Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/47

 

 

Б.Д, Д.Ш нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Г.Э /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Б.Д /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Д.Ш /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Б /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Б /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнхандын даргалж хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/86 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор А.Эын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Д, Д.Ш нарт холбогдох 2041000360303 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Б.Д

Шүүгдэгч: Д.Ш

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Д.Штэй бүлэглэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Дарьхүүгийн Шийн "иргэн Ч.Пд ашигтай шийдвэр гаргуулах, давуу байдал бий болгох" хууль бус үүргээс татгалзалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрхээ урвуулан ашиглаж, Дорноговь аймгийн ****од 2021 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Ч.П Б З нар нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж П нь Б.Зы нуруун тус газарт 1 удаа хутгалж хөнгөн хохирол учруулсан талаарх гэмт хэргийн шинжтэй 22 дугаартай гомдлыг 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 5/29 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэн Ч.Пд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тогтоол гаргах хэлбэрээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон.

Шүүгдэгч Д.Ш нь Б.Дтой бүлэглэж, Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа Улсын ерөнхий прокурорын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/67 дугаартай тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын 17 дугаар бүлгийн 17.5 дугаар хэсэгт заасан хяналтын прокуроруудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах тухай бүрэн эрхээ урвуулан ашиглаж “иргэн Ч.Пд ашигтай шийдвэр гаргуулах, давуу байдал бий болгох” хууль бус үүргийг өгсний улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д нь Дорноговь аймгийн ****од 2021 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Ч.П, Б.З нар нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Ч.П нь Б.Зы нуруун тус газарт 1 удаа хутгалж, хөнгөн хохирол учруулсан талаарх гэмт хэргийн шинжтэй 22 дугаартай гомдлыг 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 5/29 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэн Ч.Пд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Г.Э, Э.Халиун нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ш нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Бгийн Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт,

 шүүгдэгч Дарьхүүгийн Шийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус, тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэргийг прокурорт буцааж,

Б.Д, Д.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д, Д.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, Б.Д, Д.Ш, тэдний өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн Дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Э эсэргүүцэлдээ: “1. ...шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг хэлэлцэх явцад шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. ... мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Шийн гэмт хэргийн шинжтэй өөр үйлдлийг шалгах шаардлага үүссэн бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэл, шалгах хүрээ, агуулгад нь хамаарч байсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн гэж прокурор үзсэн бөгөөд дахин хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай ойлголт яригдахгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүнийг олж тогтооход чиглэсэн ажиллагааг хэрэг бүртгэлтийн 204100036 дугаартай хэрэгт явуулж байсан гэж үзнэ.

2. ... Шүүгч анхнаасаа магадлагааг яллах талын нотлох баримт гэж дүгнэж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж хардахаар байна. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн чиг үүрэг нь яллах, шууд яллах талын нотлох баримтыг л хэлэлцүүлж оролцох нь ойлгомжтой. Гэтэл “Улсын яллагчийн зүгээс хэргийн хамт ирсэн нууц ажиллагааны магадлагааг яллах талын нотлох баримт гэж үзсэн” гэж дүгнэж байгаа нь түүнийг илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. ...Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын хэн аль нь нууц ажиллагааны магадлагааг шинжлэн судлуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх шинжлэн судлахгүй гэснийг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад огт явагдаагүй, талууд шинжлэн судлуулах хүсэлт гаргасаар байтал шүүгч санаачилгаараа уг нотлох баримтыг хэлэлцэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх шаардлагад нийцсэн эсэхэд эргэлзээг төрүүлж байна. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн бөгөөд  талуудын мэтгэлцээн явагдаагүй байхад шүүх нотлох баримтыг хэлэлцүүлээгүй байна. Энэ үүргийн хүрээнд нотлох баримтаа хэлэлцүүлэх гэтэл шүүхээс санаачилгаараа нотлох баримтыг хэлэлцүүлээгүй нь бас л хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

3. ...Мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн 08 дугаартай нууц ажиллагааны магадлагаанд Улсын Ерөнхий прокурорын газрын тусгай хяналт хариуцсан хяналтын прокурорын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/29 дугаартай тогтоолын хүрээнд явагдсан талаар тодорхой дурдсан байгааг анхаарч үзнэ үү. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... зааснаар шүүх эрхээ хэрэгжүүлэх боломж байсаар байтал хэрэгжүүлэлгүйгээр илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

... Цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1. 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.

Прокурор Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “1. ...Эсэргүүцэл бичсэн гол үндэслэл нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь улсын яллагчаар оролцох чиг үүргийг хязгаарласан нөхцөл байгаа. ...Нотлох баримтыг шинжлэн судлуулахад прокурорын 08 дугаартай магадлагааг шинжлэн судлах саналыг өмгөөлөх болон яллах тал аль аль нь гаргадаг. Шүүх үүнийг шинжлэн судлахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын яллагчаар оролцох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Энэ процесс огт явагдаагүй. Яагаад гэхээр нотлох баримт шинжлэн судлагдаагүй байхад шүүхийн цагаатгах тогтоол, тухайн магадлагаа хуульд заасны дагуу бэхжигдээгүй байна гэж дүгнэж байгаа нь хууль зөрчсөн. Энэ талаар нотлох баримтаар тооцох боломжгүй гэдэг асуудал яригдаагүй. Талуудын зүгээс ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байхад энэ талаар шүүх урьдчилсан дүгнэлт хийж шийдвэр гаргаж байгаа нь өөрөө хэт нэг талыг барьсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын мэтгэлцээний зарчимд хэргийн бодит байдлыг тогтооно гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан үндсэн гол зарчмыг зөрчсөн нь тогтоогдож байгаа. Энэ процесс өөрөө зөрчигдөхөөрөө шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тухайн шүүхийн шийдвэр хэргийн тогтоосон байдалд хууль зүйн дүгнэлт өгсөн байхыг шаарддаг. Гэтэл тогтоогдсон нөхцөл байдал буюу хэлэлцэгдсэн асуудал огт яригдаагүй зүйлийн талаар шийдвэртээ тусгаж байгаа нь өөрөө шийдвэр үндэслэлтэй гаргах шаардлага хангахгүй байгаа. Тийм учраас процесс зөрчигдсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Мөн  тухайн хуулийн процесс зөрчигдсөний улмаас шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлага хангаагүй байх нөхцөл байдал тогтоогдсон учраас улсын яллагч эсэргүүцэл бичсэн. ... Магадлагаа дээр юу гэж байдаг вэ гэхээр танилцаж баталгаажуулсан тусгай хяналтын хэлтсийн хяналтын прокурор О гэж гарын үсгээ зурсан байгаа. Тэгэхээр энэ ажиллагаа дээр хэрэв үнэхээр прокурорын зөвшөөрөлтэй юу, үгүй юу гэдэг эргэлзээгүй нөхцөл байдалд хүрсэн бол дараа дараагийн прокурор чиг үүргээ хэрэгжүүлэх байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнх 34.16 дугаар зүйлийн 5, 6-д шүүх хуралдааныг хойшлуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн нөхцөл байдал илрэх юм бол шүүх хуралдааныг хойшлуулж хуульд зааснаар шүүх өөрөө нотлох баримтын эх сурвалжийг шалгах боломжтой байсан. ... Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 буюу албан тушаалын байдлаа урвуулах ашиглах, 22.4 дүгээр зүйлийн 1 буюу хахууль авч болзошгүй, 22.5 буюу хахууль өгч болзошгүй гэсэн 3 гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд энэ ажиллагаа хаана явагдсан бэ? гэхээр Улсын ерөнхий прокурорын газрын тусгай хяналтын хэлтэс буюу тусгай дүрэм журмын дагуу зохицуулагдсан бүтэц чиг үүрэг бүхий хэлтэс хяналт тавьсан. Зөвшөөрөл олгогдсон уу, олгогдсон. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн үү, нээгдсэн. Энэ ажиллагааны явцад тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээх асуудал яригдаад байгааг ойлгохгүй байгаа. Яагаад гэхээр хуульд тодорхой хүн хуулийн этгээдийг холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхийг хориглосон байгаа.

 

4. ... Энэ нь ямар учиртай юм А/29 дугаартай прокурорын тогтоолоор зөвшөөрөл олгогдсон гэж магадлагаа дээр дурдагдаад байна. Энэ ямар асуудал байна гэж яригдсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар хойшлуулаад эх сурвалжийг нь магадлах асуудал байх боломжтой байсан. Гэвч энэ нь мэтгэлцээний явцад хэргийн бодит байдлыг тогтоох зарчмаар хангагдаагүй гэдэг асуудал яригдаад байгаа. Шүүх талуудын мэтгэлцээний явцад дүгнэлт хийгээд хэргийн бодит байдлыг тогтоох ёстой байтал урьдчилаад нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнээд байгаа нь шүүх хэт нэг талыг барьсан. Оролцогчийн эрхийг нь хязгаарласан нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. Дараа нь дотоод итгэлээрээ шийдвэр гаргасан гэдэг асуудал яригдаж байна. Дотоод итгэл байлаа гэхэд нотлох баримт дээр үндэслэх байсан. Эрүүгийн хуулийн 4.1-т аргагүй хамгаалалтыг юу гэж заасан байдаг вэ гэдэг нь маш тодорхой байгаа. Аргагүй хамгаалалт хэрэв энэ асуудал дээр яригдах юм бол цаашид үргэлжлээд магадлагаагаар авагдсан нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан илийн нотлох баримтуудыг хооронд нь уялдуулан үнэлж дүгнэж байж шүүгдэгч Дийн гэм буруугийн асуудал нотлогдоно. Тогтоол гаргах хэлбэрээр буюу тухайн үедээ хоёр удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Нэмэлт ажиллагаа хийлгэх тогтоолдоо дан аргагүй хамгаалалт байна уу, үгүй юу гэж бичсэн. Гэтэл ганц прокурор хуульч биш. Энэ дээр тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөгч мөн хуульч, хуульд зааснаар нотлох баримтыг үнэлэх эх сурвалжийг нь шалгах үүрэг бүхий субъект байгаа. Гэтэл хоёр мөрдөгч хоёулаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаад байхад энэ дээр нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж буцаагаад татгалзаж шийдвэрлэж байгаа нь өөрөө хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байгаа. ...Хохирол хор уршиг байна, байхгүй гэдэг асуудал яригдахгүй. Энэ нь өөрөө даамжирсан хор уршигтай үйлдэлтэй. Тийм учраас шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Улсын яллагчийн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Д.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. ...нэгдүгээр агуулга нь шүүх цагаатгаж байгаа Ш, Д нарт холбогдуулж гарсан хэрэг нь өөрөө хэзээ ямар байдлаар нээгдсэн гэдэг нь тодорхойгүй гэж няцаадаг. Хоёрдугаарт 2020 оны 07 сарын 01-ний өдөр Авлигатай тэнцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсээс нууц мөрдөн шалгах ажиллагааны хэрэг нээсэн явж байсан. Тэгээд тэр хэргийнхээ агуулга үндэслэлийн цар хүрээнд өөр хэрэг үйлдсэн гомдол мэдээлэл гарсан гэж ярьсан. Тэгэхээр энэ дүгнэлт үндэслэлгүй дүгнэлт юм. Өөрөөр хэлэх юм бол 2020 оны 07 дугаар сарын 01-д гээд хэрэг нээж байгаа тогтоол дээр ямар үйл баримттай хэрэг нээсэн юм гэхээр Дорноговь аймгийн цагдаагийн газрын эрх бүхий алба хаагч, хяналт тавих байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хэрэг шалгаж байгаад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж магадгүй гэж шалгагдаж байсан. ...Тэгэхээр өмнө жил нь өөр асуудал дээр хэрэг нээгээд шалгаж байгаа ажиллагаагаар дараа нь Д, Ш хоёрыг яллаад оруулж ирж байгаа нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа.

 

2. ... Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Нын мөрдөгчийн даалгаврыг зөвшөөрсөн баримт нь байна. Магадлагаа дээр бас бичсэн байна гэж бичээд байгаа. Тэгэхээр энэ нь өөр ойлголтууд юм. ... Хэрэгт байгаа прокурорын зөвшөөрөл гэдэг нь мөрдөгчийн даалгаврыг зөвшөөрөл хэлбэрээр батлаад зөвшөөрч байгаа. Энэ ямар учиртай баримт юм гэхээр он сарыг нь та нар харсан байх 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгч байгаа даалгавар юм. Илээр шалгаж байгаа гэмт хэрэг дээр мөрдөгч нь илээр хэргээ шалгадаг, хажуугаар нь гүйцэтгэх ажиллагаа явуулдаг эрх бүхий албан тушаалтан нууц ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж үзэх юм бол прокуророор батлуулж, зөвшөөрүүлж үүнийг баталж өгөөч гэж эхний хүсэлтээ гаргадаг. Үүнийг прокуророор зөвшөөрүүлээд очихоор гүйцэтгэх ажиллагаа явуулах нэгж нь даалгаврыг хүлээж аваад даалгаврынх нь дагуу ажиллагаагаа явуулах ёстой. Тэгэхээр ийм учиртай хоёр өөр зүйл байгаа юм. Магадлагаа дээр 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/29 дугаартай тогтоолын хүрээнд бичсэн учраас зөвшөөрөл нь байж л таараа гэсэн агуулгатай юм бичсэн байсан. Дээрээс нь прокурорын зөвшөөрөл нь хэрэгт нь байдаг. Яагаад байх ёстой юм гэхээр нууц гүйцэтгэх ажиллагааны үр дүн магадлагаа прокурорын зөвшөөрөлтэй л хийгдсэн байх ёстой. Тэгэхээр шийдвэр гаргах гээд байгаа шүүхэд прокурорын зөвшөөрөлтэй л ирүүлсэн байх ёстой. Тэгж байж л нотлох баримтын шаардлагыг хангана. Түүнээс зөвшөөрөл нь байхгүй магадлагааг шүүх үнэлээд шийдвэрийнхээ үндэслэл болгох боломж байхгүй. Магадлагаа дээрээ огноо дугаар бичээд зөвшөөрлийн дагуу гээд бичсэн байна. ... Зөвшөөрөл өгсөн гэхэд хугацааг нь хэдэн сараар өгсөн юм, түүнийг сунгах шаардлагатай гээд сунгасан юм уу? мэдэхгүй. Тэгэхээр энэ зөвшөөрөл нь хангагдахаас өөр ямар ч боломж байхгүй. Би анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой хэлсэн. Албан тоот бичиг гүйцэтгэх хэлтсээс мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлж байгаа энэ цаг хугацааг нь хэрэгт байгаа баримтуудаар нь тооцож үзэхээр ер нь зөвшөөрөлтэй байсан үгүй гэдэг нь эргэлзээтэй байдгийг тодорхой хэлсэн.

3. ...Ер нь дээд шатны прокурор, улсын яллагч буюу хуралд орсон прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих хуулийн заалттай. Улсын яллагч Э прокурор өөрөө бичээгүй. Дээд шатын прокурор гэж байгаа боловч Прокурорын тухай хуульд дээд шатны прокурор гэж зөвхөн тухайн нэгж газрын нийслэл, аймаг, дүүрэг, сум дундын ерөнхий прокуроруудад хамааруулан хуульд заасан. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно гэж заасан байгаа. Гэтэл орлогч прокурор нь бичсэн байгаа нь хэр хуульд нийцэх үү? Хоёрдугаарт прокурор эсэргүүцлийнхээ төгсгөл санал дүгнэлтдээ анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх гэсэн байгаа. Энэ асуудал нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өөрчлөлттэй нийцэж байгаа юу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх гэдэг нь үндэслэлгүй юм шиг байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, бага зэрэг өөрчлөлт оруулъя гэсэн саналтай байна. Юу гэж өөрчлөлт оруулах вэ гэхээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын нэг дэх заалтад хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж хэргийг прокурорт буцаасугай гэсэн байсан. Прокурорт буцаасугай гэсэн заалтыг нь хасаж бусад холбогдох хэсгийг хэвээр үлдээе гэсэн саналтай байна.

 

4. ... 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр буюу П, З гэдэг хоёр хүн хоорондоо зодолдож байсан өдөр нь Авлигатай тэнцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсийн мөрдөгч нууц ажиллагаа явуулаад дууслаа гэж мэдүүлээд тогтоолоо бичсэн үед нь тогтоол гаргаад Нийслэлийн прокурорын газарт хяналтыг нь шилжүүлээд мөрдөн шалгаж ажиллагаа явуулах байгууллагын мөрдөн шалгах хэлтэст илээр шалгуулахаар шилжүүлье гээд шийдвэр гаргасан. Тэгээд Нийслэлийн прокурорын газраас дамжаад хугацаагаар нь хөөгөөд үзэхээр илээр шалгаж байсан мөрдөгч нь би илээр шалгана. Ингэж шалгаж байх явцдаа давхар нууц ажиллагаа явуулж байя гэж үзээд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт бичээд байгаа. Түүнээс Н прокурор шууд гүйцэтгэх ажиллагааны зөвшөөрөл өгсөн асуудал биш. Гүйцэтгэх ажиллагаа явуулъя гэсэн мөрдөгчийн хүсэлтийг л зөвшөөрч байгаа зөвшөөрөл. Сая Б өмгөөлөгч даалгавар өгөхөөс хоёр хоногийн өмнө Дийн шийдвэр гарсан байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ цаг хугацаанд зөвшөөрөлгүй байсан гэдэг магадлал өндөр тийм учраас зөвшөөрлийг хэрэгт хийж чадаагүй юм байна гэсэн хардалтыг төрүүлээд байгаа.” гэв.

Шүүгдэгч Д.Шийн өмгөөлөгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “1. ...Прокурорын эсэргүүцлийн нэгдүгээр үндэслэлийн хувьд эрүүгийн тоот дугаартай хэрэг дээр мөрдөн шалгах нууц ажиллагаа хийгдэж байсан. Уг ажиллагааг явуулах явцад гэмт хэргийг шинжтэй зүйл илэрсэн болохоор үүнийг прокурор хэргийг зүйлчлэл шалгах ажиллагаанд нь хамаарч байсан учраас дахин хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шаардлагагүй гэж үзсэн гээд байгаа. Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахдаа хүний эрхийг зөрчих, чиглэсэн ажиллагаанаасаа халих, прокурорын зөвшөөрөл аваагүй гээд зөрчил гаргадаг. Мөрдөн шалгах нууц ажиллагаанд прокурор тавих хяналт нь маш хязгаарлагдмал. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны зөвшөөрөл өгөх, түүний үр дүнг танилцах хэлбэрээр явагдаж байгаа. Өөрөөр мөрдөн шалгах нууц ажиллагааны байршил, цаг хугацааг зохион байгуулах, тэр бүү хэл тухайн ажиллагааг зөвшөөрлийн дагуу явуулсан уу? гарсан үр дүнг бүрэн танилцуулсан уу? гэдэг асуудлыг хүртэл прокурорууд хянаж чаддаггүй. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар прокурорт тийм боломж нь байхгүй. ... Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулдаг байгууллага нь хэн дээр ч хамаагүй, үнэн худал нь мэдэгдэхгүй гомдол мэдээллээр нэг хүн дээр хэрэг нээлгэчхээд тэр хүрээндээ зөвшөөрөл аваад зөвшөөрлийнхөө хэмжээ хязгаараас халиад явж болохгүй. Прокурорын гүйцэтгэх ажил дээр тавьж байгаа ганц хяналт нь л энэ байх ёстой. Тодорхой зөвшөөрөл олгоод түүнийхээ үр дүнтэй танилцаад ямар нэгэн алдаа дутагдал гарсан байна уу? үгүй юу мөрдөх байгууллага хуулийн дагуу ажиллагаагаа хийж үү? үгүй юу гэдэг хяналтын тавих ёстой. Үүнийг шүүх цагаатгах тогтоол дээрээ бичээд байгаа.

2.Хоёрдугаар үндэслэлийн хувьд мөн эхнийхтэйгээ холбогдож байгаа. Тодорхой хэрэг дээр чиглэсэн зөвшөөрөл аваагүй байж түүнийгээ нотлох баримтаар тооцуулах гээд байгаа нь буруу байна гэж шүүх дүгнээд байгаа. Анхнаасаа хууль зөрчсөн мөрдөн шалгах ажиллагаа нь хүчин төгөлдөр болж чадахгүй байна. Яагаад гэхээр ил мөрдөн шалгаж ажиллагаагаар нотлох баримт болж чадахгүй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байсан. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс уг нууц ажиллагааны магадлагааг шинжлэн судалъя гэж хүсэлт гаргасан. Яагаад гэхээр ил мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч нарыг яллах болон цагаатгах талын ямар ч баримт байгаагүй. Харин ч мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа дээр шүүгдэгч нарыг гэм буруутай болохыг нотолж байгаа зүйл авагдсан байсан учраас өмгөөлөгчийн зүгээс энэ баримтыг судлахад татгалзах зүйлгүй гэдэг байдлаар хандсан.

3. ...Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг прокурорын байгууллага өөрөө тусгаагүй байсан. Үүнийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дах хэсгийг зөрчсөн байна гэж үзсэн. 2017 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжээд мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг хавтаст хэрэгт яаж хавсаргах вэ, тусгах вэ гэдэг дээр янз бүрийн тохиолдол гараад үүний үр дүнд ер нь магадлагааг хэрэгт хийгээд нууцын дардас дараад хэргээ бүхэлд нь нууцад тамгалаад явдаг практик тогтчихсон. Яагаад энэ хэргийн хувьд тусад нь хавсаргаад, дардас дараад явуулсан юм мэдэхгүй. Ямар ч байсан одоо уг магадлагаа нь хавтаст хэрэгт үдэгдээд ирж байгаа.

4. ... Прокурор өөрөө мөрдөн шалгах нууц ажиллагаа хууль бус явагдсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм уу? гэдэг байдал эсэргүүцэл дээрээс нь харагдаад байгаа. Учир нь прокурорын эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг талуудын саналыг үндэслэн шинжлэн судлах эсэх асуудлыг шүүх тогтоох ёстой байсан гэж байна. .... Тийм учраас шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ноцтой зөрчсөн гэж үзсэн прокурорын эсэргүүцэл нь үндэслэл бүхий болж чадаагүй, эсэргүүцэлд дурдаж байгаа гурван үндэслэл нь үндэслэлгүй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 1. ...Цагаатгах тогтоолын 3 дугаар заалтад 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг шалгасан удирдамж батлагдсан. Энэ удирдамжаар намайг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж дүгнэсэн шийдвэр гаргаагүй. Гэтэл Сум дундын Ерөнхий прокурор Э намайг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуудаад “Нийслэлийн прокурорын газраас ярилаа, чиний шийдвэрийг хүчингүй болго гэж байна” гэсэн. Тэгээд “би яаж байгаа юм бол, миний шийдвэрт нийслэлээс яагаад халдаж байгаа юм бол гээд өөрт нь хэлсэн” тэгсэн. Тэгсэн миний шийдвэрийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон шийдвэрийг харахаар шалгалтын хүрээнд гэсэн байсан. Яг ямар шалгалт байсан гэдэг нь тодорхойгүй. Үүнийг анхан шатны шүүх маш сайн дүгнэж бичсэн. Тэгээд ингээд харахаар Нийслэлийн прокуророос намайг яллая л гэж бодсон юм шиг байна лээ. Энэ асуудал дээр ярихад сум дундын ерөнхий прокурор Эын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн миний шийдвэрийг хүчингүй болгосон тогтоолд аргагүй хамгаалалт гэснийг үгүйсгээгүй, түүн дээр ямар ч дүгнэлт хийгээгүй. Зүгээр л Зы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэсэн, тэгээд л болсон. Тэгсэн хяналтын прокурор Содбаяр нь энэ хэргийг дараа нь хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон тогтоол дээр мөн аргагүй хамгаалалт гэдгийг үгүйсгээгүй. Хэдэн мэдүүлэг аваад л хүчингүй болгосон. ... Нийслэлийн прокурор болохоор аргагүй хамгаалалт гээд Шийн үгээр шийдсэн гэж яллаад байдаг. Би тэрийг ойлгохгүй байгаа. Дараагийн асуудал нь цагаатгах тогтоолын 4 дүгээр заалт дээр маш нарийн дүгнэлт хийсэн байна лээ. Юу гэж байгаа юм гэхээр прокуророос Шийг шүүгдэгч Дид ямар хууль бус үүрэг өгсөн гэж үзсэн. Шүүгдэгч Дийн ямар хууль бус үүргээс татгалзаагүй гэдгийг тодорхойлоогүй байгаа. Энэ ямар учиртай юм гэхээр Ш прокурор надад ямар ч үүрэг өгөөгүй л гэсэн үг. Би үүнийг өөрийнхөө дотоод итгэлээр хууль тогтоомж ашиглаж шийдсэн болохоос биш, Ш прокурорын үгээр энэ хүний асуудлыг шийдсэн зүйл байхгүй.

2. Дараа нь улсын яллагчийн зүгээс 28 дугаартай нууц ажиллагааны магадлагаанд хэргийн талаар авагдсан тул яллах дүгнэлтэд хэзээ, хаана ямар үйл явдал болсныг дүгнэх боломжгүй гэж мэтгэлцэх боловч тухайн нууц ажиллагааны арга хэрэгсэл эх сурвалж нууц байхыг хуульд зааснаар үнэлэлт дүгнэлт хийхэд саад болохгүй гэсэн. Тэгээд нууц ажиллагаагаар авагдсан, үүрэг өгсөн гээд байгаагаа яллах дүгнэлт дээрээ биччих байсан. Гэтэл энэ тал дээр ямар ч дүгнэлт байхгүй. Энэ яллах дүгнэлтийг харахаар их товч, нотлох баримтуудаа суулгаж өгөөгүй. ... Нийслэлийн прокурор газар эсэргүүцэл дээрээ доод хоёр заалтыг нь хаячихсан. Яагаад хаясан юм гэхээр эд нар нотолж чадахгүй байгаа. Нийслэлийн прокурорын газар өнөөдөр таамаглалаар хүн яллаж байгаа болохоос биш нотлох баримтад тулгуурлаж яллаагүй. ... Энэ гэмт хэрэг гээд байгаа асуудал нь анхнаасаа гэмт хэргийн шинжгүй байсан. Энэ хэрэгт хэн ч гомдол гаргаагүй, хохирол, хохирогч байхгүй. Би энэ асуудлыг шийдлээ гээд өнөөдөр иргэнд болон төрд хохирол учруулаагүй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалаа хэтрүүлэх урвуулах гэдэг гэмт хэргийн ойлголт өөр шүү дээ. Субьектив талын шинж байдал байхгүй. ...Зүгээр гүйцэтгэх ажиллагааны 08 дугаартай магадлагаа нь хоёр хүний л харилцан яриа байгаа. “Аан та ингэж үзэж байна уу? би шалгая аа” л гэсэн зүйл байгаа. ... П, З нарын хэргийг шийдэхийн тулд хяналтыг маш сайн тавьж ажилласан гэж өөрийгөө үзэж байгаа. ... Аргагүй хамгаалалтын шинж байгаа юм уу? гэж буцаагаад байсан гэж байна. Үгүй шүү дээ, би субьектив санаа шинж гэж буцаасан.

4. Дараагийн асуудал нотлох баримт дээр тулгуурлаагүй гэсэн. Би нотлох баримт дээр тулгуурлаж тогтоол гаргасан шүү дээ. ... Мөн хамаатнуудынхаа хэргийг хаадаг гэж бичээд байна. Би энэ хэргийг татгалзахдаа Ш прокурортой ямар харилцаатайг нь мэдээгүй, би иргэн хүний, эхнэр хүний асуудал байна гэж харсан болохоос өнөөдөр Ш прокурорын танил гэж үзээгүй. Тэгээд ч би үүнийг хэрэг биш гэж үзээгүй. Зы биед хөнгөн гэмтэл учирсан байна. Гэхдээ энэ нь хохирогчийн зүй бус үйлдлээс хамааралтай байна л гэж үзсэн. ... яллах дүгнэлтэд прокурор тогтоол гаргах хэлбэрээр гээд байгаа. Тэгэхээр нь би хэлсэн юм миний гаргах эрх зүйн хэлбэртэй баримт бичиг чинь тогтоол шүү дээ. ... Тэгэхээр Нийслэлийн прокурорын газраас гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгоод цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “1. ... Шүүгч энэ асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ шүүгдэгч нарт холбогдох ямар гомдол үндэслэлийн талаар хэргийг          нээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан мөрдөгч тогтоол гарган хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, үүний дараа мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх үүрэг үүсэхээр байна. Гэтэл шүүгдэгч нарын үйлдлийг шалгахдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж дугаар авсан эсэх нь тодорхойгүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа нь хуульд зааснаар боломжгүй байна гэж дүгнэсэн. Үүгээр прокурорын эсэргүүцлийн нэг дэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

2. Эсэргүүцлийн хоёр дахь үндэслэлд улсын яллагчийн зүгээс хэргийн хамт ирсэн нууц ажиллагааны магадлагааг яллах талын нотлох баримт гэж үзсэн бөгөөд эдгээр хэрэгт авагдсан нотлох баримт нууц ажиллагааны магадлагаа нь хоорондоо уялдаа холбоотой, бидний хоорондын ярьсан яриагаар хэрэгт тогтоогдоно гэж үзсэн. Шүүх нууц ажиллагааны магадлагаагаар хийгдсэн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэж үзсэн. Нууц ажиллагааны журмаар хэрэгт бэхжүүлэгдээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1-т зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж шүүх хуралдааныг эхлүүлэхдээ талуудын саналыг хэлэлцэж шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон. Яагаад гэхээр энэ нь баримтыг үнэхээр шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй хориглосон заалттай байна гэдгээр шүүгчийн захирамж гаргасан. Шүүгчийн захирамж гаргасны дараа нь шүүх хуралдаан явагдсан байгаа. Прокурорын тайлбарыг харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийг тайлбарлаад байх юм. Шүүгч 16.8 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох эсэх асуудлыг л энэ захирамжаараа шийдсэн. Прокурор болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар тооцох тухай асуудал тавиагүй шүү дээ. Энэ заалт яригдахгүй, үүнийг хооронд нь хольж хутгаж яриад байна. Энэ дээр зөвхөн гүйцэтгэх ажиллагааныхаа нотлох баримтаар үр дүнг тооцох эсэх асуудал яригдаад хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн захирамж гаргаад шийдсэн байгаа.

3. Эсэргүүцлийн 3 дахь заалтад 08 дугаар магадлагааг яриад байна. Шүүх үүнийг нууц ажиллагааны магадлагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгч нь прокурорт хуульд заасны дагуу тэр ажиллагааг явуулсан эсэх, явуулсан байхыг заагаад мөн хуулийн 26.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгох, зөвшөөрөл олгохоос татгалзах, тухайн ажиллагааны хугацааг сунгах, зогсоох хэрэгтэй гээд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхээр заасан байна энэ ажиллагаа хэрэгжээгүй байна. Өөрөөр хэлэх юм бол 08 дугаартай нууц ажиллагааны журмаар авагдсан ажиллагаа нь мөрдөгч нь прокурорын хэзээ олгосон зөвшөөрөл дээр ямар үндэслэлээр ажиллагаа явагдсан нь тодорхойлогдохгүй байна. Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газрын орлогч Нын зөвшөөрлөөр 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тухай мөрдөгчийн даалгавраас өөр зөвшөөрөл олгоогүй, энэ нөхцөл байдал хэрэгт авагдаагүй байна. ... Прокурор эсэргүүцлээ гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Прокурор цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн эсэргүүцлийг бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т өөрчлөлт оруулаад хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү шилжүүлэх заалт нь хүчингүй болчхоод байхад прокурор ямар санал гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.” гэв                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Эаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: 1. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д, Д.Ш нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”  гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан  шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

2. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянан хэлэлцвэл Дорноговь аймгийн **** тоотод 2021 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө хамтран амьдрагч Ч.П, Б.З нар нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцад Ч.П Б.Зы нуруун тус газар 1 удаа хутгалж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болсон гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж ажилласан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д прокурор уг хэрэгт 2 удаа тогтоол гаргаж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан /3-р хх-ийн 229-230, 4-р хх-ийн 4-5/ ба Б.Д прокурор 2021 оны 02 дугаар сарын 22-ны 5/29 дугаар бүхий тогтоолоор “ ... дээрх үйлдэл гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл нь хохирогч Б.Зы зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна ... эхнэр Ч.Пагамдуламыг хөлөөрөө өшиглөж, үснээс нь чирч хана мөргүүлж унагаасан үйлдэл нь Ч.Пын хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийг ноцтойгоор зөрчсөн, Ч.П нь түүний энэхүү зүй бус үйлдлийн эсрэг өөрийн амь биеэ хамгаалж хариу үйлдэл хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учруулсан нь “Аргагүй хамгаалалт” хийх эрхэд хамаарч байгаа “ гэсэн үндэслэлээр Ч.Пд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хохирогч Б.З, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын зүгээс гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн” тухай хүсэлтийг мөн өдөр хангаж шийдвэрлэсэн /4-р хх-ийн 12-13/ үйл баримт тогтоогдсон.

3. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д, Д.Ш нарт холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дийг  Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Шээс утсаар хууль бус үүрэг өгсөн,  шүүгдэгч Б.Д дээд шатны прокурорын  хууль бус үүргээс татгалзалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх мэдлээ урвуулан ашиглаж, Ч.Пд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/29 дугаартай прокурорын тогтоол гаргаж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг Д.Штэй бүлэглэж үйлдэхдээ хэрэгт хамтран гүйцэтгэгчээр оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр,

 Шүүгдэгч Д.Шийг Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа Улсын ерөнхий прокурорын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/67 дугаартай тушаалаар батлагдсан "Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан загвар" -ын 17 дугаар бүлгийн 17.5 дугаар хэсэгт заасан "хяналтын прокурорын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах" тухай бүрэн эрхээ урвуулан ашиглаж  иргэн Ч.Пд ашигтай шийдвэр гаргуулах, давуу байдал бий болгох хууль бус үүргийг  Дорноговь аймгийн Замын- Үүд дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Дд өгсний улмаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын шийдвэр гарч Ч.Пд давуу байдал бий болгосон буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т  заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг Нийслэлийн прокурорын газрын дээд шатны прокурор А.Эаас эс зөвшөөрч “ ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүнийг олж тогтооход чиглэсэн ажиллагааг хэрэг бүртгэлтийн 204100036 дугаартай хэрэгт явуулж байсан гэж үзнэ, ... нууц ажиллагааны магадлагааг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулах хүсэлтийг хангаагүй,  ...мөрдөгчийн 08 дугаартай магадлагаанд Улсын ерөнхий прокурорын газрын тусгай хяналт хариуцсан хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/29 дугаартай тогтоолын хүрээнд явагдсан талаар тодорхой дурдсан байгааг анхаарах” зэрэг үндэслэлүүдээр эсэргүүцэл бичиж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхийг хүссэн.

5. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах үндэслэлүүдээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн. Үүнд:

5.1.Мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй.

Хэрэгт цугларсан  нотлох баримтуудаас үзэхэд 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс  “...цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэлтийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий этгээдүүд нь хууль сахиулах, хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлж буй төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгөх гэж байж болзошгүй” гэсэн үндэслэлээр өөр гомдол, мэдээлэлд  хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,   ажиллагаа явагдсан ба  2021 оны 02 дугаар сарын 24-ны 2/06 тоот  “Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тухай”  мөрдөгчийн даалгавар гарч, түүнийг прокурор зөвшөөрч даалгаврын дээд талд нь “зөвшөөрөв” гэж гарын үсэг зурсан /1-р хх-ийн 158/ ба нэр бүхий этгээдүүдийн харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох  мөрдөн шалгах нууц ажиллагааны  явцад прокурор Д.Ш,  прокурор Б.Д нарын хооронд Ч.Пд холбогдох хэргийн талаар ярилцсан ярианы талаар 2021 оны 06 дугаар сарын 04-ны А-08 дугаар бүхий мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг мөрдөгчөөс гаргасан ба  2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын 2041000360303 дугаартай Прокурорын тогтоолоор Б.Д, Д.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах “ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /4-р хх-ийн 211-216, 227-231/ байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж  байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол  5 хоногийн дотор мөн хууль, зүйлийн 1.1-1.6-д заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар  хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шийдвэрийг гаргаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах байтал ийнхүү хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Гучдугаар бүлэг”-т заасан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах хуульд заасан үндэслэл, журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болсон.

Тодруулбал: Мөрдөгч өөр гомдол, мэдээлэлд үндэслэн нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт харилцаа холбооны сүлжээнд мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулж байх явцад прокурор Д.Ш, Б.Д нарын хооронд Ч.Пд холбогдох хэргийн нөхцөл байдлын талаарх харилцан яриа илэрсэн.

Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар мөрдөгч гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлийг мөрдөгч өөрөө илрүүлсэн гэж үзэх ба  мөн хуулийн 30.7, 30.8, 30.9, 30.17 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар мөрдөгч гомдол мэдээллийг шалгах, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах, прокурорт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал хүргүүлэх,  прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх зэргээр хэрэг бүртгэлтийн ажиллагаанууд хийгдэх байсан боловч эдгээр ажиллагаанууд хуульд заасан үндэслэл, журамд заасан дарааллын дагуу явагдаагүй байх тул мөрдөн байцаалт, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучдугаар бүлэг, гучиннэгдүгээр бүлэгт тус тус заасан “Хэрэг бүртгэлт”, “Мөрдөн байцаалт” явуулах үндэслэл, журам  тус тус зөрчигдсөн гэж үзнэ.

Мөн прокурор Д.Ш,  прокурор Б.Д нарын хооронд Ч.Пд холбогдох хэргийн талаар ярилцсан ярианы талаар 2021 оны 06 дугаар сарын 04-ны А-08 дугаар бүхий нууц ажиллагааны мөрдөгчийн магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт гэж үзэхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 болон хорин зургадугаар бүлэгт тус тус зааснаар мөрдөгч Д.Ш, Б.Д нарын харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоох бол прокурорын зөвшөөрлийн үндсэн дээр, прокурорын хяналтанд уг ажиллагааг явуулах байсан.

Хэрэгт авагдсан А-08 дугаар бүхий нууц ажиллагааны мөрдөгчийн магадлагаа нь хэрэг бүртгэлтийн 204100036 дугаартай өөр хэрэгт явуулсан ажиллагаа байх тул шүүгдэгч Б.Д, Д.Ш нарт холбогдох хэрэгт явуулсан хэрэг бүртгэлтийн ажиллагаа гэж үзэхгүй юм.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд ...мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж, прокурорт даруй шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргах, үүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, улмаар мөн хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болох байсан.

Хэргээс харахад 2021 оны 06 дугаар сарын 04-ны А-08 дугаар бүхий мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг мөрдөгчөөс гаргасан ба  хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй атлаа Ч.Пд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэгт үзлэг хийж, уг хэрэгт ажиллагаа хийсэн цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд,  хохирогч Б.З, Зд эмчилгээ хийсэн эмчлэгч эмч Д.Гантулга,  шинжээч эмч Э.Анхбаяр нарыг тус тус гэрчээр асуусны дараа 2021 оны 11 дүгээр сарын 1-нд Б.Д, Д.Ш нарт прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /3-р хх-ийн 194-250, 4-р хх-ийн 1-233/ үйлдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн “ ...шүүгдэгч нарт холбогдох хэргийг мөрдөн шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй,  ...шүүгдэгч нарын харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох нууц ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 26.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д тус тус зааснаар мөрдөгч прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэж дүгнэснийг үндэслэлтэй, зөв гэж үзнэ.

5.2. Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг ...эргэлзээгүй тогтоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадаагүй байна.

Энэ хэргийн бодит байдлыг прокурор “ ... шүүгдэгч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ шүүгдэгч Б.Дийг дээд шатны прокурор Д.Шээс өгсөн хууль бус үүргээс татгалзаагүй гэж, ...шүүгдэгч Д.Шийг доод шатны прокурор Б.Дид хууль бус үүрэг өгсний улмаас Ч.Пд холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн нээхээс татгалзах тухай прокурорын шийдвэр гарч, Ч.Пд давуу байдал бий болгосон”  гэж тус тус тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэх шинжүүдийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тооцохоор заасан.

Мөн “Авлигын эсрэг тухай хууль”-д зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэдгийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг,

Албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг давуу байдалд тооцохыг тус тус заасан.

Хэрэгт авагдсан Ч.Пд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай хэргийн материалд Ч.П гэрчээр өгсөн мэдүүлэгтээ  “...З намайг хөөж туугаад элдвээр хэлсэн, үүнээс болоод бид 2 Оын том өрөөнд жаахан маргалдсан ба З босч ирээд миний цээж рүү гуталтай хөлөөрөө 2 удаа өшиглөөд, газар унагаад үсдэж чирсэн. Би газар тэмтэртэл матрасны хажууд цэцгэн хээтэй цагаан эрээн хутга гарт баригдсан, би тэрийг биеэ хамгаалахаар Зы нурууны доод хэсэгт 1 удаа чичсэн”  /3-р хх-ийн 206/ гэж, 

-гэрч Э.Оын гэрчээр өгсөн мэдүүлэгт “ ...П, З 2 маргалдаад сүүлдээ ноцолдоод эхэлсэн. П матрасны хажууд ойчсон ба матрасны хажууд байсан манай гэрийн ... хутгыг аваад боссон, би болиулах гээд бостол амжаагүй”  /3-р хх-ийн 207/ гэж,

-2021 оны 02 дугаар сарын 03-ны 04/30 тоот шинжээчийн дүгнэлтээр “Ч.Пын биед зүүн нүдний доод талд, зүүн хацарт, баруун хөмсөгний дээд талд сорви тогтоогдлоо, ... гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ, ... дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой, ... учирсан гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” /3-р хх-ийн 236-237/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Эдгээр нотлох баримтуудад үндэслэн прокурор Б.Д нь Ч.Пыг аргагүй хамгаалалтын улмаас бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж Прокурорын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд иргэн Ч.Пд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/29 дугаартай прокурорын тогтоол гаргасан гэж үзэхээр байна.

 Прокурорын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар  дээд шатны прокурор нь прокурорын тогтоолыг хууль бус, үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй ба Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Д.Э 2021 оны 09 дүгээр сарын 02-ны Б/02 дугаартай тогтоол /5-р хх-ийн 18/-оор прокурор Б.Дийн гаргасан 2021 оны 02 дугаар сарын 22-ны 5/29 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож Ч.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /4-р хх-ийн 193-195/-ыг гаргасан боловч 2021 оны 09 дүгээр сарын 29-нд түүнд холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар эрүүгийн хэргийг прокурорын тогтоол /4-р хх-ийн 196-198/-оор өршөөн хэрэгсэхгүй болгожээ.

Эндээс харахад Ч.Пын гэм буруутай эсэх асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй,  прокурорын шатанд түүнд холбогдох хэргийг 2 удаа  хэрэгсэхгүй болгосон үйл баримтыг прокурор ямар нөхцөл байдал үүсэх байсан гэж үзэж “түүнд давуу байдал бий болгосон” гэж үзээд байгаа нь ойлгомжгүй болсон буюу түүнийгээ тодорхойлоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас  мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаагаар прокурор Д.Ш, Б.Д нарын хооронд, Ч.П, Б.З нарын хооронд үүссэн хэргийн талаар ярилцсан яриа бичигдсэн боловч эдгээр ярианд дээд шатны прокурор Б.Шээс Б.Д прокурорт хууль бус үүрэг өгсөн, прокурор Б.Д нь дээд шатны прокурорын хууль бус үүргээс татгалзаагүй,  амлалт өгсөн гэх нөхцөл байдлыг прокурор ярианы бичлэгийн аль хэсгийг хэрхэн яаж үнэлж байгаа нь мөн тодорхойгүй байна.

Прокурорын  яллах дүгнэлтийн үндэслэл болгосон бусад нотлох баримтууд болох Ч.Пд холбогдох хэрэгт ажиллагаа явуулсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн ажилтнууд болох Ж.Д,  Э.Д, Ц.Б,  Б.Э нарыг гэрчээр асуусан тухай мэдүүлгүүд, хохирогч Б.З, гэрч .О нарыг гэрчээр асуусан тухай мэдүүлгүүд,  Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас бүртгэлтийн 22 дугаартай Ч.Пд холбогдох гэмт хэргийн талаарх гомдлыг шалгасан материалын хуулбар  зэргээр прокуророос шүүгдэгч нарыг яллаж байгаа үндэслэл, гэмт хэргийн шинж  тогтоогдоогүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ч.Пд давуу байдал бий болгосон гэж үзэх гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй,  зөв болсон.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах,   ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлж чадаагүй гэж үзэв.

5.3. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг шинжлэн судлуулах хүсэлт гаргасныг шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн  мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулахыг хориглоно гэж үзэж” хүсэлтийг хангахаас татгалзсан нь анхан шатны шүүх Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдаагүй барим сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно” гэж заасан.

Энэ зохицуулалтад зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа нь хавтаст хэрэгт тусгагдаагүй бол шүүх хуралдааны шатанд танилцуулахыг хориглоно, хэрэгт тусгагдсан бол хэлэлцүүлэх боломжтой гэж ойлгогдоно. 

Гэтэл уг магадлагаа нь хэрэгт тусгагдсан,  мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаатай шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны өмнө танилцаж мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж болохгүй тухай баталгаанд гарын үсэг зурсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй буюу шүүх хуралдааны хэлэлцүүлэгт А-08 дугаартай мөрдөгчийн магадлагааг шинжлэн судлах боломжтой байсан.

Гэхдээ мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаатай хуульд заасан журмын дагуу танилцвал зохих оролцогчид танилцсан, магадлагааг хэрэгт хавсаргаж тусгасан зэргээс үзэхэд шүүх хуралдаанаар уг магадлагааг шинжлэн судлаагүй нь оролцогч болон талуудын мэтгэлцэх эрхийг буюу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох, яллах болон цагаатгах нөхцөл байдлыг хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

5.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах байтал прокуророос мөрдөн шалгах нууц ажиллагааны А-08 магадлагаа нь Улсын ерөнхий прокурорын газрын тусгай хяналт хариуцсан хяналтын прокурорын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/29 дугаартай тогтоолын хүрээнд явагдсан тул хэрэгт авагдаагүй уг тогтоолыг шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж хэрэгт нөхөн гаргуулахыг давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд хүссэнийг хүлээн авах боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж болно.

Гэтэл шүүгдэгч нарт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй ба мөрдөн шалгах нууц ажиллагааны А-08 дугаартай мөрдөгчийн магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаагүй нотлох баримт тул түүнийг нотлуулах зорилгоор  шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй.

Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн Нийслэлийн Прокурорын газрын дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/176 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж,  Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Эын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА                                                                                                

                                                                                                  А.САЙНТӨГС