Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 169

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ч б овогт Д.О-т холбогдох эрүүгийн ,,,тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Ч б овогт Д.О 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.О нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий баг, Бэлчир гэх газарт иргэн Б.Оийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

* Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би гэрт нь яваад орсон. Тэгээд миний араас гарч ирсэн. Би Б.Оийг чирч гаргаагүй. Өөрөө согтуу байсан болохоор намайг явуулахгүй машины хаалганаас зуурчихаад тавихгүй байсан. Өөр ярих зүйл байхгүй гэв.  

 

* Эрүүгийн,,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 * Хохирогч  Б.Оий өгсөн:

 “...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед би гэртээ хэвтэж байтал Д.О цагаан өнгийн Портер машинтай ирээд гэрт орж, намайг шууд чирж гаргаад, миний нүүр рүү мөргөсөн. Ам, хамраас цус гараад би гэртээ орсон. Тэгээд би сумын эмнэлэг рүү явсан, эмнэлэгт очиж үзүүлээд шархаа цэвэрлүүлж, 1 хоноод гарсан. Тэгээд дараа нь цагдаад мэдэгдсэн. Д.О бид хоёрын дунд өр авлага, өс хонзон байхгүй гэж бодож байна. Би хаяа хонь малнаас болоод загнадаг юм. Миний үүдэн шүд хөдөлсөн, толгой өвдөөд, нойр хүрэхгүй байна. Нүүр лугшаад өвдөөд байна. Мөн уруул өвдөөд, хоол, унд идэхэд хэцүү байна. Би гомдолтой  байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хх-ийн  дугаар тал/,

 

*Гэрч Ч.Нын өгсөн:

“....Д.О манай нөхөр байгаа юм. 2017 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд манай нөхөр Өлзийт сумын ямаат гэх газар руу явсан байсан нь үнэн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн үед ирсэн. Би тэр өдөр Д.Оыг цагдаагийн байгууллагаас дуудаж байгаа талаар хэлэхээ мартсан байсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн газар бэлэн байх ёстой талаар хэлэхэд Сэлэнгэ аймаг руу отроор явж байгаа хүмүүсээ замд нь гаргачихаад аймгийн төв рүү явна гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар тал/

 

*Гэрч Б.Б ийн өгсөн:

“ ...2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед  Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багаас хүнд зодууллаа гээд сумын эмнэлэгт ирсэн. Би тухайн үелд Б.Оийг үзсэн. Намайг үзэхэд ерөнхий биеийн байдал дунд, асуусан асуултанд зөв хариулж байсан. Тухайн үед Б.Оий уруулаас нь цус гарсан, өнгөц шархтай байсан. Дээд хоёр үүдэн шүд нь хөдөлсөн, буйлнаас нь цус гарсан, доод буйландаа хуучин хиймэл шүдтэй, тэр нь хөдөлсөн байсан. Өөр мэдэгдэх ил гэмтэл, шарх байгаагүй. Манай эмнэлэгт ирж үзүүлэхэд архи уугаагүй байсан. Д.От зодуулсан гэж хэлсэн. Эмнэлэгт үзүүлсэн өдрөө хүлээн авахын өрөөнд хоноод, өглөө нь явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,

 

*Гэрч Ж.Өын өгсөн:

 “...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би нөхөртэйгөө гэртээ байж байтал Д.О гэдэг хүн цагаан өнгийн Портер машинтай ирээд шууд гэр орж ирээд манай нөхрийн захнаас нь татаж гаргаж ирээд мөргөсөн. Хамраас нь цус гараад уруул нь язарсан байсан. Тэгээд сумын төвд ирж эмчид үзүүлээд, эм тариа хийлгэж хоноод маргааш нь гараад цагдаад мэдэгдсэн. ...Хэд хоногийн өмнө манай нөхөр Б.О, Д.О хоёр хонь нийллээ гээд хэрэлдсэн юм шиг байна лээ. Д.Оын эхнэр манай дээлнээс нь татаж ураад чамайг ална аа гээд дайраад байсан. Манай нөхөр Б.Оий үүдэн хоёр шүд хөдөлсөн, уруул нь язарч, тархи нь хөдөлсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/

 

*Гэрч П.Пийн: “...Д.О ааш зан сайтай, хүнтэй эвтэй, малчин залуу байгаа юм. Хурдан морь сайн уядаг, мал идээ сайтай, амьдрал ахуй сайн, архи дарс нэг их уудаггүй, манай Өгийнуур сумын урдаа барьдаг залуучуудын нэг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/

 

*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 352 тоот дүгнэлтэнд:

“...Б.Оий биед тархи доргилт, дээд үүдэн шүд хөдөлсөн, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Б.О нь 2011 онд гавал тархины гэмтэл авч, /зүүн чамархай ясанд/ тархинд хагалгаа хийгдсэн сорвитой, сэтгэцийн хувьд одоогоор хөөрлийн байдалтай байна” гэжээ. /хх-ийн 15 дугаар тал /

Яллагдагч Д.Оын өгсөн: “...Б.О бид нар нэг газар нутагладаг юм. Уг хэрэг явдал болохоос 2 хоногийн өмнө хонины бэлчээр дээрээс болж бид хоёр маргалдсан юм. Тухайн үед Б.О цагаачууд манай нутгаас зайлаарай өрийг чинь зурна, өвчүүг чинь хадна гэх мэтээр хэлж байсан тэр үед нь би зүгээр өнгөрөөгөөд явсан юм. Үүнээс хойш 2017 оны 8 сарын 05-ны өдөр би айлд оччихоод гэртээ харих гээд Б.Оий гэрийн гадаа бид хоёр таарч, дахин маргалдсан. Тэр үед нь миний уур хүрээд нүүр рүү нь нэг удаа толгойгоороо мөргөчихсөн юм, тэгээд л би яваад өгсөн. Тухайн үед хэрүүл маргаан, зодоон болсон шалтгаан нь газар нутаг, малын бэлчээрээс л болсон юм. Би архи уугаагүй эрүүл байсан, Б.О ч адил архи уугаагүй байсан байх. Бид хоёрын хооронд өр авалга, өс хонзонгийн асуудал байхгүй. Б.Оий биед учруулсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Уг гэмтэл миний буруутай үйлдэл буюу Б.Оий нүүр лүү нэг удаа мөргөх үед үүссэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/ 

* Өгийнуур сумын Өгий багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 дугаар тал/

* Д.Оын 2016 оны жилийн эцсийн мал тооллогын тайлан /хх-ийн 34 дүгээр тал/ 

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-32 дугаар тал/ 

 

2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий баг, Бэлчир гэх газарт Д.О нь  иргэн Б.Оийн эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч  Д.О  нь үйлдсэн болох нь  хохирогч Б.Оийн “...Д.О цагаан өнгийн Портер машинтай ирээд гэрт орж, намайг шууд чирж гаргаад, миний нүүр рүү мөргөсөн. Ам хамраас цус гараад би гэртээ орсон...” гэх мэдүүлэг,  гэрч  Ж.Өын “...би нөхөртэйгөө гэртээ байж байтал Д.О гэдэг хүн цагаан өнгийн Портер машинтай ирээд шууд гэр орж ирээд манай нөхрийн захнаас нь татаж гаргаж ирээд мөргөсөн. Хамраас нь цус гараад уруул нь язарсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 сарын 15-ны өдрийн 352 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Оын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж үзэв.   

 

           Иймд шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

           Шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн  хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

           Хохирогч Б.О нь гомдол саналтай талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн бөгөөд хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдав.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Ч Б овогт  Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Хохирогч Б.О өөрт учирсан хохирлоо нотлох баримт бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР