| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2017/0178/э |
| Дугаар | 7 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 7
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Т.Бод холбогдох 1730002080146 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн харьяат, 1961 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавъяа шагналгүй,
1980 онд Эрүүгийн хуулийн 200а дугаар зүйлээр 2 жил хорих,
1986 онд Эрүүгийн хуулийн 88а дугаар зүйлээр 2 жил хорих,
1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих,
1997 онд Эрүүгийн хуулийн 1271, 1312 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих,
1998 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 2, 1231 дүгээр зүйлээр, нийт 7 жил 6 сар хорих,
Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусай ангийн 148 дүгээр зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял,
Сүхбаатар аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Т.Б.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.Б Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Хайлаастын 28-1 тоотод 2017 оны 12 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж иргэн Д.Бг зодож, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зүүн даланд, баруун бөөр орчимд цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б бол миний хамтран амьдрагч юм. Би найзтайгаа төрсөн өдөр тэмдэглээд гэртээ ирээд унтсан. Нэг сэрээд босоход миний куртикыг урсан, гутлыг нуусан байсан. Би “ чи яах гээд байгаа юм бэ “ гээд хажууд байсан сандлаа барихад Б гарч явах гэж байгаад хаалганы босгонд тээглэж унахдаа толгойгоо цохисон. Би толгой нь хагарсныг хараагүй. Бид хоёр гэртээ хоёулахнаа амьдардаг. Бид хоёрыг харсан гэрч байхгүй... гэв.
- Хохирогч Д.Бгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Баруун-Урт сумын 6 дугаар баг, Хайлаастын 28-1 тоотод байх гэртээ байж байхад С гэх хүн над руу залгаад” Б байна уу, 100.000 төгрөг надаас авсан юм, тэр мөнгөө авмаар байна “ гэхээр нь өөртэй нь ярих уу гэхэд Б “ ярихгүй наад хүнээс чинь авах ёстой мөнгөө авсан юм” гээд яриагүй. Тэгээд би утсаа салгачихаад жорлон орох гээд хаалгаар гарах гэж байхад зуухны зүүн талаас сууж байсан модон жижиг сандалаар миний толгой руу шидэж толгой хагалсан. Би шууд цагдаа дуудаж бариулсан. Миний толгой өвдөж байна. Өөр гэмтэл байхгүй. Бид хоёроос өөр хүн байгаагүй. 2017 оны 03 сарын 20-ны орой гэртээ байхад Б хоол муухай хийсэн байна гээд галын хайчаар миний гар руу цохиж хугалж, 2017 оны 08 сарын 03-нд ял авсан. Надад нэхэмжлэх зүйл байгүй, гомдолтой байна ” гэх мэдүүлэг/хх- 05/,
- Яллагдагч Т.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 12 сарын 15-ны өдөр Сүхбаатар худалдааны төвд гурил буулгаж 5000 төгрөг авч тэр мөнгөөрөө архи авч Г гэдэг залуутай ууж дуусаад гэртээ 16.00 цагийн үед очиж унтаад орой 22.00 цагийн намайг Б сэрээгээд “ бос чи гэрээс гар ” гээд хөөгөөд байхаар нь гэрэх гэтэл миний 2 гутлыг нуусан байхаар нь буцаж орондоо ороод хэвтэж байтал миний цамц, курткыг урахаар нь чи ер нь яагаад байгаа юм гээд сандал аваад шидэх гэтэл Б гэрээс гараад зугтах гэж байхдаа хаалганы хатавчинд тээглэн унахдаа муж модонд толгойгоо цохиж унасан. Тухайн үед түүний толгой хагарсаныг би хараагүй, орондоо хэвтэж байхад цагдаа ирээд намайг аваад явсан... гэх мэдүүлэг /хх- 39-40/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот дүгнэлтэд: “ 1. Д.Бгийн биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зүүн даланд, баруун бөөр орчимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах иул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-10/,
- 2017.12.15-ны өдрийн 8766 дугаартай Яаралтай тусламжийн хуудас /хх-09/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи прокурорын санал /хх-46/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017.12.20-ны өдрийн Б/1131 дугаартай тодорхойлолт /хх-13 /
- Т.Бын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-14 /
- Т.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-16- 17/
- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол /хх- 33- 34/
- Сүхбаатар аймгийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх- 19- 28/
- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоол /хх- 31- 32/
- Сүхбаатар аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоол /29- 30/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Т.Бын холбогдсон дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Хайлаастын 28-1 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Д.Бг сандалаар шидэж эрүүл мэндэд нь “ зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зүүн даланд, баруун бөөр орчимд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Т.Бын бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Бгийн мэдүүлэг, 2017.12.15-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Т.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Т.Б нь ялимгүй зүйлээр шалтаглан хамтран амьдрагч Д.Бг сандлаар шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний гэрчээр өгсөн “ Намайг амарч байхад Д.Б өөрөө татаж, чангаагаад байсан. Тэгээд миний куртикийг урахаар нь сандал аваад шидсэн чинь цааш болохдоо хаалганы муж мөргөөд толгойныхоо баруун талд хагалсан “ гэх,
хохирогч Д.Бгийн “ 2017 оны 12 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Баруун-Урт сумын 6 дугаар баг, Хайлаастын 28-1 тоотод байх гэртээ байж байхад С гэх хүн над руу залгаад” Б байна уу, 100.000 төгрөг надаас авсан юм, тэр мөнгөө өгмөөр байна “ гэхээр нь өөртэй нь ярих уу гэхэд Б “ ярихгүй, наад хүнээс чинь авах ёстой мөнгөө авсан юм” гээд яриагүй. Тэгээд би утсаа салгачихаад жорлон орох гээд хаалгаар гарах гэж байхад зуухны зүүн талаас сууж байсан модон жижиг сандлаар миний толгой руу шидэж толгой хагалсан. Би шууд цагдаа дуудаж бариулсан” гэх мэдүүлгүүд, шинжээчийн 26 тоот дүгнэлт зэргээр хэрэгт тогтоогдсон байна.
Т.Б гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг сандлаар шидэж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Т.Б нь “ сандал аваад шидсэн чинь цааш болохдоо хаалганы муж мөргөөд толгойнийхоо баруун талд хагалсан “ гэж гэм буруугийн талаар маргах боловч энэ нь хэрэгт нотлогдоогүй байна. Тодруулбал, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр “ Т.Б нь Д.Б рүү сандлаар шидсэн ” нөхцөл байдал тогтоогдох бөгөөд шүүгдэгч Т.Б үүнийгээ үгүйсгээгүй, мөн хохирогчид учирсан гэмтэл нь сандал шидсэнээс үүссэн буюу шүүгдэгчийн сандлаар шидсэн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Т.Бод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.Быг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоолоо.
Т.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Б шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Т.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Ялтан Т.Бод шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН