Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/01

 

 

 

Д.Үад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.А,

Яллагдагч: Д.Ү,

Яллагдагчийн өмгөөлөгч: Э.Э,

Хохирогч: Н.Т /зайнаас цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ч /зайнаас цахимаар/,

Иргэний хариуцагч: Б.Х /зайнаас цахимаар/,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Э,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЗ/627 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Аийн эсэргүүцлийг үндэслэн, шүүгдэгч Д.Үад холбогдох 2219002700308 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Яллагдагчийн биеийн байцаалтын талаарх мэдээлэл болон холбогдсон хэргийн үйл баримтын тухайд: Д.Ү

 

Д.Ү нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Төмөр замын бүтээн байгуулалтын технологийн замд *** УБУ улсын дугаартай “Мицүбүши Л-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт  холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Аөөс яллагдагч Д.Үад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

2. Анхан шатны шүүхээс:...хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Магадалгаанд зам тээврийн осол болсон үндсэн шалтгаан нь *** УБУ улсын дугаартай MITSUBISHI L200 маркийн тээврийн хэрэгсэл *** УНЗ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Үын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлийн улмаас болсон гэжээ. Мөрдөгчийн магадалгаагаар зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөлийг ойлгомжгүй, эргэлзээтэй, бүрэн тодорхойлж чадаагүй тул зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөлийг шинжээч томилон дахин тогтоох нь зүйтэй. Прокурор яллах дүгнэлтдээ Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөний улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэн яллагдаж байгаа нь тодорхой биш ерөнхийлсөн байдлаар бичсэн. Энэ нь яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагчийн эрх хангагдаагүй байна” гэж, яллагдагч Ц.Үад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаах шаардлагатай гэсэн үндэслэлээр Д.Үад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2219002700308 дугаартай хэргийг прокурорт буцааж, 

 

 хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Прокурор Б.А бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Мөрдөгчийн магадалгааг эргэлзээтэй, зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөлийг бүрэн тодорхойлж чадаагүй, эргэлзээтэй гарсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон гэрч А.Эын “...Хатанбулаг сумын төв орж ирэхээр төмөр замын далангийн хажуу хэсгээр явж байгаа сайжруулсан шороо, технологийн сайжруулсан замаар явж байсан тухайн зам дээр тоосжилт их, автомашины тоос их босож байсан. Би урдаас хойш чиглэлтэй явж байгаад улсын дугаарыг нь санахгүй байна том оврын машинтай зөрөөд тоосон дунд нь ортол өөдөөс гэнэт машин гарч ирээд л мөргөлдсөн” гэх, гэрч Н.Нын “... Ү нь би том машины араас явж байгаад хажуугаар нь гүйцэж түрүүлэх гэж байгаад машинтай мөргөлдчихлөө машины тоосонд юу ч харсангүй гэж хэлж байсан” гэх, яллагдагч Ц.Үын “...Кемпээс гараад сайжруулсан шороон зам руу орж цаашаа явсан. Сайжруулсан замаар явж байхад урд ачааны авто машин явсан би тухайн машины араас 2 км гаран газар дагаж явж байгаад хажуугаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл өөдөөс хурдтай машин гэнэт гарч ирээд осол болсон. Тухайн ачааны авто машины хажуугаар гүйцэж түрүүлэх үед машины тоосонд юм харагдахгүй байсан” гэх мэдүүлгээр, *** УБУ улсын дугаартай "Мицубиши Л-200” тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ц.Ү замын зорчих хэсэгт шороо босож үзэгдэх орчин хязгаарлагдмал үед замын явж байсан эгнээнээсээ гаран эсрэг урсгал сөрж явсны улмаас *** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан байна. Яллагдагч Ц.Үын энэ үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд үүнийг тусгай мэдлэг шаардсан шинжээчээр дүгнэлт гаргуулах нөхцөл байдал тогтоогдоогүй. Прокурор гэм буруугийн шүүх хуралдаанаар яллагдагчийг яллаж байгаа хуулийн зүйл хэсэг заалтад заасан гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийн зөрчигдсөн заалт, гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг тодорхойлон дүгнэж, гэм буруутайд тооцуулах, түүнчлэн эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг гаргах бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой.

 

Мөрдөгчийн магадалгааг гэрч, яллагдагчийн мэдүүлэг давхар нотолж байгаа. Гүйцэж түрүүлэх үед тухайн осол болсон гэж мэдүүлж байгаа. Технологийн зам гэж тухайн өмгөөлөгч нар тайлбарлаад байгаа. Энэ нь бол технологийн зам дээр ч гэсэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм нэгэн адил үйлчилнэ. Тэр замаар тухайн газар үйл ажиллагаа явуулж буй бүх компанийн тээврийн хэрэгсэл нэгэн адил зорчдог болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Үүнээс үзэхэд мөрдөгчийн магадалгаа нь зөвхөн тэр 2 авто машиныг зөвхөн Д.Ү жолоодож явсан мэтээр өмгөөлөгч нарын гаргаад байгаа тайлбар нь үндэслэлгүй. Магадлагааг гаргасан мөрдөгч нь өөрөө мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч буюу цагдаагийн хошууч цолтой хүн. Энэ ажлыг тодорхой хугацаанд хийсэн, гүйцэтгэсэн гэдэг нь хангалттай тогтоогдож байгаа. Ер нь авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал зөрчигдөж уг осол болсныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх, шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр дүгнээд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Заавал мөрдөгчийн магадалгааг үндэслэж хэргийг шийдвэрлэх биш, тухайн үйл баримт нь өөрөө замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянах бүрэн боломжтой гэж үзэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

 

4. Яллагдагч Д.Ү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн тайлбарласан мөрдөгчийн магадалгаагаар бүрэн шийдэгдээгүй, энэ 2 машиныг зөвхөн Д.Ү барьж байгаад мөргөлдүүлсэн юм шиг дүгнэлт, магадалгаа гаргасан байна. Тэрийг хүлээн зөвшөөрөхгүй, ер нь бол хөдөлгөөний аюулгүй байдал болон авто замын хөдөлгөөнд оролцох явцад хурд хязгаарласан тэмдэг, тэмдэглэгээ байдаггүй. Тэр талаар зааварчилгаа өгдөг хүн байхгүй. Зөвхөн хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл өмсөх, өөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар зааварчилгаа өгч бид нарыг гарын үсэг зуруулдаг байсан гэв.

 

5. Яллагдагчийн өмгөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Мөрдөгчийн магадалгааны тухайд гэвэл хуульд нийцээгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй, зам тээврийн ослын шалтгаанд нөлөөлсөн хүчин зүйлийг тогтоож чадаагүй. Мөрдөгчийг техникийн болон замын хөдөлгөөний чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн гэж үзэх боломжгүй, мөрдөгч техникийн болон замын хөдөлгөөний чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Бодвол жолоодох эрхийн үнэмлэхтэй байх. Магадалгааны зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нөлөөлсөн хүчин зүйлийг тогтоосон хэсэгт зам тээврийн осол болсон үндсэн шалтгаан нь *** УБУ улсын дугаартай "Мицубиши Л-200” тээврийн хэрэгсэл, ***УНЗ улсын дугаартай тээврийг жолоодон явсан Д.Ү нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас болсон гэж үзэж байна гэж дүгнэлт гаргасан. Энгийн ухаанаар хэн ч уншаад яллагдагч Д.Ү осолд орсон, 2 тээврийн хэрэгслийг зэрэг жолоодож яваад мөргөлдүүлсэн гэж ойлгохоор дүгнэлт гаргасан байхад хүний хувь заяаг ийм магадалгаагаар шийднэ гэдэг туйлын эргэлзээтэй байна. Мөрдөгчийн магадалгаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэх ухааны үндэслэлтэй хийх гэсэн шүүхийн шинжилгээний зарчмуудыг хангаагүй. Шүүгчийн захирамжид хууль тогтоомжийг хэрэглэх түүний зүйл хэсэг, заалтыг тайлбарлуулах гэсэн ямар нэгэн агуулга, үг, хэллэг байхгүй. Мөн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг учраас уг хэргийн үндсэн шинж болох захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөнийг яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн зүйлчлэлийн үндэслэл болгон заах байсан гэж үзэж байна. Технологийн зам уу, орон нутгийн зам уу гэдгийг ялгуулмаар байгаа юм. Үүний ялгааг гаргаад ирэх юм бол яг ямар компани хариуцдаг болох нь тогтоогдоод гараад ирнэ. Дээрх нөхцөл байдал үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

6. Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. Тайлбарыг манай өмгөөлөгч хэлнэ. Манайх оршуулгын зардал болон бусад зардлын талаар баримтаа өмгөөлөгчдөө өгсөн байгаа. Одоо нийт 31,389,500 төгрөг яагаад төлөгдөөгүй вэ гэхээр эцсийн байдлаар шийдвэр гараагүй, эцсийн байдлаар шүүхийн шийдвэр гарсны дараа төлбөрөө төлөхөөр байгаа гэв.

 

7. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Магадалгаанд 2 тээврийн хэрэгслийг 1 жолооч жолоодож байгаад мөргөлдүүлээд хүний амь нас хохироосон гэж ойлгогдохоор бичсэн. Мөрдөн байцаагч хууль зүйн үндэслэлтэй магадалгаа гаргасан уу гэдэг нь эргэлзээтэй, осол гарсан замыг хөдөлмөр хяналтын улсын байцаагч шинжээч Батхуяг технологийн зам мөн байна гэж тодорхойлсон. Үүнийг ч мөрдөн байцаагч өөрөө технологийн зам мөн үү, биш үү гэж асуусан. Мөн гэж хариулж тодорхойлолт өгсөөр байтал хавтаст хэргийн осол гарсан замыг хэдий хугацаанд ашиглахаар байсан, хэний эзэмшлийн гэдгийг технологийн замыг тодорхойлж өгөөгүй. Хэрэв хариуцан эзэмшигч хуулийн этгээдийн зам мөн бол хөдөлмөрийн болон Хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангасан тухай ямар ч ойлголт байхгүй.  Мөн Монгол улсын замын тухай стандартын шаардлагыг хангасан зам мөн эсэх, замын байгууламж болон арчлан хамгаалах ажиллагаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн эсэх талаар хавтаст хэрэгт авагдаагүй байгаа юм. Эдгээр асуултанд хариулагдах материал хавтаст хэрэгт авагдаагүй байгаа тул прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна.  Тэгэхээр мөрдөн байцаагч технологийн зам гэдгийг огт ойлгоогүй юм шиг байгаа юм. Технологийн зам гэдэг бол үйлдвэрийн газар, уурхайн газрын зам гэсэн үг шүү дээ. Технологийн замыг үйлдвэрт ажиллагаа явуулахын тулд бий болгодог. Буцаагаад ашигладаггүй, тодорхой хугацаатайгаар ашиглаад дуусдаг юм. Жишээ нь тэр замыг барьж  байгуулсан компани юм уу, хувь хүн юм уу, улсын нэгж юм уу, ямар нэгэн хуулийн этгээд тэр зам дээр гарч байгаа хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангах үүрэгтэй байдаг. Тийм ч үндэслэлээр технологийн замд орж очиход нь тээврийн хэрэгслүүдэд орохыг хориглосон тэмдэг тавих уу, эсвэл хурдны  хязгаарыг тавьж өгдөг. Яагаад гэхээр тэр нь үйлдвэрлэлийн ажиллагаа явагдаж байгаа зам учраас тухайн үйлдвэрт зориулсан тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний  хурдаа ямар хэмжээтэй барьж явах вэ гэдгийг зааж өгдөг. Хэрэв 1 тээврийн хэрэгсэл хурдтай давхиад нөгөөдөх нь удаан яваад байвал үйлдвэр зогсчихдог учраас үйлдвэрлэлийн зам гэж үздэг. Нийтийн хэрэгцээний зам бол тусдаа ойлголт юм. Тэгээд ч технологийн зам гэж тодорхойлсон мөртлөө нийтийн хэрэгцээний зам дээр гарч байгаа үйлдэл, эс үйлдлийг зохицуулдаг замын хөдөлгөөний дүрмээр шийдүүлэх гээд байж болохгүй. Технологийн зам гэдэг маань замын хөдөлгөөний дүрмийг үндэслэн замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөр аюулгүй байдлыг хангасан журам гаргаад тэрийг хянаж байдаг тусдаа инженер техникийн  ажилчидтай, зохицуулж байдаг хүмүүстэй тийм замыг технологийн зам гэж яриад байдаг. Миний ойлголт энэ  гэв.

 

8. Хохирогч Н.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбарыг сонсъё.” гэв.

 

9. Хохирогчийн өмгөөлөгч Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогчийн байр суурь болон улсын яллагчийн байр суурь нэг байдаг. Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Нөгөөтэйгөөр шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа учраас гэм буруутай этгээдээс хохирол гэм хорыг нэхэмжлэх эрх хэрэгжүүлэхгүй байна. Ийм үүднээс хохирогч өнөөдрийн байдлаар маш их гомдолтой байна. Хүний амь, нас хохирсонтой холбоотойгоор сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол амслаа. Шүүх бүрэлдэхүүнд хэлэхэд хурдан шийдвэр гаргаж өгөөч гэж хүсэх байна. Улсын яллагчийн байр суурьтай нэг байгаа учраас өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Б.Аийн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, үзээд “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан үндэслэлээр хэвээр үлдээхээр, шийдвэрлэлээ.

 

1. Шүүгчийн захирамжид заасан “Хэргийг прокурорт буцаах” тухай үндэслэлүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт бүрэн хийгээгүй, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

 

  1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Аөөс:

 

Яллагдагч Д.Үыг 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Төмөр замын бүтээн байгуулалтын технологийн замд *** УБУ улсын дугаартай "Мицубуши Л-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Г.Н-ийн биед баруун, зүүн хөхлөг сэртэн, баруун, зүүн чулуулаг яс, турк эмээлийг хамарсан хөндлөн хугарал, уртавтар тархины эдийн няцрал, элэгний эдийн задрал бүхий гэмтэл учирч, нас барсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд  шилжүүлсэн байна.

 

3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд “...яллагдагч Д.Үад холбогдох эрүүгийн хэрэгт зам тээврийн осол болсон үндсэн шалтгаан нь *** УБУ улсын дугаартай MITSUBISHI L200 маркийн тээврийн хэрэгсэл  *** УНЗ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Үын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлийн улмаас болсон гэж, зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөлийг ойлгомжгүй, эргэлзээтэй, бүрэн тодорхойлж чадаагүй байх тул зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөлийг шинжээч томилон дахин тогтоох нь зүйтэй бөгөөд прокурор яллах дүгнэлтдээ, яллагдагчийг Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөний улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллаж байгааг тодорхойлж, бичээгүй байна” гэж, дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцааж, шийдвэрлэжээ.

 

4. Прокурор Б.Аөөс шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч “...мөрдөгчийн магадалгааг эргэлзээтэй, зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөлийг бүрэн тодорхойлж чадаагүй, эргэлзээтэй гарсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч А.Э, Н.Н, яллагдагч Ц.Ү нарын мэдүүлгээр *** УБУ улсын дугаартай "Мицубиши Л-200” тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ц.Ү замын зорчих хэсэгт шороо босож үзэгдэх орчин хязгаарлагдмал үед замын явж байсан эгнээнээсээ гаран эсрэг урсгал сөрж явсны улмаас *** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан, үүнийг тусгай мэдлэг шаардсан шинжээчээр дүгнэлт гаргуулах нөхцөл байдал тогтоогдоогүй. Яллагдагчийн энэ үйлдэл Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд прокурор гэм буруугийн шүүх хуралдаанаар яллагдагчийг яллаж байгаа хуулийн зүйл хэсэг заалтад заасан гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийн зөрчигдсөн заалтыг тодорхойлон дүгнэж, дүгнэлтийг гаргах бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичсэн байна.

 

5. Хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, яллагдагчийн холбогдсон хэргийн бүх ажиллагааг хянахад “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Тодруулбал:

 

5.1 Прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн заалтыг чанд сахих, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл энэ хэрэгт мөрдөгчийн магадлагаа/1 дүгээр хавтас хэргийн 135/ нь хэрэгт хуулийн дагуу авагдсан эсэх нь эргэлзээтэй байх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийг “...өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд” магадлагааг гаргасныг,  нотолсон баримтгүй байна.

 

  5.2 Мөрдөгчийн магадлагаанд “...*** УБУ улсын дугаартай MITSUBISHI L200 маркийн тээврийн хэрэгсэл *** УНЗ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Ү нь замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 3.4.ж/, 12.2 заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. *** УНЗ улсын дугаартай LAND CRUISER 100 маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Э замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Зам тээврийн осол болсон үндсэн шалтгаан *** УБУ улсын дугаартай MITSUBISHI L200 маркийн тээврийн хэрэгсэл *** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ц.Ү замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлийн улмаас болсон гэж үзэж байна” гэжээ.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд мөрдөгчийн магадлагаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй, бүрэн биш, эргэлзээтэй байх ба “зам тээврийн ослын шалтгаан нөхцөл”-ийг бүрэн гүйцэд тодорхойлоогүй буюу гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоогоогүй байх тул зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөлийг шинжээч томилж, тогтоох нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан, нотолгооны зүйлд хамаарах “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан” зэрэг нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад чухал ач холбогдолтой болно.      

 

6. Прокуророос яллах дүгнэлт/2 дугаар хавтас хэргийн 49/-дээ, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн гүйцэд тусгаагүй байгааг,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

 Тухайлбал авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний ямар актыг хэрхэн, яаж зөрчсөн нь тухайн гэмт хэргийн шинжийг илэрхийлэх бөгөөд энэ нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой чухал нөхцөл байдалд хамаарна, тиймээс прокурор шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүргийнхээ дагуу энэ талаар яллах дүгнэлтдээ тодорхой, бүрэн тусгах нь хуульд нийцнэ.

 

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжид дурдсан асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/627 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Аийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                  

                                                                                                  Н.БОЛОРМАА