Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 1

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Г.Бд холбогдох 1730001860141 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн  харьяат, 1995 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “О” уурхайд “Б” харуул хамгаалалтын албанд харуул ажилтай, ам бүл 4, ээж, эгч дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Г.Б

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр:

 

           Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулах “С” нэртэй зочид буудлын 2 дугаар давхарын 00-н өрөөнд Э.Аийг зодож эрүүл мэндэд нь хамрын ясны шинэ хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед С зочид буудалд найзуудтайгаа ороод пиво уусан юм. Шөнийн 00 цагийн үед 2 давхарын 00-н өрөөнд орж бие засчихаад гартал, танихгүй залуу орж ирээд зөрөх үедээ мөргөлдөж, маргаан үүссэн. Би нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд өрөөндөө ороод байтал тэр залуугийн эгч нь орж ирээд цагдаад дуудсан. Би пиво уусан, согтуу байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эмчилгээнд нь 245.000 төгрөг өгсөн. Надаас 3 сая төгрөг нэхсэн, баримтаа гаргавал төлнө, маргах зүйлгүй ... гэв.

 

- Хохирогч Э.Аийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 15 ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулах “С” нэртэй зочид буудалд ирж байрлаж байсан юм. Учир нь миний бие төслийн сургалтанд суух ажлаар Түмэнцогт сумаас ирчихсэн байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-ний шилжих шөнө буюу 19-ний 02 цагийн үед “С” буудалд байх өрөө рүүгээ орох зорилгоор гаднаас орж ирсэн бөгөөд 2 дугаар давхарын 00-н өрөө рүү орсон чинь зүс таних залуу надтай мэндлээд өнгөрсөн чинь намайг цохьсон. Б гэх залуу нь нөгөө залуугаа “ чи гарч бай, би энэ залуутай ярих юм байна”  гэхээр нь миний хувьд “ би чамайг танихгүй, чи намайг танихгүй, миний хувьд чамтай яриад байх зүйл байхгүй “ гээд гарах гэсэн чинь намайг гаргахгүй байсан бөгөөд үйлчлэгч эмэгтэй 00-н өрөө рүү орж ирээд боль гээд байсан.Энэ байдлаар 2-3 удаа орж ирээд хамгийн сүүлд түлхээд үйлчлэгч эмэгтэй гаргахаар нь би завсараар нь гарах гэсэн чинь миний нүүр рүү нэг удаа гараараа цохьсон. Энэ цохилт миний хамрыг онож хугалсан, би хамраа дараад шууд өрөө рүүгээ орж төрсөн эгч Ад хандаж “ хамар руугаа цохиулчихлаа”  гэж хэлэхэд хамар чинь хугарчихсан байна гээд шууд эмнэлэг явж үзүүлсэн. Хамар хугарсан байна гээд хамрын чихээс хийлгэж гаргуулж, одоо эмчилгээг хийлгэж байна. Б гэх залуу нь намайг өдөж хоргоогоод дээрэлхээд хоёулаа сайхан зодолдох уу гээд л байсан. Б нь нилээн согтуу байсан. Урьд нь уг хүнийг харж байгаагүй ямар нэгэн маргаж муудах шалтгаан байхгүй. Миний хувьд шөнийн 02 цагт буудал руугаа ордог учир нь манай аав эмнэлэгт бие нь муу хэвтэж байсан бөгөөд хажууд нь сахиж байгаад ирж байсан юм. Миний хамар хугарч эрүүл мэнд гоо сайханд хохирол учирсан тул эмчилгээний бүхий л зардалыг гаргуулна... гэх мэдүүлэг/хх-04-05 /,

 

- Яллагдагч Г.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулах “С” нэртэй зочид буудалд найзуудын хамт ороод пиво ууцгаасан юм. Пиво уух газар байхгүй байсан учраас уг буудалд орж пиво уухаар болсон юм. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байх үед би 2 дугаар давхарын 00-н өрөөнд орж бие засчихаад гарч байтал 00-н өрөөнд танихгүй залуу орж ирээд зөрөх үедээ мөргөлдөж үүнээс болж хэрүүл үүссэн. Чи зүгээр явалдаа гэж хэлсэн чинь хариуд “ аятайхан яваарай, хатаадаг газарт чинь хатаагаад өгч чадна шүү”  гэхээр нь миний бие баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон чинь тухайн залуугийн хамар руу нь цохьчихсон. Би 00-н өрөөнөөс гараад шууд өрөө рүүгээ орчихоод байж байтал надад цохиулсан гэх залуугийн эгч нь орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байсан ...гэх мэдүүлэг /хх-13/, 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 420 тоот дүгнэлтэд: 1.Э.Аийн биед хамрын ясны шинэ хугарал бүхий гэмтэл учиржээ. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ /хх-10/, 

 

 - Яаралтай тусламжийн хуудас.2017.11.19 /хх-09/

 

 - Г.Бийн өөрийгөө өмгөөлөх тухай хүсэлт /хх-26/

 

 - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал  /хх-27/ 

 

          - Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол.2017.11.19 /хх-16/

 

 -   Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14 /

 

 -   Г.Бийн иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-15 /

 

 -  Г.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-17/

 

 - 2017.12.25-ны өдрийн хохирогч Э.Атэй утсаар ярьсан тэмдэглэл зэрэг болно.

 

                     

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

 Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

 Шүүгдэгч Г.Бийн холбогдсон дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан байх ба хэргийг шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна гэж үзлээ. 

 

          Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах С зочид буудлын 2 давхарт ариун цэврийн өрөөнд иргэн Э.Аийн хамран тус газарт цохиж эрүүл мэндэд нь “ хамрын ясны шинэ хугарал “ бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Бийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Э.Аийн мэдүүлэг, 2017.11.19-ний өдрийн Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 420 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Г.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

           Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэн, улмаар Э.Аийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний “ Би шөнийн 00 цаг өнгөрч байх үед  2 дугаар давхарын 00-н өрөөнд орж бие засчихаад гарч байтал 00-н өрөөнд танихгүй залуу орж ирээд зөрөх үедээ мөргөлдөж үүнээс болж хэрүүл үүссэн. Чи зүгээр явалдаа гэж хэлсэн чинь хариуд “ аятайхан яваарай, хатаадаг газарт чинь хатаагаад өгч чадна шүү” гэхээр нь миний бие баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон чинь тухайн залуугийн хамар руу нь цохьчихсон. Би 00-н өрөөнөөс гараад шууд өрөө рүүгээ орчихоод байж байтал надад цохиулсан гэх залуугийн эгч нь орж ирээд цагдаад дуудлага өгсөн  “ гэх, 

хохирогч Э.Аийн “ миний нүүр рүү нэг удаа гараараа цохьсон. Энэ цохилт миний хамрыг онож хугалсан би хамраа дараад шууд өрөө рүүгээ орж төрсөн эгч Ад хандаж хамар руугаа цохиулчихлаа гэж хэлэхэд хамар чинь хугарчихсан байна гээд шууд эмнэлэг явж үзүүлсэн. Хамар хугарсан байна гээд хамрын чихээс хийлгэж гаргуулж одоо эмчилгээг хийлгэж байна. Б гэх залуу нь намайг өдөж хоргоогоод дээрэлхээд хоёулаа сайхан зодолдох уу гээд л байсан. Б нь нилээн согтуу байсан. Миний хамар хугарч эрүүл мэнд гоо сайханд хохирол учирсан тул эмчилгээний бүхий л зардалыг гаргуулна ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.

Г.Б гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

          Шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

          Иймд шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч Г.Бийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

          Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

Хохирогч Э.А “ миний хамар хугарч эрүүл мэнд гоо сайханд хохирол учирсан тул эмчилгээний бүхий л зардалыг гаргуулна, эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжлэнэ “ гэх боловч хэрэгт хохирлын талаарх баримт өгөөгүй, мөн шүүхийн шатанд холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул дээрх хохирлын нэхэмжлэлийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хохирлын баримт байхгүй байхад нэхэмжлэлийн тооцоог шууд 3.000.000 төгрөг гэж үзэж гаргах боломжгүй юм.

Иймд хохирогч нь нэхэмжлэлийг баримтаа бүрдүүлсний эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйгээр үлдээлээ.

 

          Шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Г.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болно.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4. Ялтан Г.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Хохирогч Э.А эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Ялтан Г.Бд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН