Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 146

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: Б.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.З-д холбогдох ,,тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Б.З

 

       Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.З нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол баг, Урантолгой хорооллын гудамжинд насанд хүрээгүй Э.Тын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

* Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

“...2017 оны 11 сарын 01-ний өдөр сумын төвд хичээлийнхээ амралтаараа очсон байсан. Хичээл сонголтоо хийчихээд сургуулиас гарч  ирээд буцаж явах замдаа найз Халзанаатай 15 цагийн үед таараад гэрт нь хамт ус авахаар болсон. Тэгээд ус аваад явж байтал Халзанаа танай доод үеийн Э.Т чинь намайг 7 хоногийн өмнө зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би яах юм бэ гэж хэлсэн чинь чи ганцхан удаа цохиод өгөөч гэхээр нь би Э.Т-ын гэрийн гадаа 17 цаг 30 минутаас 18 цагийн үед очоод Б.Мэр дуудуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэв.  

* Эрүүгийн,,тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 * Насанд хүрээгүй хохирогч Э.Тын өгсөн:

 "...Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол баг, Урантолгой хороололд гэртээ байж байтал 18 цагийн үед манай нөгөө ангийн хүүхэд Мөнх-Эрдэнэ манайд орж ирснээ гараад ир гээд намайг аваад гарсан. Нэг банди чамайг дуудаад байна гээд гудамжны буланд очтол Б.З нэг залуутай зогсож байсан. Тэгээд мэндлээд гар барьтал чи ямар том юм бэ, гээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Хамраас цус гараад байхаар нь эмнэлэгт очиж үзүүлтэл зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн. Нэг хоногийн өмнө нэг залуу намайг шийдэн дээр сагс тоглож байтал ирээд тамхи нэхээд дарамтлаад байхаар нь нэг цохиод явуулчихсан чинь чи намайг хараарай, би ална аа гэж хэлээд явсан. Тэрнээс болж өмөөрөөд намайг зодсон. Намайг зодоход манай найз Б.М, Б.З, нэг хөдөөний танихгүй залуу байсан . Нэрийг нь санахгүй  байна. ...Нэг удаа гараараа цохиж хамар гэмтээсэн, өөр цохиж зодсон асуудал байхгүй. Эмчилгээний зардалд 800000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар тал/,

 

* Насанд хүрээгүй гэрч Б.М-ий өгсөн:

 

“...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сумын төвд явж байсан чинь Б.Зтай таарсан. Б.З намайг Э.Тыг гэрээс нь дуудаад өг гэхээр нь дуудаж өгсөн. Яах гэж дуудсан талаар нь эхлээд мэдээгүй. Гэтэл Э.Тыг гараад ирсэн чинь Б.З нь Э.Тт “чи яасан овоо юм бэ” гэж хэлээд нэг удаа гараараа Э.Тын хамар руу цохисон. Гэтэл Э.Тын хамраас цус гарсан. Тэгээд л явцгаасан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Намайг явснаас хойш юу болсон талаар би мэдээгүй. Тухайн үед хамраас нь цус гарсан, өөр гэмтэл байгаагүй, өөр цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/

           * Гэрч Ц.Б-ын өгсөн

                “... Б.З хүүхэд зодсон гэж хэлсэн.  Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би болсон явдлын талаар мэдэхгүй байна. Миний хүү Б.З төлөв даруу зантай, ааш сайтай, хүний үгнээс гардаггүй, дөлгөөхөн, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Яагаад ийм хэрэгт холбогдсон талаар нь мэдэхгүй байна. өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  479 дугаартай дүгнэлтэнд: Э.Т-ын биед хамрын ясны хугарал гэмтэл учирчээ.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. “ гэжээ. /хх-ийн 16 дугаар тал/

* Яллагдагч Б.Зын өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед сургууль орчихоод гэртээ харихаар явж байсан чинь Х гэдэг найзтайгаа Дэлгэр өндөрийн худаг дээр таараад хуучилж байтал  Х надад “Э.Т сагс тоглож байгаад Халзанаагаас тамхи нэхэхээр нь байхгүй, харин чамд байна уу гэсэн чинь Э.Т Халзанааг зодсон гэж надад ярьсан. Халзанаа бид хоёр багын найзууд болохоор уулзаад өг гэж Халзанааг гуйгаад байхаар нь Э.Т-тай 17 цаг 30 минутаас 18 цагийн хооронд Урантолгой хороололд очиж уулзсан. Би Э.Тыг гэрээс гараад хүрээд ирэнгүүт нь чи ямар том юм бэ гэж хэлээд нэг удаа цохисон чинь хамраас нь цус гарсан.Тэгээд дахиж зодоогүй, өөр ямар нэгэн зүйл болоогүй.  Тухайн үед хажууд Х, Б.М 2 байсан, өөр хүн  байгаагүй. Хамарт нь зөөлөн эдийн гэмтэл учирсан гэж байсан. өөр гэмтэл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хурдан шуурхай хөнгөн шийдэж өгөхийг хүсч байна. дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй төлөв томоотой байж чадна, өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,

 

 * Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 дугаар тал/

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын лавлагаа /хх-ийн 34-35 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол баг, Урантолгой хорооллын гудамжинд иргэн Э.Т-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.Т нь үйлдсэн болох нь  хохирогч Э.Тын “...Тэгээд мэндлээд гар барьтал чи ямар том юм бэ, гээд миний хамар руу гараараа нэг удаа цохьсон. Хамраас цус гараад байхаар нь эмнэлэгт очиж үзүүлтэл зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Мийн  “... Э.Тыг гараад ирсэн чинь Б.З нь Э.Тт “чи яасан овоо юм бэ” гэж хэлээд нэг удаа гараараа Э.Тын хамар руу цохисон...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 479 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж үзэв.   

 

           Иймд шүүгдэгч Б.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Т нь  хохирол төлбөрөө бүрэн авсан,  гомдол саналгүй талаар мэдүүлсэн /хх-ийн 6 дугаар тал/ байх тул шүүгдэгч Б.З-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

           Шүүгдэгч Б.З нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Б овогт Б.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, хохирогч наршийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР