Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/04902

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 32 дугаар хороо,   тоотод байршилтай “Ш” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 32 дугаар хороо,   тоотод оршин суух Б овогт Ж М /РД: /-д холбогдох,

 

1,192,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Ш” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагчид холбогдуулан 1,192,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Манай “Ш” Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2005 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа эрхлэх дүүргийн засаг даргаас олгосон 264 дугаартай гэрчилгээтэй. Бид иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Иргэний хууль, Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. СӨХ нь тус байранд өөрийн хөрөнгөөр 7, 8 дугаар орцны дээврийн ажлын засвар, айлуудын цэвэр, бохир усны шугам хоолой солих, байрныхаа урд хойд талын 366м2 талбайг зүлэгжүүлэн 21 ш мод сөөг тарьж, шинээр хашаа хайс хийж будав. Мөн 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр орцуудыг иж бүрэн засаж, сантехникийн засвар үйлчилгээг тогтмол хийсээр ирсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 1, 6, 7 дугаар орцны дээврийг бүрэн цутгаж засварын ажил хийсэн. Гэвч “Ш” СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж, cap бүрийн СӨХ-ны төлбөрийн төлөлгүй удаж, хууль тогтоомжийг зөрчиж буй иргэн байсаар байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө". Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй”. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Сууц өмчлөгч нь “Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн. Баянгол дүүрэг 32 дугаар хороо, 12 дугаар байрны 180 тоотод оршин суугч иргэн Маас 2019 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 саруудын төлбөр болох 210,920 төгрөг, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 саруудын төлбөр болох 205,200 төгрөг, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8,9, 10, 11, 12 саруудын төлбөр болох 205,200 төгрөг, 2022 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 саруудын төлбөр болох 205,200 төгрөг, 2023 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 саруудын төлбөр болох 205,200 төгрөг, 2024 оны 1, 2, 3, 4, 5 саруудын төлбөр болох 161,000 төгрөг, нийт 1,192,720 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү .” гэжээ.

 

2. Хариуцагч  Ж.М шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

            3. Нэхэмжлэгчээс Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, Сууц өмчлөгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Итгэмжлэл, Төрийн банк ХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “Ш” Сууц өмчлөгчдийн холбоо дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч Ж.М нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,192,720 төгрөгийг төлөхгүй байх тул хариуцагчаас шаардах эрхтэй” гэжээ.

 

3. Хариуцагч Ж.Мд шүүх 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн хэдий ч хуульд заасны дагуу бичгээр тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Хариуцагч Ж.М Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар байр180 тоотод 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн оршин суух болсон нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдсон. /хх-20/

 

5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дах хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо гэж тодорхойлсон бөгөөд заавал гишүүнчлэлтэй гэдгийг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж зааснаар ойлгоно. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан бол тухайн орон сууцны байшингийн орон сууц өмчлөгч бүр хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болно.

 

Хариуцагчийн дээрх оршин суух орон сууц нь “Ш” Сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг болох нь тус холбооны 264 тоот гэрчилгээгээр тогтоогдож байх тул хариуцагч Ж.М нь “Ш” Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна. Иймд дээрх орон сууцны өмчлөгчөөс тухайн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрх бүхий этгээд байна.

 

6. Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дах хэсэгт заасны дагуу холбооны сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулна. Уг хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-15.2.6 дах хэсэгт заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

 

Хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх буюу санхүүжүүлэхэд орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-147.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсэгт заасны дагуу оролцож, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг төлөх үүрэгтэй.

 

7. Тодруулбал, сууц өмчлөгч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хангахад төлбөр төлөх хэлбэрээр оролцож өөрийн амьдарч буй орон сууцны байшингийн дангаар болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэгтэй юм.

 

Дээрх үүргийг орон сууц өмчлөгч биелүүлээгүй тохиолдолд дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээнд зориулах мөнгөн хөрөнгө хуримтлагдах боломжгүй бөгөөд аливаа засвар, үйлчилгээ хийх нөхцөл бүрдэхгүй юм. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.3, 7.2.4 дах хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны сангийн хөрөнгийн бүрдүүлэлт буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилахад бүх гишүүдийн хуралд оролцох, мөн сууц өмчлөгчдийн холбоо нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол болон шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр эрхээ хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг орцны цэвэрлэгээ болон засвар үйлчилгээг  хийдэггүй үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзах эрхгүй.

 

8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөр болох 467,420 төгрөгийг /2019 оны 210,920 төгрөг + 2020 оны 205,200 төгрөг + 2021 оны 1, 2, 3 сар 51,300 төгрөг=416,120/ хариуцагчаас шаардах эрхгүй байна. Учир нь хариуцагч Ж.М дээрх хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, буянт 38 айл, тоотод оршин сууж байсан нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байна. Харин хариуцагч 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс Баянгол дүүрэг, 32 дугаар хороо, дугаар байр, тоотод оршин суух болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэмжээнд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

9. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ж.М нь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл биелүүлээгүй байна.

 

Дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Иймээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

10. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 2021 оны 04 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сарыг дуустал 725,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 467,420 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч Ж.Маас 725,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 467,420 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ