Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/04973

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,   тоотод оршин суух И овогт, Ггийн О,

 Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,   тоотод оршин суух И овогт, Ггийн М,

 Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,   тоотод оршин суух Б овогт И Г,

 Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг  тоотод оршин суух Б овогт, Ц П нарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг,   тоотод оршин суух Д овогт, Д От холбогдох,

 Бэлэглэлийн гэрээг хүчингүй тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, түүний өмгөөлөгч Г.Х, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

(Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г.О, Г.М, И.Г, Ц.П нар нь  хариуцагч Д.От холбогдуулан  бэлэглэлийн гэрээг хүчингүй тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Ггийн М2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэртээ (БГД, 4-р хороо,   тоот) бие нь гэнэт муудсан гэх шалтгаанаар 2022 оны 5-р сарын 24-ний өглөө эмнэлэгт хүргэгдээд 5 дугаар сарын 26-ны өдөр зуурдаар нас барсан юм. Түүнийг 3-р эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байхад эмчлэгч эмч нар нь эмнэлгийн тусламжийг оройтож хүргэснээр биеийн байдал нь эрс хүндэрсэн гэж үзэж байсан бөгөөд сэхээн амьдруулах тасагт ухаан оролгүй байсаар нас барсан. Түүний гэргий болох Д. О нь ханийн хайр халамжийг талийгаачид маань үзүүлэлгүй, хайхрахгүй байсаар ийм байдалд хүргэсэн байсан тул маш их гомдолтой байна. Талийгаачийн маань биеийн байдал тааруу байхад аав, ээж, эгч, дүү, үр хүүхдүүдэд нь нэн даруй мэдэгдээгүй. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн цаг мөчөөс нь эхлэн Д.О нь талийгаачийн хүү М.Ц, охин М.Цнарын нэр төрд шууд халдан аавынхаа эд хөрөнгийг нь хууль бусаар авах гээд байгаа мэтээр мөн талийгаачийг маань маш их мөнгөний өртэй хэмээн ах дүү болох бидэнд эмгэнэл илэрхийлэх гэж ирсэн хамаатан садны ах дүү найз нөхдөд ярьж түүний нэр төрд нь халдаж байсан. Талийгаачийн нэр дээр байгаа бүх төрлийн эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл, мөн түүний хийж байсан ажлын талаарх мэдээллийг Д.О нь бидэнд санаатайгаар өгөхгүй хууль ёсны өв залгамжлагчдад эн тэнцүү оногдох өв хөрөнгийг зөвхөн өөртөө дангаараа өмчлөн авахыг санаархсан үйлдэл гаргаж, байнга худал ярьж хэлж байсан. 2022 оны 09 сарын 07-нд ээж Ц.П, дүү Г.М, дүү Г.О бид нарыг талийгаачийн байрны гадаа нь очоод 3 цаг орчим хүлээлгээд, гэрт нь ч оруулалгүй буцаасан.

Талийгаачийн аав И.Ггийн биеийн байдал 2022 оны 04 сараас хойш хүндэвтэр, хэвтрийн байдалтай байгаа бөгөөд 2022 оны 12-р сараас хойш Д.О бидэнтэй бүрэн холбоо тасарсан. 2023 оны цагаан сараар ч талийгаачийн өндөр настай аав, ээж дээр ирээгүй, утсаар ч яриагүй болно. Талийгаачийн аав И.Ггийн биеийн байдал 2022 оны 04 сараас хойш хүндэвтэр, хэвтрийн байдалтай байгаа бөгөөд 2022 оны 12-р сараас хойш Д.О бидэнтэй бүрэн холбоо тасарсан. 2023 оны цагаан сараар ч талийгаачийн өндөр настай аав, ээж дээр ирээгүй, утсаар ч яриагүй болно. Д.Оийн дээрх үйлдэхүй болон эс үйлдэхүй нь биднийг маш их ноцтойгоор гомдоож байгаа тул 2019 оны 12 сарын 05-ны өдрийн Баянгол дүүргийн тойргийн Нотариатч Ч.Он үйлдсэн 904 бүртгэлийн дугаартай 70,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий БГД 1 хороо   тоот, 40мкв 3 өрөө орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хүсэлтэйгээр нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

 

2. Хариуцагч Д.О хариу тайлбартаа: “...Миний бие нөхөр И овогт Ггийн Мтай 2007 оны 10-р сарын 22-нд гэр бүл болж, гэрлэлтээ 2008 оны 08-р сарын 04-ний өдөр бүртгүүлсэн. 2009 оны 06 сарын 15-ны өдөр охин М.Цтөрсөн. Одоо 14 настай 9-р ангийн сурагч.

Миний хань хүний сайхан хүү. халамжит сайн хань. охины минь сайхан аав байсан. Бид гэрлэсэн цагаас эхлэн хань минь ажлаа хийн, миний бие гэр бүлийнхээ арын албыг сахиж 12 жилийн турш гэрийн эзэгтэйн ажлыг хийж ирсэн. Хань минь 2022 оны 05-р сарын 23-ны өглөө нөхөр 12 цаг өнгөрч байхад даралтыг нь үзтэл даралт 180 байсан тул би энап 10мг эм өгөөд, өдрийн хоол идчихээд эмнэлэг явъя гэтэл би хоол идмээргүй байна, очиж хэвтлээ гэхэд нь 13 цагийн үед түргэн дуудаж, түргэн ирээд даралт 140 пульс нь 52 байна одоо нас 60 дөхөж байгаа юм чинь өрхийн эмнэлэгтээ үзүүлээд байнгын даралтны эм бичүүлж уугаарай гээд даралтын эм бичиж өгөөд, маргааш дүүргийн ЭМТ-рүү очиж зүрхний эмчид үзүүлж зүрхний бичлэг хийлгээрэй гээд явсан. Анхны түргэн ирээд явангуут талийгчийн дүү С рүү 3 удаа залгасан ч утсаа авахгүй болохоор нь түүний нөхөр Б руу залгаж ахын чинь пульс нь бага байна гэхэд тэрээр эхнэртээ дамжуулж хэлье гээд төд удалгүй С ирсэн. Бас талийгчийн охин Ц, дүү Оыг дуудаж ирүүлсэн. Найз Н утсаар хэлтэл тэр эхнэр Дн хамт орж ирсэн. Энэ өдөр 16 цагийн үед дахин даралтыг нь үзэхэд 160 байсан тул дахиад 103 дуудсан. Түргэн 17 цагийн үед ирсэн. Түргэний эмчтэй хамт би, дүү О, найз Н нар талийгчийн хэвтэж байсан өрөөнд хамт орсон. Эмч даралтыг нь хэмжиж үзээд 140, пульс 58 байна. 2 цагийн зайтай даралтыг нь хэмжээрэй гэсэн. Гэтэл би пульс нь ийм бага байхад эмнэлэг рүү аваад яваач гэж зөндөө гуйсан ч эмч: Ийм хөнгөн хүнийг авч явахгүй. Чихэртэй өтгөн байхуу өг пульс 58 гэдэг бол тийм бага биш, хүнд өвчтэй хүн биш байна гээд явсан. Охин Цнь 30 орчим минутын дараа:- За би явлаа миний хэрэг гарвал дуудаарай гээд явсан. Дүү О, найз Н эхнэрийн хамт явцгаасан. Дүү Снь үлдээд байтал нөхөр нь ирээд хамт гараад явсан. Орой 20 цагт даралтыг нь үзэхэд хэвийн байснаа 22 цагт үзэхэд 160 байсан. Энэ үед найз Н эхнэрийн хамт ирсэн. Найз нь 23 цагийн үед гарч явсан. Үүрээр буюу 5-р сарын 24-ний 5.20 цаг хавьд янцаглаж дугарсан. Би сэрүүн байсан учраас яасан гээд асуух мөчид гэнэт таталт өгсөн. Шууд түргэн дуудсан. Хөрш айлын хаалгыг нүдэж, хөршийн эмч залуу эхнэртэйгээ орж ирсэн. Түүний охин Цэ руу 5, 6-аад удаа, найз Н руу 4 удаа, дүү О руу 2 удаа залгаад утсаа аваагүй. Арай гэж О утсаа авахад нь хурдлаарай болохоо байлаа л гээд хэлсэн. Түргэн ирэх үед О ирсэн. Ингээд каталк дээр хэвтүүлээд хөршийн залуу Тулгаа, дүү О нар машинд оруулаад 3-р эмнэлгийн яаралтай тусламж дээр 6 болж байхад хүргэгдэж ирсэн. Ингээд би 2 талынхдаа эмнэлэгт хүргэгдэж ирснийг мэдэгдсэн. Эмнэлэг дээр талийгчийн эгч  М, дүү М, охин Ц, миний эгч Ц охины хамт, ах Б эхнэрийн хамт, найз О нөхрийн хамт ирцгээсэн. Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Ингээд өдөр 14 цагийн үед Киргизэд байдаг түүний хүү Ц рүү холбогдоод аав нь эмнэлэгт хэвтсэн  чи ирэх хэрэгтэй гээд дуудсан.   Ингээд тэд 23 цагийн үед хариад Ц бид хоёр эмнэлэг дээр үлдсэн. 2022.5.26-ны өглөө 9 өнгөрч байхад сувилагч бие хөхрөөд ирлээ найдваргүй боллоо дуудах хүмүүсээ дээд гэж хэлсэн. Ингээд 2 талынхандаа хэл хүргэсэн, миний хань 14:05 цагт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Би ханийгаа хамт амьдарч байхдаа болон сүүлчийн өдөр хүртэл халамжилж хажууд нь байсан юм. Харин ханийг минь өөд болсон цагаас эхлэн эгч дүү нар хүүхдүүдээс нь надад ирэх дарамт шахалт байж боломгүй хэмжээнд хүртэл үргэлжилж байна.

Миний зүгээс хүү охинд нь хэзээ ч буруу хандаж байгаагүй, харин ч түүний охин надад ямар авир зан гаргаж байсныг олон хүн нотолно. Нөхрийг минь өөд болсны дараа дараах үйл явдал өрнөснийг олон хүн гэрчилнэ. Талийгаачийн шинжийг нээлгэхэд: Насны хэмжил болоогүй, гариг эрхсийн дайрлага, үхээрийн идээний бузраас болжээ гэж хэлсэн. Хэрэв насаа насалсан бол аав ээжийнхээ насыг наслах байсан гэж хэлсэн үеэс эхлэн над руу дайралтууд ирсэн. Энэ нь засал номоо хийлгээгүй, хөөрөг нь хаана байгааг ч мэдэхгүй гэдгээс эхэлсэн. 2022.05.27-ны өдөр Ц надтай хамт нийгмийн даатгал явж талийгаачийн нас барсны бичиг баримтыг бүрдүүлж явахдаа манай эд хөрөнгийг нэг бүрчлэн нэр зааж хэний нэр дээр байдгийг асуугаад байсан. Харин талийгаачийн дүү С, нөхөр Бнар надад хэлэхдээ: - Бид ахаасаа авахаа л мэддэг байсан. Өгөхөө ер мэддэггүй байсан. Ахдаа өгч чадаагүйгээ энэ жижиг охинд нь өгнө өө. Ах минь тантай гэрлэснээс хойш ханийн хайр халамж гэж юу байдгийг мэдэрч, ах минь их өнгөлөг, зүс царай сайтай, эдийн сайхныг өмсөж, инээд дүүрэн явдаг байсан. Яг гэрийн эр хүн шиг байлгасан гэж хэлж байсан. Эгч, дүү, үр хүүхэд нь нөхрийн минь компьютер, гар утсыг нь авсан. Бас ажлын өрөөнд байсан бүх баримт мэдээллийг бүгдийг нь хуулбарлаж авсан. Надаас бүх мэдээллийг нь хүчээр авчхаад яагаад намайг ингэж хардаж шүүхэд өгч байгаад гайхаж байна. Охин Цнь гэрт хүнгүй байхад нууцаар нэвтэрч гэрийн унтлагын өрөөний сейфийг дуудлагын хүнээр онгойлгуулах гэж байсныг цагдаа 108-ын ажилтан гэрчилнэ. 2022.07.15-нд миний дүү үхсэнээс чи үхэх байсан. Чи миний дүүг алсан. Чамайг хүнд үзүүлсэн. Чи миний дүүд хараал хийлгээд алсан гэж М дайрсан. Би арга буюу гадаа сууж байгаа орцны жижүүрээсээ тусламж хүсэхэд тэрээр шууд цагдаа дуудсан.  Тэгэхэд миний охин айгаад тэднийг яв гэж хэлсний төлөө, энэ чиний гэр биш чи өөрөө яв гэж охиныг минь гэрээс нь хөөж уйлуулсан. 108 дугаарын 2 ажилтан ирж орой 10 цаг боллоо айлын гэр чөлөөлж өг гэдгийг удаа дараа хэлж, бас цагдаад хэлж байж гаргаж явуулж байсан. Би эгч, дүү, охин нараас нь одоо үнэхээр айж байна. Миний амь насанд удаа дараа заналхийлсэн.

Би 2023.01.01-нд охинтойгоо аавын очсон. Гэтэл ээж:- Чи миний хүүг голоод 2021 оны 7 сард их хэрүүл болсон тэр хэрүүлээр миний хүү өөрийгөө буудна гэж буу шийдэм гаргасан байна. Чи миний хүүг ийм байдалд хүргээд байхдаа яадаг юм гэхэд нь, би та хаанаас юу сонсоод ийм худал юм яриад байна аа. Тийм зүйл ер болоогүй, тэр үед бид хөдөө аяллаар явж байсан гэж хэлсэн. Харин цагаан сарын шинийн 1-нд охиндоо: Ээж нь хөгшин аавынх нь гадаа очъё миний охин ороод хөгшин ээждээ тэднийд байгаа хүмүүст үнсүүлчхээд гараад ир гэтэл: Үгүй. Би очихгүй. Миний ээжийг гутаан доромжилсон, миний ээжийг хүн гэж үзээгүй, миний ээжид хүндэлдэггүй тийм хүмүүс дээр би очихгүй гээд яваагүй. Бодит байдал дээр ийм л зүйл л болсон. Нэхэмжлэгч нарыг би ноцтой гомдоосон үйлдэл нэг ч удаа хийгээгүй харин намайг дээр дурдсан олон хүн нэхэмжлэгч нар өөрсдөө түүний эгч нар охин хүү нь гомдоож байсныг би бүрэн баталж хэлнэ.” гэж маргажээ.

             3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрөл садангийн лавлагаа, Нас барсны бүртгэлийн лавлагаа, Итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Нас барсны гэрчилгээний хуулбар, Өв хүлээн авах хүсэлт, Харилцах дансны хуулгууд, Хуулийн этгээдтэй тухай лавлагаа, М ХХК-ийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт,  Худалдах-худалдан авах гэрээ, “И” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.                                                                                                                                                                                                                                                                                                                         

Хариуцагчаас Хариу тайлбар, Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, М.Цн зан байдлын тодорхойлолт, БГД-ийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл фото зураг, Итгэмжлэл, Баянгол дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас Хохирогчоос мэдүүлэг авсан тухай, Баянгол дүүргийн Прокурорын газрын  Прокурорын тогтоол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр сидинд бичигдсэн бичлэгт хийсэн үзлэг, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл,

Хариуцагчийн хүсэлтээр Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвөөс Дуудлага мэдээлэл ирүүлсэн талаарх баримт, Аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гэр бүлтэй байгуулах гэрээний загвар, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Аюулгүй байдлын төлөвлөгөө, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, М.Цс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Г.О, Г.М, И.Г, Ц.П нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Ггийн М2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэртээ бие нь гэнэт муудсан гэх шалтгаанаар 2022 оны 5 сарын 24-ний өглөө эмнэлэгт хүргэгдээд 5 сарын 26-ны өдөр зуурдаар нас барсан. Талийгаачийн маань биеийн байдал тааруу байхад аав, ээж, эгч, дүү, үр хүүхдүүдэд нь нэн даруй мэдэгдээгүй. Талийгаач болон түүний хүү М.Ц, охин М.Цнарыг аавынхаа эд хөрөнгийг нь хууль бусаар авах гээд байгаа мэтээр мөн талийгаачийг маш их мөнгөний өртэй хэмээн эмгэнэл илэрхийлэхээр ирсэн садан төрлийн болон найз нөхдөд нь ярьж нэр төрд нь халдаж байсан, 2023 оны цагаан сараар талийгаачийн өндөр настай аав, ээж дээр ирээгүй, утсаар ч яриагүй бөгөөд 2022 оны 12-р сараас хойш Д.О бидэнтэй бүрэн холбоо тасарсан. Д.Оийн дээрх үйлдэхүй болон эс үйлдэхүй нь биднийг маш их ноцтойгоор гомдоож байгаа тул 2019 оны 12 сарын 05-ны өдрийн 70,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий БГД-ийн 1 хороо 2 хороолол 09-8 тоот, 40 м.кв 3 өрөө орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хүсэлттэй.” гэжээ.

 

3. Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Хань минь 2022 оны 05 сарын 23-ны өглөө нөхөр 12 цаг өнгөрч байхад даралтыг нь үзтэл даралт 180 байсан, 13 цагийн үед түргэн дуудаж, түргэн ирээд өрхийн эмнэлэгтээ үзүүлээд байнгын даралтны эм бичүүлж уугаарай гээд явсан. Анхны түргэн ирээд явангуут талийгчийн дүү Срүү 3 удаа залгасан ч утсаа авахгүй болохоор нь түүний нөхөр Бруу залгаж ахын чинь пульс нь бага байна гэхэд тэрээр эхнэртээ дамжуулж хэлье гээд төд удалгүй С, талийгчийн охин Цэцэн, дүү О нарыг дуудаж ирүүлсэн. Дахин 5 сарын 24-ний өглөө 103 дуудсан, дүү О эмнэлгийн машинд оруулаад 3-р эмнэлгийн яаралтай тусламж дээр 6 болж байхад хүргэгдэж ирсэн. Ингээд би 2 талынхдаа эмнэлэгт хүргэгдэж ирснийг мэдэгдсэн. Эмнэлэг дээр талийгчийн эгч Г.М, дүү Г.М, охин М.Ц, миний эгч н.Ц охины хамт, ах н.Б эхнэрийн хамт, найз н.О нөхрийн хамт ирцгээсэн. Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Цбид хоёр эмнэлэг дээр үлдсэн, 2022.5.26-ны өдөр миний хань 14:05 цагт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Нэхэмжлэгч нарыг би ноцтой гомдоосон үйлдэл нэг ч удаа хийгээгүй харин намайг дээр дурдсан олон хүн нэхэмжлэгч нар өөрсдөө түүний эгч нар охин, хүү нь гомдоож байсныг би бүрэн баталж хэлнэ.” гэж маргажээ.

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 4.1 Г.О, Г.М, И.Г, Ц.П болон Г.М, Д.О, М.Цнарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо,   тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг сайн дурын үндсэн дээр хариу төлбөргүй шилжүүлэхээр тохиролцож, улмаар нотариатаар батлуулжээ. /хх-9/

4.2 Г.Мболон Д.О нарын дундаас 2009 оны 6 сарын 15-ны өдөр охин Мын Цтөрсөн болох нь Төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдов.  /хх-33/

 4.3 И овогт Ггийн Мнь 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нас барсныг иргэний бүртгэлийн байгууллагад бүртгэсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-4/

 4.5 Тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШЗ2023/16542 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч И.Ггийн эрх залгамжлагчаар Г.Мыг оролцуулахаар тогтоожээ. /хх37-38/

 5. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж, 276.2 дахь хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зохицуулснаар зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. 

 Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан байна.

 Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зохицуулсан тул нэхэмжлэгч нар нь Г.М, М.Ц, хариуцагч Д.О нарт Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, * тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн, гэрээг бичгээр үйлдсэнээр тус үл хөдлөх хөрөнгө Г.М, М.Ц, хариуцагч Д.О нарт шилжсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 6. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заасан. Ямар тохиолдолд “ноцтой” гэж үзэх нь тухайн тохиолдлоос хамаарна.

 Хэрэгт авагдсан баримт болон талуудын гаргасан тайлбараас үзэхэд Г.Мнь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэртээ бие нь муудаж, улмаар эмнэлэгт 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүргэгдэн эмчлүүлж байгаад 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нар нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардаж буй үндэслэлээ хариуцагч Д.О нь талийгаач Г.Мын биеийн байдал тааруу байхад аав, ээж, эгч, дүү, үр хүүхдүүдэд нь нэн даруй мэдэгдээгүй, талийгаач болон түүний хүү М.Ц, охин М.Цнарын нэр төрд халдсан, 2023 оны цагаан сараар талийгаачийн өндөр настай аав, ээж дээр ирээгүй нь биднийг ноцтой гомдоосон гэж тайлбарласан.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж зохицуулсан. Гэрч М.Цийн “...Аавын бие муу байхад гэрт Цирсэн. Хажуу айлын нэг эмч ах байдаг. Аавын дүү Сирсэн. О ирсэн. ...1 дэх өдөр Ц ирсэн, эмнэлэгрүү явах өдөр бас Ц хамт явж байсан, М.Ц ах Киргизстанд амьдардаг болохоор онлайнаар харьцаж байгаад 2 дах өдөр ирсэн. ...Аавын бие муудаж эмнэлэг рүү явах үед охин Ц, болон М, М, О, Ө гэж аавын эгч бүгд ирсэн байсан...”, “... Манай аавыг өнгөрөхөд би яг эмнэлгээс гарах үед манай эмээ намайг шууд буруутгасан. Намайг аавдаа сайн санаа тавиагүй гэж үзсэн. 49 хоногийн үеэр ээжрүү дайрсан. Ээжийг маань аавыг алсан гэсэн..., Өвөө эмээ дээр цагаан сарын баяраар очоогүй, манай ээж очъё гэж надаас зөндөө гуйсан. Гэхдээ би манай ээжийг хүндэлдэггүй хүмүүс дээр очихгүй гэж би хэлсэн. ...Тэд нар нь бид нар руу гэнэт дайрсан. Гэнэт манай аавыг бид хоёр алсан гэж дайрсан...”  гэх мэдүүлэг, /хх-131-133/

 мөн М ХХК-ийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтаар хариуцагч Д.Оийн * /нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурдсан/ дугаар утаснаас талийгаач Г.Мын дүү Г.Сэлэнгийн нөхөр Ц.Батын 99110713 дугаарын утас руу 2022.5.23-ны өдөр 20:40 минутад, Батын Мөрөнгийн * дугаар утас руу 2022.5.23-ны 14:30 минутад, нэхэмжлэгч Г.Мын * дугаар утас руу 2022.5.23-ны өдөр 16:45, 16:59, 17:53 минутад, 2022.5.24-ний өдөр 06:08 минутад, Мын Цэцэнгийн * дугаарын утас руу 2022.5.23-ны өдөр 16:48, 19:43 минутад тус тус залгаж дуудлага хийсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын талийгаач Г.Мын биеийн байдал тааруу байхад гэр бүл, үр хүүхэд, ах дүү нарт нэн даруй мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байна. /хх-63-2/

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар “...Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн цаг мөчөөс нь эхлэн Д.О нь талийгаачийн хүү М.Ц, охин М.Ц нарын нэр төрд шууд халдан аавынхаа эд хөрөнгийг нь хууль бусаар авах гээд байгаа мэтээр мөн талийгаачийг маань маш их мөнгөний өртэй хэмээн ах дүү болох бидэнд эмгэнэл илэрхийлэх гэж ирсэн хамаатан садны ах дүү найз нөхдөд ярьж түүний нэр төрд нь халдаж байсан.” гэх тайлбар үндэслэлээ баримтаар нотлоогүй.

 

Өөрөөр хэлбэл, М.Ц, М.Цнар нь иргэний нэр төр ...нэр хүндийг гутаасан энэ эрхээ хамгаалуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, мөн талийгаач Г.Мын нэр төрд нь халдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй ба иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй, өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгох ба тухайн мэдээ, мэдээлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, электрон шуудан, хурал цуглаан дээр, өргөдөл албан тоотоор өөр этгээдэд хүргэгдсэн байхыг ойлгох тул хариуцагчаас талийгаач Г.Мболон түүний хүү М.Ц, охин М.Цнарын талаар худал мэдээлэл тарааж, нэр төрд халдсан гэх шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдоогүй.

 8. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр сидинд бичигдсэн бичлэгт 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэсэн ба үзлэгээр нэхэмжлэгч Ц.П “…2021 оны 7 сард та нар их мундаг хэрэлдсэн юм байна янз нь миний хүүг их л шахаж шавдсан юм байлгүй бодвол. Тэгэх хүн биш дээ, миний хүү та 2-ыг алчих уу өөрийгөө буудчих уу гэх шахуу юм ярьсан гэнээ…, Болохгүй байсан юм бол 2 тийшээ болохгүй юу заавал аминд нь хүрэх хэрэг юу байна шаардлагагүй биз дээ…” хариуцагч Д.О “…Юу гэж тийм юм болохов дээ, 7 сард бид нар хөдөө явж байсан биздээ…, …Үгүй ш дээ тийм юм байхгүй ш дээ, Бид хоёрын амьдралын гэрч миний хүүхэд л байгаа, …за миний охин явъя даа тэгвэл, баярлалаа ээжээ Цявъя, явъя…” гэжээ. /хх-141-142, 149/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан.

 Дээрх аудио бичлэгээс үзэхэд хариуцагч Д.О охин М.Цийн хамт нэхэмжлэгч И.Г болон Ц.П нарын гэрт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр очиж харилцаж байсан үйл баримт тогтоогдож байна. /хх-141/

 9. Хариуцагч Д.Оөөс 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст ...нөхрийнхөө эгч дүү нарт зодуулсан... гэх гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дүгээр прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /хх-103/

 Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр М.Цээс холбогдон дуудлага өгсөн ба тус байгууллагаас “...Манай аав өнгөрсөн 5 сарын 26-нд нас барсан. Гэтэл хамаатны эгч нар ирж ээж бид хоёрыг элдвээр хэлээд, дээрэлхээд, ээжийг зодож шахаад явсан. Энэ байдал надад хэцүү байна. Аавыг өнгөрсөн гээд бид нарыг дээрэлхээд байна.” гэж тэмдэглэл үйлдэж, уг мэдээллийг Баянгол дүүргийн Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст шилжүүлжээ. /хх105-106/

 Дээрх 108 дугаарын утсанд ирсэн гомдлын дагуу Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтээр “Нас барсан аавынх нь ах, дүү, нар ирж ээж охин хоёрыг дарамталсан. Охин тайван бус, маш их айж цочирдсон.” гэсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. /хх108-111/

 Ийнхүү хариуцагч Д.О болон түүний охин М.Цнарын зүгээс гаргасан дээрх гомдол мэдээллүүд нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд хамаарахгүй. Тодруулбал, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийн хүрээнд гомдол гаргаж, эрх бүхий этгээд гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 10. Иймээс бэлэглэгч нарыг гомдоосон ноцтой үйлдлийг хариуцагч гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.О, Г.М, И.Г, Ц.П нарын хариуцагч Д.От холбогдуулан гаргасан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 11. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй” гэж зааснаар шүүхээс нэхэмжлэгч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр удаа дараа хангаж, хэргийн оролцогчийн эрх, өмгөөлөгчийн эрхэд хүндэтгэлтэй хандаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан бөгөөд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О, Г.М /И.Ггийн эрх залгамжлагч/, түүний өмгөөлөгч Ч.Ж нар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаан тодорхойгүй, нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагч талын нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.

 12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 280 дүгээр зүйлийн 280.1.1-д хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.От холбогдуулан бэлэглэгч нарыг ноцтойгоор гомдоосон тул 2019 оны 12 сарын 05-ны өдрийн Баянгол дүүргийн тойргийн Нотариатч Ч.Он үйлдсэн 904 бүртгэлийн дугаартай 70,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Баянгол дүүрэг, 1 хороо,   тоот, 40 м.кв 3 өрөө орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.О, Г.М, И.Г, Ц.П нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ