Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/04511

 

 

                                   

 

 

 

2024 оны 09 сарын 25 өдөр             

          Дугаар 102/ШШ2024/04511

Улаанбаатар хот

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг   тоотод оршин суух Б Б,

 Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг тоотод оршин суух Б Ц,

 Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг тоотод оршин суух Ж О,

 Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг тоотод оршин суух Б О,

 Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг тоотод оршин суух Ч Т нарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг  тоотод байрлах “Б с з ” ХХК,

 Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Г А,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг  тоотод оршин суух Б Л нарт холбогдох,

 “Б с з ” ХХК, Б.Л нараас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд лангуу эзэмшүүлж, ашиглуулахыг даалгах, Г.Агаас 700,000 төгрөгийг Ж.Од, 1,400,000 төгрөгийг Б.Бт, 700,000 төгрөгийг Б.Цад, 700,000 төгрөгийг Б.Од, 1,400,000 төгрөгийг Ч.Тд олгуулах,

“Б с з ” ХХК, Б.Л, нараас олох ёстой байсан орлого 35,392,000 төгрөг, лангуу тохижуулахад гаргасан зардал 1,000,000Т төгрөг нийт 36,392,000 төгрөгийг гаргуулж Ч.Тд олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч “Б с з ” ХХК, Г.Ан итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

(Хариуцагч Б.Л, түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Б, Б.Ц, Ж.О, Б.О, Ч.Тнар хариуцагч “Б с з ” ХХК, Г.Алтаншай, Б.Лнарт холбогдуулан “Б с з ” ХХК, Б.Лнараас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд лангуу эзэмшүүлж, ашиглуулахыг даалгах, Г.Агаас 700,000 төгрөгийг Ж.Од, 1,400,000 төгрөгийг Б.Бт, 700,000 төгрөгийг Б.Цад, 700,000 төгрөгийг Б.Од, 1,400,000 төгрөгийг Ч.Тдолгуулах,

“Б с з ” ХХК, Б.Л, нараас олох ёстой байсан орлого 35,392,000 төгрөг, лангуу тохижуулахад гаргасан зардал 1,000,000 төгрөг нийт 36,392,000 төгрөгийг гаргуулж Ч.Тдолгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Нэхэмжлэгч нар нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн 14 хороо, 3-4 Хд байрлах “Х” гар утас худалдааны төвд тус бүр лангуу түрээслэн гар утас худалдаа, дагалдах хэрэгслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

2021 оны 12 сарын 03 өдөр нэхэмжлэгч нар нь хариуцагч “Б с з ” ХХК-тай “Талбайн түрээсийн гэрээ”-г байгуулж, “Х” гар утас худалдааны төвийн 1, 2 тоот лангууг Б.Б, 19 тоот лангууг Б.Ц, 3 тоот лангууг Ж.О, 4 тоот лангууг Ч.Т, 23 тоот лангууг Б.О нар тус тус ашиглахаар болсон. Тухайн гэрээгээр 1 сарын түрээсийн төлбөр 350,000 төгрөг, гэрээний хугацааг 2023 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал буюу 1 жилийн хугацаагаар тохирсон байдаг. Гэтэл хариуцагч Б.Лнь 2022 оны 10 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нарын түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан талбайг би авсан гэх шалтгаанаар хааж, үйл ажиллагааг нь зогсоон цаашид үргэлжлүүлэн түрээслэх бол тус бүр 10,000,000 төгрөг өгөхийг үндэслэлгүйгээр шаардсан. Одоогийн байдлаар нэхэмжлэгч нарын лангууг хааж, гэрээний дагуу тухайн түрээсийн талбайг ашиглаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байна. Улмаар түрээсийн гэрээ байгуулсан Г.Атай холбогдох гэтэл тэрээр утсаа авахгүй, та хэдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж хэлээд алга болсон. 2021 оны 12 сарын 03-ны өдрийн “Талбайн түрээсийн гэрээ”-ний дагуу хариуцагч “Б с з ” ХХК нь нэхэмжлэгч нарт түрээсийн талбайг 2023 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал ашиглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нар нь тус бүр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сар бүр түрээсийн төлбөрөө өгсөөр ирсэн.

Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1-д зааснаар хариуцагч Б.Лнь түрээсийн талбайг өөрийн өмчлөлд авсан бол хуулийн энэхүү зохицуулалтын дагуу хариуцагч “Б с з ” ХХК-ийн эрх, үүрэг түүнд шилжих юм. Мөн Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-д “Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална” гэж, 320.3-д “...гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно” гэж түрээсийн гэрээг цуцлах тусгай журмыг хуульчилсан. Нөгөө талаас Иргэний хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1-д зааснаар “Хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн эзэмшлийг өмчлөгчийн болон бусад халдлагаас хуульд заасан арга хэрэгслээр хамгаалах эрхтэй”. Иймд хариуцагч нар нь гэрээний хугацаа дуусаагүй буюу гэрээг цуцлах үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нар гэрээг цуцлах хэмжээний үүргийн зөрчил гаргаагүй байхад түрээсийн талбайг хааж, үйл ажиллагааг зогсоож байгаа нь нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн явдал юм. Мөн хариуцагч “Б с з ” ХХК-ийн захирал Г.А нь 2021 оны 08 сарын 13 өдөр буюу гэрээ байгуулахаас өмнө түрээсийн талбайг сунгаж гэрээ байгуулахдаа барьцаа авна гэх байдлаар нэхэмжлэгч нараас нийт 4,900,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан байдаг. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж тус тус заасан. Хариуцагч нь нэхэмжлэгч нараас 4,900,000 төгрөг авахдаа хуульд заасны дагуу бичгээр гэрээ байгуулаагүй байдаг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлж авсан 4,900,000 төгрөгөө буцааж өгөх үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хууль бус хэлцлийн дагуу шилжүүлж авсан төлбөрөө төлөхийг шаардаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд “Б с з ” ХХК, Б.Лнараас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд лангуу эзэмшүүлж, ашиглуулахыг даалгах, Г.Агаас 700,000 төгрөгийг Ж.Од, 1,400,000 төгрөгийг Б.Бт, 700,000 төгрөгийг Б.Цад, 700,000 төгрөгийг Б.Од, 1,400,000 төгрөгийг Ч.Тдолгуулж өгнө үү” гэжээ.

 1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.О, Б.Б, Б.Ц, Б.О нар хариуцагч “Б с з” ХХК, Б.Л, Г.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 1.3 Нэхэмжлэгч Ч.Тнэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Би 2021 оны 12 сарын 03 өдөр хариуцагч “Б с з ” ХХК-тай “Талбайн түрээсийн гэрээ”-г байгуулж, “Х” гар утас худалдааны төвийн 4 тоот лангууг, 5 тоот лангууг нөхөр маань тус ашиглахаар болсон. Гэрээгээр 4 тоот лангууны 1 сарын түрээсийн төлбөр 350,000 төгрөгөөр тохиролцсон ба гэрээний хугацааг 2023 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал буюу 2 жилийн хугацаагаар тохирсон.

Гэтэл хариуцагч Б.Л нь 2022 оны 10 сарын 28-ны өдөр миний түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан 4 тоот лангууны талбайг би Б ХХК-иас авсан гэх шалтгаанаар хааж, үйл ажиллагааг нь зогсоон, түрээсийн байранд нэвтрүүлэхгүй байх, лангууг өөр өрөөнд оруулж цоожлож, цаашид үргэлжлүүлэн түрээслэх бол 10,000,000 төгрөг өгөх үгүй бол гар гэх зүйлийг үндэслэлгүйгээр шаардсан. Тухайн үед нэхэмжлэл хамт гаргасан иргэд болоод миний лангууг зөөвөрлөн өөр газар аваачиж, дотор байсан эд зүйлсийг өгөөгүй ба гэрээний дагуу тухайн түрээсийн талбайг ашиглаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Улмаар түрээсийн гэрээ байгуулсан “Б с з ” ХХК-ны захирал Г.Атай холбогдоход “...чамтай “Б с з ” ХХК-аар байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, Лтэй учраа ололцчих” гэж хэлсэн. Яг үнэн чанартаа А, Л нар нь найзууд ба үгсэн тохиролцож, биднээс их хэмжээний мөнгө нэмж авах гэсэн санаа бодолтой байсан нь анхнаасаа тодорхой байсан.

2021 оны 12 сарын 03 өдрийн “Талбайн түрээсийн гэрээ”-ний дагуу хариуцагч “Б с з ” ХХК нь надад түрээсийн талбайг 2023 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал ашиглуулах үүрэгтэй ба би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сар бүр түрээсийн төлбөрийг миний нөхөр өөрийн дансаар төлж байсан. Бид 2022 оны 3 сард гэрээгээр эзэмшиж байсан 5 тоот лангууны талбайгаа Ө, Уранчимэг  нарт шилжүүлж өгсөн бөгөөд хөөгдөж гарах хүртлээ зөвхөн 4 тоот лангууг түрээслэж байсан. Би түрээсийн талбайгаа авахаар хэд хэдэн удаа нэхэмжлэгч нарын хамт очсон боловч 2022 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар чиний түрээсийн талбайг Ут, Ө нарт худалдаад бид мөнгө авсан, энэ хүн шинээр лангуу хийлгээд бараа материалаа байршуулаад үйл ажиллагаа явуулж байгаа, чамд 4 тоот лангууг өгөхгүй одоо шүүхээр яв гэж хэлсэн. Миний хувьд тус лангуугаа 1,000,000 төгрөгөөр тохижуулж байсан.

Иргэний хуульд зааснаар үүргийг тогтоосон газар, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой ба хариуцагч нь 2022 оны 10 сарын 28-ны өдрөөс лангууг эзэмшүүлж, ашиглуулаагүй гэрээний үүргээ зөрчсөнөөс болж нэхэмжлэгч Ч.Тби 2022 оны 11, 12, сар, 2023 оны 1-11 сарыг дуусах хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогоо олж чадахгүй байдалд хүрч өнөөдрийг хүртэл хэрхэн санхүүгийн асуудлаа шийдэх талаар учраа олж чадаагүй явна. Шинжээчийн дүгнэлтээр сарын орлогыг бага тодорхойлсон хэдий ч тухайн баримтад үндэслэж нэхэмжлэлийн дүнгээ тодорхойлно. Үүнд нэг сарын орлогын хэмжээ 2,668,000 төгрөгийг 13 сарын хугацаагаар тооцохоор /2022 оны 11, 12, сар, 2023 оны 1-11 сарыг дуусах хүртэлх хугацаа/ 2,668,000х 13= 35,123,200 төгрөг, 2022 оны 10 сарын 28 чөлөөлсөн тул 10 сарын 31 хүртэлх 3 хоног 89,600 /нэг өдрийн орлого/ 268,800 хоног нийт олох ёстой байсан орлого 35,392,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн хариуцагч “Б с з ” ХХК-ийн захирал Г.А нь 2021 оны 08 сарын 13 өдөр буюу гэрээ байгуулахаас өмнө түрээсийн талбайг сунгаж гэрээ байгуулахдаа барьцаа авна гэх байдлаар надаас 1,400,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан байдаг.

Хариуцагч нь нэхэмжлэгч нараас 1,400,000 төгрөг авахдаа хуульд заасны дагуу бичгээр гэрээ байгуулаагүй байдаг. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлж авсан 1,400,000 төгрөгөө буцааж өгөх үүрэг хүлээнэ.

Иймд хариуцагч Л, “Б с з ” ХХК нараас олох ёстой байсан орлого 35,392,000 төгрөг, лангууг тохижуулахад гаргасан зардал 1,000,000 төгрөг нийт 36,392,000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах, 4 тоот лангууг Ч.Тд2023 оны 12 сарын 01 өдрийг дуустал эзэмшүүлж, ашиглуулахыг хариуцагч “Б с з ” ХХК болон Б.Лнарт даалгах, барьцаа хэлбэрээр өгсөн 1,400,000 төгрөгийг хариуцагч Г.Агаас тус тус гаргуулж өгнө үү.” гэжээ.

 2. Хариуцагч “Б с з ” ХХК, Г.А хариу тайлбартаа: “Миний бие 2016 оноос тус объектыг сарын 5,000,000 сая төгрөгөөр жилийн хугацаатай түрээслэн авч 32 ширхэг лангуу гаргаж, нэг сарын 300,000 мянган төгрөгөөр бусдад түрээслүүлдэг байсан. 2020 онд гэрээ дуусгавар болоход түрээслэгч нар цаашид гэрээгээ сунгаж, ажиллуулж өгөөчээ гэсэн хүсэлтийг гаргасан. Тухайн үед Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор түрээсийн өртэй мөн цаашид гэрээгээ сунгах тохиолдолд сарын 5,000,000 сая төгрөг байсан түрээсийн гэрээ маань сард 11,600,000 мянган төгрөг болж нэмэгдсэн. Энэ талаар түрээслэгч нартайгаа ярилцаад 1 хүний түрээсийн төлбөрийг 400,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Мөн тухайн түрээсийн байрандаа засварын ажил хийх шаардлагатай байсан учраас дундаасаа хандивын мөнгөн цуглуулж засвараа хийе гэж тохирсон. Ингээд би түрээсийн гэрээгээ сунгах ажилд шамдан гэрээгээ сунгаж чадсан ч цааш өөрийн түрээслэгч нартаа сарын 400,000 төгрөгөөр 32 ширхэг лангуу ажиллаад сарын түрээсээ өгөөд үлдсэн дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, хамгаалалт, үйлчилгээний цалин гэх мэт сард 2,000,000 төгрөгийг зардлыг өөрийн хувиасаа гарган өгдөг байсан. Гэвч сүүлдээ орлого муудаж, зарим түрээслэгч нар түрээслэхээ больж, 29 ширхэг лангуутай үлдсэн.

Ингээд би сар бүр 3,000,000 төгрөгийн алдагдалд орж, бүтэн нэг жил хагасын хугацаанд явж, хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын өөрийн хувийн эзэмшлийн машинаа зарж, 8, 9 дүгээр сарын түрээсээ цааш нь төлсөн. Цаашид ийм байдлаар ажиллах боломжгүй болсон тул түрээслүүлэгч, түрээслэгч нартайгаа ярилцаж үйл ажиллагаагаа зогсоохоор болсон. Түрээслэгч нартай аман хурал 2022 оны 10 дугаар сарын 05-ны хийж, 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд тухайн объектыг бүрэн чөлөөлж өгөхөөр тохирсон. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүх түрээслэгч нартайгаа ахин байрыг чөлөөлж өгсөн. Гэвч 11 сарын 04-ний өдөр объектыг шинэ түрээслэгч холбогдон зарим хүмүүсийн эд зүйл үлдсэн байна гэсэн үүнийг даруй ирж авах талаар /Эрдэнэбат/ гэх хүнээр дамжуулан хэлэхэд "За" гээд эд зүйлээ авахаар ирсэн. Гэхдээ тухайн үед ирэхдээ эд зүйлээ авахаар биш бүр илүү их бараа нэмж оруулж тавиад бичлэг үйлдэж, бидний эд зүйлд хүрвэл та нар буруутна шүү гээд явцгаасан. Тухайн объект хариуцсан хүнгүй харуул хамгаалалтгүй байгааг сануулсан. Түрээслэгч нар өөрсдөө бас мэдэж байсан. Энэ байдлаар өнөөдрийг хүртэл эд зүйлсээ авахгүй үйл ажиллагаа болон засварын ажилд саад учруулж байгаа учир одоогийн шинэ түрээслэгч нар энэ хугацааны үйл ажиллагааны алдагдлыг тооцож, миний барьцаа мөнгийг гаргаж өгөхөөс татгалзаад байгаа.

Дээрх өргөдөл гаргасан хүмүүсийн нэхэмжилж байгаа мөнгө нь тухайн үед түрээслэгч нар гэрээгээ сунгаад засвараа дундаасаа хандив босгож, өөрийн санаачилгаар засварт зарцуулсан мөнгийг бусад түрээслэгч нар нотолно гэж бодож байна. Мөн гэрээ дууссан ч сарын өмнө хурал хийж аман бичгээр танилцуулсан, гэрчлэх хүмүүс байгаа.” гэж маргажээ.

 3. Хариуцагч Б.Лхариу тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэгч нараас миний биед холбогдуулан “Х" гар утасны дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулж байхад Лнь түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан тухай нэхэмжлэл гаргажээ. Би тус түрээслэгч нартай гэрээ байгуулсан “Б с з " ХХК- наас эрх шилжүүлж аваагүй бөгөөд тус барилгын үндсэн эзэмшигч “Бамааш” ХХК-тай эрхийн доголдолгүй буюу өмнөх түрээслэгч нартай гэрээ цуцлагдсаны дараа тухай барилгыг эзэмших гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй юм. Мөн Г.Агаас эд хөрөнгө шилжээгүй байтал эрх үүрэг нь шилжих боломжгүй учраас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

             4. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Талбайн түрээсийн гэрээнүүд, Б.Болортунгалангийн дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Цын дансны хуулга, Ж.Оы дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Он дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Огийн дансны дэлгэрэнгүй хуулга, Ч.Тгийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Улсын тэмдэгтийн хураамж, Б.Цын нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлт, Б.Огийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлт, Ч.Тгийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ихэсгэсэн шаардлага, Улсын тэмдэгтийн хураамж, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Отай байгуулсан Талбайн түрээсийн гэрээ, Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлт, Ж.Оы нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас “Б с з ” ХХК, Г.Агаас Мэдэгдэл, Хариу тайлбар, Итгэмжлэл, Ч.Ттай байгуулсан Талбайн түрээсийн гэрээ, Б.Отай байгуулсан Талбайн түрээсийн гэрээ, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Б.ЛХариу тайлбар баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч Ч.Тгийн хүсэлтээр Шинжээчийн дүгнэлт, гэрч Б.Оийн мэдүүлэг, гэрч Өн мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч Б.Б, Б.Ц, Ж.О, Б.О, Ч.Тнар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2021 оны 12 сарын 03 өдрийн “Талбайн түрээсийн гэрээ”-ний дагуу хариуцагч “Б с з ” ХХК нь нэхэмжлэгч нарт түрээсийн талбайг 2023 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал ашиглуулах үүрэгтэй. Гэтэл хариуцагч нар гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нар гэрээг цуцлах хэмжээний үүргийн зөрчил гаргаагүй байхад түрээсийн талбайг хааж, үйл ажиллагааг зогсоож байгаа нь нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн.” гэжээ.

3. Нэхэмжлэгч Ч.Тнэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2021 оны 12 сарын 03-ны өдрийн “Талбайн түрээсийн гэрээ”-ний дагуу хариуцагч “Б с з ” ХХК нь надад түрээсийн талбайг 2023 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал ашиглуулах үүрэгтэй ба би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, миний нөхөр өөрийн дансаар төлж байсан. Хариуцагч нар 2022 оны 10 сарын 28-ны өдрөөс лангууг эзэмшүүлж, ашиглуулаагүй гэрээний үүргээ зөрчсөнөөс болж би 2022 оны 11, 12, сар, 2023 оны 1-11 сарыг дуусах хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогоо олж чадаагүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч нараас 1,400,000 төгрөг авахдаа хуульд заасны дагуу барьцааны гэрээ бичгээр байгуулаагүй. Иймд Б.Л, “Б с з ” ХХК нараас олох ёстой байсан орлого 35,392,000 төгрөг, лангууг тохижуулахад гаргасан зардал 1,000,000 төгрөг нийт 36,392,000 төгрөгийг гаргуулах, 4 тоот лангууг 2023 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал эзэмшүүлж, ашиглуулахыг хариуцагч “Б с з ” ХХК болон Б.Лнарт даалгах, барьцаа хэлбэрээр өгсөн 1,400,000 төгрөгийг хариуцагч Г.Агаас тус тус гаргуулж өгнө үү.” гэжээ.

 4. Хариуцагч “Б с з ” ХХК, Г.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Түрээслэгч нартай аман хурал 2022 оны 10 дугаар сарын 05-ны хийж, 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд тухайн объектыг бүрэн чөлөөлж өгөхөөр тохирсон. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүх түрээслэгч нартайгаа ахин байрыг чөлөөлж өгсөн. Дээрх өргөдөл гаргасан хүмүүсийн нэхэмжилж байгаа мөнгө нь тухайн үед түрээслэгч нар гэрээгээ сунгаад засвараа дундаасаа хандив босгож, өөрийн санаачилгаар засварт зарцуулсан мөнгө учраас буцаан өгөх үндэслэлгүй.” гэж маргажээ.

 5. Хариуцагч Б.Лнэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Би тус түрээслэгч нартай гэрээ байгуулсан болон “Б с з " ХХК-аас эрх шилжүүлж аваагүй. Эд хөрөнгө шилжээгүй байтал эрх үүрэг нь шилжих боломжгүй...” гэж маргасан.

 6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 6.1 Талууд 2021 оны 12 сарын 03-ны өдөр Талбайн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч “Б с з ” ХХК нь гар утас, дагалдах хэрэгсэл үйлчилгээний зориулалтаар лангууг 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч Б.Б, Б.Ц, Ж.О, Б.О, Ч.Тнар нь лангуу ашигласны төлбөрийг сар сараар тогтмол түрээсийн сар эхлэхээс өмнө 350,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 9-67, 2хх-46-55/

 6.2 2021 оны 8 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ж.Оаас 700,000 төгрөг, Б.Баас 1,400,000 төгрөг, 2021 оны 8 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Б.Цаас 700,000 төгрөг, Ч.Тгаас 1,400,000 төгрөг,  Б.Огаас 700,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Бийн Хаан банкны дансанд шилжүүлсэн байх ба тэрээр 2021 оны 8 сарын 13-ны өдөр хариуцагч Г.Агийн дансаар лангуу сунгалт гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /1хх-18/

 6.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.О, Б.Б, Б.Ц, Б.О нар хариуцагч “Б с з ” ХХК, Б.Л, Г.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ. /1хх-154, 192, 2хх-85, 199, 133/

 7. Шүүх нэхэмжлэгч Ч.Тгийн хариуцагч Б.Л, “Б с з ” ХХК-д холбогдуулан олох ёстой байсан орлого 35,392,000 төгрөг, лангууг тохижуулахад гаргасан зардал 1,000,000 төгрөг нийт 36,392,000 төгрөгийг гаргуулах, 4 тоот лангууг 2023 оны 12 сарын 01 өдрийг дуустал эзэмшүүлж, ашиглуулахыг хариуцагч “Б с з ” ХХК болон Б.Лнарт даалгах, барьцаа хэлбэрээр өгсөн 1,400,000 төгрөгийг хариуцагч Г.Агаас тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 Зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 5 дугаар “Талбайн түрээсийн гэрээ” нэртэй гэрээний 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7-т заасан агуулга, шинж, нөхцөл, талуудын хүлээсэн эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар түрээсийн гэрээ байгуулагджээ.

 Өөрөөр хэлбэл дээрх гэрээгээр “Х” гар утас худалдааны төвийн 1 давхарт байрлах лангууг 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал хугацаатай, сарын 350,000 төгрөгөөр түрээслэх, төлбөр хийгдэх хугацааг сар сараар тогтмол түрээсийн сар эхлэхээс өмнө түрээслэгчээс түрээслүүлэгчид төлөх, түрээслүүлэгч лангууны түлхүүрийг түрээслэгчид өгөхөөр үүрэг хүлээж харилцан тохиролцсон байна.

 Хэрэгт авагдсан “Талбайн түрээсийн гэрээ”-нээс үзэхэд түрээслүүлэгч “Б с з ” ХХК нь Баянгол дүүргийн 14 хороо, “Х” гар утас худалдааны төвд байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөс гар утас, дагалдах хэрэгсэл худалдах зориулалтаар лангууг түрээслэгч Ч.Тдтүрээслүүлэхээр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм.

 8. “Талбайн түрээсийн гэрээ”-г талууд 2021 оны 12 сарын 03-ны өдөр байгуулсан боловч түрээсийн зүйлийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин “Талбайн түрээсийн гэрээ”-гээр 4 тоот лангууг түрээсэлсэн эсэх, хугацаанаас өмнө гэрээг цуцалсан эсэх, барьцаа төлбөр авсан эсэх талаар талууд маргасан.

 9. Хариуцагч “Б с з ” ХХК нь нэхэмжлэгч Ч.Тд4 тоот лангууг түрээслэхээр 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 5 дугаар “Талбайн түрээсийн гэрээ” байгуулсан болох нь дараах үйл баримтаар тогтоогдож байна. Үүнд: гэрч Б.Оийн “…Тусдаа гэрээтэй. 4 тоот лангууг манай эхнэрийн нэр дээр /Ч.Т/, 5 тоот лангуу нь миний нэр дээр гэрээтэй байгаа…”, гэрч Б.Өын “…5 тоот лангууг миний мэдэхийн нөхөр нь Огэж байсан, би тэрийг л гэж ойлгосон. Ч.Т, Б.О нар гарах хүртлээ 4, 5 тоот лангууг ажиллуулж байсан, 5 тоот лангуугаа эхнэр бид хоёрт зарсан. 4 тоот лангууг ажиллуулж байсан…” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан Б.О болон “Б с з ” ХХК нарын хооронд байгуулагдсан “Талбайн түрээсийн гэрээ”, талуудын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай. /2хх-10-14, 15-24, 114/

 Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 10. Дээрх “Талбайн түрээсийн гэрээ”-ний 4.7-д Түрээслүүлэгч нь ерөнхий түрээсийн төлбөр нэмэгдэж, үндэсний болон гадаад валютын ханш огцом өөрчлөгдсөн ...үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр мэдэгдэхүйц хэмжээгээр өөрчлөгдсөн ...тохиодолд түрээслэгч талд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, түрээсийн төлбөр үнэд өөрчлөлт оруулж болно, 11.1-т Түрээслэгч нь гэрээний 4.7-д заасны дагуу түрээслүүлэгчийн тогтоосон нэмэлт хугацаанд үүргээ дахин биелүүлээгүй бол түрээслүүлэгч тал гэрээг дангаар цуцлах эрхтэй талаар гэрээнд тусгажээ.

Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг 2022 оны 10 сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд бодитоор эзэмшиж, ашигласан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаагүй.

Хэргийн 87 дугаар талд авагдсан 2022 оны 11 сарын 11-ний өдрийн Мэдэгдэлээр “…2022 оны 10 сарын 09-ний өдөр чөлөөлж өгөх мэдэгдэл хүргүүлсэн боловч 2022 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл талбайг чөлөөгүй тул …4… та шинээр үйл ажиллагаа явуулахад саад учруулж байгаа тул нэн яаралтай чөлөөлж өгнө үү” гэжээ. Нэхэмжлэгчээс уг мэдэгдэлд дурдсан 2022 оны 10 сарын 09-ний өдөр чөлөөлж өгөх талаар мэдэгдэл хүргүүлж байгаагүй гэх тайлбар гаргасан ба хариуцагч “Б с з ” ХХК нь гэрээнд заасан хугацаанд бичгээр нэхэмжлэгчид гэрээ цуцлах талаар 2022 оны 10 сарын 09-ний өдөр мэдэгдсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 Улмаар хариуцагч “Б с з ” ХХК нь түрээслэгч нартай аман хурал 2022 оны 10 дугаар сарын 05-ны хийж, 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд тухайн объектыг бүрэн чөлөөлж өгөхөөр тохирсон гэх тайлбар гаргасан атлаа Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дах хэсэгт “Хүндэтгэн үзэх дараах шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно.”, 294.2.3-т “Хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид түрээсийн гэрээний түрээсийн зүйлийн төлбөр нэмэгдсэн талаар мэдэгдэж байсан, мөн гэрээний 4.7-д зааснаар бичгээр мэдэгдэж гэрээг цуцалсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь дээрх тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

11. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-т Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, 294 дүгээр зүйлийн 294.3 дах хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж зохицуулжээ. Мөн “Талбайн түрээсийн гэрээ”-ний 11.9-д “Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслүүлэгч нь дээр дурдсан үндэслэлээр гэрээг цуцлахаар бол нэн даруй түрээслэгчид бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэлдээ гэрээ цуцлах шалтгаан үндэслэл, цуцлах он, сар, өдрийг тодорхой заана.” гэжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Б с з ” ХХК нь “Талбайн түрээсийн гэрээ”-нд зааснаар түрээслүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол түрээслэгчид бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч  Ч.Тнь 2022 оны 11, 12, сар, 2023 оны 1-11 сарыг дуусах хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч “Б с з ” ХХК-аас шаардах эрхтэй гэж үзнэ.

 12. Шүүхээс томилогдсон “Х” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 357 дугаар шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Ч.Тгийн нэг сарын хугацааны ашиг, орлогыг тодорхойлж дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтээр “...“Х” гар утас худалдааны төвд лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулдаг Ч.Тгийн нэг сарын хугацааны ашиг 1,222,300 төгрөг, мөн нэг сарын хугацааны цэвэр орлого 2,688,000 төгрөг болохыг тодорхойлов.” гэжээ. /1хх-193-199/

Энэхүү шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Ч.Тгийн нэг сарын хугацааны ашигийг тооцохдоо борлуулалтын орлогоос борлуулсан бүтээгдэхүүний өртөг, түрээсийн зардал, цалингийн зардал, бусад зардал /хоол, унаа багтсан/ болон хувь хүний орлогын албан татварын дүнг хасч тооцсон нь үндслэлтэй байх тул 2022 оны 10 сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олох байсан орлого буюу гэрээ цуцалснаас учирсан хохиролд 16,012,129 төгрөг /1,222,300*13 сар 3 хоног=16,012,129/-ийг хариуцагч “Б с з ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.  

            Хариуцагч “Б с з ” ХХК, Г.А нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд “…шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь санхүүгийн болон аудитын шинжилгээ хийж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна…” гэх тайлбар гаргасан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу шүүхээс шинжээчид эрх, үүргийг тайлбарласан, шинжээч нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй, тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол”, 19.3 дах хэсэгт “Шинжилгээний байгууллагын шинжээч энэ хуулийн 19.1.6, 19.1.7, 19.1.8, 19.1.9-д заасан үндэслэл байвал үндэслэлээ тодорхой зааж шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж, шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтанд даруй мэдэгдэнэ.” гэж заасны дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь дүгнэлт гаргахаас татгалзаагүй тул шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.

            13. Нэхэмжлэгч Ч.Тгаас барьцаа хэлбэрээр өгсөн 1,400,000 төгрөгийг хариуцагч Г.Агаас гаргуулах шаардлага гаргасан бөгөөд зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан. 

“Хөрөнгө олж авсан этгээд” гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол “үүрэг гүйцэтгэгч этгээд” гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл 2021 оны 8 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ч.Тгаас “4, 5 languu” гэсэн гүйлгээний утгаар 1,400,000 төгрөгийг Б.Бийн Хаан банкны дансанд шилжүүлсэн байх ба тэрээр 2021 оны 8 сарын 13-ны өдөр хариуцагч Г.Агийн дансаар “лангуу сунгалт” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчээс 4 тоот лангууны 700,000 төгрөгийг хариуцагч Г.Агаас шаардах эрхтэй байна.

 14. Түүнчлэн, 4 тоот лангууг 2023 оны 12 сарын 01 өдрийг дуустал эзэмшүүлж, ашиглуулахыг хариуцагч “Б с з ” ХХК болон Б.Лнарт даалгах, лангуу тохижуулхад гарсан зардал 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчээс “…“Б с з ” ХХК-ны захирал Г.Атай холбогдоход ...чамтай “Б с з ” ХХК-аар байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, Лтэй учраа ололцчих гэж хэлсэн. Г.А, Б.Лнар нь найзууд ба үгсэн тохиролцож, биднээс их хэмжээний мөнгө нэмж авах гэсэн санаа бодолтой байсан нь анхнаасаа тодорхой байсан.” гэж тодорхойлсон.

 Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт “хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж зааснаар хариуцагч “Б с з ” ХХК-аас гэрээний үндсэн дээр хөрөнгийг Б.Лгийн эзэмшил, ашиглалт шилжүүлсэн, нэхэмжлэгч Ч.Тболон хариуцагч “Б с з ” ХХК нарын хооронд байгуулсан “Талбайн түрээсийн гэрээ”-ний үүрэг хариуцагч Б.Лд шилжсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 15. Мөн нэхэмжлэгчээс лангуу тохижуулахад гарсан зардал 1,000,000 төгрөгийг “Б с з ” ХХК болон Б.Лнараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 16. Ийнхүү хариуцагч “Б с з ” ХХК-аас  2021 оны 12 сарын 03-ны өдрийн 5 дугаар “Талбайн түрээсийн гэрээ”-г цуцалсан, гэрээ цуцласнаас нэхэмжлэгчид 16,012,129 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдсон тул  4 тоот лангууг 2023 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал эзэмшүүлж, ашиглуулахыг хариуцагч “Б с з ” ХХК, Б.Лнарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.О, Б.Б, Б.Ц, Б.О нар хариуцагч “Б с з ” ХХК, Б.Л, Г.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 Хариуцагч Б.Л, түүний өмгөөлөгч Ч.М нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 18. Иймд хариуцагч “Б с з ” ХХК-аас 16,012,129 төгрөгийг, хариуцагч Г.Агаас 700,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Тдолгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,079,871 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.О, Б.Б, Б.Ц, Б.О, Ч.Тнараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б с з ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 238,010 төгрөг, хариуцагч Г.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 21,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б с з ” ХХК-аас 16,012,129 төгрөгийг, хариуцагч Г.Агаас 700,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Тдолгож, нэхэмжлэлээс үлдэх 21,079,871 төгрөг, 4 тоот лангууг 2023 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал эзэмшүүлж, ашиглуулахыг хариуцагч “Б с з ” ХХК, Б.Лнарт даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.О, Б.Б, Б.Ц, Б.О нар хариуцагч “Б с з ” ХХК, Б.Л, Г.А нарт холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд лангуу эзэмшүүлж, ашиглуулахыг даалгах, хариуцагч Г.Агаас нийт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.О, Б.Б, Б.Ц, Б.О, Ч.Тнараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б с з ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 238,010 төгрөг, хариуцагч Г.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 21,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тдолгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ