| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/06409/И |
| Дугаар | 102/ШШ2024/04898 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/04898
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, тоот хаягт байршилтай “Т б” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 хороо, тоот хаягт байршилтай, “М ү б ” ХХК /РД: /,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 хороо, тоотод оршин суух Б овогт Ц Л/РД: /,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 хороо, жанжин 11 гудамж, 234 тоотод оршин суух Б овогт Ц Д/РД: / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 352,794,289.06 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир, С.Э, хариуцагч Ц.Л, хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Днарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Т б” ХК нь хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Л, Ц.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 352,794,289.06 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “М ү б ” ХХК, Ц.Л, Ц.Днар нь “Т б” ХК-тай 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ажлын байрыг дэмжих зориулалтаар 250,000,000 төгрөгийг жилийн 3%-ийн хүүтэй, 10 жилийн хугацаагаар зээлсэн.
Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус “М ү б ” ХХК болон иргэн Ц.Лнартай барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын гудамж тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 468.75 м.кв талбайтай, хувийн орон сууц, мөн хаягт байршилтай Улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй 305 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, тоот хаягт байрлах оёдол, нэхмэлийн үйлдвэрлэлд хэрэглэгдэх 50,427,900 төгрөгийн үнэ бүхий бизнесийн бараа материал /түүхий эд, бөс даавуу/, дээрх хаягт байрлах 15,900,000 төгрөгийн үнэ бүхий оёдол, нэхмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж бүхий үл хөлөх болон хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан. Гэрээний дагуу Т б ХК-аас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “М ү б” ХХК-ийн Т б дахь харилцах дансанд 250,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдол “М ү б " ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.Лнь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн батлан даалтын гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож барьцаалсан өөрийн өмчлөх эд хөрөнгийн эрхээр үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хариуцан барагдуулах талаар батлан даалтын гэрээ байгуулсан. Тус зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх байсан боловч 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд банкны зүгээс энэ талаар өөрт нь утсаар болон уулзаж мэдэгдэл, шаардлага гардуулж, зөрчлөө арилгах талаар удаа дараа сануулж байсан. Ингээд зөрчлөө арилгаагүй тул 3 сарын дараа буюу 2022 оны 8 сарын 13-ны өдрөөс хойш сарын хүүг 1,7% буюу жилийн 20,4%-ийн хүүгээр тооцож ирсэн. Банкны зүгээс М ү б ХХК-ийн хувьцаа эзэмшигч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Лд гэрээний үүргээ биелүүлж зээлийг хугацаанд нь төлөх талаар албан бичиг, шаардлага гардуулж өгөх, утасны дугаараар нь ярих зэргээр зээлээ төлөхийг шаардаж, хэрхэн төлөх талаар хамтран санал солилцох, уулзалтын цаг товлох зэргээр санаачилга гаргаад ажилласан боловч үр дүнд хүрээгүй. Ингээд банктай хамтран ажиллахаас зайлсхийж гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргахгүй банкийг хохироосоор ирсэн. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш үндсэн зээл 16,666,666.66 төгрөг, зээлийн хүү 4,930,081.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 132,162 төгрөг, нийт 21,728,910 төгрөгийн төлөлт хийсэн. Одоо бол хугацаа хэтэрсэн 100%-ийн чанаргүй, муу ангилалд орсон зээл байгаа. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 233,333,333.34 төгрөг, хүү 63,977,580.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,828,965.25 төгрөг, нийт 302,139,878.76 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд дээрх мөнгөн төлбөрийг гаргуулж өгнө үү. Мөн төлбөрийг төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
1.2 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж “...“Т бны Чанаргүй активтай ажиллах журам”-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлээгүй 6 сар тутамд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх гэсэн зохицуулалтын хүрээнд 2023.11.27-ны өдрөөс 2024.09.23-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү 43,296,438.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,357,972.54 төгрөг нийт 50,654,410.84 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 233,333,333.4 төгрөг, үндсэн хүүд 107,274,018.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,186,937.79 төгрөг нийт 352,794,289.06 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Д, Ц.Л нар хариу тайлбартаа: “Хариуцагч М ү б ХХК-нь Т б ХХК-тай 2021.08.13-ны өдрийн МN370034102801852973 тоот /Ажлын байрыг дэмжих зээл-ААН/ зээлийн гэрээг байгуулан 250,000,000 төгрөгийг зээлсэн.
Нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн үндсэн зээл 233,333,333.34 төгрөг, хүү 63,977,580.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,828,965.25 төгрөг, нийт 302,139,878.76 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Харин нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг 50,654,410 төгрөг 84 мөнгөөр нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Т бны чанаргүй активтай ажиллах журамд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлээгүй 6 сар тутамд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх гэсэн зохицуулалттай гэсэн байна. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан 6 сар тутамд нь хариуцагч тал буюу манай зүгээс шүүхийн ажиллагаанд саад учруулсан эсвэл хугацаа алдуулсан зүйлгүй бөгөөд 2024.03.12-ны өдрийн 102/ШШ2024/01265 дугаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Т б нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гарган шийдвэрлүүлэн энэ ажиллагаатай холбоотой гарсан цаг хугацааны хүү алдангийг хариуцагч төл гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч Ц.Д, Ц.Лнарын хувьд уг зээлийг аваагүй, зээл нь “М ү б ” ХХК-ийн данс руу орсон. Ц.Лнь зээлд гүйцэтгэх захирлын хувьд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний 3.1.1-д зээлдэгч гэрээ болон барьцааны гэрээг холбогдох эрх бүхий байгууллагад бүртгүүлж хүчин төгөлдөр болмогц гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэхийг банкнаас шаардан авах эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.Днь зээлдэгч биш. Иймээс Ц.Л, Ц.Днарыг хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ц.Лминий бие нь “М ү б ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшлийнх бөгөөд гүйцэтгэх захирал нь юм, 2021.08.13-ны өдөр “Т б” ХХК-тай “М ү б ” ХХК-ийг төлөөлөн зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Уг зээлийн авахдаа “М ү б ” ХХК-ийн өмч биш өөрийн хувийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавин гэрээ байгуулсан. “Т б” ХХК-тай зээлийн гэрээний хамт барьцааны гэрээг байгуулсан ба 2021.08.13-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ нь хэдийгээр улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байгаа боловч барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч иргэн Ц.Лнь гарын үсэг зуран баталгаажуулах байтал зуруулаагүй харин “М ү б ” ХХК-ийг төлөөлүүлэн гүйцэтгэх захирал Ц.Лгэж баталгаажуулсан байгаа нь талуудын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуульд заасан зарим шаардлагыг хангахгүй байна. Мөн барьцаалагч тал буюу Т б нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг “М ү б ” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө биш иргэн Ц.Лминий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан юм. Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 2 дох хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байгаа тул /тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн нэр бичигдээгүй байгаа нь/ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Би иргэн Ц.Лын өөрийн өмчлөлийн барьцааны гэрээнд бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг М ү б ХХК-даа гарган өгөөгүй.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М ү б ХХК-ийн Т бинд гаргасан хүсэлт, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн мемориалын баримт, барьцааны гэрээ, газар, хувийн сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, зээл хүүгийн тооцооны хуудас, харилцагчийн хуулга, М ү б ХХК-ийн гэрчилгээ компанийн дүрэм, зээлдэгч, хамтран зээлдэгчийн анкет, хаягийн мэдээлэл, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, утсаар ярьсан тэмдэглэл, Барьцаалбар, МУ-ын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээ, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Компанийн дүрэм, Итгэмжлэл, 0026837, 0001274 тоот сертификат, Хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Барьцаалбар зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Т б” ХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх байсан боловч 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Ингээд зөрчлөө арилгаагүй тул 3 сарын дараа буюу 2022 оны 8 сарын 13-ны өдрөөс хойш сарын хүүг 1,7% буюу жилийн 20,4%-ийн хүүгээр тооцож ирсэн. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 233,333,333.4 төгрөг, үндсэн хүүд 107,274,018.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,186,937.79 төгрөг нийт 352,794,289.06 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй.” гэжээ.
3. Хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Д, Ц.Лнар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн үндсэн зээл 233,333,333.34 төгрөг, хүү 63,977,580.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,828,965.25 төгрөг, нийт 302,139,878.76 төгрөгийг “М ү б ” ХХК хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хариуцагч Ц.Д, Ц.Лнарын хувьд уг зээлийг аваагүй, зээл нь “М ү б ” ХХК-ийн данс руу орсон. Ц.Лнь зээлд гүйцэтгэх захирлын хувьд гарын үсэг зурсан, өөрийн өмчлөлийн барьцааны гэрээнд бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг М ү б ХХК-д гарган өгөөгүй тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус юм.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Л, Ц.Днар нь “Т б” ХК-тай 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 250,000,000 төгрөгийг 1 сарын 0,25%, 1 жилийн 3%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ажлын байр дэмжих зээлийн зориулалтаар зээлж авах, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хамтран төлөх, нэхэмжлэгч “Т б” ХК-ийн Улаанбаатар Өргөө салбар нь зээлийн мөнгийг хариуцагч нарт шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх9-13/
4.2 Нэхэмжлэгч “Т б” ХК-ийн Улаанбаатар Өргөө салбар нь уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Лнартай барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд, уг барьцааны гэрээгээр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын дүгээр гудамж тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 468.75 м.кв талбайтай, хувийн орон сууц, мөн хаягт байршилтай Улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй 305 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, * тоот хаягт байрлах оёдол, нэхмэлийн үйлдвэрлэлд хэрэглэгдэх 50,427,900 төгрөгийн үнэ бүхий бизнесийн бараа материал /түүхий эд, бөс даавуу/, дээрх хаягт байрлах 15,900,000 төгрөгийн үнэ бүхий оёдол, нэхмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг тус тус “Т б” ХК-д барьцаалж, гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-128/
5. Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлагад нийцжээ.
6. Нэхэмжлэгч “Т б” ХК нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар зээлийн 250,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч “М ү б ” ХХК-д шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч ““М ү б ” ХХК, Ц.Л, Ц.Днар нь зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар, гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна.
Дээрх үүргээс хариуцагч нар нь үндсэн зээлээс 16,666,666.66 төгрөг, үндсэн хүүнээс 4,930,081.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,162 төгрөг, нийт 21,728,910 төгрөгийг төлсөн байх боловч 2022 оны 03 дугаар сараас үндсэн зээл, хүүг төлөөгүй, МУ-ын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилт дараах ерөнхий нөхцөлтэй байна. 2 дугаар зүйлийн 2.1.8-д “Зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах нөхцөл, хариуцлага: Зээлдэгч зээлийн төлбөр /зээлийн үндсэн төлбөр, эсвэл хүүгийн төлбөр/-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, бусдад дамжуулан зээлдүүлсэн, зориулалтын бусаар ашигласан бол зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, хүүгийн дэмжлэггүй бизнесийн зээлд шилжүүлэх”, мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.4, 2.1.6.1, 3 дугаар зүйлийн 3.2.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигджээ.
7. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.7, 4.1.12, 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар зээл, хүү төлөхийг хариуцагч нараас шаардан мэдэгдэл хүргүүлж, зээлдэгч нартай утсаар холбоо барьсан талаар 2022 оны 6 дугар сарын 08-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус тус мэдэгдэл хүргүүлж, албан бичгийг хариуцагч нарт хүргүүлж байсан боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.
8. Тиймээс нэхэмжлэгч “Т б” ХК нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусах 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө нэг талын санаачилгаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү 43,296,438.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,357,972.54 төгрөг нийт 50,654,410.84 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шаардсан боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.” гэж зааснаар 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцлагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдахад хариуцагч нар буруугүй тул 50,654,410.84 төгрөгийг шаардах эрхгүй байна.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, 26 дугаар зүйлийн 26.1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”,
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”,
Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 158.2-т “үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”,
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй”, 41.2-т “энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.
Хариуцагч Ц.Лаас “…Барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч иргэн Ц.Лнь гарын үсэг зуран баталгаажуулах байтал зуруулаагүй …талуудын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуульд заасан зарим шаардлагыг хангахгүй байна.” гэх тайлбар гаргасан бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Барьцааны гэрээг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалбар гэх баримтад хариуцагч Ц.Лзөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул дээрх Барьцааны гэрээг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Д, Ц.Лнар нь зээлийг ашиглаж үндсэн зээл, хүү төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний 7 дугаар зүйл, барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.2, 2.5-д зааснаар барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байна.
10. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд бусдын өмчлөлийн хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний нэг тал болох өмчлөгчид холбогдуулан шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Лаас шаардах эрхтэй гэж үзнэ.
Мөн зээлийн гэрээний 3.2.14, 3.3-т заасан ...хамтран зээлдэгч гэрээний дагуу зээлийн төлбөр, ...зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүрэгтэй, ...хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүрэг хүлээнэ ... гэж заасныг талууд харилцан тохиролцсон байх тул зээлийн гэрээний үүргээс хариуцагч Ц.Л, Ц.Днарыг чөлөөлөгдөх үндэслэлгүй.
11. Иймд хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Л, Ц.Днараас үндсэн зээлийн төлбөрт 233,333,333.34 төгрөг, зээлийн хүү 63,977,580.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,828,965.25 нийт 302,139,878.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т б” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 50,654,410.84 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
12. Хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Л, Ц.Днар нь зээлийн гэрээний дагуу 302,139,878.76 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Т б” ХК нь барьцааны зүйл болох, хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
13. Нэхэмжлэгч “Т б” ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,150,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Д, Ц.Лнараас 1,668,649.39 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Д, Ц.Лнараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т б” ХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Л, Ц.Днараас 302,139,878.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т б” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,654,410.84 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Л, Ц.Днар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Т б” ХК нь барьцааны зүйл болох,
-Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 468.75 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-дугаарт бүртгэлтэй, 305 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар,
-Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, * тоот хаягт байрлах үйлдвэрлэлд хэрэглэгдэх 50,427,900 төгрөгийн үнэ бүхий бизнесийн бараа материал 80ш, 15,900,000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т б” ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,150,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Л, Ц.Днараас 1,668,649.39 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч “М ү б ” ХХК, Ц.Л, Ц.Днараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т б” ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ