Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 312

 

Э.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар магадлалтай, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 411 дүгээр тогтоолтой, Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Э.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.М-г 3 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр Э.М-г 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж, Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар Э.Мөнхнаран нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг Э.М-д анхааруулсугай” гэж тус тус өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл бичсэн болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж шийдвэрлэх эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...” шинэ нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна.

Иймд Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 411 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар бичсэн прокурорын дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг бол хууль дээдлэх ёсны зарчим бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль дээдлэх буюу тухайн ажиллагаа хууль ёсны байх зарчим нь хэрэглэгдэж буй хэм хэмжээ хуулийн хүчин төгөлдөр байхаас гадна Үндсэн хуульд нийцсэн байх агуулгыг илэрхийлдэг.

Хэрэв шүүхийн хэрэглэсэн эсхүл хэрэглэх гэж буй хуулийн тодорхой хэм хэмжээ  Үндсэн хуулийн холбогдох заалт, түүний агуулга, үзэл санааг зөрчсөн болох нь тогтоогдвол уг хэм хэмжээнд тулгуурласан шийдвэр болон үйл ажиллагаа бүхэлдээ хүчингүйд тооцогдох эрх зүйн хэм хэмжээний хүчин чадлын эрэмбэ, шатлалын суурь зарчим үйлчилдэг болно. 

Давж заалдах болон хяналтын шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ доод шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлж болох эрх хэмжээг олгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн Үндсэн Хуулийн Цэц шийдвэрлэснийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч тухайн заалтуудыг хүчингүй болгосноор хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн хувьд өмнө дурдсан суурь зарчмыг хэрэгжүүлэх асуудлыг хянан үзвэл зохих нөхцөл, шаардлага үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийн шинжтэй хэм хэмжээ буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг хэрэглэх хязгаар нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн үйлчлэлээр хязгаарлагдах зохицуулалттай тул материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх ёстой эсэх асуудал нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг.

Тодруулбал, материаллаг болон процессийн хэм хэмжээ нь өөр өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг илэрхийлж байдаг, түүнчлэн мөн чанарын хувьд процессийн гэж ойлгогдож болох хэм хэмжээг материаллаг хуулиар тодорхойлж, зарим үед материаллаг хэм хэмжээг процессийн хуулиар тодорхойлж эдгээрийг харилцан уялдаатай байдлаар тайлбарлаж, хэрэглэх тохиолдол гардаг.

Дээр дурдсан агуулгын үүднээс авч үзвэл материаллаг хууль нь гэм буруу болон ял шийтгэлийг хийсвэр түвшинд буюу “зарчмын хувьд” тодорхойлдог бол процессийн хэм хэмжээний тусламжтайгаар дээрх ойлголт нь тодорхой хүний хувьд бодит гэм буруу, бодит ял болж хэрэгждэг тул уг процессийн хэм хэмжээ нь дангаараа эрх зүйн үр дагавар үүсгээгүй, харин эрүүгийн ял, хариуцлагын төрөл, хэмжээтэй холбогдож, эцсийн дүндээ холимог хэлбэрээр хэрэгжиж байдаг өвөрмөц онцлогтой юм.            

Дээрхээс үзэхэд, Үндсэн Хууль зөрчсөн үндэслэлээр тодорхой процессийн хэм хэмжээ хүчингүй болсон нөхцөл байдлын улмаас эрүүгийн ял, хариуцлагыг дээд шатны шүүхийн шийдвэрээр хүндрүүлсэн нь эрх зүйн үр дагаврын хувьд хүний эрх зүйн байдлыг бодит байдалд дордуулсан, хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр болж хувирсан тул хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэрүүдийг хүчингүй болгох нь Үндсэн хууль төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмууд болох хууль хэрэглэх хугацааны тухай “nullum crimen sine lege” болон хууль буцаан хэрэглэх  “ex post facto” зарчмын агуулга, үзэл санаанд нийцнэ.

        Иймд прокурорын бичсэн “Э.М-д анхан шатны шүүхээс оногдуулсан “...3 жил 6 сар” хорих ялыг “...5 жил” болгон өөрчилсөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 411 дүгээр тогтоолын “шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ял хүндрүүлсэн өөрчлөлт оруулсан” заалтыг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН