| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00319/И |
| Дугаар | 131/ШШ2015/00309 |
| Огноо | 2015-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2015/00309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4*************************ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 06 сарын 23-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********************* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... 1982 оны 5 сарын 15-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт гүн өрмийн мастер, машинистаар ажилд орж 1992 оныг дуустал ажилласан. Усны аж ахуйн газар татан буугдаж Тэнгис компанид 1992 оны 1 сарын 10-ны өдрөөс 1998 он хүртэл барилгын ажил хийсэн. ... миний бие одоо 55 настай. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд 20-с дээш жил, улсад 31 жил ажилласан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандаж байна. Надад усны аж ахуйн удирдах газраас олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний ажиллаж байсан албан тушаалыг тухайн үеийн ажилтаны буруутай үйл ажиллагаанаас үүдэн машинист, мастераар ажиллаж байсныг норомчин гэж буруу бичсэнээс болж тэтгэвэр тогтоолгоход хүндрэл үүссэн тул архивт тухайн онуудыг шүүлгэхэд мастер, машинистаар ажиллаж байсан талаар баримтууд гарсан. Иймд Баянхонгор аймгийн архивын тасгын 2015 оны 6 сарын 23-ны өдрийн лавлагааг үндэслэн 1982-1992 оныг дуустал Усны аж ахуйн удирдах газарт гүн өрмийн мастер, машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*************** миний бие 1960 онд төрсөн. Одоо 55 настай. 1979 онд Баянхонгор аймгийн 1 дүгээр сургуулийг төгсөж, 1979 онд цэрэгт татагдан Зэвсэгт хүчний 132 дугаар ангид хуваарилагдан цэргийн алба хааж 1982 онд халагдсан. 1982 оны 5 сарын 15-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт гүн өрмийн мастер, машинистаар ажилд орж 1992 оны 1 сар хүртэл ажилласан. 1992 оны 1 сард Усны аж ахуйн газар Тэнгис компани болж өөрчлөгдөн 1992 оны 1 сарын 10-ны өдрөөс 1998 он хүртэл барилгын ажил хийсэн. 2002 оноос Дөвөнтийн алтны уурхайд пункерчин, өрмийн мастераар 2014 оны 5 сар хүртэл ажилласан. Би хөдөлмөрийн хүнд нөхцөлд 20-с дээш жил, улсад 31 жил ажилласан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болсон юм. Надад усны аж ахуйн удирдах газраас олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний ажиллаж байсан албан тушаалыг тухайн үеийн ажилтаны буруутай үйл ажиллагааны улмаас норомчин гэж буруу бичсэн байна. Архивт хандаж Усны аж ахуйн газарт ажиллаж байсан онуудын баримт шүүлгэхэд мастер, машинистаар ажиллаж байсан талаар баримтууд гарсан. Иймд миний 1982 оны 5 сарын 15-ны өдрөөс 1992 оныг дуустал хугацаанд Усны аж ахуйн удирдах газарт мастер, машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар********************ын хөдөлмөрийн дэвтэр түүний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 06 сарын 23-ны өдрийн 347 дугаар лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 01 сарын 14-ний өдрийн 12 дугаар лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 42 дугаар, 1984 оны 103 дугаар, 1986 оны 152 дугаар, 1989 оны 96 дугаар, 1990 оны 31 дугаар тушаалуудын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч **************** нь 1982 1992 онуудад Баянхонгор аймгийн Усны аж ахуйг удирдах газарт ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
**************** нь 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1992 оны 11 сарын 30-ны өдрийг дуустлах хугацаанд Баянхонгор аймгийн Усны аж ахуйг удирдах газарт мастер болон машинистаар ажиллаж байсан болох нь *********************ын хөдөлмөрийн дэвтэр түүний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 06 сарын 23-ны өдрийн 347 дугаар лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 01 сарын 14-ний өдрийн 12 дугаар лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 42 дугаар, 1984 оны 103 дугаар, 1986 оны 152 дугаар, 1989 оны 96 дугаар, 1990 оны 31 дугаар тушаалуудын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******************ын 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1992 оны 11 сарын 30-ны өдрийг дуустлах хугацаанд Баянхонгор аймгийн Усны аж ахуйг удирдах газарт мастер, машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧН.БААСАНБАТ