Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 537

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би иргэн Д.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх явцад Налайх дүүргийн Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаартай захирамжаар 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байгаа нь хэргийн материалд ирсэн байна. 

Иймд миний гаргасан нэхэмжлэлийн дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай захирамж хүчингүй болж миний бие дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар захирамжтай танилцсан тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзээд өөрийн гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц******* нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны олговор 14656118 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь баримтаар тогтоогдлоо. Ингэснээр нэхэмжлэгч Д.Ц******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ц*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулсан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц*******гийн “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Засаг даргын Эдийн засаг, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны олговор 14656118 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.БАТСҮРЭН