор зохицуулжээ. Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн боловч мөн хуулийн 23 дугаар зүйлд зааснаар албан тушаал бууруулах шийдвэр гаргасан нь зөрчилтэй болжээ. Мөн анхан шатны шүүх “... 2013 онд гарсан зөрчилтэй нь холбогдуулан 2016 онд албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг зөрчсөн” гэж дүгнэн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Д.Т нь “ХЗ” ХХК-ийн зам тавих зорилгоор тайрсан 33 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээний 3 сая төгрөгийг байгаль хамгаалах сангийн тусгай дансанд биш байгууллагын дансанд төвлөрүүлсэн байх бөгөөд энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр биш юм. Өөрөөр хэлбэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1-д зааснаар ойн санд учруулсан хохирол бол мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.3-д зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулах ёстой.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах” үйл ажиллагааг байгалийн цогцолборт газарт явуулж болохоор байна. “ХЗ” ХХК-ийн Солонготын давааны авто замын өргөтгөлийн ажлын хэсэгт орсон модны экологи, эдийн засгийн үнэлгээг Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн тооцохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А-156 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тооцож, шинжээчийн дүгнэлт гаргажээ. Уг аргачлалд “ойн санг мөнгөн илэрхийллээр үнэлэх, ойн аж ахуйн арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг тооцох, ойд учруулсан төрөл бүрийн хохирол, түүний нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” 394 дүгээр тушаалаар баталсан үнэлгээг мөрдөхөөр зохицуулсны дагуу Тарвагатайн нурууны цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дансанд “ХЗ” ХХК-ийн төвлөрүүлсэн мөнгө нь байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр биш бөгөөд харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулахад замын өргөтгөлийн хэсэгт орсон 33 модны экологи эдийн засгийн үнэлгээний мөнгөн төлбөр байна. Тиймээс нэхэмжлэгч Д.Т-г энэ үндэслэлээр албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж албан тушаал бууруулсан шийдвэр нь үндэслэлгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 330 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг баримтлан гэснийг Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ