Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/1204

 

 

Д.Жхолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1604 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 028092579 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Д.Ж, 

Шүүгдэгч Д.Ж нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар дэлгүүрийн орчим иргэн Б.А“машинтайгаа урдуур шахаж зогслоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс нь зулгааж, толгой, хүзүү, цээж рүү цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овгийн Даваадоржийн Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.ЖЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Жнь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Д.Жгээс холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ж давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2022 оны 6 дугаар сард эцэг Т.Даваадорж, эгч Д.Уранмандах нарын хамт машинтай явж байгаад иргэн Б.А гэгчтэй маргалдаж хэл амаар доромжлуулан цохиулж маажуулж улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Хохирогч гэх Б.Аийн өгсөн мэдүүлэгт үнэн зүйл нэг ч тусгагдаагүй мөн миний эгч болон намайг гүтгэж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг ямар шугамаар яаж гаргуулсан нь надад эргэлзээтэй байна. Энэ бүхнийг нарийн шалгаж тогтоогүйгээс болж цуг явсан эцэг, эгч ар гэрийнхэн минь хохирол амсаж байна. Цагдаа, шүүхийн хаалга татсаар гэр бүл үр хүүхдүүдийн минь амьдрал орхигдоход хүргээд байна. Үнэхээр өөрийн буруутай үйлдлээс болж хохирол учруулсан бол би өөрийн биеэр уучлал хүсэж хохирлыг барагдуулах ухамсартай хүн гэдгийг миний хүрээлэн буй хүмүүс гэрчилнэ. Энэ цаг үед хэл амтай, өөрийн хүслээр бичиг баримт бүрдүүлж, аманд орсон мөнгөн дүнгээ нэхсэн хүн шүүхэд ялалт авч мөрөөрөө гэм буруугүй хүн нь хийгээгүй хэргийн төлөө ял үүрдэг болсон бололтой гэж харж байна. Иймд үнэн зөвийг тогтоож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Д.Ж нь Б.Аийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, үнэлгээ, хохирогч Б.Аийн мэдүүлгээс гадна шүүгдэгч Д.Жтэй хамт явж байсан гэрч Уранмандахын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогддог. Харин Д.Жгийн бусдын эд хөрөнгийг санаатай болон болгоомжгүйгээр устгаж гэмтээсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авахуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн. Улмаар хавтас хэрэгт авагдсан баримтуудаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай тогтоогдож байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлж, шүүхээс шийтгэх тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Жгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ж нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар дэлгүүрийн орчим иргэн Б.А“машинтайгаа урдуур шахаж зогслоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс нь зулгааж, толгой, хүзүү, цээж рүү цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Аийн “...2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр би ажлаа тараад өөрийн эзэмшлийн 37-01 УНЕ улсын дугаартай приус-41 маркийн автомашинтай гэр рүүгээ явах замдаа Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Шар дэлгүүрийн замын эсрэг талд 18.40 орчим цагийн үед явж байсан чинь гэнэт улаан өнгөтэй “тоёота спасио” маркийн автомашин урдуур шахаж орж ирж зогсоогоод над руу салаавч гаргаад “пизда” гээд үглэж байгаад яваад өгөхөөр нь араас нь гүйцэж түрүүлээд урдуур нь дарж зогсоогоод машинаасаа буугаад “чи яаж байгаа юм” гэсэн чинь тухайн машиныг барьж явж байсан эрэгтэй нь машины цонхоор гараа гаргаж үснээс зулгааж татаад, миний хүзүүнээс маажсан. Тэгтэл машин дотор сууж байсан эгч нь гэх эмэгтэй бууж ирээд намайг мөрөөрөө явж чадахгүй, алцайсан хар гичий, хохино за юу гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би за за гэж бодоод машиндаа суугаад явах гэтэл тухайн эрэгтэй араас ирээд миний машины хойд гупер руу өшиглөсөн. Би дахиж машинаасаа буугаад яаж байгаа юм бэ гэсэн чинь миний толгойн дээд дагз хэсэгт гараараа 2-3 удаа цохсон. ...миний гар хөхөрсөн, хүзүү улайсан, толгой хавдсан байсан. ...машин дотроосоо татахдаа айфони 12 про макс гар утасны арын таг нь хагарсан. ...бас миний 37-01 УНЕ улсын дугаартай приус-41 маркийн автомашины хойд гупер өшиглөсөн. ...” /хх 21-22/,

гэрч Д.У“...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай дүү  Д.Ж, манай аав Даваадорж нар намайг эмнэлгээс ирж аваад гэр рүүгээ явж байгаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Шар дэлгүүрийн орчимд машинтайгаа явж байгаад Д.Ж тамхи татахаар нь би тамхийг нь хаяулсан чинь хажуугаар хар өнгийн машин орж ирээд хашиж зогсоогоод эмэгтэй хүн бууж ирээд манай дүү рүү дайраад байсан. Чи юу болж байна гэсэн чинь танай нөхөр чинь над руу салаавч гаргасан гэж хэлээд хэрүүл өдөөд байсан. Тэр эмэгтэй бууж ирээд шууд Д.Ж рүү өөрөө дайраад машины цонхоор гар нь орж ирээд заамдаж аваад зодоод эхэлсэн...” /хх 30/,

яллагдагчаар Д.Жгийн “...машины хаалга дарцан би машинаас бууж болохгүй байсан болохоор машины хаалга түлхсэн. Манай эгч машинаас бууж ирээд чи болиоч гэж хэлсэн. Тэр үед нь би машинаасаа буугаад тухайн эмэгтэйн цээж рүү гараараа 1 удаа түлхсэн. Тэгээд бид хоёр цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний машин руу өшиглөөд байхаар нь би зөрүүлээд өөрийнх нь приус 41 маркын автомашиных нь баруун хойд талын карлан хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний гутлын мөр гарсан байсан. ...” /хх 25-26, 56-57/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8427 дугаартай “...Б.Аийн биед тархи доргилт, зулайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2022.06.09-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх 33-34/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, “Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 39-40/, “Итгэл Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 46-47/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Ж хохирогч Б.Аийн биед “тархи доргилт, зулайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Жг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8427 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 39-40/, “Итгэл Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 46-47/ болон хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1604 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.АЛДАР     

                                 ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР    

                                 ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ