Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 115/ШШ2024/0010

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-оос ирүүлсэн, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0705018 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт /гомдол/-ээр Дорноговь аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч /У/-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц би, тус аймгийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Уаас “Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ..оршин суух хаягтай Знь /.. / Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэрлэлт хийсэн" гэх зөрчлийн Авто тээвэр-0018 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч З Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:

Материалд авагдсан холбогдогч Зын мэдүүлгээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэрлэлт хийсэн болох нь тогтоогдсон байна.

Холбогдогч Знь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэрлэлт хийсэн зөрчил үйлдэж 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0705018 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байхад 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр холбогдогч торгуулийн төлбөр болох 100,000 төгрөгийг Төрийн сангийн 10006000982 дансанд хийсэн баримтыг хэргийн материалд хавсаргасан байна.

Өөрөөр хэлбэл Автотээврийн хяналтын улсын байцаагч Уын "хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0705018 дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулахаас 8 хоногийн өмнө холбогдогч Заар торгууль төлүүлж түүний эрхийг зөрчсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ", 2. Холбогдогч дараахь эрхтэй: 2.1. ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх; 2.2. өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах; 2.3. эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах; 2.4. хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах; 2.5. зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах; 2.6. эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах; 2.7. өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах; 2.8. нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх; 2.9. зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг эрхийг эдлүүлээгүй хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Уын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр З-тЗөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12-д зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив, гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Дорноговь аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч У миний бие З-т2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 0705018 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан, торгуулийн төлбөр болох 100,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлүүлсэн.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11 дугаартай хяналтын прокурорын дүгнэлтийн дагуу 0705018 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

   Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-ын гаргасан дээрх дүгнэлт буюу тус аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Уын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зөрчлийн холбогдогч З-т шийтгэл оногдуулсан 0705018 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлт /гомдол/-ээр хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох тус аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ут холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

Хариуцагч дээрх эрх бүхий албан тушаалтнаас тус прокурорын дүгнэлт /гомдол/-д 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд “... З-т 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 0705018 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан, торгуулийн төлбөр болох 100,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлүүлсэн. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11 дугаартай хяналтын прокурорын дүгнэлтийн дагуу 0705018 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хариу тайлбарыг ирүүлжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн буюу зөрчилд холбогдогч З-ын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг үндэслэн,

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-оос тус аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч /У/-д холбогдуулан гаргасан, тус эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0705018 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр дүгнэлт бүхий гомдол (нэхэмжлэл)-ын шаардлага бүрэн хангагдаж, хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч /У/-ийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0705018 дугаар шийтгэлийн хуудас нь хүчингүй болсон үр дагавар үүсэж байгаа бөгөөд,

 

Иймд зөрчлийн холбогдогч иргэн Заас торгуулийн шийтгэлд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төрийн сан банк дахь 100060000982 тоот дансанд төлсөн 100000 (нэг зуун мянга) төгрөгийг буцаан гаргуулж, иргэн З-толгох нь зүйтэй байх ба, хэрэв торгуулийн төлбөрийг буцаан олгохгүй байх тохиолдолд тэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 –т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, ... шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар торгуулийн шийтгэлд төлсөн мөнгийг гаргуулан авах боломжтойг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-ын дүгнэлт бүхий гомдол дахь зөрчлийн холбогдогч иргэн З-т торгуулийн шийтгэл оногдуулсан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0705018 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч тус аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч /У/ нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар прокурорын гомдол /дүгнэлт/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ЦЭНД